Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 116

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00116

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Цагаанбургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ж овогт М-гийн Жн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 153/2019/00069/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1977 онд Ховд суманд 1 дүгээр ангид элсэн орж 1981 онд 4 дүгээр анги төгсөж аав, ээжийн гарт туслах малчнаар ажилласан болно. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 6 жил ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аав, ээж, нөхрийн нэр дээр бичигдсэн тул би хөдөлмөрийн дэвтэр нээж байгаагүй. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ж нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас багт малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1984-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36/000276 дугаар лавлагаа,

Гэрч Х.Хурматайн “...М.Ж бид Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт хамт айл байсан. 1984 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар аав ээжийн хамт мал маллаж байгаад 1989 онд гэр бүл болсон ... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.Күзенбайн “...М.Жн сургуульд сураагүй, бага байхдаа 4 дүгээр ангиасаа гарсан. Эцэг эхийн хамт 1984 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаан бургас бригадад мал маллаж байсан. 1988 онд гэр бүл болсон.. гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Жг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Маденбайгийн Жг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Жн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ОЮУН-ЭРДЭНЭ