| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03216/И |
| Дугаар | 625 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө Х К ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн төлөөлөгч А.Ганболд, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанитай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээний 1.2-т заасны дагуу экскаватор 1052 УНҮ улсын дугаартай техник, норд бенз маркийн 2916 УНС улсын дугаартай ачааны машиныг түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэтэл түрээслэгч Өргөө хийц ХХК 2916 УНС улсын дугаартай норд бензийг ашиглахгүй гэж хэлсний дагуу манай зүгээс 1052 УНҮ улсын дугаартай экскаваторыг нэг сарын 25.000.000 төгрөгөөр ажиллуулсан. Энэ нь 2 сарын хугацаанд ажилласан байдаг. Ажилд гарахаас өмнө гэрээнд заасны дагуу урьдчилгаа 10.000.000 төгрөгийг манайх авсан. Тиймээс 40.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниас 2 сарын хугацаатай экскаватор түрээсэлсэн, норд бензнээс татгалзсан. Экскаваторыг сарын 25.000.000 төгрөгөөр түрээсэлсэн. Ажил хийж байх үед түрээсэлж буй компаниас болж сул зогсолт үүсэх юм бол манайх өөрөө хариуцна, харин эвдрэл гэмтэл гарах юм бол нэхэмжлэгч компани өөрөө хариуцна гэж гэрээнд тусгасан байгаа байгаа. Нэхэмжлэгч компанийн экскаваторын явах эд анги эвдэрч, 10 хоног зогссон байгаа. Үүнийг захирал болон оператор нь мэдэж байгаа. 2 сарын хугацаанд ажил хийлгэхгүй ачна гэх хугацаа 6 хоног, нийт 16 хоног нь өөрсдөөс нь шалтгаалж зогссон хоногт орж байгаа. Тиймээс нийт 44 хоног түрээсийн төлбөр өгөх нь үнэн” гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ө Х К ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө Х К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 24.860.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, 16 хоног сул зогссон төлбөрийн төлөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Доосан 300 DX маркийн УН 1052 улсын дугаартай, экскаваторыг нэг сарын 25.000.000 төгрөг, нийт 5 сарын хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу доосан 300 DX маркийн УН 1052 улсын дугаартай, экскаваторыг нэг сарын 25.000.000 төгрөг гэж тохиролцсон. Гэхдээ мото цаг тооцохгүй, сараар төлбөр төлөхөөр тохиролцсон тул 2 сар бид ажилласан тул 50.000.000 төгрөг шаардах эрхтэй. Урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг хасч, үлдэх 40.000.000 төгрөгийг шаардаж байгаа” гэж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай компанийн хувьд 24.860.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, 16 хоног сул зогссон төлбөрийг төлөх боломжгүй. Би өөрийн гараар сул зогссон өдрийг бичиж, нэхэмжлэгч талын оператор Гонцоожоор гарын үсэг зуруулж, Г ХХК-д өгсөн” гэж тус тус тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч А.Ганболд нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “2018 оны 5 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 28-нд буцаж зогссон өдөр 16 хоног болсон байна. Нийт 44 хоног байна.” гэж бичгийг үйлдэж, түүнд Ганболд, Ганцоож гэж бичжээ. /хх-ийн 9 дэх тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг баримтыг хариуцагчийн уурхайд 2 сар ажилласан болохыг нотлох зорилготой гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгч нийт ажилласан хугацааг гаргасан тооцоо гэх тайлбараас үзэхэд нийт 16 хоног сул зогссон гэж дүгнэв.
Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 2.6-д “Түрээслүүлэгч нь нэг сард техник бүрд 3-4 хоногийн засварын хоногтой байна.”, 2.3-д “...Хэрэв эвдрэл гэмтэл гарсан тохиролдолд өөрийн хөрөнгөөр 3-4 хоногийн дотор засварлан техникийн хэвийн ажиллагааг хангана” гэж тус тус заажээ.
2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 61 хоног байх бөгөөд гэрээнд зааснаар нэг сард засварын хоног 4 хоног, үүнийг 2 сараас тооцоход нийт 8 хоног техникт засвар үйлчилгээ хийхийг зөвшөөрсөн хугацааг сул зогссон хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй байна.
Харин сул зогссон 16 хоногоос үлдэх 8 хоногийг сул зогссон хугацаа гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь нийт 53 хоногийн түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.
Хариуцагч 300 DX маркийн УН 1052 улсын дугаартай, экскаваторын нэг өдрийн түрээсийн төлбөр /50.000.000:61 хоног/ 819.672 төгрөгийг нийт ажилласан 53 хоногийн хугацаагаар тооцож үзэхэд нийт 43.442.616 төгрөгийг түрээс төлөх үндэслэлтэй байх бөгөөд түрээсийн төлбөр 43.442.616 төгрөгөөс гэрээний урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж тооцоход нийт 33.442.616 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ө Х К ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.442.616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.557.384 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Ө Х К ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.442.616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.557.384 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 325.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР