Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1130

 

 

 

 

 

 

 

 

     2022         09           09                                   2022/ШЦТ/1130

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч С.Энхжаргал (томилолт),

            хохирогчийн өмгөөлөгч ***************

            шүүгдэгч ****************, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос **********************Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203002130276 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************** өдөр ************* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***************” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ****************** тоотод оршин суух хаягтай, урьд

- Дундговь аймаг дахь дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, ***************** (РД:************);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 58 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ************** дүгээр байрны хойд талд байрлах эсрэг урсгал бүхий 4 эгнээ замд “Toyota Prius-20” маркийн ************** улсын дугаартай автомашиныг жолоодож явж байхдаа эсрэг урсгал руу орж, замын зорчих хэсгийн гадна талд байрлуулан тавьсан “Toyota Prius-20” маркийн ************ дугаартай, “Toyota Harrier” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөх үедээ тухайн газар утсаар ярьж зогсож байсан явган зорчигч ************* замын хойд талд байрлах авто засварын газрын хаалгатай хавсран мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  осол болдог газрын замын ар талд байрлах засварын газарт машинаа өгөх гээд байж байхад нэг машин урсгал сөрж ирээд тэнд зогсож байсан машинуудыг мөргөөд намайг ханатай хавсарч шахаад унагаасан. Тэгээд юу болсныг мэдээгүй, эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмчилгээнд 2.440.000 төгрөг гарсныг шүүгдэгч нь тухайн үедээ төлсөн. Түүнээс хойш гарсан эмчилгээний зардал болох 3.213.890 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн, төлөгдөөгүй байна. Би тухайн ослоос болж толгойдоо хүнд гэмтэл авсан, одоо юм мартаж санадаг болсон, ганцаараа явж чадахгүй, заавал хэн нэгэнтэй хамт явдаг, миний чих юм сонсохгүй байгаа, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Иймд цаашид гарах зардлаа ч нэхэмжилнэ. Эрүүл байсан биеэ ийм болсонд харамсаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Иргэний нэхэмжлэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Toyota Harrier” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Манай хүргэн *********, бид хоёр ээлжлэн жолооддог юм. Тухайн өдөр хүргэн ********** нь унаж явж байгаад осолд орсон. Энэ ослоос үүдэн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан ба үнэлгээгээр 7.826.600 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч ************ нь төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),  

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.54 хувийн согтолттой үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 58 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн *************** байрны хойд талд байрлах эсрэг урсгал бүхий 4 эгнээ замд “Toyota Prius-20” маркийн ************* улсын дугаартай автомашиныг жолоодож явж байхдаа эсрэг урсгал руу орж, замын зорчих хэсгийн гадна талд байрлуулан тавьсан “Toyota Prius-20” маркийн ************ дугаартай, “Toyota Harrier” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөх үедээ тухайн газар утсаар ярьж зогсож байсан явган зорчигч ************* замын хойд талд байрлах авто засварын газрын хаалгатай хавсран мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно. Тухайлбал,

 

1. Дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-15 дахь тал),

 

3. Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, фото зураг: ************** нь 1,54 хувийн согтолттой. (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

5. Хохирогч ************* “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  осол болдог газрын замын ар талд байрлах засварын газарт хадам ээж ************* эзэмшлийн Toyota Harrier” маркийн *************улсын дугаартай машинаа өгөх гээд байж байхад нэг машин урсгал сөрж ирээд тэнд зогсож байсан машинуудыг мөргөөд намайг ханатай хавсарч шахаад унагаасан. Тэгээд юу болсныг мэдээгүй, эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмчилгээнд 2.440.000 төгрөг гарсныг шүүгдэгч нь тухайн үедээ төлсөн. Түүнээс хойш гарсан эмчилгээний зардал болох 3.213.890 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн, төлөгдөөгүй байна. Би тухайн ослоос болж толгойдоо хүнд гэмтэл авсан, одоо юм мартаж санадаг болсон, ганцаараа явж чадахгүй, заавал хэн нэгэнтэй хамт явдаг, миний чих юм сонсохгүй байгаа, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Иймд цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

6. Иргэний нэхэмжлэгч ***************“...2019 оны 6 дугаар сард байхаа, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Хүргэн ************ 43 сая төгрөгөөр дөнгөж орж ирсэн байх үед нь 22-ын тэндээс авч өгсөн. Тэрнээс хойш манай охин ***********, хүргэн *************нар ээлжлэн унадаг. Үнэлгээгээр 7.826.600 төгрөг болсон. Буруутай жолооч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

7. Иргэний нэхэмжлэгч *************** “...Приус 20 маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  миний өөрийн эзэмшлийнх юм. 2022 оны 4 дүгээр сард Улаанбаатар хот руу  засвар хийлгэхээр явуулж засвар хийж дуусгаад  машины зогсоол дээр тавьсан байхад нь машин ирээд мөргөчихлөө гэж цагдаа залгасан. Үнэлгээгээр гарсан зардлыг төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

8. Гэрч ************* “... 2022 оны 04 дүгээр сарын 18-ны дөр 11 цаг 41 минутын орчимд  Сонгинохайрхан  дүүргийн 1**************** хойд талын  авто засварын  ажил дээрээ байж байтал  улаан өнгийн тоёота харьер маркийн  машин гадаа үүдэнд  ирж  зогсоод, жолооч нь дотор орж ирээд  надаас юм асуугаад байж байтал  гар утас нь дуугараад ярих гэсэн чинь манай  конперосер ажиллаж эхэлсэн чинь  гар утсаа бариад  үүдэнд гараад  удаагүй  маш хүчтэй  чимээ гарсан. Би юу болов  гээд үүдэнд  гартал  манайхаар үйлчлүүлж байсан  тоёота  приус маркийн машиныг мөргөөд, мөн  улаан  тоёота харьеоыг  машиныг давхар  мөргөсөн байсан төдийгүй гар утсаар ярьж байсан жолоочийг хавсарч цохиж унагаасан байсан. Би тэр жолоочийг хойш хэвтүүлээд гар утсаараа 102, 103 дуудсан.  Мөргөсөн машин нь цагаан өнгийн тоёота приус маркийн машин байсан ба жолооч нь махлаг том биетэй залуу согтуу байх шиг харагдсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

 

9.  Гэрч ************ “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр ************* ажлаа тараад гэрийн гадаа машинтайгаа ирсэн байна, эгч Нансал бид хоёрыг гараад ир гэсэн. Бид нар Цамба орж ************* эгчийг буулгаж өгөх санаатай явсан ба ************* эгч машины урд талын суудал дээр, би хойд талд нь суугаад ************ машинаа жолоодон хөдлөөд 1 дүгээр хорооллын арын замаар уруудаад явж байхад *********** архи үнэртсэн. Би “чи архи уусан юм уу, хэзээ уусан юм бэ, өглөө уугаагүй биз дээ, өчигдрийн юм чинь үнэртээд байгаа юм уу, зогсоод энэ шопрот идчих” гээд загнаж байх үед машин төв зам руу ороод зүүн гар тийш эргээд хэсэг явж байтал гэнэт машин эсрэг урсгалд орох шиг болсон. Би хүүе яаж байнаа гээд **************хартал царай нь цэв цэнхэр рулээ тавьсан, хоёр гар нь салганаад эвгүй харагдахаар нь за энэ болохоо байлаа гэж бодоод шууд ************* эгчийг тэврээд автал тас түс гээд явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ************* гаргасан 6047 дугаартай дүгнэлт: “...*************** биед баруун чамархайгаас доош суурь яс хөхлөг сэртэн чихний суваг, суурь ясны их далавч дайрсан хоёрлосон хугарал, баруун чамархай, зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун чамархайн хатуу хальс доорх цус хуралт, аалзан хальс доорх цус харвалт, дагзанд шарх, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, сарвуу, баруун тохой, гуя, шилбэнд цус хуралт, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-56 дахь тал),

 

11. “Мастер үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 31523 дугаартай дүгнэлт: “Тоуоtа Нагrег’’ маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүгээр 6.900.550 төгрөгийн, нийт 7.826.600 төгрөгийн хохирол учирсан.” (хавтаст хэргийн 59-65 дахь тал),

 

12. "Тэнцвэр эйстимэйт” ХХК-ний шинжээчийн 14377 дугаартай дүгнэлт: Тоуоtа Prius-20 маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 3.517.000, нийт 4.410.000 төгрөгийн хохирол учирсан.” (хавтаст хэргийн 68-73 дахь тал),

 

13. Мөрдөгчийн магадлагаа: “...Тоуоtа Рruis-20 маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **************нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” (хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэг болон хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдлээс үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч *************нь Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгддөг жолооч хүний баримталж биелүүлбэл зохих холбогдох хууль, дүрмийг зөрчиж, согтуурсан үедээ буюу 1.54 хувийн согтолттой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон байх ба улмаар эсрэг урсгал руу орж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн төдийгүй тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын цаана байрлах авто засварын үүдэнд зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөх явцдаа явган зорчигч *************давхар мөргөж хаалгатай хавсарснаар үйлдэл нь дуусгавар болсон байна. *************энэхүү үйлдлийн улмаас Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан буюу хохирогч ************** эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн **************нарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч **************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцсон болно.  

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***********эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд 2.441.430 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч ************ нь төлж барагдуулсан байна.

Хохирогч *************** нь шүүхийн шатанд 3.213.890 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн ба уг нэхэмжлэлийн шаардлагаас эмийн сангуудаас авсан эм тарианы зардал 2.038.075 төгрөгийг шүүгдэгч ************* гаргуулж хохирогч ********** олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ********** нь хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан буюу нийт 4.479.430 төгрөгийг хохирогчид төлсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

Харин хохирогч *************** нэхэмжлэлийн шаардлагаас /3.213.890-2.038.075=/1.175.815 төгрөгийн буюу дараах зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, эдгээр зардалд өндөр дүн бүхий шатахууны зардал, эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн тест, бөөрний уураг, хоол хүнс, ахуйн зардал, зогсоолын төлбөр, юу авсан нь тодорхойгүй үнийн дүн бүхий зардал зэрэг багтсан.

Хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *********** нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн тус ослын улмаас иргэн **************эзэмшлийн  “Toyota Harrier” маркийн ***************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.826.600 төгрөгийн хохирол,  иргэний нэхэмжлэгч Х.Осоржамаагийн эзэмшлийн Приус 20 маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.410.000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч тус бүрд дээрх үнийн дүн бүхий зардлыг төлж барагдуулсан нь иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул тэдгээрт цаашид төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” тухай дүгнэлтийг,

-Хохирогчийн өмгөөлөгч: “...прокурорын саналыг дэмжиж байна” гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү, нэмэгдэл ялын хувьд хэлэх зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч ******************* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэж буй атал тэрбээр дээрх үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр ослын дараагаар дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан /хх-ийн 183х/ талаарх баримттай, мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч ***************** хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг 2 жилийн хугацаагаар тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ************* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ************* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************************согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ  авах үүргийг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг  хориглох хязгаарлалтыг  2 (хоёр) жилийн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс хүлээсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ************ хохирогч ***********4.479.430 (дөрвөн сая, дөрвөн зуун далан есөн мянга, дөрвөн зуун гуч) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ************* 7.826.000  (долоон сая, найман зуун хорин зургаан мянга) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *************4.410.000 (дөрвөн сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ************* нэхэмжлэлийн шаардлагаас 1.175.815 (нэг сая нэг зуун далан таван мянга найман зуун арван тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ************нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ