Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ширэндэв,

өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108024140136 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, ***дүгээр цэргийн ангийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо*** дугаар гудамж, ***тоотод түр оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, **** овогт Э-ийн Н (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод байрлах хохирогч С.О монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүнтэй таараад 1 шил архи уусан. Бтэй уулзахаар гэрт нь очсон. Хаалгыг нь нүдэхэд тайлж өгөхгүй болохоор тооноор нь орсон. Гэрлийг нь асааж, эхнэрийнх нь хөнжлийг татаад Б “хаачсан юм” гэхэд “байхгүй” гэхээр нь гараад явсан. Хохирол төлбөрт 500,000 төгрөг өгсөн. Үйлдэлдээ гэмшиж байна, уучлаарай” гэв.

Эрүүгийн 2108024140136 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Оийн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим гэрийнхээ хаалгыг цоожилчхоод унтаж байтал шөнө 00 цагийн орчим нэг гар хөнжил дотор ороод миний хөлийг илээд, хөнжил татаж мэдрэгдээд байхаар нь гайхаад сэрээд хартал орны хажууд дээгүүрээ хар өнгийн савхитай, доогуураа улаан өнгийн канттай хөх өнгийн ажлын өмд өмсчихсөн эрэгтэй хүн байхаар нь би “хэн бэ” гэж асуутал “М байна” гээд дайраад байхаар нь өөрийгөө хамгаалаад гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Орны хажууд байдаг гэрлийн унтраалгыг асаах гээд өндийтөл тэр хүн цоожтой хаалгыг онгойлгоод гарахаар нь би гэрлээ асаачихаад ардаас нь гарах гэтэл тэр хүн гаднаас хаалга дараад онгойлгохгүй 5 орчим минут болсон. Гэрээсээ гараад хашааны үүд рүү очиж тэр хүн байгаа үгүйг хартал байхгүй байсан. Гэр лүүгээ орох гээд алхаж байтал гэрийн ард асаагуурын гэрэл харагдахаар нь “Чи хэн юм бэ” гэж асуутал “Чамайг харж явдаг хүн байнаа” гээд хашаа даваад яваад өгсөн. Манай гэр цоожтой байсан болохоор би яаж орж ирснийг нь гайхаад гэртээ ороод үзтэл гэрийн тоононы гялгар уут урагдчихсан байсан. Тухайн үед бага хэмжээний согтолттой архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хх-18-20),

Гэрч Ш.Бийн: “...Эхнэр С.О надад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө танай хамаатны ах Н хүүхэд бид хоёрыг гэртээ унтаж байх үед архи уучихсан, согтуу хаалга нүдэж байгаад гэрийн тооноор орж ирээд миний гуяыг илэхээр нь би айж сандарсандаа хэн бэ гэтэл Н“М байна” гэхээр нь гэрлээ асаах гэтэл гараад явчихсан гэж хэлсэн. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн зүйл байхгүй, зодож заналхийлсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Би хөдөө явахаасаа өмнө Н-тэй уулзаад хөдөө сургалтад 21 хоног явах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-45-46),

Шүүгдэгч Э.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...Х гэх залуутай таараад нэг шил архи уусан. Замаараа Бтэй уулзахаар гэрийнх нь гадаа ирээд хаалгыг нүдтэл тайлж өгөхгүй байхаар нь монгол гэрийнх нь тооноор орох гэтэл гялгар ууттай байхаар нь ураад орсон чинь Б-ийн эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхаар нь хөнжлийг татаад Б байгаа юм уу гэж асуутал байхгүй гэж хэлсэн. Би дотроос нь хаалгыг онгойлгож гараад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, их гэмшиж байна. Би хохирогчийн данс руу нийт 500,000 төгрөг хийж хохиролгүй болгон уучлалт гуйж, эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хх-77-78),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-8), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-30), хохирогчийн хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-82), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-84, 85), хохирол төлсөн тухай баримт (хх-86), шүүгдэгч дансандаа 450,000 төгрөг байршуулсан гэх баримт (хх-87), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-88-89), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-90) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Н согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** дугаар гудамж, *** тоотод байрлах хохирогч С.О монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.О“...манай гэрийн тоононы цонхны гялгар уут урагдчихсан байсан. Бага хэмжээний согтолттой, архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хх-18-20), гэрч Ш.Бийн “...танай хамаатны ах Н хүүхэд бид хоёрыг гэртээ унтаж байхад архи уучихсан байдалтай согтуу хаалга нүдэж байгаад гэрийн тооноор орж ирээд миний гуяыг илэхээр нь...” гэх мэдүүлэг (хх-45-46), шүүгдэгч Э.Н-гийн “...Х-тай таарч нэг шил архи уусан. Замаараа Б-тэй уулзахаар ...монгол гэрийнх нь тооноор орох гэтэл гялгар ууттай байхаар нь ураад орсон чинь Бийн эхнэр, хүүхэдтэйгээ унтаж байсан. Хөнжлийг нь татаад Б байгаа юм уу гэж асуутал байхгүй гэж хэлсэн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-77-78), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-8) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Н согтуурсан үедээ, хохирогч С.О зөвшөөрөлгүйгээр, монгол гэрийн тооноор нэвтэрсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.О халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хэргийн материалтай танилцсан тэмдэглэл (хх-82)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Намхайдэндэн нь 2021 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух иргэн С.О монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Э.Нг эм буруугийн талаар маргаагүй. 2019 оноос хойш газрын маргаантай байснаас болсон гэж ярьдаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Торгох ял төлөхөөр дансандаа 450,000 төрөг байрлуулсан байгааг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гамт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Н“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 500,000 төгрөг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, прокурортой тохиролцсоны дагуу торгох ял төлөх зорилгоор дансандаа 450,000 төгрөг байршуулсан)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Нцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Э-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Нцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР