| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0571/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/577 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/577
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Д.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Е холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108026610534 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, *** дугаар баг, Цагаан эрэг *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-йн Е (РД:*******).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Есогтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “С” зочид буудлын 502 тоот өрөөнд хохирогч Д.Пгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин хэрэг хийхгүй гэдгээ амлая” гэв.
Эрүүгийн 2108026610534 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Пгийн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим А гэрийн үүдэнд ирчихсэн “гараад ирээ, ганц 2 пиво ууя” гэхээр нь гараад хамт *** зочид буудлын 502 тоот өрөөнд ороход Е ганцаараа нэг шил архи задалчихсан сууж байсан. Би архи уудаггүй болохоор пивоноос уунгаа 2, 3 цаг суухад пиво дууссан. Тэгээд би “пиво ууя” гэхэд “танил ах ирж байгаа, пиво захисан, удахгүй ирнэ” гэсэн. А, Е хоёр архиа уугаад ойр зуурын юм яриад сууж байсан. А-гийн эмээ нь халуураад байна гэсэн. А эмээдээ эм хүргэж өгчихөөд удахгүй ирнэ гээд явсан. Еын танил ах зөрөөд 1 том савтай 2.5 литрийн пиво барьж орж ирээд Е Б нар архи уугаад, би хажууд нь пиво уунгаа юм ярьж байгаад ахиж Б гарч 2,5 литрийн пиво авч ирээд бид 3 хувааж уусан. Би нойл орчихоод ирэхэд Б гараад хажуу өрөөнд орсон. Би орон дээр хэвтэж байхад Е орж ирээд хажуугаар хэвтээд хэдэн минутын дараа миний 2 гарыг ард бариад нөгөө гараараа миний хувцасыг хүчээр тайлаад орилсон чинь миний амыг гараараа дараад “ахиж орилох юм бол ална шүү” гэсэн. Би “дахиж орилохгүй, чи зүгээр миний амнаас гараа авчих” гэж гуйгаад бас больчих гээд өчнөөн удаа гуйж аргадаж хүртэл үзэхэд тоолгүй өмд шувталсан. Би Е-д “миний гарыг тавьчих, зүгээр бэлгийн харьцаанд оръё” гэсэн юм. Яагаад гэвэл би хүчлээд байвал миний араас анус руу хийчих юм шиг санагдаад бас намайг цохиж зодох вий гэж айсандаа дээшээ хараад биеэ суллаж хэвтээд бэлгэвч байгаа юм уу гэхэд орны хажуудах шүүгээнээс бэлгэвч гаргаж ирээд эрхтэндээ углаад бэлгийн харьцаанд орж байхдаа бэлгэвчээ өөрөө аваад үргэлжлүүлж бэлгийн харьцаанд ороод дуусахдаа Е миний гэдсэн дээр үрийн шингэнээ гоожуулсан. Би үрийн шингэнийг нь нойлын цаасаар арчаад хувцсаа өмсөнгөө Е-д “Чи намайг яаж байгаа юм бэ” гэхэд тоохгүй, уучлалт ч гуйхгүй байхаар нь гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн дагуу шийтгэж өгнө үү. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.25-ны өдрийн 9867 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Пгийн охин хальс хуучин урагдалтай байна. 2. Д.Пгийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илэрсэн байна. 3. Д.П нь тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. 4. Д.П нь гуравдугаар бүлгийн цустай байна. 5. Д.Пгийн биед баруун шууны гадна доод хэсэг, урд доод хэсэг, зүүн шууны дотор доод хэсэг, бугуйн гадна сарвуу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 8. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.12.31-ний өдрийн 5325 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд биеэр ирсэн Д.Еын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2.Д.Пгийн гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Еын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Д.Пгийн гэх арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Пгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. Д.Еын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь 5121 дугаартай шинжилгээгээр тогтоосон цагаан өнгийн цааснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.02.10-ны өдрийн 606 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Д.Пгийн өмсөж явсан гэх хар өнгийн жинсэн өмдний урд талд 10х12мм, 20х11мм, ар талд 72мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. 2. Дээрх гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалтууд байна. Урагдалтууд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. 3.Өмдний урд талд үүссэн 10х12мм, 20x11мм хэмжээтэй гэмтлүүд нь хуучин урагдалтууд, ар талд үүссэн 72мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд нь шинэ урагдалтууд байна. 4. Урагдалтууд хэзээ үүссэнийг буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.18-ны өдрийн 11101 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Ень бэлгийн бойжилт бүрэн олсон байна. 2. Д.Ень хурьцал үйлдэх чадвартай байна” гэжээ (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
Гэрч М.А-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Птэй гэрт нь уулзаж байхад Д.Е“уулзъя” гээд мессеж бичээд байхаар нь Пд “манай эрэгтэй найз уулзъя гээд байна, би уулзчихаад ирэх үү эсвэл цуг явах юм уу” гэхэд П “би хамт явж болох юм уу” гэхээр нь би Д.Еруу холбогдож “би найз охинтойгоо цуг явж байна, цуг очиж болох юм уу” гэхэд зөвшөөрсөн. Сэнтий нэртэй зочид буудлын 502 тоот өрөөнд ороход Д.Е ганцаараа пиво ууж байсан. Д.Е бид 2 архинаас ууж байгаад үргэлжлүүлж ууя гэсэн чинь Д.Е найздаа хэдэн пиво захичихъя гэж байсан. Удалгүй манай эмээ “халуураад байна, эм аваад хурдан хүрээд ир” гэж залгахаар нь “одоо очлоо” гэсэн чинь П “чи хэр удах бэ” гэхээр нь би “удах байх” гэсэн чинь уурлаад “намайг орхиод явах гэж байгаа юм уу, ирнэ биз дээ” гэхээр нь би “хамт явах уу” гэхэд хамт явах шинжгүй суугаад “одоо уух юм ирж байгаа, чи жаахан сууж байгаад явчихаж болохгүй юм уу” гэж байсан. “Болохгүй, эмээ халуурч байгаа, хурдан явахгүй бол болохгүй, үгүй бол чи хамт яв” гэхэд П “чи угаасаа ирнэ биз дээ, за за явчихаад ир” гэсэн. Намайг Д.Е таксинд суулгаж өгөөд би эмээдээ шөл хийж өгөөд халуун нь буухгүй болохоор нь очиж чадаагүй...” (хавтаст хэргийн 26 дахь тал),
Шүүгдэгч Д.Е-ын яллагдагчаар өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-8-12), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-94), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-83), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-81) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүх хуралдаанд гаргаж өгсөн улсын яллагчийн “шүүгдэгч Д.Етай ял тохиролцсон тухай” санал,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн “Хохирол төлбөрт 2,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй” тухай хүсэлт (1 хуудас)-ийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Есогтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “С” зочид буудлын 502 тоот өрөөнд хохирогч Д.Пгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Пгийн “...*** зочид буудлын 502 өрөөнд ороход Е ганцаараа архи задалчихсан сууж байсан. А, Е хоёр архи ууж, би пиво уусан. ...Е орж ирээд миний хажуугаар хэвтээд хэдэн минутын дараа миний 2 гарыг ард бариад нөгөө гараараа миний хувцсыг хүчээр тайлаад орилсон чинь амыг гараараа дараад “ахиж орилох юм бол ална шүү” гэсэн. Би “дахиж орилохгүй, чи зүгээр миний амнаас гараа авчих” гэж гуйгаад бас больчих гээд өчнөөн удаа гуйж аргадаж хүртэл үзэхэд тоолгүй өмдийг шувталсан. ...бэлгийн харьцаанд ороод Е миний гэдсэн дээр үрийн шингэнээ гоожуулсан...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 9867 дугаар “...2. Д.П гийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илэрсэн байна. 5. Д.Пгийн биед баруун шууны гадна доод хэсэг, урд доод хэсэг, зүүн шууны дотор доод хэсэг, бугуйн гадна сарвуу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжилгээ (хх-39-40), шинжээчийн 5325 дугаар “...2. Д.Пгийн гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Е-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. Д.Е-ын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь 5121 дугаартай шинжилгээгээр тогтоосон цагаан өнгийн цааснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжилгээ (хх-46-47), шинжээчийн 11101 дүгээр “Д.Ень бэлгийн бойжилт бүрэн олсон байна. Д.Ень хурьцал үйлдэх чадвартай байна...” гэх шинжилгээ (хх-73-74), шүүгдэгч Д.Е-ын “Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-113) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Е-ын согтуурсан үедээ хохирогч Д.Пгийн 2 гарыг барин хөдөлгөөнийг хорьж, улмаар “дахиж орилбол ална шүү” гэж заналхийлэн өмдийг нь хүчээр тайлж бэлгийн харьцаанд орсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Пгийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөөнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 2,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ень согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “С” зочид буудлын 502 тоот өрөөнд хохирогч Д.Пгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Еболон хохирогчийн мэдүүлгийн хувьд ямар нэгэн зөрүү байдаггүй. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Етанилцаад хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байдаг. Хэргийн үйл баримтын хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас өмгөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй. Баян-Өлгий аймгаас эгч нь надтай холбогдоод Е-ыг Баян-Өлгий аймгаас гаргахгүйгээр гэртээ байлгамаар байна, архи уугаад гэртээ байдаггүй, ийм хэрэгт холбогдох гээд байсан юм, ээж нь хүнд өвчтэй учраас асруулаад дэргэд нь байлгах хэрэгтэй” гэж хэлсэн. Хохирлыг хохирогчийн дансанд хийлгэсэн. Иймд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Е нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, улсын яллагч, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар тохиролцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн бэлгийн эрх, эрх чөлөөнд хохирол учирсан, хохирогч баримттай хохирол нэхэмжлээгүй, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Хохиролд 2,000,000 төгрөг дансаар шилжүүлж авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ЕЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бэлгэвч 1 ширхэг , нойлын (ариун цэврийн) цаас, бэлгэвчний уут 1 ширхэг, 1 ширхэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ецагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Е Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Е--д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ешүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бэлгэвч 1 ширхэг, нойлын (ариун цэврийн) цаас, бэлгэвчний уут 1 ширхэг, 1 ширхэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ецагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Е-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР