Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0564

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М т” ХХК

Хариуцагч: Улсын нэгдүгээр төв эмнэлэг.

       Гуравдагч этгээд: “С-У” ХХК

       Нэхэмжлэлийн шаардлага: Улсын 1 дүгээр төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай ”Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д шалгарсан “С-У”  ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Г, гуравдагч этгээд “С-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “М ХХК нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах тендерт оролцсон. Захиалагч нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д манай байгууллагын тендерийн үнэ нь хамгийн бага харьцуулах үнэтэй компанийн тендерээс их байгаа тул шалгараагүй болохыг мэдэгдсэн.

Бидний зүгээс дараах үндэслэлээр дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101  дугаар зүйлийн 101 .1 дэх хэсэгт чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно, мөн зүйлийн 101 .2 дахь хэсэгт ...дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг... Засгийн газар батална гэж тус тус заасан. Хуулийн уг заалтад үндэслэн Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын хавсралтаар Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт батлагдсан. Уг жагсаалтын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл гэж заажээ. Нэхэмжлэгч “М т” ХХК нь дээрх тендерийн багц №86-д хамаарах бараа буюу эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүд-ийг олон улсын ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн дотооддоо үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч атал захиалагч Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь дээрх заалтуудыг харгалзаж үзэхгүйгээр импортын бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан нь хуульд нийцэхгүй байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай “Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерийн багц№86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/ дахь тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгожээ, дахин тендер явуулахыг хариуцагчид даалгаж өгнө” гэжээ.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Сангийн яаманд дээрх үндэслэлээр гомдол гаргасан боловч Монгол Улсын Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тендэрт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.2.4-т заасан тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар-ыг хавсаргаж ирүүлээгүй учраас журмын 4.5-д заасны дагуу гомдол хүлээн авахаас татгалзаж, буцаасан. Энэхүү шийдвэрээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын и-мэйл хаяг руу илгээсэн. Нэхэмжлэгч нь тухайн өдөртөө дутуу байсан баталгааны хуулбарыг албан бичгээр илгээсэн боловч Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлын 5 өдөрт гомдлоо гаргаагүй байна гэж үзэн гомдлыг хүлээн авахаас дахин татгалзсан. Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь бүрдүүлбэл дутуу, хугацаандаа багтааж гомдол гаргаагүй  гэх үндэслэлээр манай гомдлыг хянан шийдвэрлэхээс хоёр удаа татгалзсан тул эдгээр шийдвэр нь үндэслэлтэй  эсэхийг дараах байдлаар салгаж авч үзье.

Бүрдүүлбэл дутуу тухайд:  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.4, 25.1.7-д тус тус заасны дагуу хариуцагч Монгол Улсын Сангийн яам нь гомдлын бүрдүүлбэр дутуу гэж үзвэл эдгээр зүйлийг удирдлага болгон гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй.

Мөн Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай журмын 4.6-д заасны дагуу хариуцагч Сангийн яам нь тендер шалгаруулалтад холбогдох гомдол гаргасан тухай захиалагчид мэдэгдэж, улмаар захиалагч нь тус журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт Сангийн яамд хүргүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, захиалагч нь Сангийн яаманд ирүүлэх баримт бичигтээ тус журмын 5.1.4-д заасан  Тендерт оролцогчдын ирүүлсэн тендер /цахим тендер бол холбогдох файл/”-ыг гаргаж өгөх үүрэгтэй тул үүнд хамаарах баримт бичгээс тендерийн баталгааны хуулбартай танилцах бүрэн боломжтой.

Гэтэл агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж буй, эсхүл нэг нь нөгөөгөө нөхөх боломжтой эдгээр заалтыг үгчлэн тайлбарлаж, өнгөц дүгнэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж заасныг зөрчсөн үйлдэл тул бүрдүүлбэл дутуу гэх үндэслэлээр бидний гомдлыг шийдвэрлэхээс шууд татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хугацаандаа багтааж гомдол гаргаагүй тухайд: Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай журмын 4.5-д Сангийн яам энэ журмын 4.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй...гомдлыг буцаах ба энэ тухай гомдол гаргагчид утсаар болон албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Сангийн яам нь холбогдох шийдвэрээ утсаар мэдэгдээгүйгээс гадна, биднийг гомдол гаргасан өдрөөс хойш 7 хоногийн дараа бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан. Гомдлыг буцаах болсон үндэслэлийг арилгаж, тавьсан шаардлагынх нь дутуу бүрдүүлбэрийг тухайн өдөрт нь нөхөж илгээсэн боловч Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтааж гомдол гаргаагүй гэж дүгнэн, гомдлыг хүлээн авахаас дахин татгалзсан. Хэрвээ ийм үндэслэлээр татгалзаж байгаа бол Хариуцагч нь бүрдүүлбэл дутуу тухай ажлын 5 хоногт мөн адил багтаан манайд мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна.

Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн  31 дүгээр зүйлийн 31.2-т тус тус заасны дагуу хариуцагчид гаргасан гомдлыг тэрээр 14 хоногийн дотор шийдвэрлэх ба уг хугацаанд бүрдүүлбэр дутуу гэж үзвэл бидэнд шийдвэр гаргахаас өмнө зөвлөгөө өгөх үүргийнхээ дагуу бүрдүүлбэр хангах боломжийг бидэнд олгох ёстой. Гэтэл Хариуцагчаас бүрдүүлбэр хангах хугацааг анх гомдол гаргах хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1, 26.2 болон 27.5-д тус тус заасны дагуу Сангийн яам бүрдүүлбэр дутуу тухай манайд албан бичгээр мэдэгдсэн хэдий ч тухайн бүрдүүлбэрийг бүрдүүлж өгөх боломжит хугацааг албан бичигт зааж өгөөгүй нь биднийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.  Иймд бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээн өгч тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д шалгарсан “С У” ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М т” ХХК нь хариуцагчийн зарласан “Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерт оролцсон. Захиалагч нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тендерийн багц 86 буюу нэг удаагийн хэрэгслүүдэд манай байгууллагын тендерийн үнэ хамгийн бага харьцуулах үнэтэй компанийн тендерээс их байгаа тул шалгараагүй болохыг мэдэгдсэн. Энэ захиргааны актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Уг захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 1011-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно”, 1012-д “Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж тус тус заасан. Энэ хуулийн заалтад үндэслэн Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын хавсралтаар дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсан. 

          Дээрх жагсаалтын 7.2-д Эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, нэг удаагийн тариур, зүү, дуслын систем, цусны уут, шээсний уут, малгай, амны хаалт, халат, улавч, ороох боох материал гэх мэт гэж заасан. “М ХХКнь ISO9001 2015 гэсэн олон улсын шаардлагад нийцүүлэн дотооддоо нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэдэг. Уг тендерт манай компани дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангах боломжтой байхад, “С” ХХК-ийн буюу импортын бараа нийлүүлдэг компанийг шалгаруулсан нь хуулийн уг заалттай зөрчилдөж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. “С-У” ХХК-д тендерийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль бус байсан тул тендерийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Нэмж хэлэх тайлбар байхгүй.

Импортын хямдхан бараа оруулж ирэн түүнийгээ дотоодод нийлүүлж, тендерт шалгарч болоод байвал манай компани дотоодод хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх шаардлага байхгүй болно. Дотоодод үйлдвэрлэж байгаа иргэдийн хүчин зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Монгол Улсын хөгжилд дотоодын үйлдвэрлэл маш чухалд тооцогдох учраас шууд импортын үнэ хямд бараа, бүтээгдэхүүнийг тендерт шалгаруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны үндсэн үйл ажиллагааны эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэгсэл, урвалж худалдан авах тендерийг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр үнэлсэн юм.

Үндсэн үйл ажиллагааны эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах тендерийн 86 дугаар багц Нэг удаагийн хэрэгслүүд-2 “С-У” ХХК, “Т У” ХХК, “М т” ХХК-аас санал ирүүлсэн байна. Тус 3 компани нь захиалагчийн тооцсон төсөвт өртөгт багтаж байгаа бөгөөд “Т У” ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичиг зөрчилтэй байсан учраас үнэлэх шаардлагагүй гэж үзэн татгалзсан.

Дараагийн компани болох “М т” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дүгээр зүйл. Тендерт оролцогчдод давуу эрх олгох

10.2. Энэ хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.6-д заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.1-д заасан этгээд нь  Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 15 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ гэж заасны дагуу “М т” ХХК-ийн ирүүлсэн 282,657,500 /хоёр зуун наян хоёр сая зургаан зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийн үнийг 15 хувиар 42,398,625 төгрөг, хийсвэрээр бууруулахад 240,258,875 төгрөг болж бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлсэн.

Тухайн тендерт оролцогчдын хамгийн бага үнэ ирүүлсэн “С-У” ХХК-аас 5,482,925 төгрөгөөр илүү байсан тул “М ХХКнь тендерт шалгараагүй.

2019 оноос 2021 он хүртэл 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын хүнд үед тус эмнэлэг нь ард иргэд болон ковид тусаж тусгаарлах хэсэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрүүл саруул болгохын тулд эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг маш ихээр хийсэн учраас байгууллагын төсөвт хүндрэл үүсэж маш хүнд байдалтай байна.

Тиймээс манай эмнэлэг нь эм, эмнэлгийн хэрэгслийн тендер болон зарлагдаж буй үнийн саналуудад хамгийн хямд үнийн бодлого барин ажиллаж тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна.

86 дугаар багц Нэг удаагийн хэрэгслүүд-2 нийт төсөвт өртөг нь 282,801,500 төгрөг юм. Нийт 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Үүнд:

Мэс заслын багц, Мэс заслын ариун халад /Surgical Gown Pack/, Нөмрөг, Мэс заслын амны хаалт /Маск/ №50, Мэс заслын малгай №50, Нэг удаагийн улавч, Гар угаах губка /Surgical scrub brush/Sponge, Хөвөн /Тарилгын талбай арчих/

Иймээс тендерийн үнэлгээний хорооны хурлаар манай эмнэлэг “М т” ХХК-ны санал болгосон 282,657,500 төгрөгийн үнэ ирүүлсэн тендерээс татгалзаж 234,775,950 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “С-У”  ХХК-ийг сонгосон юм.

Энэ хоёр компанийн зөрүү нь 47,881,550 төгрөг юм. Хэмнэгдсэн 47,881,550 төгрөгөөр манай эмнэлэг улаан бүс буюу тусгаарлах хэсэгт ажиллаж байгаа эмч, ажилчдаа ковид-19 цар тахлаас хамгаалж нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгсэл худалдан авсан юм. Үүнд:

 

Хэрэгслийн нэр

Хэмжих нэгж

Техникийн тодорхойлолт

Савлалт

Тоо

1

 

Covid-19 хурдавчилсан оношлуур / хамар залгиур/

 

 

ширхэг

Нэг удаагийн кассет, нэг удаагийн пипетка, нэг удаагийн тавиур, ариун бамбар, уусмал

 

 

Иж бүрдэл

 

 

500

2

N-95 маск

 

ширхэг

Эмнэлгийн зориулалттай, стандарт шаардлага хангасан

 

 

ш

2000

3

Нэг удаагийн комбинзон /урт улавчийн хамт/

 

Багц

Урт хамгаалалт сайтай, цахилгаан хаасан хаалттай ба наалт сайтай байх, урт улавчийн хамт, размерийн сонголттой байх

 

М,L, XL

2000

4

Нүдни шил

ширхэг

Чанартай, харшил өгдөггүй, цантахгүй

ш

300

5

Эмнэлгийн нэг удаагийн халад

ширхэг

Шингэн нэвчихгүй, хамгаалалт сайтай зузаан, урт ханцуйтай, размерийн сонголттой байх

 

 

М,L, XL

2000

6

Цогцос хадгалах уут

ширхэг

Бат бөх, даах чадвартай

 

ш

50

7

Нүүрний хаалт

ширхэг

Зөөлөвч порлон зузаан, цантахгүй байх, зурагдахгүй байх

 

ш

200

 

Тус эмнэлгийн төсөв хөрөнгө нь эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис мөн ковид-19 цар тахал тусаж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд хүрэлцдэггүй юм.

Мөн төсөв хөрөнгөгүй хүнд үед эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилчдаа цар тахлаас хамгаалах зорилгоор 86 дугаар багцын хэмнэгдсэн төсвөөр нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг худалдан авч эмч ажилчдаа цар тахлаас хамгаалж ажиллахаас өөр аргагүй хүнд нөхцөл байдалд ажиллаж байна.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цар тахал, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл дотоодын давуу эрх эдлэх нь чухал уу эсвэл хэмнэгдсэн хөрөнгөөр нэг ч гэсэн Монгол иргэний халуун амийг аварч үлдэх нь чухал байх гэж үзэж байна. Иймд М т ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт холбогдуулан “М т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны үндсэн үйл ажиллагаанд эм, эмийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах тендерийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн  13 цаг 30 минутад зарласан бөгөөд дээжийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үнэлсэн. Үндсэн үйл ажиллагаа болох “Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах”  тендер 86 дугаар багцад нэг удаагийн хэрэгслүүдийн тендерт "С-У" ХХК, “Т У” ХХК, “М т” ХХК нараас санал ирүүлсэн. Тус 3 компанийн үнийн санал нь захиалагчийн төсөвт өртөгт багтаж байгаа бөгөөд “Т У” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг нь зөрчилтэй байсан учраас үнэлэх шаардлагагүй гэж үзэж татгалзсан. Дараагийн компани болох “М т” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл Тендерт оролцогчдод давуу эрх олгох гэх заалтыг мөн хуулийн 10.2-т Энэ хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.6-д заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.1-д заасан этгээд нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 15 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ” гэж заасныг тус тус баримтлан “М т” ХХК-иас ирүүлсэн 282.657.500 төгрөгийн үнийг 15%-иар буюу 42.398.625 төгрөгөөр хийсвэрээр бууруулахад 240.258.870 төгрөг болж, бусад тендерийн үнэтэй харьцуулсан. Тухайн тендерт оролцогчдоос хамгийн бага үнэ ирүүлсэн буюу "С-У" ХХК-иас нэхэмжлэгчийн үнэ нь 5.482.925 төгрөгөөр илүү байсан тул “М т” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй.

Мөн “М т” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ  тухай тендерийн  баримт бичигт  тодорхой  заах бөгөөд  давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн  талаарх мэдээлэл,  эсхүл  энэ  хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасныг  нотлох баримтыг ирүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй. 2019-2021 онуудын хооронд Ковид-19 вирусийн халдвар гарсан. Энэ хүнд цаг үед манай эмнэлэг ард иргэд болон Ковид-19 вирусийн халдвар авч тусгай хэсэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдийг эрүүл, саруул болгохын тулд эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг маш ихээр хийснээс үүдэн байгууллагын төсөвт хүндрэл учирсан. Тендерт оролцогч 2 компанийн ирүүлсэн үнийн санал нь 47.881.550 төгрөг. Энэ мөнгөөр эмнэлэг хэрэгцээт нэг удаагийн хэрэгсэл, Ковид-19 вирусийн халдварын оношлуур зэргийг худалдаж авсан. Иймд “М т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “С-У”  ХХК-ийн  захирал Ш.Ш шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг-ээс зарласан УНТЭ /2021001 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис хүлээн авах тендерт тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д оролцон шалгарч Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг-тэй 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн А/2021/001/02 тоот мэдэгдлийн дагуу А/2021/001/30 тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. УНТЭ/2021001 тоот тендерт оролцсон М т" ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбогдуулан манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулах болсон тухай 2021 оны 07 сарын 02-ны өдөр бид хүлээн авсан болно. Манай компани нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Захиалагчаас тухайн тендерт зориулан баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д заасан тендерийн баримт бичиг (Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, гэрээний тусгай нөхцөл /ГТН/, гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/, Ажлын даалгавар), мөн хуулийн 19.1-д зааснаар Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, бусад холбогдох журам, аргачлалын дагуу бэлтгэх, тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх гэх мэт тендерийн баримт бичгийн дагуу шаардлагатай бүхий л баримт материалыг хууль, журмын дагуу бүрдүүлэн тендерт оролцсон нь хуульд нийцэж байна.

2. Захиалагчаас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамгийн сайн гэж үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А/2021/001/30 дугаартай гэрээ байгуулан хуваарийн дагуу бараагаа нийлүүлэх ажил явагдсаар байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3 дах хэсэгт Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан нь гэрээ хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд тендерийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд "С-У" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компани нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан УНТ2021001 дугаартай “Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендер 86 багцад оролцсон. Энэ тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан тендерийн баримт бичиг, бүх шаардлагыг хангаж, уг тендерийн хуульд заасны дагуу оролцсон. Уг тендерт оролцож, хуульд заасны дагуу материалаа үнэлүүлсний дараагаар манай компанитай захиалагч талаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай компани нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс шаардсан дээжийг явуулсан. Дээж нь шалгаруулалтад тэнцсэн гэж үзсэн учраас гэрээ байгуулсан. Иймд хариуцагчтай санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

 

          Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б Улсын 1 дүгээр төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай”Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д шалгарсан “С-У” ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх захиалагчийн “С-У” ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгох дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах эсэхийг асуухад эцсийн байдлаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагыг өөрчилж нэмэгдүүлж, тодруулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн тул энэхүү шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэгч “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын 1 дүгээр төв эмнэлгийн зарласан Эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн багц №86-д өрсөлдөж тендерээ ирүүлсэн тус компанийн дотооддоо уг эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэдэг давуу байдлыг харгалзан үзээгүй импортоор оруулж ирдэг компанийг шалгаруулж байгаа нь хуульд нийцээгүй гэж маргасан.

          Улсын 1 дүгээр төв эмнэлгээс зарласан үндсэн үйл ажиллагааны эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах тендерийн “Багц-86 Нэг удаагийн хэрэгслүүд-2”-т нэхэмжлэгч “М т” ХХК тендерээ ирүүлж өрсөлдсөн байна.

          Энэхүү тендерт “Т У” ХХК, “С” ХХК, “М  т ” ХХК-иуд материалаа ирүүлсэн бөгөөд “Т У” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй зөрчилтэй байсан тул үнэлэхээс татгалзаж үлдэх 2 компанийн тухайд шаардлагад нийцсэн тендер гэж үзэж Үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэжээ.

          Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж мөн оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтээр[1] “С-У” ХХК, “М т” ХХК-иудын ирүүлсэн тендерийг үнэлээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн “С-У” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх, харин “М т” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн бага үнийн санал ирүүлсэн компаниас өндөр үнийн санал ирүүлсэн шалтгаанаар шалгараагүй болохыг мэдэгдсэн байна.

          Улсын 1 дүгээр төв эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах тендерийн “Багц-86 Нэг удаагийн хэрэгслүүд-2” багцын босго үнэ 282801500 (Хоёр зуун наян хоёр сая найман зуун нэг мянга таван зуун) төгрөг бөгөөд тендерт өрсөлдсөн “М т” ХХК 282657500 (Хоёр зуун наян хоёр сая зургаан зуун тавин долоон мянга таван зуун) төгрөг, харин “С-У” ХХК234775950 (Хоёр зуун гучин дөрвөн сая долоон зуун далан таван мянга есөн зуун тавин) төгрөгөөр саналаа ирүүлж Үнэлгээний хороо “С-У” ХХК-ийн ирүүлсэн санал хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үзэж шалгаруулсан нь үндэслэлтэй байна.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”, 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж тус тус хуульчилсан бөгөөд тендерт материалаа ирүүлсэн 2 компанийн үнийн саналыг харьцуулж “С-У”  ХХК-ийн үнэ хамгийн бага буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хуулийн энэхүү шаардлагад нийцсэн байна.

          Ийнхүү Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Улсын 1 дүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 онд нэн шаардлагатай үндсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдан авах гэрээ байгуулах тухай” тушаал[2] гарч Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “С-У” ХХК-ийн хооронд “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай гэрээ”-г байгуулжээ.

          Нэхэмжлэгч энэхүү гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  хэлэлцэж хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

          Учир нь захиалагч Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн “С-У” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулах үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байна.

          Нэгэнт нэхэмжлэгч Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй тул  Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “С-У” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгосноор дахин тендер зарлах үр дүнд хүргэхгүй.

          Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг хүчингүй болгох үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно.”, “Энэ хуулийн 10.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ын 7.2-т “Эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл” гэснийг зөрчиж тухайн эмнэлгийн хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэдэг компанийг дэмжээгүй нь хууль бус гэж үзсэн бол харин хариуцагч улсын нэгдүгээр төв эмнэлгээс сүүлийн 2 жилд дэлхий нийтээр тархсан “КОВИД-19” цар тахлын улмаас төсөвт хүндрэл учирч хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг илүү чухалчилж үзсэн, хэмнэсэн мөнгөөр эмч ажилчдадаа  нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл авч өгч цар тахлаас хамгаалж ажилласан гэж тайлбарлаж байна.

          Шүүх нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдах үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарыг дүгнээд тухай нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг болон Засгийн газрын 336 дугаар тогтоолоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шаардлага зохицуулалт байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдал, төсвийн хэмнэлтийг харгалзан хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан шаардлагад нийцүүлэн  хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг сонгон гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэрийг буруутгахааргүй байна.

          Нөгөө талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “С-У” ХХК-ийн хооронд “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай гэрээ” 2021 оны 05 дугаар сард байгуулагдан шүүх хуралдаан болох үеийн байдлаар 54 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хуваариар тогтоогдож байна.

          Ийнхүү маргаан бүхий гэрээний талаас илүү хувь нь хэрэгжсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй байна.

          Иймд Улсын 1 дүгээр төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай” Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүр-2/-д шалгарсан “С-У” ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

          1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 28.7.5-д заасныг үндэслэн  Улсын 1 дүгээр төв эмнэлгээс зарласан УНТЭ/2021001 дугаартай” Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” тендерийн багц №86 /Нэг удаагийн хэрэгслүүд-2/-д шалгарсан “С-У” ХХК-тай байгуулсан тендерийн гэрээг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах “М т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

             

 

 

[1] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас