Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2019/00091/И |
Дугаар | 91 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 91
2019 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 104/ШШ2019/00091 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* Т.Б /РД: **********/-ын
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух Ж.Б /РД: **********/-ээс
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2013 онд танилцаад 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуримаа хийж, охин Б.А төрсөн. Хамт амьдрах хугацаанд маш их харддаг байсан. Үүнээс болоод гэрээсээ ч гарч чадахгүй, сурч боловсрох ч боломжгүй болсон учраас 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тусдаа амьдарсан. Өмнө нь маргалдаад 3 сар тусдаа амьдарсан. Гэхдээ буцаж нийлээд хамт амьдарсан боловч таарч тохирохгүй салсан. Энэ хүн өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлахгүй, ухаарч ойлгохгүй манай ээжийг хүртэл элдэв бусаар хэлж намайг зоддог байсан. Бид хоёр салаад олон сар болоход нэг удаа ч болов уучлалт гуйж ирээгүй. Одоо би өөр хүнтэй тайван сайхан амьдраад 7 сар болж байна. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж охин Б.Аыг миний асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би уучлалт гуйхаар зөндөө очсон. Очихоор хаалга үүдээ онгойлгож өгөхгүй байдаг байсан. Яг үнэндээ маргаан болоход ганц түлхэж унасныг зодуулсан гэдэг. Бид анх 2013 онд фэйсбүүкээр танилцаад уулзаж үерхээд хамт амьдарсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш уучлалт гуйгаад ирээгүй. Хардаж сэрдэх асуудал өөрөөс нь л болсон. Энэ хүн 07 дугаар сараас хойш өөр хүнтэй хамтран амьдарч байгаа болохоор эвлэрч хамт амьдрах боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Гэрлэгчид 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн бүртгэж гэрчилгээ олгогдсон, охин Б.А төржээ.
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан “бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх,...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, ...аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс 2018 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч өөр хүнтэй эр эмийн харьцаатай болж улмаар нэг гэрт ханилан суусан талаар зохигч тайлбарлан мэдүүлсэн.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар эхнэр Т.Б өөр бусадтай эр эмийн харьцаатай, нэг гэрт ханилан суусан, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй харилцан тохиролцсон учраас хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Ж.Бээр тэжээн тэтгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар ******* Т.Б, Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Аыг эх Т.Бийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-.т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Аыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50/тавь/ хувь, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Бээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 /нэг зуун далан зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Бээс 176.270 /нэг зуун далан зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бөд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ