Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/1378/Э/220/2022/0444 |
Дугаар | 2022/ШЦТ/1485 |
Огноо | 2022-12-02 |
Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1485
2022 12 02 2022/ШЦТ/1485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Ц.Гансүлд,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Д, Ж.Н, Д.Б,
шүүгдэгч Б.Г, ******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Б.Г нарт холбогдох эрүүгийн 210800000000000 тоот хэргийг 2022.10.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруун туруун суманд 1967 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Харнууд овогт Баатарын Г нь хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, “Э” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Жамсранжавын гудамж, амины орон сууц 0 дугаар байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Цагаадай овогт Шын Г нь хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 253 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар яллагдагч Б.Гийг нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
- Албан тушаалын тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах" гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч “Э” ХХК-ийн захирал *******ын “зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор толгойн ам гэх газарт” ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах" гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ажилтан Ц.Гаар дамжуулж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн автомашинд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр “Э” ХХК-ийн захирал *******аас өөрийн эзэмшлийн “Хаан банк” дахь 50*******3 дугаар дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
- Яллагдагч ******* нь өөрийн үүсгэн байгуулсан “Э” ХХК- ийн “зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт” ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,
Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах" албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 50******33 дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоон шүүхэд шилжүүлжээ. /3-р х.х-40-51/
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан шүүгдэгч Б.Г, ******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1/ Шүүгдэгч Б.Гийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Э” ХХК-ийн ажилтан Ц.Гаар дамжуулж Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын автомашинд бэлнээр 500000 төгрөгийг, мөн өдөр “Э” ХХК-ийн захирал *******ын охин Г.Ны данснаас “Хаан банк” дахь өөрийн эзэмшлийн дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 800000 төгрөгийн хахууль авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч Н.Бийн “...2020 оны 7 дугаар сарын сүүлээр би гагнуурчин Г ахын хамт явж байхад одоо хэд гэсэн дугаар байсныг санахгүй байна нэг юнителийн дугаараас залгахаар нь утсаа автал захирал байсан бөгөөд “та 2 хаана явж байгаа юм” гэхээр нь “Моносын гэрлэн дохио өнгөрөөд явж байна” гэхэд “аан за за энэ хүн, хүнд юм өгүүлээдэхье гэж байна” гээд утсаа өгсөн чинь нэг эрэгтэй хүн байсан бөгөөд “чи хүнд мөнгө аваачаад өгөөдхөөч над руу дансны дугаараа хэлчих чиний дансанд 500000 төгрөг хийгээдэхье утасны дугаарыг нь өгнө ярьж байгаад байгаа газарт нь аваачаад өгчих” гэж хэлсэн. Би ч өөрийн хаан банкны дугаараа хэлж өгсөн, тэгээд удаагүй байтал миний дансанд 500000 төгрөг орж ирэхээр нь би Сонгинохайрхан үйлчилгээний төвийн АТМ-ээс тэр 500000 төгрөг аваад надад өгсөн утасны дугаар луу нь залгахад ”Баруун турууны Сод Монголын шатахуун түгээх станц дээр уулзъя” гээд тэнд уулзаж байгаа мөнгийг нь өгсөн. Өгөхдөө надтай хамт явж байсан гагнуурчин Г ах өгсөн юм. Тэр 500000 төгрөг авдаг хүн бол Байгаль орчны байцаагч байсан бөгөөд би өмнө нь тэр хүнтэй хэрэлдэж муудалцаж байсан болохоор өөрөө уулзмааргүй санагдаад дээрээс нь дараа нь янз бүрээр шоглоод байж магадгүй гэж бодоод Г ахаар өгүүлсэн ” гэх мэдүүлэг /1-р хх-76-78, 239-242/,
- Гэрч Ц.Гын “...Би сар, өдрийг нь санахгүй байна, 2020 онд ямар ч байсан зун болсон байсан, манай компанийн мастер Н.Б бид хоёр явж байхад утас нь дугараад хүнтэй яриад яваад байсан. Тэгээд Сонгинохайрхан үйлчилгээний төвийн АТМ-ээс мөнгө аваад тэндээсээ хөдлөн Сод Монголын шатахуун түгээх станц дээр очиж зогссон. Тэгээд тэнд байж байтал нэг машин ирж зогссон бөгөөд тэр машинд байгаа хүнд энэ мөнгийг аваачаад өгчих гэж Н.Б хэлээд надад мөнгө өгөхөөр нь би “хэдэн төгрөг вэ” гэхэд “500000 төгрөг байгаа юм аа” гэж хэлсэн, би ч өгсөн мөнгийг нь тэр хүнд аваачаад өгсөн чинь “хэдэн төгрөг байгаа юм” гэхээр нь “500000 төгрөг” гэж хэлсэн чинь “800000 төгрөг биш юм уу” гээд уурлаад байхаар нь “би мэдэхгүй байна, танд л өгчих гэсэн” гэж хэлчхээд буцаад машиндаа ирээд Н.Бт 800000 төгрөг гээд уурлаад байна гэхэд Н.Б утсаар ярьснаа “шилжүүлчихнэ гэнэ ээ” гэж хэлээд л бид хоёр тэндээс явсан” гэх мэдүүлэг /1-р х.х-80-81/,
- Гэрч Н.Дийн /улсын байцаагч/: “...Би тухайн үед ээлжийн амралттай байсан бөгөөд Б.Г нь тийм мэдээлэл өгөөгүй. Тухайн худаг гаргуулах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь хашаандаа худаг гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг хариуцсан байгаль хамгаалагчаас тодорхойлолт авдаг. Уг тодорхойлолтыг үндэслэн Нийслэлийн байгаль орчны газарт холбогдох баримтыг бүрдүүлэн өгч, худаг гаргах зөвшөөрлөө авдаг. Тэгээд худаг гаргах зөвшөөрлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр худгаа гаргуулах ёстой. ...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна Г над руу утсаар холбогдоод “би Баянголын ам Бор толгой буюу Найрамдалд нэг айлд зөвшөөрөлгүй худаг гаргачихсан, байгаль хамгаалагч Б.Г гээд хүн ирчихсэн, одоо яах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “би ээлжийн амралттай байгаа, наад дээрээ та нар өөрсдөө торгуулийн арга хэмжээгээ авахуулах ёстой гэсэн ийм л юм хэлсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-134-135, 2-р х.х-2-3/,
- Хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 50/3828 тоот албан бичигт хавсаргасан депозит дансны хуулга /1-р х.х-119-123/,
- Яллагдагч Б.Гийн Хаан банканд эзэмшдэг дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн “...хэрэг үйлдэгдсэн гэх 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ...дугаартай Гын Н гэх хүний эзэмшлийн данснаас 300000 төгрөг “найрамдал” гэсэн утгатайгаар шилжин орсон байна” гэх тэмдэглэл /1-р х.х-172-173, 210-215/,
- Гэрч Н.Бийн Хаан банканд эзэмшдэг ... дугаартай дансанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “найрамдал баянголын аманд ланжига өгөх” гүйлгээний утга бүхий 500000 төгрөгийн орлого орсон, мөн өдөр АТМ-ээс 500000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн хуулга /1-р х.х-244/,
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/489 дугаартай албан бичгээр ирүүлсэн яллагдагч Б.Гийн албан тушаалын тодорхойлолт, материалууд /1-р х.х-107-113, 2-р х.х-104-109/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1-р х.х-116/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Г нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын зүүн салаа орчмын нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаар томилогдсон ба Толгойт хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд харьяалагдан ажиллаж байсан болох нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаал, мөн даргын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаал түүнд хавсаргасан баримт материалаар тогтоогдож байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д тус тус заасан “нийтийн албан тушаалтан”-д хамаарах этгээд мөн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор толгойн ам гэх газарт зөвшөөрөлгүйгээр худгийн цооног ухаж буй зөрчлийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр илрүүлсэн хирнээ Нийслэлийн байгаль орны газрын байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй ба ийнхүү хэрэгжүүлэхгүй байхын тулд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Э” ХХК-ийн ажилтан Ц.Гаар дамжуулж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын автомашинд бэлнээр 500000 төгрөгийг, мөн өдөр “Э” ХХК-ийн захирал *******ын охин Г.Ны данснаас “Хаан банк” дахь өөрийн эзэмшлийн дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 800000 төгрөгийн хахууль авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” заалтыг тус тус зөрчин хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, удаа дараа мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан, түүнд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.
Иймд Б.Гийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн тулд 800000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Шүүгдэгч *******ын холбогдсон хэргийн талаар:
Прокурорын яллах дүгнэлтэд зааснаар: Яллагдагч ******* нь өөрийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн “зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт” ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,
Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах" албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн “Хаан” банк дахь .... дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Э” ХХК Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор Толгойн ам гэх газарт иргэн П.Дын эзэмшлийн газарт худгийн цооног гаргаж өрөмдөхөөр тохиролцож 80 метрийн гүнтэй гүний худаг өрөмдөх ажлыг 6800000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд хооронд тухайн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн болох нь гэрээ, гүний худаг хүлээлцсэн акт /1-р х.х-11, 13-14/ баримтаар тогтоогдож байна.
Тухайн ажил гүйцэтгэх үед гүний худаг өрөмдүүлж буй иргэн П.Д, түүнийг төлөөлөн ажил гүйцэтгүүлж байсан төрсөн ах П.Д нар нь Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “зөвшөөрөл”-ийг аваагүй байсан ба дээр дурьдсан гэрээний ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг өгөлгүйгээр ажил гүйцэтгэсэн байгууллага болох “Э” ХХК-иар зөвшөөрөл авах бичиг баримтыг бүрдүүлж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “худаг гаргах зөвшөөрөл” авсан болох нь зөвшөөрөл /1-р х.х-12/, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /2-р хх-189, 96/ болон шүүх хуралдаанд гэрчээр дуудагдан оролцсон дараахь этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч Х.Эгийн “...2020 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрүүдийн аль нэг нь байх манай захирал ******* билүү, инженер Г.Э над руу ярьсан билүү сайн санахгүй байна, ямар ч байсан гэрээ байгуулаадах гээд би тэр хүнтэй нь холбогдоод модны хоёрын ойролцоо гурван тамир сургууль гээд байдаг тэнд гудамжинд нэг эрэгтэй хүн ирээд би машиных нь цонхоор уулзсан. Тэгээд би гэрээгээ хийхдээ нэрийг нь андуураад бичсэн байсан бөгөөд түүнийг шууд засаад гэрээгээ байгуулсан, гэрээний үнийн дүн маш бага байсан бөгөөд яагаад ийм хямдхан байгаа талаар асуусан чинь тэр хүн танайхантай яриад тохирчихсон, байшин барьж байгаа, худгаа яаралтай гаргах хэрэгтэй байна танайх гялс өрөмдөөд худаг гаргаадах гээд загнах маягтайгаар яриад байсан. Мөн тэр үедээ худаг гаргах зөвшөөрлийн талаар асуусан чинь хашаандаа худаг гаргахад зөвшөөрөл ямар хэрэгтэй юм бэ, би тэр байцаагчтай нь ярьчихна, харин та нар зөвшөөрлийн бичиг баримтыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн тэгэхээр нь би заавал зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрлийг чинь би хариуцаж гаргаж өгнө гэсэн. Тэгээд би гэрээгээ зуруулаад, бэлэн мөнгөний баримт дээр 6,800,000 төгрөгийг авсан гээд бичээд өгчихсөн юм. Гэхдээ тэр үед мөнгөө аваагүй, мөнгөө өгнө гэж хэлсэн болохоор нь дараа нь бас баримт бичиж өгөх гэж төвөг удна гэж бодоод тэр үед нь авсан мэтээр бичээд өгчихсөн юм. Түүний дараа миний данс руу төлбөр гээд 3,000,000 төгрөг, 3,300,000 төгрөг гэж хоёр хувааж 6,300,000 төгрөг орсон, мөн зөвшөөрөл авахад төлдөг тэмдэгтийн хураамж 155,000 төгрөг орсон, энэ хүн 500,000 төгрөгийг дутуу төлсөн. Тэр 500,000 төгрөгийг зөвшөөрлийн бичиг баримт гарахаар өгнө гэж хэлж байсан боловч одоо болтол өгөөгүй... Ер нь бол захиалагч тал өөрсдөө зөвшөөрлөө авдаг юм. Гэхдээ ажлаа хялбарчлаад манай компаниас зөвшөөрлийг хариуцаж гаргаж өгөх тохиолдол байдаг юм. Энэ тохиолдолд бол гэрээ байгуулахдаа би зөвшөөрлийг нь хариуцаж гаргаж өгөхөөр тохирсон юм. Уг нь худаг гаргахаас өмнө нь зөвшөөрлөө авах ёстой гэтэл тэр хүн би байцаагчтай нь ярьчихна та нар хурдан худгаа гарга л гээд байсан юм. ...Танай байгууллага зөвшөөрөл гараагүй байхад худаг ухах нь зөрчил гэдгийг мэдэж байсан уу?, Хариулт: Мэдэж байсан. Тэр хүнтэй л цаагуураа манай инженер юм уу, захирал юм уу тохирсон юм шиг байна лээ. Тэр хүн ер нь өөрийнхөө хашаанд худаг гаргахад тэр байцаагч ямар хамаатай юм гэж байсан тэгэхээр нь би тэр хүн гадаадаас ирсэн хүн гээд байсан учраас энэ талаар сайн мэдэхгүй байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /3-р х.х-23-24/,
Гэрч Х.Э шүүхэд мэдүүлэхдээ: Худгийн зөвшөөрлийг аваачиж өгсөн, хүлээлцэж өгөх актад гарын үсэг зуруулсан. Манайх зөвшөөрөл гаргаж өгөх ёсгүй ч гэсэн мөнгөө авахын тулд зөвшөөрлийг гаргаж өгөөд “мөнгөө авъя” гэхэд манай ахтай яриарай гэж хэлсэн. Ахтай нь уулзахдаа зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээгүй. Гэрээ байгуулаад “зөвшөөрөлгүй худаг гаргах ёсгүй торгуулийн арга хэмжээ байдаг” гэж хэлсэн. Худгаа хямд ухуулж байсан учраас “яагаад хямдхан байгаа юм бэ” гэж асуухад “бид нар байшингийн суурийн асуудлаар байцаагчтай өмнө нь уулзаж байсан, байцаагчтай ярьсан байгаа, хурдан худгаа гарга ажил зогсох гээд байна” гэж хэлсэн. Би ажлынхаа квитанцыг бүтнээр нь бичээд очсон боловч хагасыг нь шилжүүлээд үлдсэн мөнгийг дутуу шилжүүлсэн. Би мөнгөө авахын тулд зөвшөөрөл гаргаж өгсөн. Зөвшөөрлөө авч байж үлдсэн мөнгийг өгнө гээд өгөөгүй. Тэр үед худаг гарсан байсныг мэдээгүй байсан. Намайг гэрээ байгуул гэж хэлсэн учраас би 6.900.000 төгрөгийн баримт бичээд очсон. Тухайн хүн мөнгийг маань өгөхгүй байсан учраас үйл ажиллагаа дууссаны дараа үлдэгдэл мөнгөө өг гэхэд зөвшөөрөл гарах үед үлдэгдэл мөнгийг чинь төлнө гэж хэлсэн. Дын кадастрын гэрээ өөр хүний нэр дээр байсан, би тэрийг нь хараад шивсэн байсан, тэрийгээ дараа гэрээ байгуулсан, мөн хүлээлцэх акт, худгийн паспорт, зөвшөөрлөө авч очоод гарын үсэг зуруулсан. Би гэрээн дээр ахаар нь гарын үсэг зуруулаад буруу гэрээ байсан учраас засаад Даар зуруулсан шиг санаж байна гэв.
- Гэрч Г.Эын “...Манай захирал Г бид хоёр Сонгинохайрхан дүүрэгт худаг өрөмдөж явж байгаад манай захирал руу “худаг өрөмдүүлье гэж залгасан” гээд тэр хүнтэй нь хамт очиж уулзсан юм. Тэгээд уулзаад үнэ хөлсөө тохироод 1 метрийг нь 120,000 төгрөгөөр ухна гэхэд нөгөө хүн, та хэд ойрхон байгаа юм чинь хямдруулаад ухаад өгчих, өнөө маргаашгүй ухуулъя гэж ярьсан, тэгээд 1 метрийг нь 90,000 төгрөгөөр ухахаар тохиролцож, нийт үнэ нь 6,800,000 төгрөг болсон. Худаг ухахдаа зөвшөөрөл гэдэг зүйлийг заавал авах ёстой, байгаль хамгаалагч зөвшөөрөлгүй бол оруулахгүй, бид нарт торгууль тавина, тусгай зөвшөөрөл цуцална гэж хэлсэн тэгэхэд тэр хүн нь, гадаадаас ирсэн, яаралтай байшингаа бариад дуусгачихмаар байна, би байгаль хамгаалагчтайгаа өөрөө ярьчихна, та нар маргааш гэрээгээ авч ирээд, худгаа ухаад өг гэсэн тэгэхээр нь би, дараа нь цагдаа сэргийлэх болбол бид нар хариуцахгүй шүү гэж хэлсэн тэгсэн чинь, тэр асуудал байхгүй, бүүр тэр дээр тулах юм бол манай ээж хуульч, шүүгч хүн байгаа гээд нэг тийм юм яриад байсан. Бид нар тэгээд маргааш нь өрөм техникээ авчраад 14 цагийн үед ажлаа эхэлсэн ажил эхлэх үед нөгөө захиалагч хүн байшингаа барьж байсан бөгөөд тэр хүн нь байгаль хамгаалагчдаа хэлчихсэн ажлаа эхэл гэсэн тэгээд бид нар ажлаа эхэлсэн. Тэгтэл орой бүрэнхий болж байхад байгаль хамгаалагч ирээд ажлаа зогсоо гээд хэлэхээр нь би цаашаагаа ажилчдынхаа машинд ороод суучихсан юм, захирал бас тэр машинд байсан. Тэгээд нөгөө захиалагч залуу руу утсаар ярьсан тэгсэн чинь, за би уулзаадахъя, та хэд цаанаа байж бай гэж хэлээд уулзаад байсан тэгсэн чинь нөгөө байгаль хамгаалагч цагдаад дуудлага өгчихлөө гэж байсан тэгээд бид нар хэдэн минут хүлээж байгаад за за орой болчихсон юм чинь гээд явсан, явж байхад цагдаа зөрөөд ирж байсан. Бид нар өглөө нөгөө айлдаа яваад очсон, тэгсэн чинь нөгөө хүн, одоо болчихсон, ажлаа хий гэж хэлсэн тэгээд бид нар ажлаа эхлээд дуусгаад явсан” гэх мэдүүлэг /3-р х.х-25-27/,
- Гэрч Г.Э шүүхэд мэдүүлэхдээ: Эхний өдөр захирал бид 2 худаг ухуулах гэж байгаа айлын хүнтэй уулзсан. Уулзаад ярилцахад яаралтай худаг гаргуулна гэж хэлсэн. Худаг гаргуулахын тулд зөвшөөрөл авах хэрэгтэй, 7-14 хоног болно гэхэд “яаралтай усны хэрэг болоод байна, би байгаль хамгаалагчаа танина, би хэлчихье” гэж хэлсэн. Би тийм асуудал байж болохгүй, цагдаа шүүх дээрээ тулбал яах юм бэ гэж хэлэхэд “тийм асуудал гарахгүй, манай ээж шүүх, цагдаад ажилладаг, худаг ухах төлбөрөө тодорхой хэмжээнд буулгаж өгөөч, би байгаль хамгаалагчид мөнгө өгч магадгүй” гэж хэлээд гуйгаад байсан. Өглөө нь би байгаль хамгаалагчтай яриад тохирчихлоо, худгаа ух гэж байна, та нар ирээд ух гэж хэлсэн учраас бид нар маргааш нь очиж худгийг ухсан. Байгаль хамгаалагчтай уулзаагүй, байгаль хамгаалагчтай гэрийн эзэн машинд нь ороод уулзаж байсан. Гадаа бүрэнхий болж байсан учраас бид нар ажлаа зогсоогоод явсан. Байгаль хамгаалагчийг цагдаа дуудчихлаа гэж гэрийн эзэн хэлж байсан. Бид нар гэрийн эзэнд хандаж “та байгаль хамгаалагчтай ярьсан гэсэн байж яагаад ажил зогсоогоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “би өөрөө энэ асуудлаа шийднэ” гэж хэлж байсан. Маргааш нь Дтай яриад “яахаар болсон бэ, болохгүй бол ажлаа татна” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй, би нөгөө хүнтэйгээ ярьсан, та хэд ирээд ажлаа дуусгаад өг” гэж хэлээд өглөө 10 цагийн үед очсон. Худаг ухах ажил үдээс хойш дууссан. Өрөмдлөгийн ажил хийгдэж байхад би захиралтай хамт машиндаа сууж байтал Д ирээд би гадаадад олон жил байж байгаад ирсэн учраас гүйлгээ хийх банк суулгаагүй, 500.000 төгрөг хүн рүү түр шилжүүлээд өг гэж хэлж байсан. Тэр үед би буугаад өрөмдлөгийн ажлаа харсан. 300000 төгрөгийн талаар бол мэдэхгүй. Д гэдэг тэр хүн тэндээ байшин барьж байсан гээд худгийг эхлэхээс дуустал байсан гэв.
- Гэрч Ч.Дгийн “...Усны тухай хуульд заасан цооног өрөмдөх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн цооног өрөмдөх, ус хэрэглэх, ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч, судалж боловсруулж шийдвэрлэж ажилладаг. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу баримт материалыг бүрдүүлэг аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүсэлт гаргаж зөвшөөрлийг авдаг. Ингэхдээ И- Монголиа, И-Сервис гэсэн сайтаар нэвтэрч цахимаар хүсэлтээ өгдөг. Цахимаар өгөх боломжгүй тохиолдолд цаасаар хүсэлтээ өгч болдог. Зөвшөөрөл хүссэн хүсэлтийн бичиг баримт нь бүрдэл хангасан байвал ажлын 4 хоногийн дотор зөвшөөрөл олгогддог. Зөвшөөрөл бол худаг гаргуулж буй иргэний нэр дээр гардаг. Иргэн өөрөө зөвшөөрлөө авах ёстой. Зарим тохиолдолд худаг гаргах ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд нь иргэний өмнөөс зөвшөөрөл авах тохиолдол байгаа. Гэхдээ худаг гаргаж буй аж ахуйн нэгжүүд нь зөвшөөрөл гарсны дараа цооног өрөмдөх ёстой. Зөвшөөрөл аваагүй байхад худаг гаргах, цооног өрөмдөх ёсгүй” гэх мэдүүлэг /2-р х.х-4-6/
- Гэрч Т.Чийн “...Зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж байгаа үйл ажиллагаа бол Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл /Усны тухай хууль зөрчих/-ийн 1.2 дахь хэсэг /цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан/-т заасан зөрчил бөгөөд хуульд зааснаар “учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хариуцлага хүлээлгэдэг. Хэрэв иргэн зөвшөөрөл авалгүйгээр гар аргаар өөрөө хашаандаа худаг гаргаж байгаа бол дээрх хуулийн дагуу иргэнд арга хэмжээ авна. Харин аж ахуйн нэгжээр гэрээ байгуулан худаг гаргуулж байгаа бөгөөд тэр нь зөвшөөрлөө аваагүй бол худаг гаргах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж дээр дээрх хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Байгаль хамгаалагч зөрчлийг илрүүлээд баримтжуулаад албан шаардах бичгээр улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч руу мэдэгдээд, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч хүлээж аваад зөрчлийн хэрэг нээгээд хуулийн дагуу шийдвэрлэнэ...” гэх мэдүүлэг /3-р х.х-20-22/ зэрэг баримтууд хамаарч байна.
Дээрх баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор Толгойн ам гэх газарт иргэн П.Дын эзэмшлийн газарт худгийн цооног гаргаж, ашиглалтад өгөх ажиллагаа нь Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26, 27, 28 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн үйл ажиллагаа явагдсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал: Иргэн П.Дын газарт байшин бариулах, худгийн цоног гаргах үйл ажиллагааг түүнийг төлөөлөн хариуцан явуулсан П.Д нь Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх “Иргэн... тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ашиглах эрхтэй байна” заалт, 27 дугаар зүйлийн 27.1 “Цооног өрөмдөх, худаг гаргах...зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарын үндэслэн аймаг нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно” заалт, 28 дугаар зүйлийн 28.10 “Иргэн...ын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй” заалт, 28.18 “ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно” заалтыг тус тус зөрчиж, хуульд заасан зөвшөөрөл авах үүргээ биелүүлэлгүйгээр дур мэдэн гүний худгийн цооног гаргуулсан болох нь тогтоогдож байна.
Дээр судалсан баримтуудаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг “ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэж буруутгаж буй нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөрчилд нь “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн” зөрчлүүд хамаарах бөгөөд тухайн зөрчлүүдийн алинд нь заасан зөрчилд тухайн тохиолдол хамаарч буй эсэх нь тодорхойгүй, гэрч Т.Чийн мэдүүлэгт дурьдсан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл /Усны тухай хууль зөрчих/-ийн 1.2 дахь хэсэг /цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан/ зөрчил нь тухайн усыг ашиглагч иргэн, хуулийн этгээдэд хамааралтай, харин цооног өрөмдөж гаргасан хуулийн этгээдэд хамааралгүй заалт байна.
Нөхцөл байдал ийм байхад прокуророос гэрч Т.Чийн “Энэ хэргийн тохиолдолд бол байгаль хамгаалагч улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдаа мэдэгдээд худаг гаргаж байсан аж ахуйн нэгжид холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад тус аж ахуйн нэгж дээр торгуулийн арга хэмжээ авах байсан юм...” гэх мэдүүлэг /3-р х.х-20-22/ зэрэг баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг тухайн зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж буй нь эргэлзээтэй байна. Тухайлбал: гэрчээр асуугдсан Т.Ч гэгчийн биеийн байцаалт нь гэрчийн эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа болон мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгагдаагүйн улмаас тухайн гэрч нь хууль болон эрх зүйн онолын ойлголтод хамаарах “зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нь хэнд ашигтай вэ” гэх зэрэг асуултад хариулах, тайлбарлах, түүнчлэн зөрчилд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “гэрч”, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр оролцогч эсэх нь ч ойлгомжгүй байна.
Мөн шүүгдэгч *******ын ” 2020 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт иртэл Д барилга барьж байсан ажилтан нарын хамт байж байсан. Д “би байцаагчтай тохирсон, одоо ажлаа хурдан дуусга, надад мобайл байхгүй учраас надад 500.000 төгрөг өгөөч, би үлдсэн мөнгөн дээрээ нэмээд өгье гэж хэлээд надаас 500.000 төгрөг авахаар болоод, би барилгын ажлаа орхиж явж болохгүй байна, чамд боломж байвал Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байгаа байцаагчид аваачаад өгөөч” гэж хэлсэн. Би зохицуулчхаж байгаа юм байна гэж итгээд өөрийн компанийн ажилтан Бийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Б өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт ажил хийж байгаад хэрэлдэж байсан байцаагч байна гээд цуг явсан Г гэх хүнээр өгүүлсэн байсан. Д цагийн дараа байгаль орчны байцаагч 500.000 төгрөгийг голоод байна гэж байна гэж ахиад 300.000 төгрөг байцаагчийн данс руу шилжүүлчих, би 300.000 төгрөг нэмээд 1.300.000 төгрөг болгоод чамд өгье” гэж хэлсэн. Би 300.000 төгрөгийг Дгийн утсанд ирсэн мессежийг харж байгаад ирсэн данс руу нь шилжүүлсэн. Би 300.000 төгрөгийг шилжүүлэхдээ “гүйлгээний утгыг Д гээд шилжүүлэх үү” гэхэд Д над руу инээгээд “чи хөгшнийгөө барьж өгөх гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Би тухайн 300.000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр нь ланжига гэж бичээд явуулсан. Энэ нь тонгоруугаар авлига гэсэн үг. Энэний дараа худгаа өрөмдөж дуусаад явсан, худгийн зөвшөөрөл удалгүй гарсан. Д гэх хүн миний 1.300.000 төгрөгийг өгөөгүй” гэх мэдүүлэг нь гэрч Н.Б, Х.Э, шүүгдэгч Б.Гийн “Би П.Дгаас 800000 төгрөг хүлээж авсан гэж ойлгосон. Худгийн цооног өрөмдөж байсан компанийн хүмүүстэй огт харьцаагүй. Урьд өдөр нь П.Дтай уулзсан. Зөвшөөрөлгүй худаг гаргаж болохгүй гэхэд П.Д нь надтай маргалдсан, мөн 200000 төгрөг өгье гэж хүртэл гуйгаад байсан болохоор нь П.Дгаас мөнгө өгүүлж байна гэж бодсон” зэрэг мэдүүлгүүдээр батлагдаж байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч *******ын эзэмшлийн Э ХХК нь гүний худгийн цооног өрөмдөх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд шүүгдэгч *******ыг “ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх” ашиг сонирхолтой байсан эсэх нь, мөн “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” эсэх нь баримтаар нотлогдохгүй, эргэлзээтэй байна.
Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тохиолдолд хамаарахгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль...ийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг удирдлага болгон прокурорын яллах дүгнэлтэд заасан “Яллагдагч ******* нь өөрийн үүсгэн байгуулсан “Э” ХХК- ийн “зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Б ам гэх газарт” ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Гт нийт 800000 төгрөгийн хахууль өгсөн” гэх гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан ба шүүгдэгч Б.Гт холбогдох хахууль авах гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн байдлыг бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 253 дугаартай яллах дүгнэлтээс *******ад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргээс *******ад холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
3/ Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Б.Гийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хурааж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын ЭХТСАХ барьцааны дансанд 800000 төгрөг байршуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар /2-рх.х-223/ тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц тухайн мөнгөн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
4/ Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь
- Увс аймгийн шүүхийн 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр А/25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн В-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Увс аймгийн шүүхийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А/44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн В-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлж, урьд таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж, нийт 8 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-105/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Г нь ял шийтгэлгүй болсон байх тул түүний 2 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба гэмт хэргээс хахууль авсан мөнгийг прокурорын байгууллагын дансанд төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. прокурорын гаргаж байгаа торгуулийн ялтай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгуулийн ялыг төлж барагдуулах хугацааг хуульд зааснаар дээд хугацаа нь 3 жил байгаа. Иймд торгуулийн ялыг барагдуулах хугацааг уртасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. торгуулийн ялын хугацааг сунгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонсгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* нь өөрийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор толгойн ам гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн байгаль орчны захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Гийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулж 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр бэлнээр 500000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн Хаан банкны дансанд 300000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч ******* үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4, 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаартай яллах дүгнэлтээс *******ад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, Б.Гт холбогдох эрүүгийн 21000000000000 тоот хэргээс “******* нь Б.Гт 800000 төгрөгийн хахуулийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн” гэх хэргийг тусгаарлаж прокурорт буцаасугай.
3. Шүүгдэгч Харнууд овогт Бын Гийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн тулд 800000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасч, 12000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт шүүхээс оногдуулсан 12 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Шүүгдэгч Б.Г, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800000 төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын төрийн сан дахь 000000000000 дансанд байршуулсныг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Гт мэдэгдсүгэй.
12. Хэрэгт хавсаргагдан ирсэн Хаан банкны дансны хуулга бүхий 1 ширхэг СД-г Б.Г нарт холбогдох эрүүгийн 2100000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ