Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/945

 


 

 

 

 

 

 

     2022         12           14                                    2022/ШЦТ/945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч И.Зо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Их-ийн Зот холбогдох эрүүгийн 2205000002503 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт **** дүүргийн **-р хороо, малчин хэсгийн 1-р гудамжны ** тоотод оршин суух,

- урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** овогт Их-ийн Зо, /РД: *********/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч И.Зо нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Э.Датой ахын дүү гэж харьцахад нь “би чиний дүү биш” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Зо мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Да-ын:

“...2022 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд “Minter” нэртэй бааранд найзууд болох Өлзийтогтох, Бадамханд, Халиунсайхан, Ирээдүй нарын хамт орсон. Ширээ авах гээд зөөгчтэй нь ярьсан чинь бид нарыг “хүмүүс суулгасан ширээн дээр хамт суух уу” гэсэн. Тэгэхээр нь “болно” гэсэн. Тэр ширээн дээр бага ангийн хүүхэд Энхжин хамт сууж байсан. Энхжинтэй уулзаад “сайн уу” гээд байж байсан чинь хамт явж байсан 2 эрэгтэй найзуудыгаа танилцуулсан. Тэр хоёр өөрсдийгөө танилцуулахдаа Зо, Мөнх-Эрдэнэ гэж танилцуулсан. Хэсэг хугацааны дараа Зо нь “ах нь цэргээс халагдаж ирлээ” гээд хүзүүнээс татсан. Би чиний дүү биш гээд жаахан маргалдаад салсан. ...Зам хөндлөн гарсан чинь автомашины зам дээр Зотай таарсан чинь миний куртикнээс татаад зам хөндлөн гараад урд талын автобусны зүүн талд очсон. Юу ч хэлээгүй миний хамар луу цохисон. Энэ үед би хамартаа гэмтэл авсан. Цохингуут нь би газар унасан. ...Зоаас эмчилгээний зардал болох 500.000 төгрөг авсан тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний гомдлыг барагдуулсан тул шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

 

Гэрч О.И-н:

“...Тэгж байхад бааран дотор танилцсан залуучуудын хоёр нь ирсэн. Даыг зам гараад замын эсрэг талд гүйж байхад цайвар подвалтой залуу бариад авсан. Бид нар очоод салгах гэсэн чинь Даыг чирээд автобусны буудал руу аваад явсан. Тэгээд би очоод “яасан бэ, яагаад ингээд байгаа юм бэ” гээд эргээд харсан чинь Да-ын хамраас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Цайвар подвалктой залуу нь Да руу дайрч байсан. Нөгөө цайвар өнгийн подвалктой залуу “би цэрэгт яваад ирлээ” гээд байсан. Тэгж байгаад Даыг ахын дүү гээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч О.Ха-ын:

“...Да хажуугаар нь өнгөрөөд гүйх гэсэн чинь нөгөө цайвар өнгийн подволктой залуу Дашкаг замын хойд талд бариад авсан. Барьсан чигээрээ зам хөндлөн гараад бид нар луу ирсэн. Нөгөө залуу Да-ын нүүрэн рүү  нь баруун гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч М.Ө-ын:

“...Таксигаа барих гээд эргээд харсан чинь Зо гэдэг залуу Да-ын захнаас чирсэн байдалтай зам гараад ирж байсан. Чирч авчирснаа явган хүний зам дагуух төмөртэй хашаа руу түлхээд нүүрэн тус газар гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14355 дугаартай:

“...Э.Да-ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ... хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 36-37 дэх тал/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 70-73 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч И.Зо нь хохирогч Э.Да-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч И.Зо нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Зо-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч И.Зо нь:

2022 оны 10 дугаар сарын 17-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Да-той маргалдан цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Да, гэрч О.И, О.Ха, М.Өлзийтогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  И.Зо нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Зо-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Да-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч И.Зо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч И.Зо-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч И.Зо нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч И.Зот өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн түүнд хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй.  

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заажээ.

 

Шүүгдэгч И.Зо нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч И.Зо нь уг зорчих эрхийг хязгаарлах ялыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар биеэр эдэлж байгаа тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/21975 тоот албан бичиг-/хх 69/-т дурдсанаас гадна, түүнийг зорих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй талаарх шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтүүд болон бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч И.Зот өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг хорих ялаар солих боломжгүй гэж дүгнэсэн болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч И.Зоыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар... тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор шүүгдэгч И.Зот оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч И.Зот оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.   

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002503 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Зо нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт Их-ийн Зо-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Зо-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Зо-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Зот оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Зо нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Зо  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Зот урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Зо-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ