Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1421

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ж.З..............о нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208033001725 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Отгонтэнгэр овогт Ж..............аагийн З..............о, Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1998 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ...................................... оршин суух, регистрийн дугаар .............................................

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.З..............о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр 19-ний шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М.....................ярыг “нохой эрхлүүлсэн” гэх уурлан маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа алгадах, газарт унаган 2 гаран дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас хохирогч Д.М.....................ярын биед тархи доргилт, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ж.З..............о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр 19-ний шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М.....................ярыг “нохой эрхлүүлсэн” гэх уурлан маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа алгадах, газарт унаган 2 гаран дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас хохирогч Д.М.....................ярын биед тархи доргилт, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Д.Ма.................ярын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр танил Марагийнд байж байхдаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Ингээд шөнийн 00 цагийн үед би харихаар болоод танил дүү З..............ог дуудсан юм. Ингээд шөнийн 00 цагийн үед би харихаар болоод танил дүү З..............ог дуудсан юм. Тэгээд би Ж.З..............о удаагүй ирээд хамт пиво уусан юм. Тэгээд 2 цагийн үед харих гээд машиндаа ороод суусан чинь Ж.З..............о намайг нохойтой сексдсэн гээд уурлаад байхаар нь чи чинь одоо өвчтэй юм уу, гэж хэлсэн чинь Ж.З..............о намайг гараараа цохиж, машинаас чирч буулгаад дахиж гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хажуугаар явж байсан хүн дуудлага өгөөд 102 дугаар руу залган цагдаа дуудсан...Э.З..............о нь миний хамтран амьдрагч болон нөхөр биш танилын харилцаа холбоотой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Ба......агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Д.М.....................ярын эрүүл мэндийн даатгалын сангаас 506.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12983 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт...Баруун бугалганы дотор дунд хэсэгт 2.0х2.0см, ар доод хэсгээс тохой хүрсэн 12.0х10.0см, шууны ар дунд хэсэгт 4.0х4.0см, ар доод хэсэгт 4.0х5.0см, сарвууны ард 9.0х8.0см, хүрэн ягаан цус хуралттай, орчны зөөлөн бага зэрэг хавдаж овойсон, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 2.0х2.0см, 3.0х2.0см, 4.0х2.0см, тохойд 10.0х11.0см, шууны ар дунд хэсэгт 3.0х2.5см, 3.5х2.5см сарвууны ард 9.0х8.0см, хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, баруун өгзөгний доод хэсэгт 1.5х1.5см хүртэлх хэмжээний олон тооны зүүн өгзөгний ард 1.5х1.8см хүртэлх хэмжээний олон тооны, зүүн гуяны дунд хэсэгт 7.0х4.0см, баруун өвдөгт 4.0х5.0см, зүүн өвдөгт 8.0х8.0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, нурууны сээрний дунд хэсэгт 1.8х0.3см, 1.0х0.4см, баруун өвдөгт 2.5х2.0см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, хүзүүний баруун хэсэгт улайлттай.

2022.09.20-ны ГССҮТ-ийн хүрээн авахын эмчийн үзлэгт: Онош: хоёр сарвуу зүүн шуу, хоёр өвдөгний зөөлөн эдийн няцрал гэжээ.

“Мed trauma” эмнэлгийн 2022.09.21-ний толгойн КТГ-н шинжилгээнд: тархины эдэд илрэх голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан...суурь болон гавлын ясанд хугаралгүй, бүтцийн өөрчлөлтгүй...хамар ясны баруун хажуу хана хуучин хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийлттай.

“Бриллиант” эмнэлгийн 2022.9.21-ний зүүн талын өвдөгний соронзон резонанст томографи шинжилгээнд: “...Үений хүүдийд бага хэмжээний шингэтэй...Дотор жийргэвч мөгөөрсний их бие болон арын эвэрт үений гадаргууд хүрэлцээгүй хэвтээ хэлбэрийн дохионы эрчим ихэссэн өөрчлөлтгүй тул дегенератив өөрчлөлт гэж үзнэ.. Урд чагтан холбоос дохионы эрчим ихэсч хавагнасан ба интерсубстанцийн хэсэгчилсэн урагдал сэжиглэнэ. Арын чагтан холбоос проксималь хэсэгтээ бага зэрэг суналттай. Хагас хальслаг булчингийн шөрмөсний дисталь хэсгийн дохионы эрчим бага зэрэг ихэссэн, эргэн тойрны зөөлөн эдэд бага хэмжээний хавантай тул суналтын гэмтэл сэжиглэнэ...тойгны дотор дээд хэсэгт бага хэмжээний хавантай, дээд хэсгээрээ зөөлөн эдийн хавантай тул ясны эдийн няцрал гэж үзнэ. Мөн энэ түвшинд тойгны гиалин мөгөөрс нимгэрсэн, энэ хэсэгтээ мөгөөрсөнд мөгөөрсний зузааны 50%-с их урт хэмжээтэй шугаман хэлбэрийн газрын дефекттэй. Дунд чөмөгний дотор булууны гиалин мөгөөрс урд 1/3 хэсгээр бага зэрэг нимгэрсэн ба харалдаах ясанд субхондрал хавантай. Үүнийг остеоартрозийн өөрчлөлт гэж үзнэ. Дунд чөмөгний гадна шаантны гадна дотор булууны гиалин мөгөөрс: бүтцийн өөрчлөлтгүй...өвдөгний эргэн тойрны зөөлөн эд булчин өвдөгний үений урд хэсгийн арьсан доорх өөхөн эдэд жигд бус тархалттай их хэмжээний хавантай...

“Бриллиант” эмнэлгийн 2022.09.21-ний түнхний үений соронзон резонанст томографи шинжилгээнд: зүүн талын дунд чөмөгний толгой болон сүүжний тогоог холбоосон teres холбоосны дохионы эрчим ихэссэн, эргэн тойрны зөөлөн эдэд хавантай тул суналтын гэмтэл гэж үзнэ. Зүүн талын gluteus medius булчингийн дунд чөмөгний их эргүүлэг хэсэгт бэхлэгдэх хэсэг бага хэмжээний хавантай ба няцралын гэмтэл сэжиглэнэ..

-Авч ирсэн зүүн өвдөгний соронзон резонанст томографийн шинжилгээний CD-г дүрс оношилгооны эмчээр уншуулахад 2022.09.21-ний зүүн өвдөгний СРТомограммуудад өвдөгний үе үүсгэгч яснуудад гэмтлийн өөрчлөлтгүй, үений шингэний хэмжээ дунд зэрэг урд болон арын чагтан холбоосууд хэвийн, бага зэрэг зузаарсан, бусад холбоос, булчин, шөрмөсүүдэд гэмтлийн болон эмгэг өөрчлөлтгүй, тойгны урд хэсгийн зөөлөн эдэд бага зэрэг хавантай...ДҮГНЭЛТ

1.Д.Ма.......яр-н биед тархи доргилт, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээрний хэсэгт баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алагдуулахгүй

5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ж.З..............огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.З..............о нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12983 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.З..............о нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “нохой эрхлүүлсэн, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.М.....................ярын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ж.З..............о нь хохирогч Д.М.....................ярын биед тархи доргилт, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээрний хэсэгт баруун өвдөгт зулгаралт биед хамрын нуруунд зулгаралт, язарсан шарх, духны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.З..............ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

- Хохирогч Д.М............ар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон төлбөрийн баримт байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 105-106 дахь тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.З..............ог энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ж.З..............ог Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.З..............о нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.З..............о нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 106, 107 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 108 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 110 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.З..............о, хохирогч Д.М.....................яр нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ж.З..............о гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ж.З..............од торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0330 01725 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Отгонтэнгэр овогт Ж..............аагийн З..............ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З..............ог 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З..............од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.З..............о нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ