Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д** овогт Б.Ж-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210017070974 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д** овгийн Б.Ж нь Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, “**” ХХК-д ** ажилтай, ам бүл ** хамт, Хан-уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, (РД: **).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Б.Ж нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**”-ын оффисын үүдэнд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Т-тай маргалдаж улмаар түүний уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210017070974 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21:19 цагт “иргэн Д.Т би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 89а байрны грашнаас гарах үед үл таних хүнд цохиулсан” гэх бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 8 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

2. Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Хан-уул дүүргийн ** дугаар хорооны ** байрны грашнаас гарах үед гарах замын гарц хаагаад машин тавьчихсан байсан. Жолооч нь байгаагүй, утасны дугаар үлдээгээгүй байсан. Жолоочийг хайж байх үед хажуугийн барилгын харуул гарц хаасан машины эзэн “**” ХХК руу орсон гэж хэлсэн. Би “**” ХХК-ийн харуул дээр очиж тухайн машины эзнийг дуудаад өгөөч гэж хэлсэн. Манайх руу ороогүй гэж хэлж надтай маргалдсан. Хажуугаас үл таних этгээд надтай маргалдсан. Тухайн компанийн ажилтан байх шиг байсан. Тухайн компаниас бүгд хамт гарсан боловч намайг санамсаргүй эргэж харахад цохиж би гэлдэргэ унах үедээ довжооны чулуу толгойгоороо мөргөж унасан. Би уруулдаа 3 ширхэг оёдол тавиулсан. Хамар, толгой өвдөж байна. ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Эхлээд би “**”-ын харуул дээр очоод гадаа байгаа машины жолооч танайх руу орсон гэж тэр барилгын харуул хэлж байна гэхэд дээшээ 2 давхар луу ороод гарч ирснээ энд гаднын хүн байхгүй байна гэж хэлэхэд нь би чи нэг хайгаад өгөөч 4-5 дугаар давхруудад үзээч өгөөч гэж хэлсэн. Тэгсэн шууд үгүй ороогүй гэж хэлсэн, тэгээд маргалдаж эхэлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

3. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “**”-т харуулын ажил хийдэг. Би 07 дугаар сарын 03-ны өдөр ээлжит харуулын үүрэгт ажлыг өглөөний 07 цаг 30 минутад хүлээн авч, ажил үүргийг гүйцэтгэж байсан өдөр 16 цаг хүртэл ажил үүрэг хэвийн явагдаж байтал минутыг сайн мэдэхгүй байна. 40 орчим насны нэлээн өндөр нэг залуу орж ирсэн. Тэгээд тэр надад хэлэхдээ манай ажлын эсрэг талд байх ** байрны грашийн хаалгыг нэг машин таглаад тавьчихсан байна. Барилгын харуул жолоочийг нь танайх руу орсон гэж байна гэж хэлсэн. Энэ ямар хүний машин юм бэ танайх дандаа ингэж хаалга хааж машин тавьж байх юм гэж уцаартай хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан манай ажилчдын машин биш байна. Хэрвээ хүн орсон бол 2 давхарт байх ресторанд орсон байх би үзээд өгье хэлсэн. Тэр үед хуримын захиалга авчихсан байсан. Тэгэхээр тэр хүмүүсийн нэг байх би бодсон. Тэгээд би 2 давхар луу гараад асуухад гаднын нэг ч хүн байхгүй байсан. Тэгэхээр нь доош буугаад нөгөө залууд гаднын нэг ч хүн алга, энэ манайх руу орсон хүн биш байна, бас ажилчдын машин ч биш гэж хэлэхэд дандаа танайхан энд машин тавьдаг гээд уурлаад байсан. Тэгээд би тэр машины дугаарыг асуухад Өмнө-Говь аймгийн тэрэг байсан. Тэгээд энэ машин манайх биш байна гэж хэлээд цуг гарах гэж байтал нөгөө залуу хэл амаар баахан доромжлоод байсан. Тэгэхээр нь тэгээд намайг эргээд очиход нэг цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухраад бултсан. Тэгсэн үүний сандал дээр сууж байсан оёдлын машины засварчин Ж босож ирээд намайг өмөөрч маргалдсан. Тэгээд Ж бид хоёр хамт авч гарсан. Тэгээд үүдний хаалганы өмнө нөгөө залуу, Ж нар бага зэрэг маргалдаж байгаад удаагүй нөгөө залуу нь нүүрээ дараад суучихсан. Тэгээд хамраас нь цус гоожчихсон байсан. Тэгээд хэсэг байж байгаад босож ирээд дотогш ороод нүүр гараа угаагаад буцаад гарсан. ...Нөгөө залууг Ж цохиж байхыг нь хараагүй. Гэхдээ үүдний хаалганы өмнө тэр хоёр маргалдаж байсан. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            4. Шүүгдэгч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” ХХК-ийн засварчнаар 11 жил ажиллаж байна. Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгууллагын гадаа зүлэг суулгаад, гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 15 цагийн үед би дотор нэг давхарт байх дэлгүүрийн үүдэнд байх сандал дээр сууж байхад 180-с дээш өндөртэй, махлаг залуу гадаа байгаа машины жолооч хаана байна, танайх руу орсон гэж байна гэж орилсоор орж ирсэн. Тэгэхэд манай байгууллагын харуул залуу би үзээд ирье гээд дээш 2-р давхарт байх ресторан руу явсан. Тэгээд удаагүй харуул бууж ирээд манай ресторанд тийм хүн байхгүй байна гэж бууж ирсэн. Тэр үед би юм бодолгүй утсаа харж байгаад нэг харсан манай харуулын хүзүүн дээрээс нь дарчихсан баруун гараараа элэгдээд байх шиг байсан. Тэгээд харуулд хандан тэр хүнээ заавал олж ир гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би босоод тэр залууд хандан та ингэж болохгүй. Бүхэл бүтэн байгууллагын харуулыг цохиж болохгүй гэж би шаардлага тавьсан. Тэгсэн өөдөөс хуц пизда минь чи юу юм гэж хэлсэн тэгэхээр нь би эндхийн ажилчин байна гэж хэлсэн. Тэгсэн намайг баахан хараагаад байхаар нь тэр хүнийг харуулын хамтаар үүдээр гаргаад үүдний гадаа маргаад зогсож байхад намайг цохихоор нь би бултаад зөрүүлээд нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгсэн нөгөө залуу доош унаад гадаа байсан ажилчид ирээд бид хоёрыг салгасан. Удаагүй нөгөө залуу босч ирэхэд хамраас нь цус гарсан байсан. Над руу хараад баахан хараагаад байхаар нь би цааш барилга руу явсан. Тэр хойгуур манай ажилчид нөгөө хүнийг дотогш авч ороод нүүр гарыг нь угаалгасан. Тэгснээ гарч ирээд намайг харааж байгаад явахаар нь би бүр явчихлаа гэж бодтол машинаа зам дээрээс холдуулаад буцаж ирээд намайг зодох гээд хөөсөн. Тэгэхэд нь манай ажилчид биднийг салгаад бид хоёр тийш салцгаасан. Тухайн үед би тэр хүнийг согтуу байсан юм болов уу гэж бодсон. ... Д.Т-ын учирсан гэмтэл миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9539 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын баруун дотор хэсэгт 1,3 см мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эдэд хүрэн өнгийн цус хуралттай. Хамрын хянганд тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй.

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Мед траума эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд: Баруун хацар болон дээд уруул орчмын зөөлөн эдийн эдэд хаван хавдартай. Хамар ясны баруун хажуу хана хянга хэсгээрээ зөрүүтэй шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан гэжээ.

Дүгнэлт:

1. Д.Т-ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

/шинжээч эмч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал) гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Б.Ж нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**”-ын оффисын үүдэнд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Т-тай маргалдаж улмаар түүний уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ж нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**”-ын оффисын үүдэнд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Т-тай маргалдаж улмаар түүний уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 19 дэх тал), гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9539 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан баримтаар 298,000 төгрөгийг ирүүлсэн байх тул шүүгдэгч шүүхийн шатанд хохирогчид төлсөн тул төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч хохирлыг 298,000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн, мөн хохирогч Д.Т 298,000 төгрөгийг хүлээн авсан талаар мэдэгдсэн тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Д.Т энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Ж-ийг гэм буруутай болохыг тогтоосон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, уг ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ж баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д** овогт Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д** овогт Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Т-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Жийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА