Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/857

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч-хохирогч *********

шүүгдэгч-хохирогч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *********, ********* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205003682413 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа худалдаа хийдэг, ам бүл , эмээ, нөхөр, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, мянгат, хөнгөн хүнсний үйлдвэрийн -р байрны  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 23-15 тоотод түр оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, /РД: /, *********.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд  Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, Витафит ХХК-д механикч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын -р баг Хөтөл -р байр  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн  дугаар хорооны “Рапит харш” тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *********.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********, ********* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *********, ********* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчээр ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгчээр ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. *********т томографийн 130.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчоор ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Томографи хийлгэсний 130.000 төгрөг ********* надад өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчоор ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний зүгээс *********т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав. Хавтаст хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ы хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би өмнө хамт ажиллаж байсан Эрдэнэтунгалаг гэх эгчтэй гэрт нь очиж уулзаад юм ярьж сууж байгаад Эрдэнэтунгалаг эгч найзыгаа дуудаад гэрт нь юм ярьж сууж байгаад нийслэл нэртэй 2.5 литрийн пиво гурвыг хувааж ууцгаасан. Тэгээд гадагшаа нэг газар суухаар болоод гадагшаа гараад караоке хайсан чинь олдоогүй. Тэгсэн чинь Эрдэнэтунгалаг эгч бааранд орж бүжиглэе гээд бүгдээрээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орсон чинь ширээгүй байсан ба үүднээсээ хоёр дахь ширээ нь том ширээ байсан бөгөөд гурван залуу сууж байсан чинь энд хамт сууя гээд гурван залуутай ширээнд сууцгаасан. Тэгээд тэр үед Эрдэнэтунгалаг эгч найзтайгаа бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь хамт ширээнд сууж байсан залуучуудын нэг нь хамт бүжиглэе гэхээр нь би гараагүй. Тэгээд би бие зассан чинь нэг залуу нь хамт яваад буцаж ирээд ширээн дээр ирээд суусан чинь миний хажууд суусан бөгөөд надтай юм ярьж байгаад хоёулаа фейсбүүкээр найзалъя гээд миний фейсбүүк рүү найзын хүсэлт явуулсан. Тэр үед та нар эндээс гараад хаашаа явах юм хэдүүлээ хамт гаръя бид нар машинаа зогсоолд тавьчихсан хамт буудал оръё гээд байсан. Тэр үед тэр залуу бид нарт нэг нэг шил пиво авч өгсөн. Тэгээд нэг мэдсэн чинь хүн боогоод байх шиг байсан ба би тэрхэн үед юу болоод байгааг ойлгоогүй хагас ухаан алдсан бөгөөд хүмүүс хажууд наадах чинь үхчихсэн байна явъя гээд байсан ба Эрдэнэтунгалаг эгч ирээд та нар яасан юм гээд байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь баарны гадаа гарчихсан Эрдэнэтунгалаг эгч түүний найз хоёртой зогсож байсан чинь манай нөхөр Энхтүвшин ирсэн. Тэгээд тухайн үед миний зүүн нүд орчим хөхөрчихсөн байсан чинь Энхтүвшин цагдаад хандсан. Тухайн үед би юу болсныг би мэдэхгүй байсан ба дараа нь баарны хяналтын камерыг үзэхэд би ********* /сүүлд нэрийг мэдсэн/ гэх залуугийн толгой руу пивоны шил шидээд дахиад *********д цохих үед намайг барьж авч доороо хийж дарсан байсан. Тухайн үед би ямар шалтгааны улмаас тэр залуугийн толгой руу пивоны шил шидсэнээ санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би найз Чүлтэм, Төмөрчөдөр нарын хамт 00 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орсон ба текний хажуу талын хана дагуулсан эгнээ ширээнүүдийн урд талаасаа хоёр дахь ширээнд сууцгаасан. Тэгээд тухайн үед найз нарын хамт хүний нэг ширхэг Сэнгүр 0.5 хэмжээтэйг захиалж уусан. Хэсэг сууж байсан чинь танихгүй гурван эмэгтэйг баарны ажилчин манай ширээн дээр шахаж суулгасан. Тэгээд би тэр үед бүжиглэж байгаад буцаж ширээн дээр ирээд сандал дээр ороолтоо хайж байсан чинь гэнэт толгойны ар тал руу хүн юм шидсэн ба тэр үед миний толгойны дагз орчмоор асар их өвдөөд толгой манараад сандал дээр толгойгоо бариад хэвтсэн чинь дахиад миний толгой руу цохисон. Тэр үед би хэн намайг цохиж байгааг ч хараагүй толгой өвдөөд байсан учир дахиж цохиулахгүйн тулд би намайг цохисон хүнийг барьж аваад доороо хийгээд дарсан. Тэгээд хэсэг дарж байгаад нөгөө хүнийг тавьчхаад нойл орчхоод гарч ирээд баарнаас гараад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхтүвшингийн гэрчээр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчим манай хамтран амьдрагч ********* нь ажлын газрынхаа хоёр эгчтэй уулзана гэж надад хэлээд гараад явсан. Тэгээд 22 цагийн орчим би ********* руу утсаар ярьсан манай хоёр эгч караокед оръё гээд байна харих уу яах вэ гэхээр нь би жаахан явж байгаад ирэхгүй юу даа гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад ярьсан чинь караоке олдохгүй байна хоёр эгч бааранд хамт орьё гээд байна гэхээр нь би за тэг тэг гэсэн. Тэгээд би 00 цаг өнгөрч байхад би чатаар юу хийж байгааг нь асуусан чинь +25 бааранд байна гэхээр нь чи хэр суух юм өөрөө мэдэхгүй юу даа гэсэн чинь хүрч ирээд намайг авчих гэсэн. Тэгэхээр нь би такси бариад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй баарны үүдэн дээр *********д гар утас руу нь залгасан чинь гар утсаа авахгүй байсан ба нэлээд хэд дуудуулж байгаад авсан чинь өөдөөс уйлчихсан Модны хоёрын автобусны буудлын хажууд байна гэхээр нь очсон чинь ********* хоёр эмэгтэйн хамт байсан ба зүүн талын нүд нь хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуусан чинь хамт явсан хоёр эмэгтэй нь бид хоёр яагаа ч үгүй бааранд гурван залуугийн хажууд хамт сууж байгаад тэр гурван хүн хамт явах уу гээд байсан гэж хэлэхээр нь би +25 баар руу ороод хамгаалагчаас нь асуусан чинь хүмүүс нь гараад явчихсан гэсэн. Тэгээд ********* нэг залуу миний утсыг бариад байсан гэхээр нь утсыг нь аваад шалгасан чинь Төмөрчөдөр гэсэн хаягаас найзын хүсэлт явуулсан байсан. Тэгээд би тухайн залуу *********ыг зодчихсон байж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Төмөрчөдөрийн гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би найз Чүлтэм түүний найз ********* нарын хамт хорооллын Цэ пабад сууж байгаад 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах +25 бааранд орсон чинь зөөгч нь ирээд бид гурвыг тэкний наад талын ширээн дээр суулгасан. Тэгээд сууцгааж байсан чинь бид нарын хажууханд байсан гурван эмэгтэйг манай ширээн дээр ирээд ширээнд чинь сууя гээд хамт сууцгаасан. Тэгээд тухайн үед би хамт явсан хүмүүстэйгээ 3 ширхэг лааз Сэнгүр аваад ууцгаасан. Тэр үед тухайн манай ширээнд суусан эмэгтэйчүүд пиво ууцгааж байсан. Тэгээд тэр үед би ********* гэх эмэгтэйтэй нь танилцаад фейсбүүк хаягаа солилцоод найзууд болсон. Тэгээд би бүжиглэж байгаад буцаад ширээн дээр ирсэн чинь манай найз Чүлтэм би явлаа гээд яваад өгсөн ба би *********той хамт үлдсэн. Тэгээд би сууж байгаад нойл орчихоод ирсэн чинь баарны хамгаалагч манай ширээн дээр ирчихсэн байсан ба ширээн дээр пиво асгарчихсан байсан нөгөө гурван эмэгтэйг хүмүүстэй маргалдсан баарнаас гар гээд гаргаж байсан. Тэр үед ********* бид хоёр бас гарахаар болсон ба тэр үед тухайн эмэгтэйчүүдтэй хамт ********* гараад явахаар нь би араас нь очсон чинь хамгаалагчтай байцгааж байсан ба шатны доод талын сандал дээр цэнхэр куртиктэй эмэгтэй сандал дээр сууж байсан ба хамт явсан цагаан хар алаг цамцтай эмэгтэй нь хүн дуудсан чинь нэг шар куртиктэй залуу орж ирээд явъя гээд сандал дээр сууж байсан эмэгтэйг мөрлөөд баарнаас гараад явцгаасан. Тэгээд би *********той уулзаад гайгүй согтсон биз дээ гэсэн чинь гайгүй харилаа гээд яваад өгсөн ба би үргэлжлүүлээд бааранд сууж байсан чинь нөгөө цэнхэр куртиктэй эмэгтэйтэй хамт сууж байсан 2 эмэгтэй нь буцаж орж ирээд хэсэг бүжиглэж байсан. Би тус баарнаас 03:50 гээд баарнаас гараад Кастел баарны урд талд байрлах Мини хотел зочид буудалд 102 тоотод өрөөнд ороод амарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал)

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1354 дугаартай “*********ы биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1492 дугаартай “*********ийн биед зулай хуйханд язарсан шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх      гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ы яллагдагчаар өгсөн: “...*********ээс өөр хүнтэй маргалдаагүй. Би яагаад *********ийг шилээр цохисон гэдгээ мэдэхгүй байна. Нөгөө залуу буудал оръё гээд байсан. Би орохгүй гэж хэлээд байхад оръё хамт гаръя гээд байхаар нь уурласан байсан уу яасан шилээр цохисон. Би *********ийг гэмгүй байхад нь шилээр цохисон байсан. Би өөрийн буруугаа хүлээж байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ийн яллагдагчаар өгсөн: “...Би хэнтэй ч харьцаж яриа өдөөгүй, хэнтэй ч маргалдаагүй ширээн дээрээ сууж байгаад буйдангийн түшлэг дээр тавьсан байсан цамцаа авахаар эргэж хараад зогсож байхад гэнэт араас нэг юм цохих шиг болоод би толгойгоо бариад сандал дээр сууж байхад нэг хүн ирээд толгой руу дахиад цохисон. Би толгойндоо цохиулсан учраас намайг цохиод байгаа тэр хүнийг бариад доороо дарж байгаад тавьсан. Тэгсэн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан. Би толгойгоо дараад зогсож байхад намайг цохисон эмэгтэй босоод ирсэн...Намайг цохихоор нь би толгойг нь баруун гараараа уургалж бариад буйдан дээр суусан чигээрээ толгойг нь цээжиндээ бариад доош нь буйдан дээр дарсан. Үгүй бол тэр хүн намайг дахиад цохих байх гэж бодоод биеэ хамгаалж толгойг нь уургалаад доороо дарсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн шүүгдэгч-хохирогч *********, мөн шүүгдэгч-хохирогч ********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч *********, ********* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 261 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *********, ********* нарт холбогдох эрүүгийн 2205003682413 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *********, ********* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

*********ы хохирогчоор өгсөн: “...Тухайн үед би юу болсныг би мэдэхгүй байсан ба дараа нь баарны хяналтын камерыг үзэхэд би ********* /сүүлд нэрийг мэдсэн/ гэх залуугийн толгой руу пивоны шил шидээд дахиад *********д цохих үед намайг барьж авч доороо хийж дарсан байсан. Тухайн үед би ямар шалтгааны улмаас тэр залуугийн толгой руу пивоны шил шидсэнээ санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), *********ийн хохирогчоор өгсөн: “...Тэгээд би тэр үед бүжиглэж байгаад буцаж ширээн дээр ирээд сандал дээр ороолтоо хайж байсан чинь гэнэт толгойны ар тал руу хүн юм шидсэн ба тэр үед миний толгойны дагз орчмоор асар их өвдөөд толгой манараад сандал дээр толгойгоо бариад хэвтсэн чинь дахиад миний толгой руу цохисон. Тэр үед би хэн намайг цохиж байгааг ч хараагүй толгой өвдөөд байсан учир дахиж цохиулахгүйн тулд би намайг цохисон хүнийг барьж аваад доороо хийгээд дарсан. Тэгээд хэсэг дарж байгаад нөгөө хүнийг тавьчхаад нойл орчхоод гарч ирээд баарнаас гараад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1354 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1492 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), *********ы яллагдагчаар өгсөн: “...*********ээс өөр хүнтэй маргалдаагүй. Би яагаад *********ийг шилээр цохисон гэдгээ мэдэхгүй байна. Нөгөө залуу буудал оръё гээд байсан. Би орохгүй гэж хэлээд байхад оръё хамт гаръя гээд байхаар нь уурласан байсан уу яасан шилээр цохисон. Би *********ийг гэмгүй байхад нь шилээр цохисон байсан. Би өөрийн буруугаа хүлээж байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал), *********ийн яллагдагчаар өгсөн: “...зогсож байхад гэнэт араас нэг юм цохих шиг болоод би толгойгоо бариад сандал дээр сууж байхад нэг хүн ирээд толгой руу дахиад цохисон. Би толгойндоо цохиулсан учраас намайг цохиод байгаа тэр хүнийг бариад доороо дарж байгаад тавьсан. Тэгсэн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан. Би толгойгоо дараад зогсож байхад намайг цохисон эмэгтэй босоод ирсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн шүүгдэгч-хохирогч *********, мөн шүүгдэгч-хохирогч ********* нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирлууд нь ********* нь *********ийн толгой руу пивоны шилээр цохиж, ********* нь *********ы толгой хэсгээр доош дарсны улмаас үүссэн ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *********, ********* нарын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч *********, ********* нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч *********, ********* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч-хохирогч *********аас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаах шийдвэрлүүлэхэд саналгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 103 дахь тал), шүүгдэгч-хохирогч *********ээс “...*********т 130.000 төгрөгийг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 102 дахь тал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

 

*********, ********* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

             1. *********, *********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Хэрэгт *********, ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ДАЙРИЙЖАВ