Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/855

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **************д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205026062313 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Хөвсгөл аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, ах, 0 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, Хөтөл ус суваг дэнжийн гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Бичигт 000 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000 /, **************.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 8 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” нэртэй караоке дотор хохирогч **************гийн пивоны шилээр толгойн ар дагз хэсэгт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.”гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 01-ний 22 цагийн үед Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах “Тэнгис” гэдэг нийтийн караоке бааранд найз Энхтайваны хамт орж үйлчлүүлсэн. Ингээд нэлээн сууж байхад эсрэг талын ширээнд сууж байсан өндөр нуруутай залуу нь “гоё дуулдаг пизда нар юм аа” гэх мэтээр өдөж хоргоож эхэлсэн. Бид аль болох зодоон маргаан үүсгэхгүйг хичээж чимээгүй байсан. Бид зөөгч, бармен нарт  энэ 2 залууг гаргахгүй бол согтсон байна. Хэрүүл маргаан хийх гээд байна гэж байсан. Нэг удаа тэр 2 залууг зөөгч нь гаргахад буцаж орж ирэхдээ цагаан өнгийн пудболктой арай намхан нуруутай залуу нь гартаа барьсан пивоны шилээр миний толгойны ар дагз хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Мөн шилний хагархайд нь хүзүү зүсэгдсэн байсан. Миний толгойноос их хэмжээний цус гарсан тул уг залууг барьж аваад гараараа нүүр хэсэгт 1 удаа цохисон. Гэхдээ хүчтэй цохиж чадаагүй, учир нь миний толгой хагарсан, нил цус нөж болсон байдалтай, бие маш сул болчихсон байсан. Ингээд баарны хүмүүс цагдаа дуудаж намайг цохисон цагаан пудболктой залууг текний хажууд суулгаж байхад гараад зугтаагаад явсан. Би 103 дуудаж толгойдоо оёдол тавиулсан. Цагдааг хүлээж байхад баарны хүмүүс аюулгүй байдлыг бодсон байх пивоны шилний хагархайг шүүрдээд хаячихсан. Тухайн үед найз Энхтайван, Жаргалсайхан нар байсан. Энэ хүмүүс зодоон маргаанд оролцоогүй салгалцсан. Намайг зоддог залуу болохоор цагаан өнгийн пудболктой байсан, найз нь хар өнгийн пудболктой байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  **************ын гэрчээр өгсөн: “Би ************** гэх найзтайгаа хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Тэнгис” гэх нийтийн караокед 21 цагийн үед орсон. Тэнгис караокед ороод ************** бид хоёр Aurora нэртэй 0,5л архи нэг, 0,5л Сэнгүр 1 ширхгийг уусан. ************** бид хоёрын арын ширээнд 3 залуу сууж байсан. ************** бид хоёр захиалсан юмаа уугаад нэлээн суусан. Захиалсан архи пивоо ууж дуусгаад ************** түрүүлээд караокеноос гарсан. Би ардаас нь гартаа нэг ширхэг шилтэй пиво бариад гарах гэж яваад, арын ширээнд сууж байсан 3 залуугийн нэгэнтэй нь муудалцсан. Намайг муудалцаж байхад тэр залуугийн 2 найз нь ширээнээсээ босоод ирчихсэн байсан. Би муудалцаж байгаад нэг залууг нь цохисон, гэхдээ яг юугаар хаашаа цохисноо сайн санахгүй байна. Нэг ухаан ороод хартал нэг залуугийнх нь толгойноос цус гарч байсан. Удахгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10858 дугаартай “**************гийн биед зулайд шарх, тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй. Би их согтолттой байсан. Эмчилгээний зардалтай холбоотой баримтын дагуу нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч **************д 140.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **************д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар **************д холбогдох эрүүгийн 2205026062313 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд **************гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” нэртэй караоке дотор хохирогч **************гийн толгой, хүзүү рүү пивоны шилээр цохисны улмаас “зулайд шарх, тархи доргилт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

**************гийн хохирогчоор өгсөн “...цагаан өнгийн пудболктой арай намхан нуруутай залуу нь гартаа барьсан пивоны шилээр миний толгойны ар дагз хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Мөн шилний хагархайд нь хүзүү зүсэгдсэн байсан. Миний толгойноос их хэмжээний цус гарсан тул уг залууг барьж аваад гараараа нүүр хэсэгт 1 удаа цохисон. Гэхдээ хүчтэй цохиж чадаагүй, учир нь миний толгой хагарсан, нил цус нөж болсон байдалтай, бие маш сул болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10858 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) **************гийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч **************гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************** нь хохирогчийн толгойн дагз хэсэг рүү пивоны шилээр цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч **************гийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт шүүгдэгч **************гийн гаргасан “хохирогч **************д баримтаар нэхэмжилсэн 140.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн хүсэлт, 1 хуудас баримттай байна (хавтаст хэргийн 108-109 дэх тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч **************г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч **************гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчоос баримтаар гаргасан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ************** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. **************г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. **************  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ