Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга А.Болор,

            улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,      

            шүүгдэгч Б.Энхбаатар, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

гэрч О.Хөгжихзалуу

            хохирогч Х.Мөнхжаргал,

            хохирогчийн өмгөөлөгч Н.Нарангуа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:      

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбажавын Энхбаатарт холбогдох  201625022245 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дундговь аймаг, Говь-Угтаал 1-р баг, Ажирхай Баяндалай 3-р гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 7 дугаар орцны 00 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: ЗВ 95060812 / Цац овогт Бямбажавын Энхбаатар нь:

 

2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Чингисийн талбай дээр Х.Мөнхжаргалын " Миний ээжээс уучлалт гуй" гэсэн зүй ёсны шаардлагыг үл зөвшөөрч түүний баруун хөл тус газар нь өшиглөж, баруун өвдөгний тойг ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                       Хохирогч Х.Мөнхжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой би ээжийгээ тосож авах гээд Чингисийн талбай дээр очсон. Манай ээж Соёлын төв өргөөний орчим шарсан зайдас зардаг юм. Тухайн үед гадаа орой болж байсан учир ээжийгээ тосож авахаар очтол 3 согтуу залуу байсан ба манай ээжийн зарж байсан шарсан зайдаснаас булааж өмдөндөө хийж байхыг харсан. Би очоод “ Та нар настай хүний юмыг яаж байгаа юм бэ “ гэж хэлэхэд манай ээжийг “ Хөгшин ал минь. Дуугүй бай “ гэж хэлээд салаавч гаргасан. Тэгэхээр нь би “ Та нар настай хүнийг ингэж болдог юм уу. Манай ээжээс уучлалт гуй “ гэж хэлэхэд тэр залуучууд үл тоож цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь манай эмэгтэй дүү Х.Нарандулам бид 2 хойноос нь очоод “ Манай ээжээс уучлалт гуйчих “ гэж хэлэхэд намайг нэг залуу нь гэнэт тийрч түлхэж унагаачихаад цаашаа зугтаад явчихсан. Миний баруун хөлний өвдөгний тойг 2 хуваагдсан ба би хагалгаанд орж эмчлүүлсэн. Одоо хөл дээрээ явж чадахгүй хэвтрийн дэглэмд байгаа гэжээ. / хх 10 /

Насанд хүрээгүй гэрч Э.Балжинсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн найз М.Дорждэрэм  түүний найз Б.Энхбаатар нартай Чингисийн талбайд уулзсан. Тэндээ бид 3 юм ярьж сууж байгаад шарсан зайдас авч идэхээр болсон. Тэгээд байж байтал нэг залуу Дорждэрэмийг барьж аваад хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь би гүйж очоод салгасан гэжээ. / хх 11 /

Гэрч О.Хөгжихзалуу мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас хойш талбай болон Соёлын төв өргөөний хооронд явж шарсан зайдас зарсан юм. Намайг шарсан зайдсаа зараад явж байхад 3 залуу ирээд “ Эмээ идэх юм байна уу. Юу байна “ гэхээр нь би “ Шарсан зайдас байна “ гэж хэлэхэд үзье гэхээр нь би зайдасны тагийг дээш сөхөхөд 3 залуу гэнэт дайраад би эхэлж авна гээд дайрсан. Тухайн үед нэг залуу нь зайдсаа аваад 1500 төгрөг өгсөн. Тэгтэл манай хүү Х.Мөнхжаргал цаанаас ирээд тэр 3 залуугийн нэг залууг бариад авсан ба надаас “ Энэ залуу таниас хэдэн зайдас авсан “ гэхээр нь би “ Нэг зайдас авсан “ гэж хэлэхэд тэнд байсан нэг залуугийн өмдний арыг ухаад “ Чи өмднийхөө ард нэг зайдас хийсэн байна. Наадахаа өг. Ингэж болдог юм уу “ гэхэд тэр залуу “ Энэ зайдас надад байсан юм “ гэж хэлсэн.  Манай хүү “ Чи тэгвэл мөнгөөрөө авсан зайдсаа өмдөндөө хийдэг юм уу “ гэж хэлэхээр нь би “ Та нар залуу хүүхдүүд байж ичдэггүй юмуу. Мөнгөгүй байсан бол гуйгаад авахгүй “ гэж хэлэхэд тэнд байсан нэг залуу “ Май хөгшин ал минь “ гэж хэлээд салаавч гаргасан. Тэр 3 залуу зугтаад яваад өгсөн. Намайг араас нь очиход хүү газар уначихсан “ Хөл өвдөөд байна. Цагдаа дуудаарай “ гээд орилоод хэвтэж байсан гэжээ / хх 12 /

 

Гэрч Б.Жавхлантөгс мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би “ Зэндмэнэ “ хамгаалалтын албанд ажиллаж байсан. Тэр өдөр Чингисийн талбай дээр үзэсгэлэн худалдаа болсон ба тэр худалдаанд манай хамгалалтын алба дөрвөн хүнтэй хамгаалалтад гарч байсан. Тэгээд байж байхад миний гарч байсан хэсэг дээр 3 хүн 1 залууг барьчихсан байхаар нь би “ Хөөе юу болоод байна “ гээд очтол нэг залууг барьчихсан байхаар нь би юу болоод байна гэж асуухад тэнд байсан эмэгтэй “ Энэ залуу идэх юм авчихаад мөнгөө өгөөгүй “ гэж хэлсэн. Тэгж байтал дахин нэг залуу гүйж ирчихээд буцаад цаашаа явахад нь нөгөө эмэгтэйтэй хамт байсан залуу нь араас нь гүйсэн ба тэр 2 залуу барьцалдаад авах шиг болсон. Нэг залуу газар унаад миний хөл гээд орилоод байх шиг байсан.

Миний харахад тэр залуугийн хөл рүү зугтаж байсан залуу нь дотор талаас нь жийчих шиг болсон. Тэгээд тэр залуу газар унасан гэжээ. / хх 13 /

 

Гэрч Х.Нарандулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 сард орой 21 цаг 30 минутын орчим Сүхбаатарын талбай дээр би өөрийн эх Хөгжихзалууг авах гэж очсон. Би ээж дээрээ ах Х.Мөнхжаргалын хамт очсон ба ээжийн тэрэгний урд үл таних 20-22 насны 3 халамцуу залуу зогсож байсан. Тэр 3 залуугийн нэг нь “ Наадах зарж байгаа юмнаас чинь авъя “ гэснээ “ Наадах чинь шал хогийн юм байна “ гээд хэл амаар доромжлохоор нь би согтуу юмуу хаашаа юм бэ гээд хөөгөөд явуулсан. Тэгээд ээж тэрэгтэй юмаа түрээд талбайн зүүн талд очингуут нөгөө 3 залуугийн нэг нь хотдог авъя гэж онгойлгонгуутаа нэг хотдог авч өмд рүүгээ хулгайлаад хийсэн. Тэрийг нь ах бид хоёр харсан ба ах Х.Мөнхжаргал “ Чи хөгшин хүн элэг барилаа ” гэхэд ээж маань “ Та нар хөгшин хүн элэглэхээ боль “ гэтэл ээж рүү салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Тэгээд манай ах очоод хөгшин хүн доромжиллоо гээд нэг залуутай нь зууралдахаар нь ээж салгасан. Тэр үед манай ах “ Та нар хэл амаар доромжилсон. Хүний юм хулгайлсан “гэхэд нэг залуу нь манай ахын баруун хөл рүү өшиглөөд зугатаачихсан гэжээ. / хх 15 /

 

Гэрч М.Дорждэрэм мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн найз М.Балжинсүрэн, Б.Энхбаатар нарын хамт Сүхбаатарын талбай дээр юм ярьж сууж байгаад тэндээсээ явахаар болсон. Тэр үеэр нэг эмээ шарсан зайдас зарж байсан ба тэрнээс нь авч идэх гээд Б.Энхбаатар М.Балжинсүрэн бид 3 очсон. Тухайн үед би тэр эмээ дээр очоод нэг зайдас аваад гартаа барьчихсан байсан. Тэгтэл Б.Энхбаатар дахин нэг зайдас аваад нэг зайдасны мөнгө өгсөн. Тэгтэл цаанаас нь зайдас зарж байсан эмээгийн хүүхэд нь ирээд “ Та нар нэг зайдасны мөнгөөр 2 зайдас авлаа. Та нар хулгай хийлээ “ гэж хэлээд байж байтал хажуугаар нь явж байсан хүмүүс “ Больцгоо. Явцгаа “ гэж хэлсэн. Б.Энхбаатар зүүн тийшээгээ явсан. Тэгтэл нөгөө эмээгийн хүү нь Б.Энхбаатарын араас явж байгаа харагдсан. Тухайн үед тэр эгч намайг барьчихсан байхаар нь би дугтарч тавиулчихаад гэр рүүгээ явчихсан. Миний хувьд Х.Мөнхжаргалыг зодож цохьсон асуудал байхгүй гэжээ / хх 16 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11723 тоот дүгнэлтэнд:

1. Х.Мөнхжаргалын биед баруун өвдөгний тойг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 18 /

Шүүгдэгч Б.Энхбаатарыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 23-24 /, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 25-26 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 29 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаатар мэдүүлэхдээ: Би тэр өдөр эрүүл байсан.  Хохирогч Х.Мөнхжаргалыг өшиглөөгүй. Гэтэл 20 хоногийн дараа М.Дорждэрэм над руу залгасан. Намайг хаана байна гэж асуухаар нь би ажил дээрээ байна гэхэд Хосбаяр ахмад намайг дуудсан. Тэгээд очтол “ Чи Х.Мөнхжаргалыг өшиглөсөн биз дээ гэхээр нь би түлхсэн гээд хэлчихсэн. Би хохирогчийн ээжийг хэл амаар доромжлоогүй. Авсан зайдасныхаа мөнгийг төлсөн. Б.Жавхлантөгс намайг Х.Мөнхжаргалыг өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би Х.Мөнхжаргалыг түлхэж унагаснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Мөнхжаргалд 750.000 төгрөг өгсөн гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Мөнхжаргал мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингисийн талбай дээр ээжийгээ тосож авахаар очтол 3 залуу юм авч байгаа харагдсан. Ойртоод очтол 1 залуу зайдас аваад өмд рүүгээ хийхийг харсан. Би ээжээс “ Энэ залуучууд хэдэн зайдас авсан бэ гэж асуухад нэг зайдас мөнгөөрөө авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуучууд дээр очоод нэг залуугийн өмднөөс зайдас гаргаж ирээд ээждээ үзүүлээд нөгөө залуучуудыг “ Настай хүнийг ингэж дээрэлхэж болохгүй шүү дээ. Залуу хүмүүс байж гэж хэлэхэд ээжийг маань элдвээр хэлж, үл тоосон шинжтэй цаашаагаа зугтаасан. Би араас нь очиж “ Манай ээжээс уучлалт гуй гэж дүүгийнхээ хамт шаардлага тавьсан. Гэтэл Б.Энхбаатар гэх залуу миний баруун хөл рүү тийрээд түлхчихээд яваад өгсөн. Миний хөл гэмтчихлээ гэхэд тоосон шинжгүй зугтаачихсан. Явж чадахгүй байсан учраас талбайн цагдааг дуудаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн.

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Гэмтэл согогийн үндэсний төвд хагалгаанд орсон бөгөөд одоог хүртэл шүүс гараад хагалгаа хийсэн эмчийнхээ сувилагчаар очиж боолгож байгаа. Боолгохдоо таньдаг хүмүүсийг гуйж машинд нь бензин хийж явдаг. Жилийн дараа гадны биет болох зүйлийг авахуулна. Б.Энхбаатар нь надтай нэг ч удаа уулзаагүй. Би маш их гомдолтой байгаа. Урьдын адил хэзээ ажил хөдөлмөр хийж чадахаа мэдэхгүй хүний асаргаанд байна. Нийт 1.799.400 төгрөгний хохирол учирснаас өнөөдөр 750.000 төгрөг өгч байна. Үлдэх хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Хөгжихзалуу мэдүүлэхдээ: Би тэдгээр залуучуудад “ Та нар залуу хүмүүс байж, мөнгөгүй байсан бол гуйгаад идэхгүй яасан юм бэ “ гэхэд над руу салаавч гаргаад “ Май. Хөгшин мал минь “ гэсэн юм. Тэгээд манай хүүхдүүд “ Та нар манай ээжээс уйчлалт гуй “ гээд маргалдсан. Намайг хүү дээрээ очиход “ Хөл өвдөөд байна. Цагдаа дуудаарай “ гэж хэлсэн. Одоо хүү маань намайг асрах хүн байтал би асарч харж байна гэв.

Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Чингисийн талбай дээр Х.Мөнхжаргалын " Миний ээжээс уучлалт гуй" гэсэн зүй ёсны шаардлагыг үл зөвшөөрч түүний баруун хөл рүү нь өшиглөж баруун өвдөгний тойг ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Манай ээжийг “ Хөгшин ал минь. Дуугүй бай “ гэж хэлээд салаавч гаргасан. Тэгэхээр нь би “ Та нар настай хүнийг ингэж болдог юм уу. Манай ээжээс уучлалт гуй “ гэж хэлэхэд намайг нэг залуу нь тийрч, түлхэж унагаачихаад цаашаа зугтаад явчихсан. Миний баруун хөлний өвдөгний тойг 2 хуваагдсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Х.Мөнхжаргалын мэдүүлэг / хх 10 /,  ... Манай ах “ Та нар хэл амаар доромжилж, хүний юм хулгайлсан гэхэд нэг залуу нь манай ахын баруун хөл рүү өшиглөөд зугатаачихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Нарандуламын мэдүүлэг, / хх 15 / … тухайн үед би тэр эмээ дээр очоод нэг зайдас авсан байсан. Тэгтэл Б.Энхбаатар дахин нэг зайдас аваад нэг зайдасны мөнгө өгсөн тэгтэл цаанаас нь зайдас зарж байсан эмээгийн хүүхэд нь ирээд “ Та нар нэг зайдасны мөнгөөр 2 зайдас авлаа. Та нар хулгай хийлээ “  гэж хэлсэн. Б.Энхбаатар зүүн тийшээгээ явтал хүү нь Б.Энхбаатарын араас явж байгаа харагдсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Дорждэрэмийн мэдүүлэг  / хх 16 /, ... Миний харахад тэр залуугийн хөл рүү зугтаж байсан залуу нь дотор талаас нь жийчих шиг болсон. Тэгээд тэр залуу газар унасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Жавхлантөгсийн мэдүүлэг / хх 13 /, ... хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11723 тоот дүгнэлт / хх 18 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч Б.Энхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Б.Мөнхжаргал нь эмчилгээний зардалд 1.799.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон 1.003.519 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 750.000 төгрөгийг хасч, үлдэх 312.215 төгрөгийг шүүгдэгч Б.Энхбаатараас гаргуулан хохирогчид олгож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж хагалгаа хийлгэсэн өвчтөний түүхийн хуулбарт бичигдсэн нийт эмчилгээний зардал 697.785 төгрөгнөөс тодорхой хэмжээний мөнгийг нийгмийн даатгалаас нөхөн төлсөн гэж мэдүүлсэн тул хувиасаа төлсөн мөнгөө болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, нэхэмжлэлээс юнителийн нэгж авсан 11.000 төгрөг, жирэмслэлт шалгасан тест худалдан авсан 1400 төгрөг, мөнгөний машинаас 27.000 төгрөг авсан баримт зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Энхбаатартай хамт явсан М.Дорждэрэм, Э.Балжинсүрэн нарт  захиргааны арга хэмжээ авсан / хх 37 / баримт хэрэгт авагдсаныг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                       

ТОГТООХ нь: 

 

1. Бямбажавын Энхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Энхбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Энхбаатар нь

цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйилйн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Энхбаатараас 312.215 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлээс 39.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хагалгаа болон цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Б.Энхбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

7. Шийтгэх  тогтоолыг  ялтан,  хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ