Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01023

 

  

 

Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1010 дугаар магадлалтай,

 

Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.06-ны өдрийн 101/ШШ2016/06902 дугаар шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.03-ны өдрийн 853 дугаар магадлалаар нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20,000,000 төгрөг болгож, хариуцагч Б.Мөнхжаргал нь 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан.

Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж өнөөдрийн байдлаар 5 сая гаран төгрөгийг төлөөд байгаа, гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа улайран дайрч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367, Г-2204012869 дугаар бүртгэгдсэн хуучин хаягтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Виннэр Вэй ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний газраар 2019.11.01-ний өдөр үнэлгээ гаргуулж 27,037,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэлгээ тогтоож үнэгүйдүүлж байна. Учир нь үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгч талыг байлцуулаагүй бөгөөд ямар журмаар үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй байгаа, хувийн орон сууцанд дотор орж үзээгүй байж зах зээлийн бодит үнэлгээг гаргасан гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Манай ойр ойрчмын хашаа, байшин зах зээлд 60-70 сая төгрөгөөр зарагддаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь удаа дараа хууль зөрчиж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот 61.75 м.кв хувийн орон сууц нь 2 хүний өмчлөлийн орон сууц бөгөөд бусад өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байхад үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээ гарсан ирж танилц гэж мэдэгдсэн, 2019.11.04-ний өдөр очиж танилцахад 4/24293 дугаартай 27,037,000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон талаарх мэдэгдлийг гардуулсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцмаар байна, хуулбарлаж авах, эсвэл утсаар зургийг нь дараад авч болох эсэх талаар тодруулахад ямарч боломжгүй наад мэдэгдэл чинь байхад болно гэсэн хариуг өгсөн. Мөн тус мэдэгдэл нь Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Даваадорж гэсэн гарын үсэгтэй байсан.

Төлбөр төлөгч миний бие Баянзүрх дүүрэгт оршин суудаг, барьцаалагдсан хашаа байшин, газар Баянзүрх дүүргийн албан ёсны хаягт бүртгэлтэй байхад өөр дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий мэдэгдлийг надад гардуулснаас үзэхэд дээрх хөрөнгийн үнэлгээ нь бодит бус шийдвэр гүйцэтгэгч нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй үнэлгээ тогтоолгосон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт бүртгэлтэй 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 27,037,000 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.07.31-ний өдрийн 3166 дугаар шийдвэрээр Б.Мөнхжаргалаас 4,044,975 төгрөгийг гаргуулан Р.Өлзийдолгорт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.19-ний өдрийн 5997 дугаар шийдвэрээр 1,615,150 төгрөгийг гаргуулан Н.Гэрэлд, дээрх шүүхийн 2015.08.13-ны өдрийн 5547 дугаар шийдвэрээр 2,194,769 төгрөгийг гаргуулан Б.Бүжхандад, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.06-ны өдрийн 6902 дугаар шийдвэрээр 20,000,000 төгрөгийг гаргуулж Си Жи Эм ББСБ ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Төлбөр авагч Си Жи Эм ББСБ ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ 6-128а тоот 61.75 м.кв талбайтай хувийн сууц, 327 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.Мөнхжаргал нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр үнэлсэн. Хамтран өмчлөгч Д.Амартүвшинг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг бичгээр ирүүлэхийг 2019.10.25-ны өдрийн 4/23507 тоот албан бичиг болон түүний ээжид удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй, төлбөр авагч Си Жи Эм ББСБ ХХК-ийн 2019 оны 01/090 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2019.10.29-ний өдрийн 350 дугаар тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 27,037,000 төгрөгөөр үнэлснийг 2019.11.04-ны өдрийн 4/24293 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Улмаар 2019.11.29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Си Жи Эм ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Б.Мөнхжаргал нь 20,000,000 төгрөгийн төлбөрөөс 3,412,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлсөн. Манайх тухайн иргэнээс авсан мөнгөөрөө буцааж зээл олгож хүүгээрээ ашиг олдог байгууллага. Б.Мөнхжаргал нь 1 жилийн хугацаанд зээлээ төлнө гэсэн боловч 3 жил болж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 20,000,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлага багасгасан, эд хөрөнгийг манайд 25,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Б.Мөнхжаргалын бизнесийн үйл ажиллагаа Хархорин захад хэвийн явагдаж байгаа боловч зээлээ төлөхгүй манай төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2204012869 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1010 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаартай шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 1010 дугаар магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт бүртгэлтэй 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 27,037,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн 2019.10.29-ны өдрийн 350 дугаар тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг.

Өөрөөр хэлбэл шинжээчээс хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа маргаан бүхий хувийн орон сууцанд нэвтэрч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй бөгөөд зөвхөн гадна талаас үнэлгээ тогтоож бусад ойролцоох газруудтай жиших замаар үнэлгээ гаргасан.

Мөн шинжээчид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилохоос өмнө шийдвэр гүйцэтгэгч нь хууль тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулсан байдаг.

Бидний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хэт хувийн сонирхлоор хандаж, зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлгээ тогтоож нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Б.Мөнхжаргал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

1.   Б.Мөнхжаргал нь 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд Си Жи Эм ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.03-ны өдрийн магадлалыг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, 327 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК 27,037,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бусад өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байхад үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн, ...хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн, ...үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгчийг байлцуулаагүй, ...ямар журмаар үнэлсэн нь эргэлзээтэй байна. Манай ойр орчмын хашаа байшин зах зээлд 60-70 сая төгрөгөөр зарагддаг, ...үнэлгээний тайлантай танилцуулаагүй зөвхөн мэдэгдэл гардуулсан зэрэг нь ...шийдвэр гүйцэтгэгч хэт нэг талыг барьсан, ...ашиг сонирхлын зөрчилтэй үнэлгээ тогтоосон... гэж тайлбарлажээ.

 

а/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж, 86.4.-т төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн энэ хуулийн 86.1.-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж тус тус зохицуулжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид үүргийн гүйцэтгэлийг сайн дураар гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн, төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгийн талаар мэдээлэл авч, эд хөрөнгөд үзлэг хийж, улмаар үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдэн хураагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 6 дугаар гудамжны 128А тоо хувийн сууц нь Б.Мөнхжаргал, Д.Амартүвшин нарын 2 хүний өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд дээрх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал тогтоохоор шийдвэр гүйцэтгэгчээс өмчлөгч Д.Амартүвшинг удаа дараа дуудсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналыг авахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дуудсан цагт ирээгүй, үнийн саналаа өгөөгүй, төлбөр төлөгч Б.Мөнхжаргал нь Д.Амартүвшингийн төрсөн эх бөгөөд тэрээр өөрийн хүүг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохгүй талаар мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр /хх-58, 66-68/ тогтоогдсон байх тул хамтран өмчлөгч эрхээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Д.Амартүвшингийн эрхийг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтад нийцсэн байна.

 

б/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэжээ.

 

Шинжээч үнэлгээ хийлгэж буй хөрөнгийн шинж чанар, байдалтай нь нарийвчлан танилцаж, үзлэг хэмжилт, судалгаа хийж, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо баримт, мэдээ материалд нарийвчилсан судалгаа хийж, хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний эрэлт хэрэгцээний, орлуулах бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг зарчмыг баримтлан, ҮОУС-ын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагууд тэдгээрт тохирох аргуудыг ашигласан ба БХБЯ-аас гаргасан тушаал журмыг хүрээнд дүгнэлтийг гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, үндэслэлгүй гаргасан гэж үзэх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

2.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл орон сууцанд нэвтэрч ямар нэг дүгнэлт гаргаагүй, зөвхөн гаднаас нь харж үнэлгээ тогтоож, ойролцоох бусад газартай харьцуулсан, ...үнэлгээг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур тогтоосон... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 116 дугаар зүйлийн 116.3.-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 6 дугаар гудамжны 128А тоот 61.75 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрх бүхий 327 м.кв талбайтай газрыг хамтад нь 27,037,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнээс хэтэрхий бага болохыг баримтаар нотлоогүй, дээрх дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн болохыг тухайлан заагаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн болох нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Мөнхжаргалаас 2020.06.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД