Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 92

 

 

 

 

  2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2019/00092

                Улаанбаатар хот

                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух ******* О.Т /РД: **********/-ийн

Хариуцагч:*******,*******,*******,*******од оршин суух ******* В.Ц /РД: **********/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндмаа, хариуцагч В.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: В.Цтай 2008 онд танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хүү төрсөн. 2013 оноос зан харилцаа, үзэл бодол нийлэхээ больж тусдаа амьдарсан. Тэр үед хүү ыг эцгийнх нь асрамжинд үлдээгээд 2018 оны 11 дүгээр сараас өөрийнхөө асрамжид авсан.  ...В.Ц архи ууж, гар хүрч, өөр эмэгтэй хүнтэй уулздаг, ...хадам аав  хүүхдийг

нь авахуулна гэж сүрдүүлж, гар хүрсэн, ...тусдаа амьдраад 6,7 жил болсон….В.Ц байнга архи уудаг, …үү 2018 оны 11 дүгээр сараас Улаанбаатар хотын 62 дугаар сургуульд сурч байгаа тул эхийн асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

Хариуцагч В.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2008 онд О.Ттэй танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд хүү төрсөн. 2013 оноос хойш В.О.Тийн ааш зан хувирч сүүлдээ гэртээ ирэх нь ховордсоор хүү бид 2-ыг орхиж явсан. Хүү маань миний ээж, аав бид 3-тай хамт өсч цэцэрлэг, сургуульд орж суралцсан. Би хөдөө ээлжийн ажилд явдаг. Хүүг маань миний ээж өсгөж цэцэрлэг сургуульд хүргэж асарч  хүмүүжүүлсэн. О.Тийн сургийг сонсоход Япон, Солонгос явсан л гэдэг. Бодвол ажил л хийдэг биз. Надтай нэг ч харьцаж байгаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдээ орхиод 6 жилийн дараа намайг хөдөө явсан хойгуур хүүг маань өөр дээрээ авна гээд төрсний гэрчилгээг нь шинээр гаргуулж аваад сургуулиас нь шилжүүлж аваад явсан байсан. Багш нар нь аав, эмээгээс нь ч зөвшөөрөл авахгүй шууд шилжүүлсэн байсан. О.Т өөрөө одоо Солонгос хүнтэй ханилан суусан гэсэн. Хүүг маань өөрийнхөө ээж дээр орхиод өөрөө Солонгос явсан гэж хүү маань хэлсэн. өвлийн амралтаараа аав, эмээ 2 дээрээ ирж амарчихаад явахгүй гээд байгаа. Би хүүгээ О.Тд өгмөөргүй байна. Энэ хүсэлтийг минь харгалзан үзэж хүү ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оноос О.Тийн ааш зан хувирч хонуут өнжүүт явсаар сүүлдээ хүү бид хоёрыг орхиод явсан. Хүүг маань миний эцэг эх л өсгөж өгсөн болохоор би хүүгээ авая гэж бодож байсан. Надад хэлэхгүйгээр хүүхдийг хот руу сургуульд шилжүүлсэн байсан. Нэгэнт хүү маань хотод сургуульд орсон болохоор дахин дахин шилжүүлээд яах вэ. Нэг хэсэгтээ ээжийнхээ асрамжид байж байг. О.Т Монголд ирэхгүй удаад байвал би хүүгээ буцааж авна. Хүүтэйгээ байнга уулзах боломжоор хангаж өгөөрэй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч В.Цт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаарджээ.

Хариуцагч В.Ц гэрлэлт цуцлуулах шаардлагыг дэмжиж маргаагүй. Хүү ыг асарч өсгөсөн үндэслэлээр асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад хүүхдийн санал, түүний сурч боловсрох эрхийг хүндэтгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн.

Гэрлэгчид 2008 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн бүртгэж гэрчилгээ олгогдсон, хүү төрсөн,  2013 оноос хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон зэрэг үйл баримтын талаар зохигч тайлбарлан мэдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар эхнэр О.Т гадаад оронд ажиллаж амьдардаг, гэрлэгчид байнга уулзаж эв зүйгээ олох орон зайн боломжгүй, тусдаа амьдраад олон жил болсон, энэ хугацаанд хэн аль нь эвлэрэх санаачлага гаргаагүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч В.Ц хүү ын санал, түүний сурч боловсрох эрхийг хүндэтгэн эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар ******* В.Ц, ******* О.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр  бүлийн  тухай  хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 06

дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг эх О.Тийн асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч О.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч В.Цаас 140.400 /нэг дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тд  олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ