Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 403

 

МАГАДЛАЛ

 

2018.02.05                                                     Дугаар 403                                 Улаанбаатар хот

 

 

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.С, М.Ц нарт холбогдох,

62 084 302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,               15 095 489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К Б” ХХК-иас хариуцагч Д.С, М.Ц нартай харилцан тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58 500 000 төгрөгийг тэдгээрт ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар олгосон бөгөөд зээлдэгчид энэхүү зээлээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, 119 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. Тус зээлийн гэрээний хугацаа 25 жил байсан бөгөөд “М И К” ХХК-нд худалдахаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл дүнгээр буюу 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй, 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Өөрөөр хэлбэл, талууд ажилтны орон сууцны зээлийн гэрээний бүтээгдэхүүнийг ипотекийн зээлийн гэрээний бүтээгдэхүүнд шилжүүлсэн юм. Гэвч тухайн зээлийг дээр дурьдснаар “М И К” ХХК-нд худалдаагүй ба зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ямар ч төлбөр хийхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг      хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 53 826 034.37 төгрөг, зээлийн хүү   7 780 669.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477 598.95 төгрөг, нийт 62 084 302.67 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 17 059 482.02 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 11 779 879.91 төгрөг, үндсэн зээлээс 5 248 718.04 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 62 084 302.67 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар зээл төлөгдөхгүй 520 гаруй хоногийн хугацаа хэтрэлттэй байгаагаас улбаалан зээлдэгч тал холбогдох журмын дагуу 75 хувийн эрсдэлийн сан үүсгээд байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай олгосон талаар холбогдох баримт байгаа, өмнөх зээлийн үлдэгдлийг ийнхүү 20 жилийн хугацаатай болгож өөрчилсөн тул зээлийг бодитоор олгоогүй гэж үзэхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн, аль эсхүл шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно гэж заасан. Гэтэл талууд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байхад тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байна. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58 500 000 төгрөгийг ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар авсан тухай маргахгүй, харин 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 57 190 000 төгрөгийг хүлээн аваагүй. Бидний худалдан авсан буюу барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг,? дугаар хороо, ? дугаар дугаар хороолол, ? дугаар байр, ? тоот орон сууцыг нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А хөрөнгө оруулалттай “К Д” ХХК нь барьж гүйцэтгэсэн бөгөөд уг орон сууцны м.кв зөрүүтэй байсан тул илүү зээл төлөхөөс сэргийлж, зээлдүүлэгчид тухайн маргааныг шийдвэрлэтэл зээлийг хүүг түр зогсоохыг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд татгалзах эрхээ алдахаар зохицуулсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот зөвлөмжид гэрээнээс татгалзах, цуцлах маргаанд хуульд заасан татгалзах, цуцлах журмыг хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй гэсэн байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгчээс надад болон хамтран зээлдэгчид зээлийг төлөх, гэрээг цуцлах тухай мэдэгдэж байгаагүй, тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч этгээд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр тодорхой үйлдэл хийх ёстой, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэнд тооцно гэж заасан. Хэдийгээр хэрэгт талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн зориулалтаар олгох тухай гэрээ байгаа ч бодитоор тус зээлийг олгоогүй тул хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр эвлэрүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд би нэхэмжлэгчид хэд хэдэн санал тавьж, 58 500 000 төгрөгийн зээлийг дуусгавар болсон талаар тодорхойлолт авах хүсэлт гаргахад нэхэмжлэгчээс чиний 58 500 000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж бодож байна уу, үгүй гэж амаар хариу өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, би 2 төрлийн зээлийн гэрээтэй, үүнээс 57 190 000 төгрөгийг хүлээн аваагүй байж зээлийн мэдээллийн санд буюу зээлдүүлэгчид бүртгэлтэй байж болохгүй тул ийнхүү хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өнгөрсөн хугацаанд төлсөн 15 095 489.75 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа юм. Иймд, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болох 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс 15 095 489.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.С, М.Ц нараас 60 806 132.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К Б” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 278 170.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.С, М.Цнарын гаргасан нэхэмжлэгч “К Б” ХХК-нд холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15 095 489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-? тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар дугаар хороолол /13320/, ? дугаар байр, ? тоот хаягт орших 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5656.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   505 497 төгрөг, хариуцагчдын төлсөн 303 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 461 981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 373 700 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 02 болон 03 дугаар сард К Б ны гүйцэтгэх захирал А.А нэр дээр "Зээл, зээлийн хүүг зогсоолгох тухай" хүсэлт хүргүүлсэн бөгөөд энэ хүсэлтийн хариуг нэхэмжлэгч К Б ны зүгээс өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа билээ. Дээрх хүсэлтийн агуулга нь К Б ны зээлээр авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заагдсан хэмжээнд хүрэхгүй байгаа тул барилгын гүйцэтгэгч "К Д" ХХК-г энэ асуудлаар шүүхэд өгөөд байна. Талбайн хэмжээний зөрүүтэй байдлаас шалтгаалан миний бие К Бнаас илүү хэмжээгээр зээл авсан бөгөөд сар бүр зээл, зээлийн хүүний илүү төлөлт хийж байгаа тул асуудал эцэслэн шийдэгдэх хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг зогсоож өгнө үү." гэсэн утгатай байсан. Миний энэхүү хүсэлтэнд К Бны зүгээс албан бичиг, утас, мэйлээр болон өөр ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, ирүүлээгүй учир К Б хүсэлтийг хүлээн авсан юм байна гэж ойлгоод зээл төлөхөө зогсоосон бөгөөд түүнээс санаатайгаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үйлдэл биш болно. Үүнийг ч батлах мэт “К Б” ХХК нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар миний зээлийг "Хэвийн зээл" хэмээн тооцож, өөрийн балансад бүртгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Зээлийн мэдээллийн сангийн харилцаа нь Зээлийн мэдээллийн тухай тухай хуульд заасны дагуу зохицуулагддаг харилцаа бөгөөд уг хуульд тусгайлан зааснаар арилжааны банкууд нь өөрийн зээлийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй байдаг. Хууль тогтоогчийн зүгээс гэрээний тогтвортой, найдвартай байдлыг хадгалах, гэрээнд оролцогч талууд хэн дуртай нь гэрээнээс татгалздаг, гэрээг дуусгавар болгодог байх эрхийг хязгаарлах, гэрээнд оролцогчдын эрхийг адил тэгш хангах үүднээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т "Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ." гэж хуульчилсан байх бөгөөд үүнийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №3 тоот зөвлөмжид "...Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах маргаанд гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй байна." гэж баталгаажуулан дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч К Бны зүгээс надад болон хамтран зээлдэгч М.Ц ямар нэгэн байдлаар гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл огт өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хүлээн авч, зээлийн гэрээг цуцалсан явдал нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр юм. Анхан шатны шүүх тооцооллын хувьд маш алдаатай шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч өөрөө удаа дараа тооцооллын хувьд илт зөрүүтэй баримтууд гаргаж өгч, эргэлзээтэй байдлыг бий болгож байхад тэдгээр баримтуудыг үнэлж, миний зүгээс гаргасан шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Мөн мөнгө хүлээн авсан гэх ямар нэгэн баримт байхгүй байсаар байхад зээлийг хууль ёсны дагуу олгосон байнаа гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өмнөх үүргийг солихоор талууд харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн. Хариуцагч бидний зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар тодорхойлолтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчээс шаардсан бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа билээ. Гэтэл нэхэмжлэгч “К Б” ХХК нь өмнөх үүрэг дуусгавар болсон эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд энэ талаарх тодорхойлолтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Д.С, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 084 302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15 095 489.75 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардсан ба хариуцагч нь энэ гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж тайлбарлан, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан байна.

Зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хариуцагч нар 57 190 000 төгрөгийг 2033 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар, сарын 0,67, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн, 2014 оны 3 дугаар сарын        24-ний өдөр Д.С ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, / 13320 /, Д.Н гудамж ? дугаар байр, ? тоот, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалан гэрээ байгуулсан үйл баримт хэргийн 6-20 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй гэж маргасан ба зээлийг бэлэн бус хэлбэрээр олгохоор гэрээний 3.3-т зааснаар хариуцагчийн зээлийн дансанд 57 190 000 төгрөгийг шилжүүлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд уг дансаар хариуцагч зээлийн эргэн төлөлт хийж байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан, уг тайлбарт холбогдох баримт хэргийн 172 дахь талд авагдсан байна. Түүнчлэн хариуцагч Д.С нь 57 190 000 төгрөгийн зээл хүссэн баримт хэрэгт авагдсанаас гадна ийм хэмжээний мөнгө түүний зээлийн дансанд орсон гэж тэрээр тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Гэрээнд заасан мөнгийг хариуцагч хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч бол уг зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг байгуулах үед хариуцагч нь зээлийн мөнгийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргаагүй уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулан хэлцэл хийсэн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зкүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, зээлийг төлөөгүй 18 сар болсноо шүүх хуралдаанд тайлбарласнаас дүгнэвэл гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцсэн талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хоорондын зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 905 881 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                       ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА                                         

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ