Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 118

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00118

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Зэрэг гол багт оршин суух, ... дугаарын регистртэй, А овогт Ч-ийн Хн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00086/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Х нь 1958 оны 02 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт Чойрогийн 6 дахь хүү болж төрсөн. 1974 оноос эцэг эхийн хамтаар мал маллаж 1975 онд Баясгалант амьдрал нэгдэлд гишүүнээр элсэн орж малчнаар ажиллаж байгаад 1993 онд Баясгалант амьдрал ХК тартал тасралтгүй мал маллаж байсан. 1986 онд Н.Буяндэлгэртэй гэр бүл болж одоо болтол Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт малчнаар ажиллаж амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт хагас дутуу бичигдсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ч.Хг Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад 1974-1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Х нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 84 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол буюу 3 дугаар бригадын 1974-1992, 1994 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны 02 дугаар сарын 17 –ны өдрийн 17 дугаар Ч.Х нь цэргийн алба хаагаагүй гэх тодорхойлолт,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36/000524 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч С.Эрдэнэбаатарын “...Ч.Х нь 1958 онд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад төрсөн. Цэрэгт яваагүй, сургуульд сураагүй, 1974 оноо хойш Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад нэгдэл тартал, тэмээ, үхэр, бог мал малладаг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Хг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адууч овогт Чойрогийн Хг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ч.Хн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ