Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/856

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************эд холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205025432241 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Сүхбаатар аймагт төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл ганцаараа,  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын -р баг, Сэвхүүлийн  -р гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн  дугаар хороо, 02 дугаар байрны  тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ************.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лазер баарны гадаа хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч ************эд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохиролд 600.000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг.

 

 

Хоёр: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ хохирогчоор өгсөн: “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ оны 5 дугаар сард Өмнөговь аймагт барилга дээр өрлөгийн ажил хийж байх үедээ ************тэй танилцсан. ************ бид хоёр ажлаа 2022 оны 06 дугаар сард дуусгаад Улаанбаатар хотод хамт ирсэн ба ажил хийхгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ************ бид хоёр хамт Багануур руу ажилд явах гэж байсан болохоор өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 31-ний өдөр гадуур гарч виски, пиво ууж байгаад шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Лазер нэртэй бааранд орсон. Тухайн үед манай хоёр найз болох Бат-Ирээдүй, Ариунболд нар ирж, хамт хэсэг суусан. Бааранд бид дөрөв хамт 1 шил Валинтайс виски, пиво зэргийг ууцгаасан. Ингээд бүжиглэж байхад Бат-Ирээдүй, Ариунболд хоёр ************ бид хоёрыг орхиод явсан байсан ба би нэлээн согтсон байсан. Хэсэг байж байгаад ухаан ороход баарны гадаа ************тэй маргалдсан зогсож байсан, яагаад, юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. Тэгсэн ************ миний нүүр рүү нэг удаа цохиод газар унахад, дээрээс өшиглөж байх шиг байсан. Тухайн үед ойр хавьд явж байсан хүмүүс болиулаад түргэн тусламж дуудаж намайг гэмтлийн  эмнэлэгт хүргэсэн...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хоёр эвлэрч учраа олсон. Миний бие эрүүл саруул хэвийн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

 

2.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10640 дугаартай “************ биед зүүн 5-р хавирганы сэлтэрсэн далд хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, эрүүнд шарх, дух, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл авсны дараагаар үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн яллагдагчаар өгсөн “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ оны 05 дугаар сард Өмнөговь аймагт барилга дээр өрлөгийн ажил хийж байх үедээ ************тай танилцсан. Би Улаанбаатар хотод ирээд нагац эгч Даваа-Ажрахуйн гэрт хэд хоноод 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ************тай уулзаж, хамт хөдөө явж ажиллахаар болоод БГД-ийн Өргөө кинотеатрын хойно байх нэрийг нь санахгүй байна, зочид буудалд орж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ************ болон түүний хоёр найзууд болох Бат-Ирээдүй, Ариунболд нар ирж, хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Лазер бааранд шөнө 00 цагийн үед орсон ба бид 4 хамт 1 шил Валинтайс виски, 5 пиво зэргийг ууцгаасан. Ингээд бүжиглэж байхад Бат-Ирээдүй, Ариунболд хоёр ************ бид хоёрыг орхиод явсан байсан. Би их согтсон, ухаан орж гараад явж байсан, ************ ч бас их согтсон байсан. Би баарнаас гарсан цагаа сайн санахгүй байна, ************ын хамт гадаа гарч тамхи татаж байгаад хоорондоо маргалдсан ба над руу дайраад миний нүүрэн тус газар цохиод авахаар нь би буцаагаад түүний нүүрэн тус газар нэг удаа цохиод, газар унахаар нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ************ нь гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ************эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар ************эд холбогдох эрүүгийн 2205025432241 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ************ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч ************ нь 2022 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лазер баарны гадаа хохирогч ************ биед зүүн 5-р хавирганы сэлтэрсэн далд хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, эрүүнд шарх, дух, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

************ хохирогчоор өгсөн: “...ухаан ороход баарны гадаа ************тэй маргалдсан зогсож байсан, яагаад, юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. Тэгсэн ************ миний нүүр рүү нэг удаа цохиод газар унахад, дээрээс өшиглөж байх шиг байсан. Тухайн үед ойр хавьд явж байсан хүмүүс болиулаад түргэн тусламж дуудаж намайг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10640 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), ************ийн яллагдагчаар өгсөн “...************ын хамт гадаа гарч тамхи татаж байгаад хоорондоо маргалдсан ба над руу дайраад миний нүүрэн тус газар цохиод авахаар нь би буцаагаад түүний нүүрэн тус газар нэг удаа цохиод, газар унахаар нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч ************ эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************ нь хохирогчийн толгой руу гараараа цохиж, цээж рүү өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ************ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт хохирогч ************ “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрч учраа олсон. Миний бие эрүүл саруул хэвийн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч ************ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч ************ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч гомдол саналгүй гэсэн мэдүүлэг зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ************ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. ************ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************эп авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ