Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/783

 

 

 

 

 

 

   2022           11           22                                       2022/ШЦТ/783

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020811134 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д бригадын ахлах ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 899 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгэр сарын 06-ны өдрийн 330-Ө тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж ялын хугацаа дуусч суллагдсан, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *** нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи хацар хамар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний булгаралт, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын болон хэрэгт цугларсан дараах бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно. 

 

Хоёр: Эрүүгийн 2210020811134 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 04 дэх тал),

2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “*** бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Биокомбинат гэх газарт Туул голын орчимд тус бүр 4 лааз пиво ууж байхад 2-3 хүн нэмэгдэж ирсэн. Бид хоёр юмаа уугаад бага зэрэг халсан байсан бөгөөд машин дотор сууж байгаад асаагуураас болж маргалдсан. Тэгэхэд *** хүрч ирээд шүд рүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгч, тэнд байсан хүмүүс ***ыг аваад явсан. Гэмтлийг *** миний хацар, нүүр хамар, шүд хэсэгт гараараа цохиж учруулсан. Миний нэг шүд унаж, нэг шүд хугарсан, шүдээ эмчлүүлчихвэл гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №11528 дугаартай:

-*** биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хамар, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний булгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, цээжний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хамт ажилладаг ах нартайгаа ажлаа дуусгачхаад гол орж сэрүүцэхээр явсан. Замдаа *** ах, *** ах хоёр 10 лааз пиво аваад замд уугаад, очиж уугаад явсан. Тэгээд гол дээр орой хүртэл байж байгаад явахаар болоод машиндаа сууж байтал машины урд талд *** ах, *** ах хоёр маргалдаад, бие биеэсээ зууралдаад зодолдох гээд байхаар нь салгасан. Тэр хоёрыг салгачхаад гадаа гараад зогсож байгаад би машинаас утсаа аваад эргэж хартал *** ах *** ахыг цохиж байсан. Би яваад очтол *** ах өөрийнхөө шүдийг үзүүлээд, сайн хараад аваарай гээд харуулсан. Нэг шүд нь унах гэж байгаа юм шиг хөдөлчихсөн, бусад гурван шүд бас хөдөлсөн, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хоёрыг бие биеэс нь холдуулаад харих гээд хөдлөөд явж байхад *** ах ажил руугаа явна гээд замдаа буусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барилгачдын баярыг тохиолдуулаад хэдэн залуучуудтай хамт гол ороод усанд сэлээд, тэнд байсан *** бас нэг залуу хоёр л пиво уугаад бусад нь уугаагүй. Тэгээд орой болоод явах суух дээрээ тулаад байж байгаад машинд сууж байтал *** нэг залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт аяга хоолоо булаацалдаж байгаа юм шиг маргалдаад байх гэж хэлчхээд машинаас буугаад явчихсан. Машинаа бага зэрэг зайдуу тавьсан байсан болохоор машиныхаа зүг алхаж, ээжтэйгээ утсаар ярьж дуусчхаад алхаж байтал, нэг их чимээн шуугиан болохоор нь яваад очтол *** уйлчихсан, нөгөө залуу өөрийг нь өнчин өрөөсөн гээд доромжлоод байна гэж байсан. Нөгөө залуу нь болохоор ***т зодуулаад шүд нь хугарчихлаа гэчихсэн, гар нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлын найзуудтайгаа ойрхон салхинд гарахаар Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчим голын эрэг дээр очиж цагийг өнгөрүүлсэн. *** бид хоёр 4, 4 пиво уусан, бусад нь хэрэглээгүй. Тэгээд оройн сэрүүн орж бид нар машиндаа дулаацахаар орж ирээд байж байсан. *** нэг л хэрүүл өдсөн байртай үг хэлээд байхаар нь эхэндээ тэвчээд байсан ч сүүлдээ уур хүрсэндээ түүний нүүр лүү 2-3 удаа цохисон. Машинд сууж байсан хүмүүс бид хоёрыг салгасан болохоор би машинаас буугаад гадаа тамхи татаад тайвширч байсан чинь *** намайг гуйлгачин гэх үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би дахин түүний нүүр лүү 2 удаа цохисон. Би өөрийн үйлдэлдээ харамсаж байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан өөрийн биеийг барьж чадалгүй болчимгүй үйлдэл гаргасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-63 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд голын эрэг дээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний 22 цагийн үед согтуурсан үедээ хохирогч ***г “доромжилсон үг хэлсэн” гэж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи хацар хамар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний булгаралт, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 04 дэх тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №11528 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хохирогч ***г доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа түүний нүүр лүү цохисноор Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.  

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн байх боловч хэрэгт авагдсан дуудлагын лавлагаа болон бусад нотлох баримтаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг гарсан хугацааг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй.

Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***д 800,000 төгрөгийг дансаар, хохирол, хор уршигт өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, суллагдсан талаарх тодорхойлолт зэрэг баримтаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 899 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгэр сарын 06-ны өдрийн 330-Ө тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж ялын хугацаа дуусч, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан болох нь тогтоогдож байх тул нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх ялгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч эрхэлсэн ажилтай, цалин хөлс, орлоготой зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр  тогтоож, хуульд заасан хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН