| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1464/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1476 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч М.Н...................г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 0339 51886 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Ма....йн Н...................г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............................................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Н...................г нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .........................-д 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн П.М................ртыг зодож биед тархи доргилт, хэвлийн урд хэсэг, зүүн гуянд цус хуралт зүүн шуунд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч М.Н...................г нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .........................-д 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн П.М................ртыг зодож биед тархи доргилт, хэвлийн урд хэсэг, зүүн гуянд цус хуралт зүүн шуунд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNI13029076 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн...94694010 Дуудлага хүлээн авсан...2022.9.29, 22:41:26 минут...Дуудлагын утга...нэг хүүхэн салаавч гаргаад манай эгчийг цохиод байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал)
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2022 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 32 минут 35 секунтэд дэлгэцийн баруун гол хэсэгт байрлах ширээ сандал дээр үйлчлүүлж байсан цайвар өнгийн үстэй, баруун өнгийн цамц, өмдтэй эмэгтэй дэлгэцийн зүүн доод хэсэгт шар өнгийн үстэй, цайвар өнгийн цамцтай эмэгтэй, шар өнгийн үстэй эрээн цамцтай эмэгтэйн сууж байсан ширээн дээр ирж алаг цамцтай эмэгтэйг үсдэж байгааг харуулав.
-00:39:51 секунтэд шар өнгийн үстэй цайвар өнгийн цамцтай эмэгтэй цайвар өнгийн үстэй бараан өнгийн цамц, өмдтэй эмэгтэй нүүр хэсэгт пивоны бакалаар цохиж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-33 дахь тал)
- Хохирогч П.М................ртын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны орой өөрийн найз Б................н Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Ц...............т төвд байрлах караоке-д төрсөн өдөр тэмдэглэх зорилгоор очсон. Тэгээд бид 2 дундаасаа нэг шил архи хувааж ууж байсан. тэгтэл хажуу ширээнд 2 эмэгтэй байсан ба настай эмэгтэй нь намайг дуулахад гоё дуулж байна гээд алга ташсан Тэгтэл тэр эмэгтэйтэй хамт явсан эмэгтэй нь алга ташсан эмэгтэйг чи намайг дуулахад алга ташихгүй байж өөр хүн дуулахаар алга ташлаа энэ муу надаас дээр дуулна гэж юу байсан юм гэж хэлээд загнаад байсан. Тэгээд тоолгүй үргэлжлүүлээд суугаад байж байтал манай танидаг хүмүүс орж ирчхээд гараад явсан. Таньдаг хүмүүс дунд Б................и гэх эрэгтэй явсан ба Б................иг тэр намайг муулаад байсан эмэгтэй сайн уу юу хийж байгаа юм, манай ширээнд суугаач гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай найз Б................н нь тамхи татах гээд гараад явсан ба Б................и нь бид хоёртой архи авч өгөхөөр нь би чи яваа согтуу маргаан болох бий гээд гаргаад явуулсан. Тэгээд ширээн дээрээ ганцаараа байж байтал нөгөө 2 эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад очсон. Эхлээд би хөгшин эмэгтэй рүү очиж дарж байгаад үснээс нь татаад явсан. Тэр цагаас хойш санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13533 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн талд 0.5х0.3см хэмжээтэй, голдоо ногоон өнгийн идээтэй захаараа хүрэн ягаан өнгөтэй тойроод 2х1.5см талбайд орчны эд овойсон, эмзэглэлтэй, зүүн шууны гадна хэсэгт 1.8х0.3см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн тав тогтсон зулгаралттай, хэвлийн урд хэсэгт 2х1.5см 5х2.5см, 1.5х1см зүүн гуяны урд хэсэгт 2х1.5см хэмжээтэй захаараа ногоон өнгийн дундаа хөхөлбөр хөх өнгийн цус хуралттай, тэмрэлтээр эмзэглэлтэй, зүүн бугалганы гадна хэсэг тэмтрэлтээр эмзэглэлтэй.
2022.10.01-ний КТГ:..хамрын таславч зүүн тийш үл мэдэг мурийсан...Зүүн нүдний дээд хэсгийн зөөлөн эдэд хавантай...гэжээ...ДҮГНЭЛТ
1.П.М................ртын биед тархи доргилт, хэвийн урд хэсэг, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.Н...................гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Тухайн эмэгтэй намайг болон Цэ..............выг үсдээд дарахаар нь би зүүн гарын маажсан мөн, гараараа түлхсэн. Гартаа байсан шилэн аягыг түүний толгой руу цохиж гэмтлийг учруулсан. Камерын бичлэг дээр тодорхой байна...Хүлэг нэртэй Сөх-д сарын цалин 700.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13533 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч М.Н...................г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны” улмаас хохирогч П.М................ртын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч М.Н...................г нь хохирогч П.М................ртын биед тархи доргилт, хэвийн урд хэсэг, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Н...................гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.М................рт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 140.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч М.Н...................г нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч М.Н...................гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М.Н...................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), Хүлэг СӨХ-н тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч М.Н...................г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0201 71473 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Марушийн Н...................гийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н...................гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н...................гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Н...................г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ