Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1382

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022             11             07                                            2022/ШЦТ/1382

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Энхбат,   

шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч М.Н,

шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******,******* нарт холбогдох эрүүгийн 2202000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Пийн А /РД:**0000000/,

Монгол улсын иргэн, *** оны * дугаар сарын **-ний өдөр *** хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын график-дизайнер мэргэжилтэй, “А” ХХК-нд График дизайнер мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар “Бичил” хороолол, Хасбаатарын гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол  дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

 

2. Шань овогт Сын Х /РД:**00000000/,

Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, Нийтийн тээврийн 0 дүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Зүүн баян цагаан 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч *******,******* нар нь “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 4,171.2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан,

Уг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан 4,171.2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 УНБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч *******,******* нар нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 4,171.2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан түүхий эдийг урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 УНБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн сандал доор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Баас 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан: “..2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хот руу орох замд 17-94 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай байж болзошгүй өвс гэх зүйлийг хадгалсан хүн байна..” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Петро Лайн” шатахуун түгээх станцын орчимд зогсож байсан 00-00 УНБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 01 цаг 15 минутаас 01 цаг 49 минутын хугацаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Үзлэгээр: №1 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай, 2,095 грамм өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай 2,085 грамм өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 320 грамм өвс мэт зүйлийг хураан авсан, мөн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулсан гэсэн /хх-ийн 6-10-рр хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч М.Аын 2022 оны  оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4377 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “1”, “2”, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтанд хамаарна.

4.“1” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2056,2 грамм, цэвэр жин нь 1953,4 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2001,4 грамм, цэвэр жин нь 1922,0 грамм, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 295,8 грамм, цэвэр жин нь 266,6 грамм тус тус байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57-р хуудас/,

-“00-00 УНБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлс”-т шинжилгээ” хийсэн шинжээчийн 4377 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-р хуудас/,

-******* нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “..урьдчилсан байдлаар ТНС илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р хуудас/,

-С.Х нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “..урьдчилсан байдлаар ТНС илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21-р хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч М.Арвижихын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4312 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр шинжилгээнд тэнцэнэ.

2. “******* **00000000 2022.09.03” гэж хаягласан шээс, “Сүхбаатар Х **000000000” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/,

-2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 295 дугаартай тогтоол /хх-ийн 4-5-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 38-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед өөрийн найз болох*******тай гэрийнхээ гадаа уулзаад бид хоёр юм ярьж байгаад “өвс" гэх зүйлийн талаар ярилцаж байгаад хоёулаа гэнэт Төв аймгийн Батсүмбэр суманд ургадаг гэх өвсний талаар ярилцаж байгаад очиж түүхээр болоод явахаар болсон. Тэгтэл******* чиний машинтай явах уу гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн түр унаж байгаа найз Тамирын Тоёота Приус-30 загварын 00-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид хоёр 22-ын товчоогоор тойрч Төв аймгийн Батсүмбэр сум руу 16 цагийн үед явсан, бид хоёр шууд хойшоо Батсүмбэр сумын төв ороод сумаас жоохон хойшоо даваад явж байхад ““өвс” ургасан байна энд байна” гэж******* хараад таньсан. Тэгээд бид хоёр зам дээр зогсоод угаасаа “өвс” түүх гэж явсан болохоор гялгар уут бэлдсэн байсан. Тэр гялгар уутнуудаа нэг, нэгээр нь аваад түүсэн. Бид хоёр 10-20 минутын хооронд л үүсэх байх, шар торны талаар түүсэн, нийлүүлж хийвэл бараг нэг шар тор дүүрэхээр байсан. Би машиндаа суугаад машинаа бариад явсан, хойд талын суудал дээр******* суугаад нөгөө түүсэн гялгар ууттай “өвс”-нүүдээ гурван хэсэг болгон гялгар уутанд хийж боогоод гадуур нь скочдож байсан. Бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явахад яг гэгээ тасарч байсан. Тэгээд Улаанбаатар хот руу орох гээд салдаг уулзвар луу дөхөөд цагдаа зогсоогоод шалгаж, суудал доороос “өвс” олж авсан юм..” гэж /хх-ийн 210-211-р хуудас/ мэдүүлж байсан,

Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн: “..2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад миний ажил дуусаад бууж, найз Аын гэрт нь очсон, бид хоёр юм ярьж байгаад “өвс”-ний талаар яриад нэг явчхаад ирэх талаар хоорондоо ярилцаад явахаар болсон. *******ын унаж байгаа машинтай явахаар болж шар өнгийн гялгар уут дэлгүүрээс хальт зогсож аваад Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Бид хоёр 22-ын товчоо гараад 61-ийн гармаар тойрч явсан. Тэгээд Батсүмбэр сумын төвийн голоор нь явж сумын төвөөс гарч баруун хойшоо 10 орчим км явж байхад замын хажуу руу харсан чинь нөгөө “өвс” нь ургасан байхаар нь энд байна гэж хэлээд *******ыг зогсоогоод бид хоёр түүхээр болсон. Бид хоёр нэг, нэг шар тор авч буугаад 10-20 минут орчим түүгээд шар өнгийн гялгар уутны талаар нь шахуу түүгээд машиндаа ирээд нэг гялгар уутанд хийхэд шар гялгар уут дүүрч байсан. Тэгээд ******* машинаа бариад би арын суудал дээр суугаад түүсэн “өвс”-өө гурван хэсэг болгон жижиглэж гялгар уутанд хийж, скочоор ороож, арын суудал доогуур хийгээд явж байсан. Тэгээд Улаанбаатар хот руу орохоор Гүнтийн замтай нийлдэг хэсэг рүү дөхөж иртэл цагдаа нар зогсоож шалгаад баригдсан юм...” гэж /хх-ийн 224-225-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *******,******* нарын бэлтгэж хадгалсан өвс нэршилтэй ургамал нь Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хэмээх бодис агуулсан бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1999.04.22-нд соёрхон баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодис /хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг хямраах чадвартай, эсхүл ...II.. жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай бодис/ болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд болох хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодисын агууламж бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нарыг тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйлдлийн шинж байхгүй гэж маргасан ч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үздэг тул хадгалсан шинжтэй гэж үзсэн.

Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн хамтарсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. 3.7 дугаар зүйлийн 1 “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.

Мөн түүнчлэн дээрх бодис агуулсан өвс нэршилтэй ургамлыг түүж бэлтгэн улмаар өөрсдөө хэрэглэн, цаашид хэрэглэх зорилгоор тээврийн хэрэгсэлдээ нууж авч явж байгаа /суудлын доор хийсэн/ үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангаж, үргэлжилсэн гэмт хэрэг болж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнтэй нийцэж байна гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч *******,******* нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 1.5. Хохирол, хор уршиг

 Шүүгдэгч *******,******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Энхбат би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Үндсэн хуулийн тавин зургаадугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч*******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцож, санаатай бүлэглэж 4 кг 171 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, байдал нь олон нийтийн ашиг сонирхлыг эсрэг харилцааг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Түүнчлэн нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд тулгарч буй хор хохирол, үр дагавар нь нийтийн эрх ашигт ноцтой аюул учруулж болохуйц байна. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Шүүгдэгч нар нь хэн аль нь бусдад төлөх төлбөр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Өнөөдрийн шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулж байгаа тул эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулъя. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. *******,******* нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хувийн байдлыг дурдвал ******* нь 34 настай, дээд боловсролтой, компьютерын график, дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мөн хувийн компанид график дизайнаар ажилладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял оногдуулахад харгалзан үзсэн. Шүүгдэгч*******ын хувьд 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа зөвшөөрч оролцдог байдлыг эрүүгийн хариуцлага, ял оногдуулахад харгалзан үзсэн. Шүүгдэгч *******ын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй.  Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 00-00 УБН улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ зах зээлийн ханшаар 14.275.010 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч эзэмшлийнх биш бусдынх ч гэсэн тухайн тээврийн хэрэгслийг төлбөрийг шүүгдэгч нараас гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байгаа. Энэ үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 14.275.010 төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч *******,******* нараас гаргуулж улсын орлогод оруулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч *******,******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,  мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 боодол бүхий өвс байгаа. 1.954,4 грамм, 1.922 грамм, 295,8 грамм нийт 4 кг 171 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай өвс нэршилтэй өвс нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н: Миний үйлчлүүлэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Тэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна. Би хуульч хүний хувьд өөрөө дүгнэлт хийгээд энэ өвсийг хадгалахдаа машинд хадгалаагүй, машинд тээвэрлэж авч явсан байна гэж үзэж байгаа. Мөн бэлтгэсэн байна, олж авсан байна, биедээ хадгалсан байна. Машин бол тээврийн хэрэгсэл, сууж явж байгаа учраас тээвэрлэсэн болно. Би *******аас асуусан, хаана авч явсан бэ гэхэд ороод сандал доороо тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандаж хэлэхэд гэм буруутайд тооцохдоо бэлтгэсэн, олж авсан, биедээ хадгалсан гэдгээр гэм буруутайд тооцож өгнө үү гэж хэлэх байна. Миний үйлчлүүлэгч *******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй. ******* маань энэ хэрэгт  хайхрамж, болгоомжгүй, хэнэггүй байдлаасаа болоод орчихсон гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтийг хэлж байна. ******* бол өвс хэрэглээд явдаг, өвснөөс хамааралтай болсон хүн биш. Энэ нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа. ******* нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө үйлдэлд чин санаанаасаа гэмшиж яваа. Цаашид өвс гэх зүйлээс хол явна гэдэг мөрдөн байцаалтын шатанд ч илэрхийлж байсан. Шүүхийн шатанд ч мөн илэрхийлж байна. Хүн алдаа гаргаж болно, хамгийн гол нь энэ алдаагаа дахин давтан гаргахгүй байх нь чухал. Тэгэхээр дахин алдахааргүй том сургамжийг авлаа гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. ******* нь айлын ганц эрэгтэй хүүхэд, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг хүн. Эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суух хаягтай. ******* урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 2 төрлийн ялтай. Зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялтай юм байна. *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон байдлыг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Улаанбаатар хотын хил, хязгаараас гадагш гарахгүй байхаар хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү. Анх удаагаа алдсан энэ залууд шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.С: М.Н өмгөөлөгчтэй давхацуулахгүйгээр ярина. Яагаад гэвэл 2 шүүгдэгч маань эсрэг сонирхол байхгүй, хэн аль нь олон хүүхэдтэй, өрх гэрээ авч явдаг залуу хүмүүс байгаа.******* нь мансууруулах бодист донтсон гэх шинж тэмдэг байхгүй байна гэж Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт гарсан байгаа. Энэ маань өөрөө мэргэшсэн жолооч мэргэжилтэй, Автобус 1 дүгээр баазад жолооч ажилтай. Автобус 1 дүгээр баазын жолооч нар ээлжээр явдаг, өглөө эрт явдаг, эрт буусан нь маргааш оройдоо гардаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар архины хэрэглээ хэрэглэх ямар ч боломжгүй ажил, мэргэжилтэй хүн. Энэ талаар ээж нь хүртэл мэдүүлэг өгсөн байгаа. Ээж нь архи, тамхины хэрэглээ байхгүй гэдгийг нотолсон, хоёрдугаарт ажил мэргэжил нь өөрөө онцлогтой. Тийм учраас би*******ыг архи хэрэглэдэггүй гэдэгт бүрэн итгэж байна. Дараагийн асуудал бол хоёр хүүхэдтэй, хоёр хүүхэд нь ерөнхий боловсролын дунд сургуульд явдаг, эхнэр нь түгээгч хийдэг ажилтай.*******ын хувьд бусдад болон улсад төлөх ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт байгаа. Ийм нэг сайхан элэг бүтэн, залуу гэр бүл байна. Хөнгөн хийсвэр зангаасаа болсон, сонирхлоороо гэж өөрөө мөн хэлсэн байгаа. Одоо 30 гаран нас гэдэг бол юм сонирхох нас биш, би сайн загнасан. Тэгэхээр хөнгөн хийсвэр зангаасаа болж гэмт хэрэгт холбогдчихлоо гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа юм. Автобус 1 дүгээр баазад ажилладаг гэдэг нь нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдоно. Ар гэрийн анхаарал, халамж маш сайн. Энэ гэмт хэрэгт холбогдсон цагаас хойш ээж болон эгч нь байнга утасдаж байдаг. Тэгээд ар гэрийн халамж ийм сайн байхад энэ хүн яагаад ийм хэрэгт холбогдчихсон юм бол гэж боддог. Өөрөө бол маш сайн гэмшсэн байгаа. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон яллах дүгнэлтээр нотлогдож байна. Яллах дүгнэлт болон зүйлчлэлтэй огт маргахгүй. “Дамно” ХХК-ийн 14.275.010 төгрөгийг үнэлгээ дээр маргахгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээсээ үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэх юм бол манай талаас төлнө,  маргахгүй байгаа. Тийм учраас залуу хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Энэ хүмүүсийн хувьд оршин суух хаягтай, ажил төрөлтэй, олон хүүхэдтэй хүмүүс. *******ын хувьд 5 хүүхэдтэй хүн байгаа. Үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх хүн байж ийм гэмт хэрэгт холбогдож байгаа нь болохгүй зүйл. Иймд М.Намжилцогт өмгөөлөгчийн саналыг дэмжээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад өгөөч ээ гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Шүүгдэгч *******,******* нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Өмгөөлөгч нараас хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдал хувийн байдлыг нь харгалзан зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд: сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис нь хуулиар хориглосон, хор уршиг бий болгох аюултай гэдгийг мэдсээр байж урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн зориудаар бэлтгэж, улмаар тээврийн хэрэгсэлдээ нууж авч явж, хадгалж байгаа нь олон нийтийн болон өөрсдийн эрүүл мэндэд аюул учруулах нийгмийн хор аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4312 дугаартай дүгнэлтээр: “******* УЦ88072190 2022.09.03” гэж хаягласан шээс, “Сүхбаатар Х РБ90040311” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн зэргийг дүгнэж үзэн эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 1 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ам бүлийн байдлыг нь харгалзан хөнгөрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Дотно финанс Банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн эзэмшлийн 00-00 УНБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон бөгөөд Дамно ХХК тухайн тээврийн хэрэгслийг 14,275,010 төгрөг гэсэн үнэлгээтэй гэж дүгнэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3. “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” 4. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж зааснаар хууль бусаар ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14,527,010 төгрөгийг шүүгдэгч тус бүрт ногдуулж, шүүгдэгч *******аас 7,137,505 төгрөгийг, шүүгдэгч*******аас 7,137,505 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

   2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2056,2 гармм, цэвэр жин нь 1953,4 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2001,4 грамм, цэвэр жин нь 1922,0 грамм, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 295,8 грамм, цэвэр жин нь 266,6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогт Пийн А, Шань овогт Сын Х нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пийн Ат 1 жилийн хугацаагаар хорих ял,

          Шань овогт Сын Хт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар тээврийн хэрэгслийн үнэ шүүгдэгч *******аас 7,137,505 төгрөгийг, шүүгдэгч*******аас 7,137,505 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2056,2 гармм, цэвэр жин нь 1953,4 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2001,4 грамм, цэвэр жин нь 1922,0 грамм, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 295,8 грамм, цэвэр жин нь 266,6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэд цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тус тус тоолсугай. 

 

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА