Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0393

 

 

 

 

                                                  

              

“Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Б.Ц*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 109/ШШ2024/0008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Т*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 109/2023/0011/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 109/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр: 

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агу*******: Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Б.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...1. Анхан шатны шүүх "...хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл бий болсон" гэж үзжээ.

 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах хэсэгт "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй" хэмээн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл хууль бус захиргааны актын хувьд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй юм.

2.2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр Архангай аймгийн Эрдэнэб*******н сумын *******,*******,******* хаягт байрлах нэгж талбарын 6513013572 дугаартай 10.000 м.кв газрыг төсөвт байгууллагад ноос, ноолуур угаах үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр баталсан.

Төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл тус газрыг "Т*******" ХХК-д аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай" захирамжаар 16 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3.Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 онд "Ноос угаах үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан. Тус тендерт “Т*******” ХХК нь ноос угаах үйлдвэрийг барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шалгарч захиалагч аймгийн Засаг даргатай "Ноос угаах үйлдвэр бариулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Т*******” ХХК-иас ноос угаах үйлдвэрийг барьж түлхүүр гардуулах, аймгийн Засаг даргын зүгээс гэрээний үр дүн буюу ноос угаах үйлдвэрийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

“Т*******” ХХК-иас гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул аймгийн Засаг даргын зүгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Энэхүү гэрээтэй холбоотой маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн 129/ШШ2021/00525 дугаартай шийдвэр гаргасан.

Тус шүүхийн шийдвэрээр зөвхөн аймгийн Засаг дарга, "Т*******” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх талаар дурдагдаагүй.

 Өөрөөр хэлбэл “Т*******” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас аймгийн Засаг даргын зүгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул хоёр талын үндсэн үүргийн харилцаа дуусгавар болж, талуудын хооронд өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 843.824.016 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн урьдчилгаа 187,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл өгсөн авснаа буцаах нэрийн дор анхнаасаа аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн "Т*******" ХХК-д шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.

4.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т "Газар эзэмшигч дараах эрхтэй" гээд 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх", харин мөн зүйлийн 35.2-т "Энэ хуулийн 35.1.4-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй" байхаар, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.1-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно" гэж тус тус заасан.

 Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлэх, тухайн тохиолдолд төрийн байгууллага өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй талаар тухайлан зохицуулсан байна.

Гэтэл аймгийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамжийг гаргахдаа 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч "Т*******а" ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Үүнээс үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсөвт байгууллагад эзэмшүүлэхээр баталсан газрыг “Т*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4. 35.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын болон аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байна.

5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" хэмээн хуульчилсан.

Төсөвт байгууллагын эзэмшлийн газар дээр тендерээр барилгын ажил гүйцэтгэхээр "Т*******а" ХХК шалгарсан боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул аймгийн Засаг даргын зүгээс гэрээг цуцалсан. Гэтэл өгсөн авснаа буцаах нэрийн дор анхнаасаа төрийн байгууллагын эзэмшлийнх байсан газрын эзэмших эрхийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талд шилжүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай" захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны акт юм.

Өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээс хууль ёсны итгэл үүсэх боломжгүй буюу аймгийн Засаг даргын дээрх захирамж нь хууль тогтоомж зөрчиж гарсан хууль бус захиргааны акт тул “Т*******а” ХХК-ийн итгэл хамгаалагдахгүй билээ.

Мөн Архангай аймгийн Эрдэнэб*******н сумын *******,*******,******* хаягт байрлах нэгж талбарын 6513013572 дугаартай 10.000 м.кв газар нь анхнаасаа төсөвт байгууллагад эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн болохыг "Т*******а" ХХК мэдэж байсан бөгөөд өгсөн авснаа буцаах нэрийн дор төсөвт байгууллагын эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авсан атлаа өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газраас урьдчилгаанд өгсөн 187.500.000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй тул хууль ёсны итгэл үүсэх ямар ч үндэслэлгүй билээ.

Мөн шүүхээс "Т*******" ХХК-д ".....эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна" гэж үзсэн.

Шүүх 2019, 2020 онуудад үйлдсэн баримтууд /дийлэнх баримтууд нь гарын үсгийн бүрдэл дутуу, баталгаажаагүй, хуулбарласан хувийг канондсон гэх мэт нотлох баримтын шаардлага хангахгүй/ болон шүүхээс хийсэн үзлэгээр авагдсан зургийг үнэлж ийнхүү дүгнэлтээ гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах хэсэгт "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно" гэж хуульчилсан.

"Т*******" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамж нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч талд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нөхцөл байдал үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 38 дугаар зүйлийн 38.2-т "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй" хэмээн заасан.

Нэхэмжлэгч талд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хамаарахгүй ч шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг хугацааны хувьд газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гаргахаас өмнө үйлдэгдсэн баримтуудыг үнэлж эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Шүүхээс "...газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалтыг агуулсан Газрын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг баримтлалгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 хэсгийг баримталсан нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Иймд ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй" гэж дүгнэсэн.

Аймгийн Засаг даргаас маргаан бүхий А/244 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг үндэслэл болгосон. Хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" хэмээн заасан.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн нэгж талбарын 6513013572 дугаартай хувийн хэргийг судлан үзэхэд "Т*******" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаартай тус газарт гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамж гарсан болох нь тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдал нь "Т*******" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болохгүй тул тус компанийн захирал Т.Тулгыг оролцуулан 2023 оны 4 дүгээр сарын өдөр 13-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, аймгийн Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/244 дугаартай "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" захирамжаар хүчингүй болгосон.

6.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан.

Газрын тухай хуулийн дээрх хэсэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгтээ утга агу*******, эрх зүйн үр дагаврын хувьд ижил бөгөөд нэг нь ерөнхий, нөгөө нь нарийвчилсан зохицуулалт юм.

Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэл болгохоос гадна хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох зохицуулалт агуулсан тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг үндэслэл болгосон. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэх үр дагаврыг үүсгэхгүй тул шүүхээс хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхээс "...маргаан бүхий А/244 дүгээр захирамжаар аймгийн Засаr даргын А/512 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон боловч уг захирамжаа “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” гэж тэмдэглэсэн нь захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ.

 Маргаан бүхий захирамжийн захирамжлах хэсгийн 1-т "Аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэж заасан. Захирамж хүчингүй болсноороо газар эзэмших эрх мөн адил хүчингүй болох эрх зүйн үр дагаврыг үүсгэх тул маргаан бүхий захирамжийн тэргүүнийг "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" гэж тэмдэглэсэн нь хоёрдмол утга агуулаагүй, хэн ч харахад ойлгомжтой, тодорхой байна.

Иймээс Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 109/ШШ2024/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан тус аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгч “Т*******” ХХК-д эзэмшүүлсэн Эрдэнэб*******н сумын Тамир 7-р багын хуучин үйлдвэрийн районд 1 га газрыг ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулахаар тусгасан, аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжаар уг газрыг анх аймгийн Засаг даргын Тамгын газарт үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар олгож, улмаар 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжаар “Т*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ. 

Төсөвт байгууллагын газрыг ийнхүү нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх талаарх газар эзэмшигчийн эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэнтэй нийцэхгүй боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг, тухайлбал дээрх төлөвлөгөөнд заасны дагуу нэгэнт бий болсон ноос угаах үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулах, үйл ажиллагаа явуулах бололцоог хангах, цаашид уг барилга байгууламжийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэлгүйгээр тодорхойгүй байдлаар орхигдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын өмнөх захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол хариуцагч өөрөө хүчингүй болгох эрхтэй ч энэ тохиолдолд эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлэх болсон шалтгаан нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр ноос угаах үйлдвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч оролцож шалгарсантай холбоотой, шүүхийн удаа дараагийн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан фото зургуудаар үйлдвэрийн болон удирдлагын байр баригдсан, цахилгааны шугам татсан, гүний худаг гаргасан, эзэмшил газраа хашаалсан зэрэг нь нотлогддог.

2.Хэдийгээр аймгийн Засаг даргатай байгуулсан “Архангай аймгийн Эрдэнэб*******н сумын ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах” 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ААНӨГ/201801001/33 гэрээг тухайн үед хариуцагчаас цуцалсантай холбоотой төлбөр гаргуулах иргэний маргааныг шийдсэн аймгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар эцэслэгдсэн, шүүхээс дээрх гэрээний дагуу хариуцагч 187.5 сая төгрөгийн санхүүжилт хийснийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн, харин бусад санхүүжилтийг нэхэмжлэгч өөрөө гаргаж, одоогийн барилга байгууламжийг барьсан, байршлын хувьд Архангай аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 204 дүгээр албан бичгийн хавсралт газрын үзлэгийн зургаас үзэхэд 1 га газраас хэтрүүлэлгүйгээр хашаа, барилга, байгууламж баригдсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг маргаан бүхий актаар хүчингүй болгосон нь хууль бус.

Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” нь төрөөс газрын талаар баримтлах үндсэн зарчим бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтаар нь ашиглагдах боломжтой газрын эрх нэхэмжлэгчид хадгалагдах нь эдгээр зарчимд нийцнэ.

Хэрэгт ноос угаах барилга байгууламжийг барьсан зардлын задаргаа, ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажлын зураг зэрэг барилга байгууламжтэй холбоотой баримтууд авагдсан, бодит байдалд барилга баригдсан байх тул маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөнө.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 723 дугаар магадлалд “…маргаан бүхий газарт баригдсан үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга байгууламжийг хэний хөрөнгөөр, хэн барьж гүйцэтгэсэн болох, дээр дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн асуудал нь одоогийн барилга байгууламжтай холбоотой эсэх, 2023 оны А/244 дүгээр захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ажиллагааг хийсэн болохыг тодруулах…” шаардлагатай гэснийг анхан шатны шүүхээс хэргийг дахин хянахдаа бүрэн хийсэн, бодит байдалд 1 га газрыг анхны эзэмшигч болох аймгийн Засаг даргын Тамгын газар эзэмших боломжгүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ихээхэн хэмжээний зардал гаргаж, үйлдвэрлэлийн барилга байгууламж, тэдгээрийн бүрдэл хэсгийг бий болгосонтой холбоотой түүнд газар эзэмших эрх олгосон Засаг даргын 2022 оны А/512 дугаар захирамжийг харин ч хууль, бодит нөхцөл байдал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн шийдвэр гэж үзэх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус үндэслэж энэхүү захирамжийг хүчингүй болсонд тооцсон 2023 оны А/244 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт болно.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар 1 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Засаг даргын 2022 оны А/512 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн тухайд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, иймд хариуцагчаас энэхүү захирамжийг хүчингүй болгохдоо зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтаас гадна энэ хуулийн 48.2.1-48.2.5-д заасан тохиолдол үүссэн эсэхийг хууль хэрэглээний хувьд тогтоох ёстой.

Гэтэл нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан үйл ажиллагаа явуулахаар бүтээн байгуулалт хийгдэж байгааг үл харгалзан, мөн нэхэмжлэгчийн гаргасан зардлыг шийдвэрлэлгүйгээр өмнөх захирамжаа хэлбэрийн хувьд “хуульд нийцүүлэх” нэрийдлээр маргаан бүхий акт гаргасныг зөвтгөх боломжгүй.

Харин иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 187.5 сая төгрөгийг шаардах, эсхүл шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан авах нь тухайн хэргийн зохигчийн хувьд хариуцагчийн эрх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 109/ШШ2024/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Б.Ц*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН