Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0565

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороо.

       Гуравдагч этгээд: “Б д” ХК

       Нэхэмжлэлийн шаардлага: “МИАТ/202102096 тоот “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” тендерт “Б д” ХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэр, МИАТ ТӨХК болон “Б д” ХХК-ийн  хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгч “П”  ХХК-ийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Л, Д.Э, хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээд “Б д” ХК-ийн төлөөлөгч Б.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, А.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “П”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-аас 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” нэртэй МИАТ/202102096 тоот тендер зарлагдсан бөгөөд тендерийн хариуг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрйин 01/906 дугаар албан тоотоор ирүүлснийг манай компани 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Энэхүү мэдэгдлээр “П” ХХК нь тендерт шалгараагүй тухай хариуг ирүүлсэн. Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу тендерийн хариуг үл зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4053 албан тоотоор гомдлыг хариуг ирүүлсэн байх бөгөөд захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Сангийн яам захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Б д” ХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд AON давхар даатгалын брокер компанийн Лондон болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлийн зах зээл дээр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 100% байршуулах тухай баталгаажуулсан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, даатгалд хамруулах агаарын хөлгийн жагсаалт болон 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагаас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг хүртэлх давхар даатгалын гэрээг тендерт хавсарган ирүүлснийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэл байна гэжээ. Гэвч “Б д” ХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1-ийн А, Б заалтыг хангахгүй байгаа буюу тус компани нь Казакстан /Оросын зах зээлийн бүсэд хамаарах/ AON брокероос баталгаажуулаагүй давхар даатгалын үнийн саналтай тендерт оролцсон байхад сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “П” ХХК нь “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК болон тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулж, МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” тендерт “Б д” ХК-ийг шалгаруулсан акт болон гэрээ байгуулах эрх олгосон актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-тай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг байгуулсан болохыг мэдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК болон “Б д” ХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” болгон нэмэгдүүлж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адил бөгөөд энэхүү үндэслэлээ дэмжиж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Б д” ХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д заасан “Лондон /London/ түүнтэй дүйцэхүйц олон улсын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулсан нотолгоо буюу тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал, орчуулгын хамт” гэх заалт, 12.1Б-д заасан “агаарын хөлгийг олон улсын зах зээлд бүрэн байршуулсныг баталгаажуулсан слип гэрээний хувь, түүнийг баталгаажуулсан байдал” гэх заалтуудыг тус тус хангаагүй байсан.

Нэгдүгээрт, “Б д” ХК-ийн  ирүүлсэн тендерийн материалын 24-25 дугаар талд тэргүүлэгч буюу үндсэн давхар даатгагчийн захидал байна. Энэ захидал нь “А*******” /A*******/ гэх компаниас ирсэн. Уг захидлын агуулга нь “...давхар даатгалын компаниар AON компани сонгогдвол бид AON-ийг дэмжиж, хамтран ажиллана” гэсэн байна. Энэ захидлыг Тендерийн үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д заасантай нийцсэн, шаардлага хангасан гэж үзээд, “Б д” ХК-ийг шалгаруулсан гэж ойлгосон. Мөн уг захидлын англи хэл дээрх эх хувь дээр нь байхгүй хэсгийг орчуулга хэсэгт нь нэмэлтээр оруулсан байгаа. Үндсэн албан бичиг дээр А хэсэг байдаггүй.

Хоёрдугаарт, шүүхэд нэхэмжлэл гаргаад, захиргааны хэргийн шүүхээс хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК болон “Б д” ХК нар хоорондоо даатгалын гэрээг байгуулсан. “Б д” ХК-ийн даатгалын гэрээний тэргүүлэгч буюу үндсэн давхар даатгалын компаниар оролцсон компанийг харвал тендерийн материалдаа дурдсан “А*******” /A*******/ компани биш, “Л*******” /L******* XIS/ гэх компанитай даатгалын гэрээ байгуулсан харагдаж байна. “Л*******” /L******* XIS/ нь тэргүүлэгч даатгагчаар оролцсон байна. Үүнээс үзвэл, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д заасан агаарын хөлгийг 100% байршуулсан байх шаардлагыг “Б д” ХК хангаагүй байсан.

Хэрвээ уг шаардлагыг хангасан байсан бол тендерт шалгарсныхаа дараа тендерийн материал бүрдүүлэлтэд өгсөн “А*******” /A*******/ компанитай гэрээ байгуулах ёстой байсан. “Б д” ХК-ийг тендерт шалгарах аваас “А*******” /A*******/ даатгалын гэрээг байгуулна гэж захидал ирүүлсэн хирнээяагаад өөр компанитай гэрээг байгуулсан нь эргэлзээтэй. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Б-д заасан слип гэрээний тухайд, “Б д” ХК-ийн ирүүлсэн тендерийн материалд слип гэрээ байгаа. Энэ гэрээ нь брокерын болон давхар даатгагчийн ямар нэгэн гарын үсэг, тамга, тэмдэггүй. Зөвхөн “Б д” ХК-ийн  тамга дарагдсан. “П” ХХК-ийн тендерийн материалд өгсөн слип гэрээ бол брокерын болон давхар даатгагчийн гарын үсэгтэй, албан ёсоор баталгаажсан гэрээ байдаг. Тэгэхээр “Б д” ХК-ийн тендерийн материалд бүрдүүлж өгсөн слип гэрээ нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Б-д заасан шаардлагыг хангаагүй.

Слип гэрээг албан ёсны брокер, давхар даатгагчаас авсан бол яагаад тамга, тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй байгаа юм бэ? Ийм гэрээ өгсөн байхад Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Б-д заасан шаардлагыг хангасанд тооцсон юм бэ? Слип гэрээнд үндэслэж, тендерийн үнийн саналыг өгдөг. Хамгийн бага үнэтэй тендер шалгарах эсэх асуудал слип гэрээнээс шууд хамаардаг.

“П”  ХХК-ийн нөөц сан 2.9 тэрбум байсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаар нөөц сан 3 тэрбумаас дээш байхаар заасан. Энэ шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчимтай нийцээгүй. Энэ талаар гомдлоо бид тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "... тус тендерийн шалгаруулалтад орж байгаа компаниудын 50-иас дээш хувь нь заасан шаардлагыг хангаж байна” гэх үндэслэлээр гомдолд хариу өгсөн. Хуульд заасан өрсөлдөх тэгш боломжтой байж чадаж байгаа талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хангасан компани олон байна гэх байдлаар хандсан.

Дахин энэ асуудлаар бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг гомдлыг шийдвэрлэсэн байна гэх байдлаар асуудалд хандаж, хариу өгөөгүй. Даатгалын нөөц сан даатгалын компани болгоны хувьд адилхан байх боломжгүй асуудал. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу даатгалын компани болгон харилцан адилгүй хэмжээгээр, даатгал гэрээ байгуулсан болон өөр бусад нөхцөлөө харгалзан нөөцийн сан нь өөр үнийн дүнгээр байгуулагддаг буюу даатгагчаас ерөөсөө хамаардаггүй. Өөрөөр хэлбэл, даатгалын компани бүгд ижил үнийн дүнтэй нөөц сантай байх боломжгүй. Энэ шалгуур нь хуулийн өрсөлдөх тэгш боломжоор хангах зарчмыг хангаж байна гэж дүгнэлт хийх нь үндэслэлгүй. Захиалагчийн гаргасан шийдвэр, гомдол хянан шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүд ч үндэслэлгүй байна. “П”  ХХК-ийг тендерт оролцохоор материалаа илгээхээс өмнө манай талыг шалгарахгүй байх талаас нь шаардлага тавьж, өрсөлдөөнд тэгш оролцох боломжийг хязгаарласан байсныг хэлмээр байна.

“П” ХХКнь нөөц сан 3 тэрбум байх гэсэн шаардлагыг хангаагүй, харин “Б д” ХКнь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн, 12.1А, 12.1Б-д заасан шаардлагыг хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл, захиалагч зарласан тендерт оролцогчоос бүхэлд нь татгалзах ёстой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар бүх тендерээс татгалзаад, 30.4-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байсан. Ийм нөхцөл байдлууд тогтоогдсон байхад “Б д” ХК-ийг тендерт үндэслэлгүйгээр шалгаруулсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Надад тайлбар, үндэслэл байна. Тендерийн үнэлгээний хороо бол манай нэхэмжлэлийн хамтран хариуцагч. Тендерийн үнэлгээний хороо нь нарийвчилсан үнэлгээ хийгээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд тендерт үнэлгээ хийх журмыг нарийвчлан заасан. Тендерт нарийвчилсан үнэлгээ хийнэ гэдэг нь тендерийн шалгаруулалтад ирсэн баримт бичиг, материалд Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нэг бүрчлэн дүгнэлт хийж, санал өгөх ажиллагаа байдаг. Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл үнэлгээг дутуу хийсэн нь харагдаж байна. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судлах шатад нарийвчлан харуулна. Г.Т гэх хүн “Б д” ХК-ийн тухай танилцуулсан. Уг нь хуралдаанаараа нарийвчилсан үнэлгээ хийх ёстой буюу материалаа ирүүлсэн компани тус бүрээр нь авч хэлэлцэх үүрэгтэй.

Ж.Ч гэх гишүүн бүгдийг нь биш заримыг нь үзье гэх байдлаар хандсан байгаа нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Давхар даатгалын брокер дээр нарийвчилсан үнэлгээ хийгээгүй. Тендерийн үнэлгээний хороо нь хуульд зааснаар нарийвчилсан үнэлгээг зохих ёсоор хийгээгүй. Ерөнхийд нь тоймлоод хэдхэн компанид үнэлгээ хийсэн. Нэг талд давуу байдлаар үнэлгээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. AON, “А*******” /A*******/, Л******* /L*******/ гэх компаниудыг манай талаас тайлбар, үндэслэлдээ олон дурдсан учраас энэ талаар шүүхэд тайлбар өгье. AON бол брокер, “А*******” /A*******/ нь давхар даатгагч. Брокероор дамжуулаад давхар даатгагчид даатгуулан тендерт материал ирүүлсэн. Манайх бол Марш /Marsh/ гэх брокероор дамжуулаад “Л*******” /L******* XIS/-д давхар даатгуулна гэж ярьсан.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д Лондон /London/ түүнтэй дүйцэхүйц олон улсын зах зээл дээр агаарын хөлгийг 100% байршуулсан байх шаардлага тавьсан. Гэтэл “А*******” /A*******/ болон AON хоёул уг шаардлагыг хангаагүй. “А*******” /A*******/ нь давхар даатгагч буюу үндсэн даатгалыг хийдэг. Л******* /L*******/ гэх Лондон /London/-ийн зах зээлд бүртгэлтэй давхар даатгагч гэдэг нь бас худлаа. Лондон /London/-ийн зах зээл түүнтэй дүйцэхүйц зах зээл гэдэг нь зөвхөн Нью Иорк /New York/-ийн зах зээл байдаг. Азид нэг ч түүнтэй дүйцэхүйц зах зээл байхгүй. “А*******” /A*******/-ийн зуучилсан давхар даатгагч нь Казакстан улсад бүртгэлтэй AON брокер байгаа. Казакстан улсад бүртгэлтэй AON-той холбоотой тодруулга авангуутаа, түүнийгээ Лондон /London/-ийн зах зээлд хамааралтай охин компани байна гэж үзсэн.

Казакстанд байрлах охин компани нь тухайн улсдаа болон Төв Азид үйл ажиллагаа явуулна. Ингээд үзэхээр Лондон /London/-ийн зах зээл түүнтэй дүйцэхүйц байж чадах уу? Толгой компаниас нь захидал ирсэн гээд шаардлага хангасанд тооцчихсон. Тендерийн баримт бичигт түүнийг нь нотлох баримт байхгүй. Тийм баримтыг нэмж шаардаж байгаад үнэлгээ хийх нь өөрөө зохисгүй. Тендерийн тухай хуульд тодруулга авч болох талаар заасан боловч ийм тохиолдолд хэрэглэгдэх заалт огт биш. Тендерийн шалгаруулалтад ирсэн баримтуудаас тодруулга хийх тухай ойлголт болохоос биш шинээр баримт гаргуулах тухай биш. Шинээр захидал шаардаж аваад, түүнийгээ үнэлээд, шаардлага хангасанд тооцож болохгүй.

Охин компани нь өөрийн хөрөнгөөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Казакстан улс дахь AON үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл, толгой компаниас нь шүүх үүргийн биелэлтийг хангуулна гэж байхгүй. “А*******” /A*******/ нь Л******* /L*******/ болон Лондон /London/-ийн зах зээлд хамааралгүй, Бельги улсад бүртгэлтэй, өөрсдийгөө даатгалд давхар даатгал хийдэг хэмээн тодорхойлсон боловч цахим хаяг ч байхгүй. Бид интернэтээс хайж үзсэн. Шаардлагатай бол одоо шалгаж үзсэн ч болно. Ийм шаардлага хангаагүй “Б д” ХК-ийг хариуцагч тендерт шалгаруулсан. Тендерийн материалдаа “А*******” /A*******/-ийн захидлыг хавсаргасан хирнээ гэрээгээ “Л*******” /L******* XIS/-тэй байгуулсан. “Л*******” /L******* XIS/ нь 0.2%-ийн даатгалыг нь хариуцаад, өөр бусад 10 гаруй компанид бусад хэсгээ хуваарилсан байсан. Ийм үндэслэлгүй тендерийн шалгаруулалтыг зохион байгуулсан.

Слип гэрээг давхар даатгуулагчтай байгуулах ёстой ба давхар даатгагчийн гарын үсэг зурагдсан байхыг шаардана. “Б д” ХК-ийн слип гэрээн дээр “А*******” /A*******/, “Л*******” /L******* XIS/-ийн аль нь ч гарын үсэг зураагүй. Үнийн саналыг харж байж тендерт ирүүлсэн үнийн саналыг гаргана. Слип гэрээ нь ийм шаардлага хангаагүй байхад “Б д” ХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ талаар Тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар огт авч хэлэлцээгүй. Слип гэрээ нь байна, үнийн санал нь тийм дүнтэй байна гэх байдлаар л хандсан байсан. Дутуу үнэлгээ хийсэн байхад хуралдаанд оролцож байгаа бусад гишүүд хэрхэн үнэлэлт өгөх юм бэ. Тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэдэг нь нотлогдохгүй. Ийм ноцтой зөрчлүүд гарсан. Тендерийн үнэлгээний хорооны хуралдаан дээр “П*******” ХХК-ийг нөөц сан нь 3 сая төгрөгт хүрээгүй, худал мэдүүлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж л тайлбарласан. Худал мэдүүлэг гэдэг нь аудитын баримт бичгийг хэд хэдэн удаа хувилж ирүүлсэн талаар.

Хувилсан гэх зүйл огт байхгүй. 2018-2020 оны хоорондох 3 жилийн баримтуудыг ирүүлсэн байхад энэ үндэслэлээр тендерт шалгаруулаагүй. “П*******” ХХК-ийг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан 3 тэрбум нөөц сантай байх шаардлагыг хангаагүй гэж Тендерийн үнэлгээний хорооныхон үзсэн. Манай компанийн төлөөлөгч нар 3 тэрбумын нөөц сан бүрдүүлэх нь өөрөө үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад заавал 3 тэрбум гэж хариуцагч заасан нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч тал 3 тэрбумыг “...дундаж тоо юм байна, 3 тэрбумаар тогтооё” гэх байдлаар хайнга хандсан. Нөөц сангийн үнийн дүн тодорхой үндэслэлтэй байж, түүнийг батлах ёстой. Гэтэл хэн нэгэнд зориулж энэ үнийн дүнг баталсныг хүлээн зөвшөөрөхгүй. “П”  ХХК-ийн төлөөлөгч нар шүүхэд хандахаа мэдэхгүй Сангийн яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж явсаар хугацаа их алдсан. 3 тэрбумын нөөц санг ямар нэгэн үндэслэлгүйгээр, “Б д” ХК-д зориулан баталсан мэт харагдаж байна. Даатгалын тохиолдол ярьж, тодорхой баримтуудтай байж аливаа үнийн дүнг гаргах ёстой байсан.

Тендерийн үнэлгээний хорооноос Лондон /London/ түүнтэй дүйцэхүйц олон улсын зах зээл дээр хөрөнгөө 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 100% байршуулсан байх ёстой гэх дүгнэсэн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээс харвал тендер нээсэн өдөр байршуулсан байх ёстой. “Б д” ХКнь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хөрөнгөө байршуулаагүй. Тендерийн үнэлгээний хороо хуралдаан дээр нэг гишүүн нь болохоор 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байршуулах ёстой гэж хэлсэн. Гэтэл “Б д” ХКнь тендер шалгаруулснаас хойш зах зээл дээр байршуулсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байршуулна гэж огт заагаагүй.

2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байршуулаагүй байна. гэх шаардлага байсан мэтээр Тендерийн үнэлгээний хорооны гишүүн бусад гишүүддээ танилцуулж, санал хураасан. Казакстан дахь AON брокероос санал авсан нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, эрх олгоогүй этгээд байсан гэдгийг тодруулж хэлмээр байна. Өөр тайлбар байхгүй” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Л шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Б-д “Агаарын хөлгийг олон улсын зах зээлд бүрэн байршуулсан, баталгаажуулсан слип гэрээний хувь, түүнийг баталгаажуулсан баримтыг ирүүлнэ” гэж шаардсан. Слип гэрээ гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тодорхойлолтод дурдсанаар “Давхар даатгалд даатгалын хэрэгслийг даатгах болсныг баталгаажуулсан баримт бөгөөд үүн дээр давхар даатгалын нөхцөлийн хураангуй болон шаардлагатай бусад мэдээллийг тусгасан байна” гэж заасан. “Б д” ХК-ийн ирүүлсэн тендерийн материалд давхар даатгагчийн баталгаажуулсан гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт бичиг байгаагүй. “П” ХХК нь үнийн саналыг баталгаажуулж авсан. “Л*******” /L******* XIS/ болон давхар даатгагч нарын баталгаажуулж өгсөн албан тоот, захидал болон слип гэрээний хуулбаруудыг бүрэн хавсаргасан. AON Казакстанаар дамжуулж авсан үнийн санал, түүнд хавсаргасан слип гэрээ нь “А*******” /A*******/ гэх компанийн оролцсон давхар даатгагчийн баталгаажуулсан слип гэрээний нөхцөл биш байна. “А*******” /A*******/ нь “...Хамтран ажиллахад таатай байх болно” гэсэн утга бүхий захидлыг хавсаргасан нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э “Л*******” /L******* XIS/ дээр байршуулсан хувийг андуураад хэлчихлээ. “Б д” ХК-ийн байгуулсан гэрээ дээр “Л*******” /L******* XIS/ тэргүүлэгч давхар даатгагчаар 40% хариуцаж байгаа талаар Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК болон “Б д” ХКнарын байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс харагдаж байна.

Тендерийн хугацаанд “П” ХХКнь “Л*******” /L******* XIS/ болон бусад давхар даатгагч нараар уг гэрээн дээр тэргүүлж оролцохыг хүлээн зөвшөөрсөн ба даатгалын эрсдэлийг бүрэн хамгаалах утга бүхий албан захидал ирүүлснийг материалдаа хавсаргаж өгсөн. “Б д” ХК-ийн тендерийн материалд “А*******” /A*******/ гэх давхар даатгал оролцсон. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа гэрээн дээр тухайн давхар даатгал ямар ч хувь оролцоо байхгүй гэдэг нь талуудын гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна” гэв.

Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч тус газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК нь үйл ажиллагаандаа ашигладаг зорчигч тээврийн агаарын хөлгийг Иргэний нисэхийн дүрэм-303 болон түрээслүүлэгч компанитай байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд дараах төрлийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээдэг, үүнд: агаарын хөлгийн их бие, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага /зорчигчийн/ нисгэх багийн гишүүд болон дайны бүлэг эрсдэлийн даатгал гэх мэт болно. Дээрх зохицуулалтын дагуу жил бүр агаарын хөлгийн иж бүрэн даатгалын нээлттэй тендер зохион байгуулдаг ба даатгал хийгдээгүй тохиолдолд агаарын хөлгийг хөөргөх боломжгүй болдог тул компанийн үндсэн үйл ажиллагаа тасалдах, цаашлаад ихээхэн хэмжээний санхүүгийн эрсдэлд орох үр дагавар үүсэх эрсдэл үүсдэг тул бид дотоодын компаниар дамжуулан олон улсын зах зээлд 100% давхар даатгуулан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын хамгаалалтыг авсаар ирсэн. Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн “П”  ХХК-тай байгуулсан иж бүрэн даатгалын гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан тул “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/34 дугаар тушаалаар Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгалын компанийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Тендерийн үнэлгээний хороо нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын” хялбаршуулсан цахим, нээлттэй тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу тендерт оролцогч болох “П”  ХХК-иас 2020-2021 оны нислэгийн төлөвлөгөө, сүүлийн 5 жилийн хохирлын түүх, агаарын хөлгийн ашиглалт болон нислэгийн түүх зэрэг мэдээлэл, “Б д” ХК-иас нислэгийн чиглэл, олон улсын аюулгүй ажиллагааны аудит хийгдсэн эсэх, гадны агаарын тээвэрлэгчтэй байгуулсан гэрээний төрөл зэрэг нэмэлт мэдээлэл ирүүлэхийг хүссэний дагуу бид холбогдох мэдээллийг асуулга ирүүлсэн компаниудад хүргүүлсэн. Үүний сацуу “Б д” ХК-иас 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/249 тоот албан бичгээр “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн өмнөх оны тендерт шалгарсан давхар даатгалын брокер олон улсын зах зээл дээр давуу байдлаа хадгалсан хэвээр байгаа ба бусад брокеруудад өрсөлдөхүйц үнэ авах боломжийг олгохгүй байна гэсэн хүсэлт ирүүлсний дагуу Тендерийн үнэлгээний хороо холбогдох нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим сайтад байршуулсан.

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/1074 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “А д” ХХК болон “П”  ХХК-иас гомдол ирсэнтэй холбоотой тендерийг түр түдгэлзүүлэх мэдэгдэл ирсний дагуу тендерийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад тендерийн холбогдох баримт материалыг хүргүүлж, шалгуулсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 5 дугаар сарын 31-ний албан бичгээр тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулах болон “П”  ХХК-ийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /12.1е/-д заасан “нөөц сан-3 тэрбум төгрөгөөс багагүй байх” гэж заасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гарган тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх мэдэгдэл ирүүлсний дагуу захиалагч тендерт оролцогчдод дотоодын болон олон улсын зах зээл дээр өрсөлдөх тэгш боломжийг хангах зорилгоор Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.3, 4.4Б, 12.1А болон Б, хэсгүүдэд холбогдох өөрчлөлт оруулан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01/780 албан тоотоор баталгаажуулан www.tender.gov.mn цахим сайтад байршуулсан. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээсэн тендерт “Б д” ХК болон “П”  ХХК-иуд оролцож, тендерйн материал ирүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо нь “Б д” ХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд, Тендерийн үнэлгээний хорооны хурлаар “Б д” ХК-иас ирүүлсэн давхар даатгалын брокерын албан захидал AON Казакстанаас ирүүлсэн асуудлыг Тендерийн үнэлгээний хорооны гишүүд хэлэлцэн “Б д” ХК-иас тодруулга авахаар болсон ба 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр AON Лондон төвөөс AON Казакстан нь AON корпорацийн охин компани ба төв Азийн бүс /Монгол Улсыг багтаан/ хамардаг болохыг баталгаажуулсан албан захидлыг ирүүлсэн. Тус албан захидалд: “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн 2021/2022 агаарын хөлгийн иж бүрэн даатгалын давхар даатгалын хөтөлбөрийн тухайд, “Бид AON Их Британи, энэхүү захидлаар AON Казакстан нь Казакстан улсад албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, AON корпорацийн охин компани төдийгүй, манай төв Азийн бүсийг /Монгол Улсыг багтаан/ хариуцсан салбар оффис болохыг баталгаажуулж байна. Хэрвээ AON нь “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг “Б д” ХК-тай хамтран олон улсын давхар даатгалын зах зээл дээр байршуулах эрх бүхий давхар даатгалын брокероор сонгогдвол, AON Их Британийн Агаарын тээвэр хариуцсан хэлтэс нь AON Казакстан оффистой хамтран энэхүү давхар даатгалыг бүрэн хариуцаж ажиллаж болно. Бид эрсдэлийг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Лондон болон түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлтэй, олон улсад нэр хүнд бүхий агаарын тээврийн даатгалын зах зээл дээр 100% байршуулах болно. Хүндэтгэсэн, AON Их Британи ХХК, брокер, Данни Паркинсон” гэсэн байна. Тендерийн үнэлгээний хороо нь AON Лондон төвөөс AON Казакстан нь AON корпорацийн охин компани ба төв Азийн бүс /Монгол Улсыг багтаан/ хамардаг болохыг баталгаажуулсан уг албан захидал бусад тендерийн баримт бичиг, шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн тендер ирүүлсэн гэж дүгнэж, “Б д” ХК-ийнг Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх компаниар шалгаруулсан.

 2. “П”  ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1е-д заасан “нөөц сан-3 тэрбум төгрөгөөс багагүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй байсан тул уг тендерээс татгалзсан.

3. Өнөөдрийн байдлаар “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн агаарын хөлгүүд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр 100% олон улсын А зэрэглэлийн зах зээлд бүрэн байршин давхар даатгалын гэрээ болон гэрчилгээгээ хүлээн авсан.

 4. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3893 тоот албан бичгээр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг дахин түдгэлзүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу шалгаж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4053 тоот албан бичгээр тендер шалгаруулалт нь хуульд нийцэн хийгдсэн болохыг тогтоож, дүгнэлт гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.1.7-д заасны дагуу Төсвийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага нь Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан журмын хүрээнд Сангийн яам “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн шалгаруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг хянаж, гаргасан дүгнэлтээр Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг зохих журмын хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан болох нь тогтоогдсон.

Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч тус газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн аж бүрэн даатгалын гэрээ”-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 2. Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК болон “Б д” ХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар  болгох захиргааны гэрээ биш юм. Учир нь нийтийн эрх зүй дэх захиргааны гэрээний үндсэн шинж нь эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болох захиргааны гэрээ биш юм. Нийтийн эрх зүй дэх захиргааны гэрээний үндсэн шинж нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн, захирах захирагдах харилцаан үндэслэгдсэн, захиргааны байгууллагын удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, зөвхөн захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгож байгаа явдал юм. Харин “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” нь цэвэр иргэний эрх зүйн харилцаа бөгөөд Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдсан хуулийн этгээд хоорондын харилцан тохиролцооны үр дүнд байгуулагдсан гэрээ юм. 1. “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ нь үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад зориулагдсан, компанийн дотоод ашиг сонирхол, хэрэгцээг хангахад чиглэгдсэн, түүнийг гүйцэлдүүлэх үйл ажиллагааны хэлбэр болохоос нийтийн захиргааны чиг үүрэгт огт хамааралгүй. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна”.

Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зорилго нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах хүрээнд оршино. Энэ хуулийн зорилтын дагуу захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрүүдийн нэгийг гаргадаг. Нэхэмжлэгч тал нь дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар захиргааны акт хууль бус байсан нь эсхүл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байж хүчингүй болгох боломжтой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас үзвэл “П”  ХХК-д зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Нэхэмжлэгч тал зүгээр тендерт ялагдсан болохоор уг нэхэмжлэлийг гаргасан мэт харагдаад байгаа. “П” ХХКнь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн зарласан тендерт оролцоод, шаардлага хангаагүй. Шаардлага хангаагүй тендерт оролцсон талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Б д” ХКнь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А, Б заалтуудыг хангахгүй байхад, тус компани Казакстан улс дахь зөвхөн Оросын зах зээлийн бүсэд хамаарах AON даатгагчаас баталгаажуулаагүй үнийн саналтайгаар тендерт оролцсон байхад тендерт шалгаруулсан гэдэг. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн “Б д” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлээ гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг заавал тодруулах шаардлагатай. Манай талын үзэж байгаагаар нэхэмжлэгчийн ямар ч эрх зөрчигдөөгүй. “П”  ХХК-ийн зүгээс захиалагчийн тавьсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан 3 тэрбумын нөөц сантай байх шаардлагыг өөрсдөө хангаагүй байж ийнхүү маргаад байдаг. “П”  ХХК-ийн ирүүлсэн материалыг Тендерийн үнэлгээний хорооноос шаардлага хангаагүй тендер гэж үзээд, үнэлээгүй. Үүнтэй холбогдуулан бас ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаагүй.

“П” ХХКнь 3 тэрбумын нөөц сантай байх шаардлагыг хангасан байхад Тендерийн үнэлгээний хорооноос түүнийг нь үнэлээгүй байсан бол тэр талаар маргаж болох байсан. Гэвч ийм үйл баримт байхгүй. Тендерийн үнэлгээний хороо нь зөвхөн шаардлага хангасан тендерийн материалыг үнэлсэн. Шүүхийн практик яривал нэн түрүүнд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үндэслэлтэй эсэхийг, зөрчигдсөн эрх байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбартаа “Б д” ХК-ийн тендерийн материалдаа хавсаргасан баримт нь шаардлага хангаагүй байсан талаар л маргаад байгаагаас биш өөрсдийнхөө нэхэмжлэл гаргах эрхтэй байсан эсэх талаар ерөөсөө дурдахгүй байна. Мөн “П”  ХХК-ийн ирүүлсэн материалыг яагаад шаардлага хангаагүй гэж үзсэн талаар Тендерийн үнэлгээний хорооноос тодруулаагүй. Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь “П”  ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг огт үнэлээгүй. Учир нь “П” ХХКнь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан нөөц сан 3 тэрбум байх шаардлагыг анхнаасаа хангаагүй.

Нөөц сан 3 тэрбум байсан талаар маргаагүй хирнээ3 жилийн аудитын баримт нь хуурамч байгаагүй гэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагатай огтоос хамааралгүй тайлбарыг хэлсээр байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Б д” ХК-ийг маргаан бүхий тендерт шалгаруулсан нь үндэслэлтэй эсэх талаар маргах нь зүйтэй. Нөөц сан 3 тэрбум байсан талаар нэхэмжлэгч тал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл байсан эсэхийг дүгнүүлэхээр гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариу албан бичигт “Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох баримтуудыг авсан, Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын 50-аас дээш хувь нь нөөц сан 3 тэрбумаас дээш байна. Иймд уг шаардлага нь ямар нэгэн байдлаар тендерт оролцогчдын тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаагүй байна. “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн тендерийн баримт бичигт заасан тендерийн шаардлага болох нөөц сан 3 тэрбумаас дээш байх нь зөв байна” гэсэн. Энэ шийдвэртэй нь холбогдуулж нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

“П”  ХХК-ийн 2020 оны нөөц сан нь 3 тэрбум хүрээгүй учраас шаардлага хангаагүй гэж үзэж Тендерийн үнэлгээний хороо үнэлгээнд оруулаагүй. Шаардлага хангаагүй тендерийн материалыг үнэлгээнд оруулдаггүй. Тендерийн үнэлгээний хорооны дүрэм нь “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн зарласан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг хангасан “П”  ХХК-ийг үнэлэхдээ буруу үнэлсэн гэх тайлбар гаргах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам мөн л “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчөөгүйг дүгнэсэн. Шинээр батлагдсан хуулиар барьцаа хөрөнгийг хурааж авах талаар яригдсан юм билээ. Түүнээс болж хохирч байна гэж бас маргаагүй. “П”  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүйг дахин давтаж хэлье. Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй юм шиг тайлбарууд гаргаад байна.

“Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн зарласан тендер нь өрсөлдөөн хязгаарлаж байгаа тул тодорхой байдлаар Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг тавьсан. Уг саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “А д” ХХК болон “П” ХХК нарын зүгээс гаргасны дагуу тендерийн холбогдох баримтуудыг шалгуулж, тендер түдгэлзсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр “Тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулах, “П”  ХХК-ийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Е-д заасан нөөц сан 3 тэрбумаас багагүй байх гэх шаардлага нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан. Ингээд тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх мэдэгдэл ирсний дагуу захиалагч болон тендерт оролцогчдод дотоодын болон гадаадын зах зээл дээр өрсөлдөх тэгш боломжоор хангах зорилгоор Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг тендерт оролцож бүх байсан оролцогчид мэдэж байсан.

Нэхэмжлэгч талын маргаад байгаа Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д өөрчлөлт орсон. Анх зарласан тендерийн баримт бичигт Лондон /London/-ийн зах зээл түүнтэй дүйцэхүйц зах зээл гэж оруулсан байсан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн бичгийн дагуу “М т о ” ХХК-ийн зүгээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд “... Лондон /London/ түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлийн олон улсын даатгалын зах зээлд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө агаарын хөлгийг 100% байршуулах талаар давхар даатгалын брокерын баталгаа, орчуулгын хамт” хэмээн өөрчилсөн. 12.1Б-д мөн өөрчлөлт орсон ба “... давхар даатгалын брокероос компанид санал болгож буй даатгалын хамгаалалт бүхий слип гэрээний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт, орчуулгын хамт” гэж болгосон. Нэхэмжлэгч талаас AON нь зөвхөн Оросын зах зээлд хамаарах байтал шалгаруулсан гэж маргаад байна. Энэ талаар Тендерийн үнэлгээний хороо хуралдсан ба Казакстан улс дахь AON нь зөвхөн Азийг хамардаг эсэх талаар “Б д” ХК-иас албан ёсны тодруулга гаргуулахаар болсон. Энэ нь Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдсан.

Дээрхийн дагуу албан хариу нотлох баримтын шаардлага хангасан байдалтайгаар ирсэн. Өөрөөр хэлбэл, AON Казакстан нь Азийн бүс нутаг, тэр дундаа Монгол Улсыг оролцуулан хариуцаж байгаа брокер гэх талаар баталгаат хариу ирсний дагуу бид Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг өөрчилсөн. Зөвхөн Лондон /London/ биш Лондон /London/ түүнтэй дүйцэхүйц гэсэн шаардлага байгааг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. “П”  ХХК-ийн нөөц сан нь 3 тэрбумд хүрээгүй гээд л шүүхээр маргаад байх шиг байна. Өөрсдөө тендерийн шаардлага хангаагүй материал ирүүлсэн байж одоо иймэрхүү ёс зүйгүй үйлдэл гаргах нь зохисгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь тендерт шалгарсан “Б д” ХК нь шаардлага хангаагүй байхад шалгаруулсан гэх талаар байсан атал одоо Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан 3 тэрбумын талаар, хаа хамаагүй тайлбаруудыг гаргаад байна. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргана.  Өмнө хэлсэнчлэн Тендерийн үнэлгээний хороо хуралдсан. Хуралдсаны дараагаар маргаантай байсан Казакстаны зах зээлийн талаар тодруулга шаардсан. Тодруулга ирснээр асуудал тодорхой болж, “Б д” ХК нь тендерт шалгарсан. Ингээд гэрээгээ бид байгуулаад, Лондон /London/ буюу түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлийн зах зээл дээр хөрөнгөө байршуулж, даатгалын хураамжаа төлөөд эхэлсэн байдалтай байна. Нэхэмжлэгч талын тайлбартаа дурдаад байгаа гэрээнд заасан даатгалын хувь гэх мэт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, цаашид ч хөндөгдөх асуудал байхгүй.

Өөрсдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад санаатайгаар гэрээ байгуулсан талуудад саад учруулах санаа зорилготойгоор ийнхүү нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “П”  ХХК-ийн төлөөлөгч нар өмгөөлөгчдөө давхар даатгал, брокер, слип гэрээ гэх ойлголтуудын талаар үнэн, зөв мэдээлэл өгмөөр байна. Өмгөөлөгчдөө тендерийн материалаа бүрэн танилцуулаагүйгээс болж өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй олон тайлбарыг гаргалаа. Мөн дээр нь шүүхэд дээрх ойлголтуудын талаар буруу мэдээлэл өгчихлөө. Тендерийн материалд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09/780 тоот албан бичгээр тодруулга орсон ба энэ бичгээ www.tender.gov.mn цахим хаягт байршуулсан. Тендерт оролцогчид нь өөрсдөө тендерийн цахим хаягт хандан, холбогдох мэдээллүүдтэйгээ танилцах үүрэгтэй.

Нэхэмжлэгч талаас маргаад байгаа Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А, Б заалтууд өөрчлөгдсөн. 12.1А заалтад Лондон түүнтэй дүйцэхүйц зах зээл дээр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байршуулсан байна гэсэн тодорхойлолтоо давхар даатгалын брокеруудаас ирүүлэхийг шаардсан. Түүнээс биш харилцагчаас нь ямар нэгэн албан захиа хүсээгүй. Хоёрдугаарт, 12.1Б заалтад Давхар даатгалын слип гэрээний төслийг ирүүлэхийг шаардсанаас биш түүнийг баталгаажуулсан байх талаар огт дурдаагүй. Яагаад тендерийн материалд ийм өөрчлөлт орсон бэ гэвэл өрсөлдөөнд харш байж магадгүй байсан, “П” ХХКнь өмнөх оны тендерийг авсан байсан буюу зах зээл дээр давуу байдалтай байсан зэргээс шалтгаалсан. Марш /Marsh/ өөрийн зах зээлээ хумьсан байж байгаад тендер зарлах өдөр бусад брокеруудын боломжийг хязгаарлахгүйн тулд үнийн санал авуулах зорилгоор тодруулга оруулсан.

Манай өмнө оны даатгалын гэрээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох байсан. Бидэнд хэрэгтэй байсан зүйл бол 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд манай даатгал давхар даатгалд нь байршчихсан байх. Тэр л бидэнд чухал болохоос биш тендер зарласан өдөр байршуулсан эсэх бол ач холбогдолгүй. Давхар даатгагч нар нь олон байна. Брокер нь ганц байна гэдгийг талууд бүгд мэднэ. Тэгсэн хирнээ өмгөөлөгчдөө яагаад худал мэдээлэл өгөөд байгаа юм бэ. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Гуравдагч этгээд “Б д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б д” ХКнь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А, Б заалтыг хангахгүй байгаа буюу тус компани нь Казакстан /Оросын зах зээлийн бүсэд хамаарах/ AON брокероос баталгаажуулаагүй давхар даатгалын үнийн саналтай тендерт оролцсон” хэмээн буруутгажээ. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А-д “Лондон түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлийн олон улсын даатгалын зах зээлд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө агаарын хөлгийг 100% байршуулах талаар давхар даатгалын брокерын баталгаа бичиг, орчуулгын хамт”, 12.1Б-д “Давхар даатгалын брокероос тус компанид санал болгож буй даатгалын хамгаалалт бүхий “слип гэрээ”-ний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт, орчуулгын хамт” гэж тус тус заасан байна. Энэхүү зохицуулалтаас үзвэл давхар даатгалын брокер нь ямар зах зээлийн бүсэд хамаардаг байхыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгайлж заагаагүй, харин тухайн брокер нь А зэрэглэлийн олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулах талаар баталгаа бичиг, орчуулгын хамт ирүүлсэн байх”-ыг шаардсан. Тиймээс “Оросын зах зээлийн бүсэд хамаарах AON брокерын үнийн саналтай тендерт оролцсон” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Казакстан улсын AON брокер нь Их Британи дахь AON корпорацийн охин компани бөгөөд үүнийг нотолж тус корпорациас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн албан захидлыг шүүхэд хүргүүлсэн болно. Мөн Их Британи дахь AON корпорациас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн албан захидлаар А зэрэглэлийн олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулсан болохоо илэрхийлсэн билээ. “Б д” ХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1Б-д зааснаар даатгалын хамгаалалт бүхий “слип гэрээ”-ний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт, орчуулгын хамт Тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа:  “Нэхэмжлэгч “П” ХХК нь “... Б*******” ХК болон “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-тай байгуулсан 2021 оны  МИАТ/202102096 дугаартай Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ  үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үнпэслэлтэй адил гэжээ.

Иймд гуравдагч этгээд “Б д” ХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбараа дэмжихийн зэрэгцээ нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Энэхүү Тендер шалгаруулах ажиллагаанд Б******* ХК болон “П” ХХК гэсэн хоёр даатгалын компани оролцсон бөгөөд “П” ХХК гэсэн хоёр даатгалын компани оролцсон бөгөөд “П” ХХК нь 6.2 тэрбум “Б д” ХКнь 6.1 буюу 79 сая төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн болно.

Түүнчлэн ТШӨХүснэгтийн 12.1-Е-д заасан “нөөц сан-3 тэрбум” байх шаардлагыг “П” ХХК нь хангаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1А, Б заалтуудыг хангаагүй “Б д” ХК-ийг тендерт шалгаруулсан гэж маргаад байгаа. “Б д” ХК-ийн AON брокер нь Оросын зах зээлийн бүсэд хамаардаг. AON брокер нь баталгаажуулаагүй үнийн саналтай энэ тендерт орсон гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Энэ өгүүлбэрээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна гэх агуулга харагдаж байна.

12.1А заалтад тухайн даатгалыг олон улсын А зэрэглэлийн зах зээл дээр байршуулах тухай брокерын захидал байхыг л шаардсан Нэхэмжлэгч талын тайлбарт “брокер нь өөрөө олон улсын А зэрэглэлийн зах зээл дээр ажилладаг байх” гэж заасан зүйл огт байхгүй. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр брокерт нутаг дэвсгэрийн хүрээнд хаана байхыг нь огт заагаагүй. Гол нь олон улсын А зэрэглэлийн зах зээл дээр байршуулах тухай брокер нь илэрхийлсэн байна гэж заасан. Нэхэмжлэгч талаас тайлбартаа AON брокерыг Оросын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаад байна. AON брокер нь Лондон /London/-д төвтэй олон улсын зах зээл дээр ажилладаг компанийн салбар мөн гэдгээ илэрхийлсэн захидлыг бидэнд ирүүлсэн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд салбараас баталгаат үнийн санал авч болохгүй гэж заасан зүйл байхгүй. Брокероос л санал авах тухай заасан. Брокер нь олон улсын зах зээл дээр ажилладаг байх, олон улсын зах зээл дээр хөрөнгө байршуулах гэх хоёр тусдаа ойлголтыг ялгаж ойлгохыг шүүхээс хүсэж байна. Оросын зах зээл дээр байршуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч талаас манайхыг баталгаажуулаагүй үнийн санал авсан гэх тайлбарыг өгөөд байна. Хуульчдын дунд батлагдсан, баталгаажуулаагүй гэх зэрэг маргаан их өрнөдөг. Батлагдсан гэх ойлголтыг нотариатаар гэрчлүүлсэн, тамга тэмдэг дарагдсан байх зэргээр ойлгодог. Нэхэмжлэгч талын ярьж байгаачлан гарын үсэг зурагдсан байх, тамга тэмдэг дарагдсан байх зэрэг нарийвчилсан шаардлагыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагаагүй.  Баталгаат захидлыг өгнө гэж л заасан. Баталгаат захидал гэдэг нь энэ тендерийг Лондон /London/-ийн А зэрэглэлийн дүйцэхүйц зах зээлд байршуулахаа илэрхийлсэн байна гэсэн. Энэ шаардлагыг хангаж, өөрөөр хэлбэл, байршуулах талаар илэрхийлж, Казакстаны талаас гарын үсгээ зурж, тамга даран цахимаар захидлаа ирүүлснийг бид орчуулж, нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн. Батлагдсан, баталгаажуулаагүй гэх ойлголтын талаар талууд маргаантай байгаа энэ тохиолдолд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасныг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

12.1Б заалтад слип гэрээний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт, орчуулгын хамт өгөхийг шаардсан. Энд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан баталгаатай байна гэх зэрэг шаардлага тавиагүй. Яг энэ шаардлагын дагуу гуравдагч этгээд слип гэрээний төслийн хувийг баталгаат орчуулгын хамт шүүхэд гарган өгсөн. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гуравдагч этгээдээс өгсөн AON-ий үнийн саналтай холбоотой өөр “А*******” /A*******/ гэх давхар даатгагчийн үнийн саналыг хольж яриад байна. Тэр бол өөр зүйл. 12.1А-д заасан брокерын санал нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн огноотой байна. Энд Лондон /London/ болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлийн зах зээл дээр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 100% байршуулахыг үүгээр баталгаажуулж байна гэсэн байна. Зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй үйл баримтуудыг сөхөж тайлбарлаад байх шиг байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Б д” ХК-ийг буруутгасан тайлбарууд нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар бүх тендерээс татгалзаж, дахин тендер явуулах ёстой байсан гэж хэлж байгаад тайлбар хэлье. “П” ХХК тендерт шалгарахгүй бол бусад оролцогчид ялахгүй гэх санаа л яваад байх шиг байна. Шаардлага хангасан тендерийн материалууд ирсэн байхад ганцхан “П” ХХК шаардлага хангаагүй байна гээд бүх тендерээс татгалзах юм байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх эсхүл зөрчигдөж болзошгүй байх ёстой. Энэ мэтчилэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх маш олон үндэслэл байсан. Давхар даатгалын гэрээтэй холбоотой ямар баримтуудыг өгсөн талаар манай төлөөлөгч А.С тайлбарлана” гэв.

Гуравдагч этгээд “Б д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие “Б д” ХК-ийн давхар даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилладаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09/780 албан тоотоор тендерийн баримт бичигт өөрчлөлт орсон. Үүнийг тендерт оролцогчид бүгд мэдсэн ба түүний дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Манай тал тендерийн баримт бичигт заасан материалыг бүрэн хангаж оролцсон учраас уг тендерт шалгарсан. “П”  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тэр чигтээ гүтгэлэг байна.

12.1А, Б заалтуудад заасныг “Б д” ХК хэрхэн хангасан талаар тайлбарлая. 12.1А заалтад “Лондон түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлийн олон улсын даатгалын зах зээлд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө агаарын хөлгийг 100% байршуулах талаар давхар даатгалын брокерын баталгаа бичиг, орчуулгын хамт” ирүүлэхийг шаардсан. Манай талаас уг шаардлагыг бүрэн хангасан баримт бичгүүдийг гаргаж өгсөн. Захидлууд бүгд нотариатаар гэрчлүүлсэн ба шаардагдах тамга, тэмдгийг дарсан байсан.

Нэхэмжлэгч талаас Оросын зах зээл болон дэлхийн зах зээлтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбар өглөө. Брокер нь хэн байх болоод нутаг дэвсгэрийн санал аваагүй. Нийт 120 улсад салбартай. Тэгээд бүс бүсийнхээ дагуу ажиллагаагаа хариуцаад явна. Энэ ямар давуу талтай вэ гэхээр цагийн зөрүү. бүслэлтийн оффисууд ойрхон гэрээний үйл ажиллагаанд оролцдог нь ямар давуу талтай вэ гэдгийг жишээ авч тайлбарлавал: бид Лондон хотод байгаа харилцагчтай харилцаад харилцагч нарт ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд бид шууд Лондонд ажлын цаг дууссан байж байгаа. Тэр үед бид бүсийн хариуцаж байгаа оффист дэвшүүлнэ. Иймэрхүү байдлаар бид бүх асуудлаа олон талын харилцаагаар шийдэж явдаг. Монгол улсыг багтаагаад төв Азийг хариуцсан салбар нь Казакстанд байгаа салбар шүү гээд бид нар олон удаагийн албан захидлаар, олон удаагийн цахимаар баталгаажуулсан. Америкт үзүүлдэг бидний тайланг явуулсан. Бид нар түүнийг нь орчуулаад хавсаргасан байгаа. Үүнийг Оросын зах зээл гээд бүртгээд байгаа. Түүнд байршуулалтын хувьд Оросын зах зээл гэхээр манай давхар даатгагч нарын дунд орос ганц ч хүн байхгүй. Хэрэв Казакстан гэдэг үгийг хараад Орос гэж бодож байвал маш том боловсролын асуудал болж байна. Хамгийн сүүлийн байдлаар бид AON-ийн гүйцэтгэх захирлаас захидал ирснийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа” гэв.   

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендер угаасаа дандаа цахимаар явдаг болсон. Тэрийг цаасаар өгнө гэсэн ойлголт байхаа больсон. Тендерт шаардлагатай 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олон улсын Лондон болон түүнтэй дүйцэхүйц А зэрэглэлийн зах зээлд байршуулна гэсэн албан мэдэгдлээ өгсөн. Өнөөдрийн байдлаар 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардлагатай байгаа зах зээлд байршсан. Тендерийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Захиалагчаас зарласан тендер нь нэлээд том үнийн дүнгээр тавигддаг. Гэхдээ энэ нь гадагшаа мэргэжлийн маш өндөр үйл ажиллагаа байх шаардлагатай байдаг. Нэг талаараа гадны брокеруудтай харьцахаас гадна. Маш олон давхар даатгалуудтай харьцдаг. Үүнд жишээлбэл захиалагчтай холбоотойгоор Монголын иргэний агаарын тээврээр зорчиж байгаа зорчигчдын асуудал болоод хэдэн зуун саяын үнэлгээтэй онгоцны асуудал яригдана. Үүнийг зөвхөн МИАТ ТӨХК гэлтгүй монголын хамгийн том авиа компанийн тендер шалгаруулалт байгаа юм. Үүнд маш том давхар даатгалтай мэргэжлийн баг үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Үүнд 20 жил хариуцаж байгаа байгууллага юм. Нөгөө талын тайлбарыг харахад албан захидлыг ойлгох зайлшгүй шаардлагатай. Тендерт өгсөн материал буюу амлалт байгаа. Өнөөдрийн хувьд түүнийгээ бүрэн биелүүлсэн. Олон улсын зах зээлд бүрэн байршуулж үүргээ гүйцэтгээд чадвараа нотолж байгааг нэмж хэлмээр байна. Нэхэмжлэгч талын тайлбаруудаас үзвэл маш олон буруу мэдээлэл өгч байна. Энэ байдлаараа МИАТ ТӨХК-ийг төлөөлөх юм бол маш том асуудлууд үүсэх магадлалтай байна. Тендерийн өгөгдлийн хүснэгтийг үндэслэсэн гэж үзэж байгаа. Мөн хүлээсэн үүргээ хүртэл биелүүлсэн байгаа шүү гэж хэлмээр байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч “П” ХХК МИАТ/202102096 тоот “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” тендерт Б******* ХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэр, МИАТ ТӨХК болон “Б д” ХК-ийн  хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа бичсэн бөгөөд харин даалгах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбарынхаа төгсгөлд дурдсанаар “...тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах” шаардлага гаргасан гэж үзэж хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэв.

Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ТӨХК-аас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” нэртэй МИАТ/202102096 тоот тендер зарлаж, мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээж, 6 дугаар сарын 24-ны өдрийн тендерийн Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн “Б д” ХК-ийг шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож, захиалагч энэхүү Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээ байгуулсан байна.

Уг тендерт “Б д” ХК болон “П”  ХХК-иуд өрсөлдөхөөр материалаа ирүүлжээ.

Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар[1] тендерт материалаа ирүүлсэн дээрх 2 компанийн материалыг хянан үзэж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Б д” ХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгон захиалагчид зөвлөмж хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна.”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж хуульчилжээ.

Тендерт оролцсон дээрх 2 компанийн ирүүлсэн тендерийн үнийг харьцуулахад “Б д” ХК6198949158 төгрөг, “П” ХХК6278131521 төгрөгийн үнийг санал болгож “Б д” ХК-ийн ирүүлсэн үнэ нэхэмжлэгчийн ирүүлсэн үнээс бага байсан тул хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компани Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн 12.1-ийн “е”-д “Нөөц сан-3 тэрбум төгрөгөөс багагүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй нь тус компанийн тендерт шалгарахгүй байх өөр нэг үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч “П” ХХК Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үл зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/4053[2] дугаар албан бичгээр нөөц сан 3 тэрбум төгрөг байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гэж дурдаж хариуг хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тендерт оролцогчийн гомдлыг хянаж Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй талаар аргазүйн зөвлөгөө бүхий хариу хүргүүлсний дагуу үнэлгээг хийсэн Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн 12.1-ийн “а”-д “Лондон, түүнтэй дүйцэхүйц олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулсан талаарх нотолгоо буюу тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал, орчуулгын хамт;”, 12.1-ийн “б”-д “Агаарын хөлгийн олон улсын зах зээлд бүрэн байршуулсныг баталгаажуулсан “слип гэрээ”-ний хувь, түүнийг баталгаажуулсан байдал;” гэсэн шаардлагыг хангаагүй буюу давхар даатгалын баталгаажуулаагүй үнэтэй тендер ирүүлсэн байхад “Б д” ХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэж маргаж байна.

Тендерийн шалгаруулалтын явцад Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн зарим шалгуур үзүүлэлтийн талаар нэхэмжлэгч компаниас гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хянаж ТШӨХ-д зарим өөрчлөлт оруулан тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх талаар 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 01/1164 дугаар албан бичгээр[3] хариу хүргүүлжээ.

Үүний дараа захиалагчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/780 дугаар “Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.3, 4.4(б), 12.1-ийн А болон Б-д өөрчлөлт оруулан энэхүү өөрчлөлтийн талаар “tender.gov.mn” цахим сайтад байршуулан тендерт оролцогчдод мэдэгдсэн байна.

Энэхүү өөрчлөлт нь гуравдагч этгээд “Б д” ХК-ийн гомдлын дагуу ТШӨХ-ийн 12.1-ийн “а”-д “Лондон, түүнтэй дүйцэхүйц олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулсан талаарх нотолгоо буюу тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал, орчуулгын хамт;”, гэснийг “Лондон түүнтэй дүйцэхүйц олон улсын зах зээл дээр хөрөнгөө 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 100% байршуулсан байх...” гэж,  “б”-д “Агаарын хөлгийн олон улсын зах зээлд бүрэн байршуулсныг баталгаажуулсан “слип гэрээ”-ний хувь, түүнийг баталгаажуулсан байдал;” гэснийг “...давхар даатгалын брокероос тус компанид санал болгож буй даатгалын хамгаалалт бүхий “слип гэрээ”-ний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт орчуулгын хамт ирүүлэх” гэж өөрчлөгджээ.

Харин ТШӨХ-ийн 12.1-ийн “А”, “Б”-д тавигдах шаардлагыг Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлэхдээ нэмэлт өөрчлөлт орсон байдлаар бус анх тавигдсан шаардлагаар танилцуулсан нь  хурлын тэмдэглэлд туссан байх бөгөөд нэгэнт энэ хэсэгт орсон өөрчлөлт нь нийтэд илэрхий болсон байхад хурлын тэмдэглэлд ийнхүү туссан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан талаар нэхэмжлэгч компанид албан бичгээр мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Энэ нь тендерийн баримт бичигт анх түншлэл хэлбэрээр орох талаар тусгаагүй байсан, энэ талаар тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж түншлэл хэлбэрийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч уг тендерт түншлэлээр оролцсон тиймээс тендерийн баримт бичигт орсон өөрчлөлтийг мэдээгүй гэдэг худлаа гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбараар няцаагдаж байна.

Цахим тендер шалгаруулалттай холбоотой захиалагчаас гарч байгаа аливаа шийдвэрийн талаар тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой www.tender.gov.mn сайтад байршуулсан захиалагчийн үйлдлийг буруутгахааргүй байна.

Өөрөөр хэлбэл захиалагч ТШӨХ-д өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн байна харин тендерт оролцогч энэ талаар мэдсэн байх нь түүний эрх ашигт нийцэхээс бус ямар байдлаар мэдэгдсэн, болон мэдээлэл авсан нь чухал бус тухайн тохиолдолд нэхэмжлэгч компани энэ талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. 

Түүнчлэн захиалагч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 12.1-ийн “а”-д “Лондон, түүнтэй дүйцэхүйц олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулсан талаарх нотолгоо буюу тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал, орчуулгын хамт;” гэснийг “Лондон түүнтэй дүйцэхүйц олон улсын зах зээл дээр хөрөнгөө 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 100% байршуулсан байх...” гэж, , 12.1-ийн “б”-д “Агаарын хөлгийн олон улсын зах зээлд бүрэн байршуулсныг баталгаажуулсан “слип гэрээ”-ний хувь, түүнийг баталгаажуулсан байдал;” гэсэн шаардлагаа “...давхар даатгалын брокероос тус компанид санал болгож буй даатгалын хамгаалалт бүхий “слип гэрээ”-ний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт орчуулгын хамт ирүүлэх” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд нэхэмжлэгч компани уг шаардлагыг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрхийн хүрээнд тендер шалгаруулалтыг явуулах тендерийн баримт бичигт тавигдах шаардлага, нөхцөлийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн захиалагчид байна.

Мөн Үнэлгээний хороо AON Лондон төвөөс AON Казахстан нь AON корпорацийн салбар компани ба төв Азийн бүс /Монгол улсыг багтаагаад/-ийг хамаардаг болохыг баталгаажуулсан албан захидлыг “Б д” ХК тендерийн баримт бичигтээ ирүүлснийг шаардлагад нийцсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

  Дээрх ТШӨХ-ийн 12.1-ийн “а”-д заасан шаардлагын дагуу AON Их Британи Лимитэд брокероос “...хэрэв AON….  “Б д” ХК-тай...давхар даатгалын брокероор сонгогдвол, AON Их Британийн Агаарын тээвэр хариуцсан хэлтэс нь AON Казахстан оффистой хамтран энэхүү давхар даатгалыг бүрэн хариуцан ажиллах болно.” гэсэн агуулга бүхий захидлыг[4] 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, мөн AON UK агаарын тээвэр хариуцсан газраас[5] 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “....AON Казахстан нь AON корпорацын охин (салбар) компани гэдгийг батлаад, эрсдэлийг олон улсын даатгалын зах зээл дээр байршуулснаа мэдэгдэж тус тус захидал ирүүлжээ.

Түүнчлэн ТШӨХ-ийн 12.1-ийн “б”-д заасан “слип гэрээ”-ний төслийн хувь түүнийг баталгаажуулсан хувийн тухайд тухайн гэрээ гарын үсэг тамгагүй байгаа нь шаардлага хангахгүй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл муутай байна.

Дээрх ТШӨХ-ийн 12.1-ийн “б”-д заасан слип гэрээний төслийн хувь түүнийг баталгаажуулсан байдал гэсэн шаардлагаар энэ хэргийн гуравдагч этгээд “Б д” ХКтухайн слип гэрээний төслийн хувь,санал болгож буй хамгаалалтын жагсаалт орчуулгын хамт ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан.

Энэ талаар Сангийн яамны 6-1/4053 дугаар “гомдол хянасан тухай” албан бичгээр “...Б. давхар даатгалын брокероос тус компанид санал болгож буй даатгалын хамгаалалт бүхий “слип гэрээ”-ний төслийн хувь, санал болгож буй хамгаалалтын жагсаалт орчуулгын хамт ирүүлэх” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж худалдан авах ажиллагааны цахим систем  /www.tender.gov.mn/-д байршуулсан байна. Ийнхүү шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзжээ.

Энэхүү AON Их Британи Лимитэд брокероос ирүүлсэн захидалд дурдсанаар AON Казахстан нь AON корпорацийн салбар болох нь нотлогдсон байна.

Нөгөө талаар олон улсын нислэг үйлдэж олон улсын брокер, давхар даатгал оролцож зорчигчдын амь нас аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулан хийгддэг онцгой ажиллагааг эрхэлдэг байгууллагын хувьд захиалагчийн тендерийн баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлж тендерийн материалаа ирүүлсэн эсэхийг үнэлэх эрх бүхий Үнэлгээний хороо тендерт оролцогч “Б д” ХК-ийн ирүүлсэн материалыг хянан үзэж шаардлагад нийцсэн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд талуудын тайлбаруудаар нотлогджээ.

Тодруулбал ТШӨХ-ийн 12.1-ийн “а”, “б”-д өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдээгүй, “tender.gov.mn” сайтад байршуулсан нь мэдэгдсэн гэж үзэхгүй, “Б д” ХК-ийн AON Лондон төвийн салбар нь AON Казахстан мөн болохыг хангалттай нотлоогүй, хариуцагчийн тайлбарт дурдсанаар энэ нь салбар компани биш охин компани байсан,  баталгаажуулаагүй давхар даатгалын үнийн санал ирүүлсэн байхад шалгаруулсан нь хууль бус,нөөц сан 3 тэрбум төгрөг гэж шаардлага тавьсан нь судалгаагүй, үндэслэл муутай байсан, ТШӨХ-ийн 12.1-ийн “А”, “Б”-д өөрчлөлт оруулсан талаар үнэлгээний хорооны хуралд анх тавигдсан шаардлагыг танилцуулж хэлэлцсэн нь хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.           

Нэхэмжлэгч “П”  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хамгийн гол нөхцөл болох үнийн саналаар шалгаруулаагүй үндэслэл хуулийн зохицуулалттай нийцсэн бөгөөд Үнэлгээний хорооны хурлын шатанд ТШӨХ-ийн өөрчлөлтийг буруу танилцуулсан, нөөц санг 3 тэрбум төгрөгөөр тогтоосон нь судалгаа муутай байсан, олон улсын зах зээл дээрх брокер, давхар даатгалын эрх зүйн байдал тодорхойгүй гэх шалтгаанаар уг тендерийг хууль бус гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Захиалагч МИАТ ТӨХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд 2021-2022 оны “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын тендерийг зарлаж тендерийн баримт бичгийг боловсруулан тендерт оролцогчдыг нээлттэй өрсөлдүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдсонгүй.

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч гуравдагч этгээдийн хооронд байгуулсан МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээ бол захиргааны гэрээ биш...энэхүү гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.” гэх тайлбар үндэслэлгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын хүрээнд явагдсан тендер шалгаруулалтын үнэлгээний үр дүнд хийгдсэн гэрээ нь үнэлгээний хорооны болон захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт үндэслэн хийгддэг тендер шалгаруулалтын үйл ажиллагаанаас салгаж үл болох захиргааны гэрээ болно.

Өөрөөр хэлбэл энэхүү ажил гүйцэтгүүлэх гэрээг Үнэлгээний хорооны шийдвэрээс салгаж авч үзэн иргэний эрх зүйн харилцаанд хамааруулснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хэргийн оролцогчийн эрх сэргэх, эсхүл хариуцагчид холбогдуулан гаргасан даалгах шаардлага хэрэгжих үр дүнд хүргэхгүй үр дагавартай тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх тайлбар үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр МИАТ ТӨХК-ийн зарласан МИАТ/202102096 тоот “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” тендерт “Б д” ХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэр, МИАТ ТӨХК болон “Б д” ХК-ийн  хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь;

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 46 дугаар зүйлийн 46.1.4, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.2-т тус тус заасныг үндэслэн МИАТ/202102096 тоот “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал” тендерт “Б д” ХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэр, МИАТ ТӨХК болон “Б д” ХК-ийн  хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн МИАТ/202102096 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах “П”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

             

           

 

 

[1] 1 1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас

[4] 3 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[5] 3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас