Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/768

 

 

 

 

 

 

 

     2022        11            18                                      2022/ШЦТ/768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Батбаатар, 

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203006520546 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч,, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,*** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, “*** ХХК-д хүний нөөц ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** /РД:***/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны зүүн талд “Тоёота приус-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

- Мөн дүрмийн 19.1 дэх хэсэгт заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *** мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2203006520546 дугаартай хэргээс оролцогчдын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны зүүн замд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дахь тал),

 

3. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...“2022 оны 10 дүгээр сарын 20-ний өдөр гэрээсээ гараад талх авах зорилгоор дэлгүүр орох гээд 49 дүгээр байрны зүүн талын явган хүний замаар хойноос урагш яваад зам хөндлөн гарах зорилгоор баруунаас зүүн тийш чиглэлд явган хүний гарцгүй замаар зорчих хэсэг рүү ороход зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд цувуулаад машин тавьсан байсан бөгөөд зам руу харахад нулимс гараад байсан тул нүдээ арчтал машин ирээд мөргөсөн. Осол гарахын өмнө машин ирж байгаа эсэхийг хараагүй.Тус автомашин нь хойноос урагш явж байсан. Нэг сэргэхэд эмээ босоорой гээд нэг хүүхэд өргөж байсан. Жолооч нь гэх охин машиндаа суулгасан. Удалгүй түргэн ирээд үзээд гэмтэл гайгүй байна гээд гэмтэл орж үзүүлээрэй гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Гэмтэл орж үзүүлээд зураг авхуулахад зүүн гарын эгэм хугарсан гэсэн. Эм бичиж өгсөн. Гэмтэлд хэвтээгүй. Би сайн хараагүй. Нүдээ арчаад явж байгаад мөргүүлсэн. Ганцаараа явж байсан. Жолооч нь ганцаараа явж байсан. Жолооч эмнэлэгт зураг авхуулсан бүх зардлыг төлсөн. Тэр зам нь хорооллын зам юм. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байна. Тооцоо гаргаж өгнө. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

4. Иргэний хариуцагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...“Би зам тээврийн осол гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Эхнэр *** утсаар осол гарсан талаар хэлсэн. Хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сард оношилгоонд орж тэнцсэн. Эхнэр 5 сартай жирэмсэн учир сүүлийн үед байнга унаж ашиглаж байгаа. Ээлжлэн унадаг юм. Тухайн замаар өглөө бүр явдаг бөгөөд ажил нь тэнд байдаг юм. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэр бүлээс хохирол төлбөрийн асуудлыг шийдээд явна гэж бодож байна. Машины даатгалаа ашиглаж шийднэ гэж бодож байна. Даатгалдаа хэлсэн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 10898 дугаартай хүний биед хийгдсэн:

- ***ийн биед зүүн эгэм ясны хугарал, дух, баруун хацар, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь осол болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

6. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн №3895218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун зүүн гар талын ойрын их гэрлийн тусгал, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун хойд талын зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.

- Уг авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун зүүн гар талын ойрын их гэрлийн тусгал, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун хойд талын зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.

- Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

- Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

- Уг авто тээврийн хэрэгсэл нь АВЗ тоормосны системтэй.

- Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Баруун хойд талын зогсоолын тоормос зогсохгүй байна. Баруун хойд талын зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь хэзээ яаж ажиллагаагүй болсныг техникийн хяналын үзлэгээр тогтоох боломжгүй.

- Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн М\/13 программ дээр шалгаж үзэхэд 2020 онд 2020.07.27-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, 2021 онд 2021.07.29-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, 2022 онд 2022.03.04-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.

- Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2022 оны 03-р сарын 04-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн бөгөөд техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусах болоогүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-44 дэх тал),

 

7. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1228 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

8. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: .... “2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад ажил руугаа явж байсан. Тухайн үед нөхрийн нэр дээр байдаг гэр бүлийн эзэмшлийн Т.Приус маркийн *** дугаарын авто машиныг жолоодон ганцаараа явж байсан бөгөөд 19-ын үйлчилгээний төвийн баруун замаар хойноос урагш ороод 49 дүгээр байрны зүүн замаар хойноос урагш явах урсгалд нь авто машинууд битүү тавьсан байсан учир урдаас хойш чиглэлд явах урсгалаар нь ойролцоогоор 10-15 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд гэнэт зогсож байсан автомашины голоор 1 эмээ чигээрээ гараад ирсэн. Над руу хараагүй чигээрээ ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч мөргөөд эмээ урд унасан. Тэнд явсан хүмүүс жаахан ухар гэхээр нь би ухарсан бөгөөд эмээг хүмүүс босгоод машинд суулгасан. Эмээ босч ирээд хараа муутай, 1 нүд юм хардаггүй гээд байсан. Удалгүй түргэн ирээд үзээд гайгүй байна гээд гэмтэлд үзүүлээрэй гээд орхиод явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Гэмтэл дээр очиж үзүүлэхэд эгэм нь хугарсан гэж байсан. Эмнэлэгт хэвтээгүй. Осол гарсан газар нь зорчих хэсгийн баруун талын эгнээ нь байнга авто машин зогсож байдаг, хэвшил болчихсон газар байсан. Одоогоор гэмтэл дээр бичиж өгсөн эм нь гээд 170.000 төгрөг, эгэмний бэхэлгээ 15.000 төгрөгөөр авч өгсөн. Хувийн эмнэлэгт 930.000 төгрөг. Сүүлд сувилалд хэвтүүлэхэд 1.420.000 төгрөг төлсөн. Ер нь нийт эмээгийн зардалд 3.000.000 төгрөг зарцуулсан. Баримтууд нь байгаа. Эмээ надад гомдолгүй гэсэн бичиг өөрийн гараар бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

 

9. Яллагдагч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын, тогтоол ялын санал (хавтаст хэргийн 74, 75, 80, 85 дахь тал),

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоодох эрхийн лавлагаа , хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54-63 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч *** нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч ***ийн үйлдсэн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны зүүн талын замд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 30 минутын орчим “Тоёота приус-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

- Мөн дүрмийн 19.1 дэх хэсэгт заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *** мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

- 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны зүүн замд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дахь тал),

 

- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

- Иргэний хариуцагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 10898 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн №3895218 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-44 дэх тал),

 

- Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1228 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлсон.

Дээрх гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба, обьектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол хэрэг гаргасан байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч *** нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл, явган зорчигч ***ийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ***ийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,  гэж тус тус хуульчилжээ.

“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч ***ийн жолоодон явсан “Тоёота приус-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн *** болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг иргэний хариуцагчаар татан мэдүүлэг авахад “өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг эхнэр ***т шилжүүлсэн, түүнчлэн хохирогчийн хохирол, хор уршгийн зардал, нэхэмжлэлийг төлөхөө, төлсөн талаар илэрхийлж” мэдүүлжээ. Иймд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч *** нь хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т баримтаар 2,570,303 төгрөгийн эмчилгээний зардал гарсан бөгөөд шүүгдэгч ***ээс 3,000,000 төгрөгийг хохирогч, хохирол төлбөрт авсан, гомдол саналгүй гэсэн бичгийн хүсэлт хэрэгт авагдсан байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, оногдуулах ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

 

Иймд шүүгдэгч ***ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, “*** ХХК-д хүний нөөц ажилтай, цалин хөлс орлоготой зэргийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хууль заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН