Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 665

 

  

 

 

 

 

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Г.Н-д холбогдох,  

 

11.992.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төмөрбаатар, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Г.М    нь  анх 2017 оны 03 сарын 30-ний өдрөөс “Барилга Мега Стор” худалдааны төвийн 2-р давхарт 14,4 м.кв талбайтай 2 тоот павилоныг тавилга, вакум цонх худалдаа зориулалтаар, 1 м.кв талбайг 25.000 /хорин таван мянга/ төгрөгөөр түрээслэхээр гэрээний 7.1-р заалтад заасны дагуу ашиглалтын зардлын хамт сар бүр 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг төлөхөөр харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулсан.

Гэвч Г. Нямлхагва нь гэрээний 7.3, 7.5-д заасан “түрээсийн төлбөр төлөх журам”-ыг зөрчиж, 7.3-д зааснаар хугацаанд нь багтаан түрээсийн төлбөрөө төлсөнгүй, 2017 оны 04 дүгээр сараас хойш хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.

М   ХХК-ийн зүгээс Түрээслэгч талд түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа буюу 2017.12.22-ны 294, 2018.03.2-ны 038, 2018.05.18-ны 104 тоот албан бичгүүд хүргүүлж байсан боловч удахгүй төлнө гэсээр төлбөрийн тооцоогоо барагдуулсангүй өнөөдрийг хүрлээ.

Г.М    нь 2017 оны 10 сарын 30-нд, мөн 2018 оны 01 сарын 15-нд түрээсийн төлбөр, үлдэгдлийг төлөх тухайгаа гараар бичиж М   ХХК-д өгч байсан нь түүний түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ мэдэж байсан, төлөөгүй болохыг нотлон нэхэмжлэгч М   ХХК-ийн архивт хадгалагдаж байна

Хариуцагч Г.М   тай байгуулсан Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч М   ХХК нь өнөөг хүртэл уг түрээсийн павилоныг 2017 оны 03 сарын 30-нд хүлээлгэн өгсөн байдлаар нь байлгаж, уг түрээсийн байрны халаалт, дулаан, хамгаалалтын зардлыг гарган төлсөөр байна. Учир нь хоёр талын гэрээ цуцлагдаагүй, мөн түрээслэгч Г. Нямлхагвын эзэмшлийн бараа, бүтээгдэхүүн, эд зүйлс уг түрээсийн байранд байсаар байгаа болно. Мөн нэхэмжлэгч М   ХХК-ийн түрээсийн байрны хамгийн ашигтай байрлалд байрлах уг түрээсийн талбайн түрээсийн орлого өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй, өөр харилцагч түрээслэх боломжгүй байгаа нь бидний хохирлыг нэмэгдүүлсээр байна. Мөн М   ХХК нь түрээсийн гэрээний 1.3 дахь заалтыг үндэслэн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа гэж үзэж байгаа болно.

Улмаар М   ХХК нь Г. Нямлхагваас түрээсийн төлбөр, хохирлоо гаргуулах асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 05 сарын 29-нд түрээслэж байсан ажлын байрны хаягаар, дараа нь 2018 оны 07 сарын 10-нд түүний оршин сууж байсан “Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цэргийн 1 гудамж 3 тоот” хаягаар нь тус тус нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч уг хаягаа өөрчлөн олдохгүй байснаас манай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.

М   ХХК нь өөрийн харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нь Г.М  ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Тус дүүргийн шүүгчийн 2019 оны 01 сарын 14-ны 101/ШШ2019/00202 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс эрэн сурвалжилж, “Сүхбаатар дүүрэг, 23-р хороо, Хангайн 1-1205 тоот, Утас:91112825, 99201257, 99566663” гэсэн хаягт иргэн Бэсүд овогт Гүндхоролын НЯМХЛАГВА (РД: ДЮ89022672) оршин сууж байгааг тогтоосон тул харъяаллын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, Түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй түрээс болон цахилгаан эрчим хүчний ашиглалтын төлбөр, алданги болох 11.922.000 төгрөг дээр нэмж, эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн хамт, нийт 11.992.200 /арван нэгэн сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг Г. Нямлхагваас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М   ХХК нь хариуцагч Г.М   д холбогдуулан 11.992.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

           

 Хариуцагч Г.М    нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 3 дүгээр сарын 30-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга Мега Стор” худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхрын 14,4 м.кв талбайтай, 2 тоот павильоныг, нэг м.кв-ыг 25.000 төгрөг, нэг сард 360.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байна.

 

Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж, 318.4-д “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нийт 6.000 м.кв талбайг түрээслэж ажилладаг, жижиг павильон тус бүрээр улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй” гэх тайлбараас үзэхэд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга Мега Стор” худалдаа, үйлчилгээний төвийн зөвхөн 14.4 м.кв тайбайг түрээслэх гэрээ байгуулсан тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал нийт 21 сарын түрээсийн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 1.3-д гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө аль нэг тал гэрээг цуцлах тухай санал нөгөө талд албан бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан, мөн хариуцагч нь одоог болтол тус павильонд эд зүйлээ хадгалж байгаа гэх тайлбараас дүгнэхэд  нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарыг дуустал шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.2-д “Түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд нэмж төлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч гэрээний үүргээ 2016 оны 4 дүгээр сараас эхлэн үүргийн зөрчил гарсан үеэс эхлэн алданги шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь цахилгааны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжаас алданги тооцсон нь үндэслэлгүй байх тул 145.000 төгрөгт тооцогдох алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3- д зааснаар хариуцагч Г.М   ас шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамж, цахилгааны төлбөр шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Г.М   ас 11.847.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М   ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минут, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутанд зарлагдсан хуралдааны товыг хариуцагч Г.М  ын 9111-2825 дугаарын утас, мөн оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэхэд “өөрөө байхгүй ах нь авахгүй гэсэн тул буцаав” гэж Монгол шуудан ТӨХК нь магадлагаа үйлдэн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

 

 Дээрхээс үзэхэд хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Г.М   д  2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Г.М  ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дүгээр зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.М   ас 11.847.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М   ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  206.826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205.505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР