Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Г.Цэцэг-Эрдэнэ

Иргэний нэхэмжлэгч Д.Баярсайхан

Шүүгдэгч А.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Болдбаатарт холбогдох 201614000462 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ах ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын Уртбулаг багийн 5-5-1 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Амгалан тойн овогт Аварзэдийн Болдбаатар / РД: УХ62123112/

Шүүгдэгч А.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр 82-74 ОРХ улсын дугаартай Ниссан экстрел загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 12.9 дахь заалтуудыг зөрчиж гол замаар явсан 27-08 ОРО улсын дугаартай Хьюндай соната-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Цэцэг-Эрдэнэд хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би жолооны эрхээ 1 жил 2 сарын хугацаагаар хасуулсан байсан. Тухайн үед би 2 литр монгол архи, 2 литр айраг уусан байсан. Осол болох үед амжаад гарчих байх гэж бодсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогчдыг эмнэлэгт хэвтүүлсэн. Жолоочид 1.600.000 төгрөг, Цэцэг-Эрдэнэд 970.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Цэцэг-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тосгон орохоор таксинд сууж яваад осолд орсон. Шүүгдэгч согтуу явсанаас болж осол боллоо гэж бодож байгаа. Энэ ослоос гэмтэл авч ийм болсондоо гомдолтой байгаа. Эмчилгээ хийлгэж байх үеийн зардлуудыг шүүгдэгчийн хувьд төлсөн. 970.000 төгрөг төлөгдсөн байгаа. Харин жижиг сажиг зүйлүүдийн зардлыг нэхэмжлээгүй. Миний хувьд хүүхдүүд том болчихсон болохоор би ажил хийдэг. Иймд 6 сарын цалин сарын 450.000 төгрөгөөр тооцож 2.700.000 төгрөг, цаашид эмчлүүлэх зардал жилд 2 удаа нэг удаагийн эмчилгээг 500.000 төгрөгөөр тооцож 3 жилийн эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийн зардлыг тус тус нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Д.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Пирамидаас тосгон руу хүмүүсээ аваад таксинд явж байгаад осолд орсон. Энэ Цэцэгсүрэн гэдэг хүн гэмтсэн. Надад гэмтэл учраагүй. 1.690.000 төгрөгний хохирол төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний суусан таксины арын суудалд надаас гадна 2 хүн суугаад хивсний үйлдвэрийн харалдаа буучихсан. Тэгээд замаар доошоо уруудаад явж байтал гэнэт жолооч маань огцом тоормоз гишгэж эхэлсэн. Гэвч тоормоз гишгэсээр байгаад хажуу талаас нэг машин орж ирээд манай таксиг мөргөчихсөн гэсэн мэдүүлэг /хх 31 ху/

-Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 93 дугаар дүгнэлтэнд: 1. Ниссан маркийн 8274 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Болдбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: 2.7а Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 12.9 гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Сонота-6 маркийн 27-08 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Баярсайхан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна. 3. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар А.Болдбаатар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 12.9 дахь заалтыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 33 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Г.Цэцэг-Эрдэнийн биед хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдан. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 35 ху/ -

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 06 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-09, 17 ху/

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон драйгер багажаар согтуурлыг шалгасан баримт /хх 12, 15 ху/

-А.Болдбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 51-54-р ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62 ху/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр 82-74 ОРХ улсын дугаартай Ниссан экстрел загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 12.9 дахь заалтуудыг зөрчиж гол замаар явсан 27-08 ОРО улсын дугаартай Хьюндай соната-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Цэцэг-Эрдэнэд хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тосгон орохоор таксинд сууж яваад осолд орсон.

Шүүгдэгч согтуу явсанаас болж осол боллоо гэж бодож байгаа. Энэ ослоос гэмтэл авч ийм болсондоо гомдолтой байгаа”, иргэний нэхэмжлэгчийн “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Пирамидаас тосгон руу хүмүүсээ аваад таксинд явж байгаад осолд орсон. Энэ Цэцэгсүрэн гэдэг хүн гэмтсэн.

Надад гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Оюунчимэгийн /хх 31 ху/ мэдүүлэг, Ниссан маркийн 8274 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Болдбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 12.9 дахь заалтудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 93 дугаар дүгнэлт /хх 33 ху/, хохирогчийн биед хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 704 дугаар дүгнэлт /хх 35 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Болдбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Монгол Улсын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

Хохирлын хувьд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 970.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Хохирогч Г.Цэцэг-Эрдэнийн хувьд мөрдөн байцаалтын шатанд эм тариа, эмчилгээ, ор хоног, КТГ, шинжилгээний төлбөр хүзүүвчний үнэ зэрэг 862.680 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн байх бөгөөд энэ удаад хохирол төлөгдсөн байна гэж үзлээ. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 6 сарын цалин сарын 450.000 төгрөгөөр тооцож 2.700.000 төгрөг, цаашид эмчлүүлэх зардал жилд 2 удаа нэг удаагийн эмчилгээг 500.000 төгрөгөөр тооцож 3 жилийн эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримтгүй тул дээрхи нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 01088800 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, 82-74 ОРХ улсын дугаартай Ниссан экстрел маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Амгалан тойн овогт Аварзэдийн Болдбаатарыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2-т зааснаар шүүгдэгч А.Болдбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Болдбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 82-74 ОРХ улсын дугаартай Ниссан экстрел маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 01088800 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Г.Цэцэг-Эрдэнийн нэхэмжилсэн 4.200.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Болдбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА