Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 406

 

МАГАДЛАЛ

 

2018.02.05                                                     Дугаар 406                                  Улаанбаатар хот

 

 

 

Г.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө Х” ХХК-д холбогдох,

Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол болох           793 342 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байсан болно. Уг газрыг худалдан авсаны дараагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын хэмжээг багасган 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг авсан. Үүний дараагаар 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн. Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн “Ө Х” ХХК нь янз бүрийн аргаар миний ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхит хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдлийг гаргаж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан миний газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцсан болон миний барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж уг маргаан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын дээд шүүхийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж “Ө Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно. Тус компанийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын   18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм. 2014 оны 5 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан болно.

Нийтийн эзэмшлийн замыг хууль бусаар хааж нэвтрэх боломжийг хязгаарласнаас улбаалан дараах нэмэлт зардал гарч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Үүнд, Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын машин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогсож, үүний улмаас нийтдээ        27 280 000 төгрөгийн хохирол учирсан. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулсанаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119 820 000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан. Барилгын ажлыг гүйцэтгэх кран нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж, нийт 32 760 000 төгрөгийн зардал гарсан, Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсаны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 67 452 000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9 000 000 төгрөгийн ажлын хөлс олгосон. “Б ч” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс “Ө Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд “Б ч” ХХК-иас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв үнэлгээ унаж 2 500 000 төгрөг болоод байна. “Б Ч” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг    2 500 000 төгрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74 400 000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна. "Х Т" ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631 990 000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурьдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв 3 500 000 төгрөгийн үнэтэй байрыг 2 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180 560 000 төгрөгийн шууд хохирол учраад байна. Хариуцагчаас нийт 453 972 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Үүнийг дараах баримтыг үндэслэн 339 370 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр "Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээ"-г "Б Ц" ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээний “Б Ц” ХХК нь барилгын гадна пасадны материал нийлүүлж, пасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166 250 000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөрөө барьж буй барилгаас 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3 500 000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр "Цонхны ажил гүйцэтгэх гэрээ"-г "А Г К" ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166 250 000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-г нь 3 500 000 төгрөг тооцож гэрээ байгуулсан. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр "Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ"-г "Т-Э" ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191 205 000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэнд миний зүгээс 54.63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3 500 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг “Э т э” ХХК-тай байгуулж нийт 125 370 000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35.82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирцсон. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цахилгаан холбоо дохиололын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг “Г с п” ХХК-тай байгуулж 291 620 000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг “Г с п” ХХК-тай байгуулж 260 400 000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон. Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч “Ө Х” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно. Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүйн улмаас дараах байдлаар гэрээнд тусгагдсан 1 м.кв талбайн үнэнд өөрчлөлт орж хохирол учраад байна. “Ө Х” ХХК-ийн хууль бус үндэслэлгүйгээр манай барилга угсралтын ажлыг саатуулсанаас үүссэн хохиролд өмнө гаргасан нэхэмжлэлийн дүн болох 453 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн дүн 339 370 000 төгрөг нийт 793 342 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа хэрэгт байгаа ажил гүйцэтгэж компаниудтай хийсэн гэрээнүүд, санхүүгийн анхан шатны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрт нь энэ хөрөнгө байсан уу, ямар хэлбэрээр гаргаад туслан гүйцэтгэгч компаниуд юм уу, бартерын гэрээгээр хийгээд байгаа айлуудтай гэрээ хийгээд, төлбөр төлөгдсөн эсэх нь хэрэгт нотлогдсон зүйл байхгүй гэж манай зүгээс үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө Х” ХХК-иас гэм хорын хохиролд 793 342 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 282 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улсын комиссын акт нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд уг актад барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан гэж маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл барилгыг барьж дуусгасанаас хойш 2016 онд буюу “Ө Х” ХХК нь шүүхэд гаргасан газартай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажилаагүй болох нь цаг хугацаа болоод холбогдох баримтаар тодорхой нотлогдоно. Шүүхээс энэхүү нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй юм. Мөн миний ажлын хөлсөнд нь баригдаж буй барилгаас тодорхой орон сууц өгөхөөр байгуулсан гэрээг шүүхээс гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэж үнийн дүнд өөрчлөлт орсон мэтээр дүгнэжээ. Гэрээг хэдий талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулдаг боловч гэрээний зүйл гэрээний үнэ нь бодит байдалд нийцсэн байх ёстой 2015 оноос эхлэн Монгол Улсын барилгын салбар болоод эдийн засгийн хувьд хямралтай нөхцөл байдал үүсч орон сууцны үнэ тогтмол буурч эхэлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан барилгыг шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй бол тухайн ондоо хүлээн авч тохирсон үнээр нь бусдад шилжүүлэн өгөх боломжтой байсан. Гэвч “Ө Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаан жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ бүх хугацаанд орон сууцны үнэ тогтмол унасаар байсан билээ. Энэ бүх нөхцөл байдал нь хариуцагчийн хууль бус үйлдэл болоод надад учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо байгааг илэрхий харуулж байхад шүүхээс уг нөхцөл байдал холбогдох нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь харин ч эсрэгээрээ буюу учирсан хохиролыг барагдуулах үүрэгтэй. Хохиролыг хэрхэн барагдуулах талаар зохицуулсан байх тул шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч “Ө Х” ХХК-д холбогдуулан хохиролд 793 342 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Ж нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн ? дүгээр хороо, Ойн-? гудамжны ? тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий газар, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай газрыг худалдан авсан, уг газар нь 12 давхар барилга барих зөвшөөрөлтэй байснаар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2014 оны 4 дүгээр сараас эхлүүлж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 тоот актад бичигдсэн байна.

Барилгын ажлын явцад буюу дээрх хугацаанд хариуцагч нь барилга барих газар давхцсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх Г.Ж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 793 342 000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй юм.

Тухайн хугацаанд зохигчид өөрсдийн өмчлөл, эзэмшлийн хөрш залгаа газруудад орон сууцны барилга барьж байсан нь Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон ба барилгын талбайд орох гарах гарцаар нэвтрэх машины даацын хэмжээг эрх бүхий этгээд болох Авто замын хөгжлийн газар, Замын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хязгаарласан, барилгын баруун талаар гарах замаар том оврын авто машин орох боломжгүй талаар Онцгой байдлын газраас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10.7/47 тоотоор нэхэмжлэгчид мэдэгдэж байсан баримтууд хэргийн 42, 43,197, 240, 243 дугаар талд авагдсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх байдал дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 126 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ