Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ХУБТ -д холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн, гэрч В.Мөнхжаргал, Б.Мөнхжаргал, В.Мөнхцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тус төвд 2014 онд жижүүр, цахилгаанчнаар ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байх үед буюу 21 цагийн үед жирэмсний амралт авсан С.Оюунсайхан өөрийнхөө өрөөний шүүгээнээс өөрийн цуглуулсан даавууны өөдсөө авъя гэж хэлээд шалгуулаад авч гарах гэж байхад багш н.Ганхуяг, н.Гэрэлмаа, н.Батчимэг, В.Мөнхцэцэг нар гаднаас орж ирэхдээ н.Батчимэгийн бүтээлийг авч үзэсгэлэнд тавина гэж орж ирэхдээ архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. Тэдэнтэй С.Оюунсайхан уулзаж, ярилцаж байгаад гарч явсан.

Гэтэл В.Мөнхцэцэг, н.Батчимэг багш хоёр дээд давхарт гараад бууж ирэхдээ С.Оюунсайхан багш байгууллагын эд зүйл зөвшөөрөлгүй авч гарлаа гэж уурласан. Тэгтэл би шалгаад гаргасан, та нар байсан харсан биз дээ, явсны дараа юу яриад байгаа юм бэ, миний буруу байсан бол тэр даруй хэлэхгүй яасан юм бэ гэж хэлснээс болж маргасан.

Маргах болсон гол шалтгаан нь тухайн хүмүүс бүгд архи уучихсан байсан учраас та нар яагаад ажлын байран дээр архи уусан байдалтай орж ирж байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд нь гарч явсан байдаг. Хоорондоо маргасан зүйл бий. Гэтэл ажлаас халсан тушаал гарч, тушаалын үндэслэлд н.Батчимэгийг цохиж доромжилсон гэж дурдсан байсан. Тухайн үед тийм зүйл болсон бол тухайн үед нь яагаад цагдаад хандаж гомдол гаргаагүй юм бэ. Тухайн байгууллагад маш их хууль бус зүйл байдаг. Мөн захиргааны дарамт маш их байдаг.

Учир нь бүтээлүүд авч гарах асуудал өдөр, тутамд бий болж байдаг. Үүнийг нь жижүүрт гарах гараа бүртээ жижүүрийн дэвтэрт бичилт хийхэд захиргааны зүгээс шалгалт хийхдээ бид нарыг буруутгаад байна. Тиймээс энэ талаар жижүүрийн дэвтэрт битгий бичээрэй гэж хэлдэг учир тайван байна гэж дэвтэртээ бичдэг байсан. Мөн илүү цагаар маш их ажилладаг. Илүү цагийн хөлс авах талаар захиргаандаа хэлэхэд уурладаг. Үүнтэй холбоотойгоор маш их захиргааны дарамт ирдэг байсан. Иймэрхүү байдлаас болж ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан жижүүрийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин буюу нийт ажлын 55 хоногийн хөлс үүнийг нийгмийн даатгалын дэвтрийн 8, 9, 10 сарын бичилтээр тооцож, нэг өдөрт 26.188 төгрөг, нийт 1.440.347 төгрөгийг ажил олгогчоос гаргуулъя, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр захирлын туслах Б.Батчимэг өргөдөл гаргасан байдаг. Өргөдөлдөө 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн харандаа экспод оролцох байгууллагуудыг оройн 22 цаг 30 минутын үед үзэсгэлэнгийн бүтээл авч ир гэж хэлсэн учир би ажил дээр очсон. Энэ үед С.Оюунсайхан багш нөхөр, хоёр хүүхдийн хамт ирсэн байсан. Би хоёр давхрын өрөөнөөс цэнэглэгчээ аваад гарахад С.Оюунсайхан багш өрөөнөөсөө тортой юм авч гарч байсан. Тэгтэл би жижүүр Д.Г т та шалгасан юм уу байгууллагын эд зүйл авч гарч байвал яах юм бэ, шалгах хэрэгтэй гэж хэлээд ажлын шаардлага тавьсан. Гэтэл Д.Г  би юу хийхээ мэднэ, чи дуугүй бай, чам шиг юм надад юм хэлэхгүй гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн байдаг. Тэгтэл та яагаад уурлаад байгаа юм бэ манайх төсвийн байгууллага, багш нартаа бүтээл хийх бүх материалыг авч өгдөг, багш нарын ч юм байгаа, байгууллагын ч юм байгаа. Хэрэв байгууллагын эд зүйл, материал авч гарч байвал яах юм бэ бүртгэх хэрэгтэй гэж хэлээд сануулга өгсөн. Тэгээд үзэсгэлэнгийн бүтээлээ аваад гарсан. Ингэж гарах үед жижүүр Д.Г  араас гарч ирээд над руу дайрч чи битгий солиор, чам шиг юм зүгээр дуугүй бай гээд эхлээд миний нүүрлүү цохисон. Энэ үед миний хажуд н.Гэрэлмаа, В.Мөнхцэцэг нар байсан ба В.Мөнхцэцэг та болиоч гэж салгахад дахин цээж рүү цохиж, намайг зайл гэж хөөсөн. Миний бие жижүүр Д.Г тай өмнө нь ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан хийж байгаагүй бөгөөд тухайн өдөр ажлын шаардлага тавьсны төлөө жижүүрт хэл амаар доромжлуулж, биедээ цохиулсандаа маш их гомдолтой байна гэх өргөдөл ирсэн байгаа.

Тус өргөдлийн дагуу жижүүр Д.Г аас тухайн өдөр юу болсон талаар асууж, бичүүлж авсан. Ингэхэд жижүүр Д.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим багш С.Оюунсайхан нөхөр хүүхдийн хамт ирж, ангидаа байгаа өөрийн цоожтой шкафнаас юм авах гээд явж байна гээд надаас гуйсан. Тэгээд С.Оюунсайхан багшид өөрт нь ангийн түлхүүр, шкафны түлхүүр байсан ба хувийн жижиг үслэг өөдөсний зүйл авч гарсан. Б.Батчимэгт би учир байдлыг тайлбарласан боловч ойлголцолд хүрэхгүй маргаан үүссэн гэж байгаа.

Тухайн өдрийн камерийг шүүж үзэхэд Д.Г  өөрт нь ангийн түлхүүр байсан гэж худлаа хэлсэн. Хоёрдугаарт Б.Батчимэгийн араас гарч явсан нь харагдсан. Д.Г  нь Б.Батчимэгийг цохисон нь үнэн юм уу гэж тухайн үед хамт байсан хүмүүсээс асуухад В.Мөнхцэцэг нь Б.Батчимэгийн нүүр лүү цохисон нь үнэн би та болиоч гээд салгасан гэж хэлсэн.

Хамт байсан н.Гэрэлмаа багш хэлэхдээ Б.Батчимэг рүү түрэмгийлсэн байдлаар зайл гэж хашгирч байсан, энэ үед би 4 баганы ард байсан, шөнө байсан болохоор сайн харж чадаагүй гэж тайлбарласан байдаг. Дараа нь эргэж орж ирээд камерын дор Т.Ганхуяг багшийг намайг цохичих гээд байсан гэж н.Гэрэлмаа багш хэлсэн.

Эдгээрээс харахад нэхэмжлэгч нь Б.Батчимэгийг хэл амаар доромжилж, биед нь халдсан гэдэг нь нотлогдож байна. Монголын ХУБТ ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.9, ажлын байранд ажлын цагаар зүй бус авирлах нь сахилгын хариуцлага тооцох үндэслэл болно гэж байгаа. Ингээд сахилгын хариуцлага хүлээлгэх бол захирлын тушаалаар ногдуулна гэж байгаа. Түүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар Д.Г т сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар ярилцсан. Өмнө нь бас нэхэмжлэгч нь н.Буянжаргал гэх хүнтэй муудалцаж, урлан бүтээх төвийн гадаа гарч зодоон үүсгэсэн. Мөн Д.Г  камер хаана байдаг эсэх талаар мэддэг учраас гадаа гарч цохисон байдаг.

Манай ХУБТ  нь хүүхэд хөгжлийн байгууллага. Хүүхэд хөгжлийн байгууллага нь ийм ёс зүйн асуудал үүсгэх ёсгүй байдаг. Гэтэл Д.Г ын гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд шууд зогсоохоор заасан байдаг. Нэхэмжлэгчтэй 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.7-д ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах хэлбэр заасан байгаа.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилтан Б.Батчимэгийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед өөрийн ажлын байраа орхиж, түүний араас гарч нүүр, цээж рүү цохисон үйлдэл нь заналхийлэх буюу бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, дарамтлах хэлбэр гаргасан гэдэг нь ноцтой зөрчил гаргасанд тооцогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд арга хэмжээ авсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасанчлан хуульд заасан хугацааны дотор хууль журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч ХУБТ д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г  нь Б.Батчимэгиийг үүрэгт ажлаа гүйцэтгэж явахад өөрийн ажлын байраа орхин түүний араас даган гарч хэл амаар доромжилж, түүний нүүр, цээж рүү цохьсон үйлдэл нь заналхийлэх /бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх/, дарамтлах хэлбэр гаргасан гэх ноцтой зөрчлийн шинжийг агуулж байх тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

ХУБТ ийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн б/46 тоот тушаалын 1 дэх заалтаар “Тус төвийн жижүүр Д.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захирлын туслах Б.Батчимэгийг хэл амаар доромжилж биед нь халдсан байх ба түүний энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7 дахь заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Д.Г тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас нь халсугай” гэж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан ХУБТ ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Г ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан бөгөөд ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г ыг Б.Батчимэгийн биед халдсан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч, Б.Батчимэгийн биед халдсан байдлыг хуулийн байгуулагад шалгуулаагүй, гэрч Б.Мөнхцэцэг “Б.Батчимэгийн хамар, духны орчим цохиж байсан” гэж мэдүүлэх атлаа гараараа чичсэн, эсхүл цохисон байдлыг хараагүй зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Г ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г ыг ХУБТ ийн жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 563.045 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 42 хоногоор тооцоход  1.099.896 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Г ыг ХУБТ ийн жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1.099.896 төгрөгийг хариуцагч ХУБТ өөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХУБТ д даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч ХУБТ өөс улсын тэмдэгтийн хураамжид 30.947.5 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР