Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/858

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ***********

хохирогч ***********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002089 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Зүүн Нарангийн 14 дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай,

урьд 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 849 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: /,  ***********.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 38 дугаар сургуулийн орчимд таксинд зорчин явахдаа, таксины жолооч хохирогч Б.*********** биед эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэрэг үйлдсэн. Хохирлыг нөхөн төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********** “Тухайн хэрэг гардаг өдөр *********** согтуу явж чадахгүй байсан ба эхнэр нь жирэмсэн байсан болохоор би хүргээд өгье гэсэн юм. Миний машинд суугаад *********** машины суудал цохиод байхаар нь би “залуу тайван яв” гэхэд миний баруун талын чих рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би “буучих” гээд хойд хаалгаа онгойлгоход миний цамцнаас татаад зүүн шанаа руу гараараа цохисон. Миний хувцас өмд цамцыг урсан. Хэрэг гарснаас хойш 10 хоног ажилдаа явж чадаагүй. *********** надтай ерөөсөө холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Би ***********д гомдолтой байгаа. Хувцасны мөнгө 150.000 төгрөг, ажилгүй байсан 10 хоногийн цалин орлогод 800.000 төгрөг, томограф шинжилгээний 140.000 төгрөг нийт 1.090.000 төгрөгийг шүүгдэгч ***********гаас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205000002089  дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*********** хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гадуур таксинд явж байсан юм.Тэгтэл 19 цагийн үед Этүгэн зочид буудлын зам дээрээс үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн миний машинд суусан. Эмэгтэй нь жирэмсэн том гэдэстэй байсан ба эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэр хоёр машины хойд талд сууж явсан ба хорооллын эцэс орно гэсэн. Тэгээд би машинаа бариад явж байтал Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар сургуулийн урд талын  замаар  явж байтал хойд талд сууж явсан хоёр хүний эрэгтэй нь миний сандаалын ард тал руу сандал цохиод байхаар нь би залуу тайван яв гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу чи одоо юу вэ гээд миний баруун талын чихний хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би үйлчилж чадахгүй гээд зогсоод буучих гээд хойд талын хаалгаа онгойлгосон. Тэгтэл залуу миний цамцнаас татаад зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр би  гарыг нь тавиулах гээд хойшоо татахад машины хажуу хэсэг рүү бид хоёр унасан. Унах үед тухайн залуу нь миний өмдний хойд халаасны дээд хэсгээс татаж урсан. Тэгээд би болиулах гээд дээр нь гараад хоёр гараараа дарахад зүүн гараараа цамцнаас бариад баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 3 удаа цохисон. Тэр үед хойд талын машины жолооч бууж ирээд бид хоёрыг салгатал нөгөө залуу миний цамцнаас барьсан чигээрээ босоод ирсэн. Тэгээд босож ирээд миний зүүн талын чамархай хэсэг рүү 2 удаа цохисон. Би тэр үед нөгөө ахтай хамт гарыг нь тавиулах гэж оролдож байх үед тухайн залуу нь миний цамцнаас татаж урсан. Тэгээд бид хоёр салаад байж байтал нөгөө залуу над руу ойртоод байхаар нь цамцнаас нь бариад машин руу шахаж байгаад цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд байж байхад нөгөө залуу миний гарыг мултлаад зам гараад зугтаад явсан. Тэгээд би ардаас нь хөөж байгаад тэр залууг барьж авсан. Би тухайн залууг цохиж зодсон асуудал байхгүй ба тэр үед тухайн залуугийн эхнэр нь хажууд байсан. Би тухайн үед өмсөж цамцаа Номин худалдааны төвийн Terranova-с 29.900 төгрөгөөр авч байсан. Харин өмдөө 2-3 жилийн өмнө худалдаж авч байсан яг хэдэн төгрөгөөр авсан гэдэг санахгүй байна. Diesel брэндийн өмд байсан. Би одоо цамцаа 30.000 төгрөгөөр үнэлнэ харин өмдөө 120.000 төгрөгөөр үнэлнэ. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12033 дугаартай Б.*********** биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хүзүү, доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мөнгөнсүхийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “иргэн *********** нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксинд явж байхдаа үл таних хүнд зодуулж хөнгөн гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч *********** нь 2022 оны 8 дугаар сард Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх 214.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг ***********гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

          4.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхнэрийн хамтаар төмөр замын тэнд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед сууж байгаад гарсан. Би гарсан цагаа одоо сайн мэдэхгүй байна. Тэр газраас гараад гэр рүүгээ харих зорилгоор такси барьсан. Тухайн машин нь саарал өнгийн приус загварын автомашин байсан ба зогсохоор нь эхнэр бид хоёр машины хойд талд суусан. Тухайн газраас би гэмтлийн голын зам руу явна гээд явж байтал, эхнэр жирэмсэн том гэдэстэй байсан ба таксины жолооч ширүүн яваад байхаар нь жаахан зөөлхөн явчих ард чинь жирэмсэн хүн явж байна гэж хэлсэн. Тэгтэл таксины жолооч зогсчихсон. Тухайн үедээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд тухайн залуу намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэр үед би сэргээд цохичихсон юм бол хоёулаа тохиролцоод салъя гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу үгүй би цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь би жолоочоос зугтаагаад явсан. Би тэр үед нэлээн согтсон байсан болохоор яагаад цохисон яагаад зугтаасан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

        Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *********** нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 38 дугаар сургуулийн орчим таксигаар үйлчлүүлж байхдаа, таксины жолооч  Б.*********** биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Б.*********** хохирогчоор өгсөн: “...Тэгтэл тэр залуу чи одоо юу вэ гээд миний баруун талын чихний хэсэг рүү 1 удаа цохисон...Тэгтэл залуу миний цамцнаас татаад зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр би би гарыг нь тавиулах гээд хойшоо татахад машины хажуу хэсэг рүү бид хоёр унасан. Унах үед тухайн залуу нь миний өмдний хойд халаасны дээд хэсгээс татаж урсан. Тэгээд би болиулах гээд дээр нь гараад хоёр гараараа дарахад зүүн гараараа цамцнаас бариад баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 3 удаа цохисон. Тэр үед хойд талын машины жолооч бууж ирээд бид хоёрыг салгатал нөгөө залуу миний цамцнаас барьсан чигээрээ босоод ирсэн. Тэгээд босож ирээд миний зүүн талын чамархай хэсэг рүү 2 удаа цохисон. Би тэр үед нөгөө ахтай хамт гарыг нь тавиулах гэж оролдож байх үед тухайн залуу нь миний цамцнаас татаж урсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12033 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), ***********гийн яллагдагчаар өгсөн: “... Нэг мэдэхэд тухайн залуу намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэр үед би сэргээд цохичихсон юм бол хоёулаа тохиролцоод салъя гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу үгүй би цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь би жолоочоос зугтаагаад явсан. Би тэр үед нэлээн согтсон байсан болохоор яагаад цохисон яагаад зугтаасан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) түүний хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч Б.*********** эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***********гийн хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *********** нь согтуугаар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 38 дугаар сургуулийн орчимд таксигаар  үйлчлүүлж байхдаа, таксины жолооч хохирогч Б.Гантулгыг тодорхой шалтаг шалтгаангүйгээр түүний толгой, нүүр рүү гараараа цохисны улмаас тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хүзүү, доод эрүүнд зулгаралт гэмтэл  бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй ял шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Тав: Бусад асуудлын талаар 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Б.*********** биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

          Хохиролтой холбогдуулан хавтаст хэргийн 44 дүгээр талд  авагдсан “MED TRAUMA” эмнэлгийн томограф хийлгэсэн 140.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байна. 

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч ***********гаас 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***********гаас нийт 354.000 төгрөг гаргуулж, хохирогч ***********д 140.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 төгрөг тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

          Харин хохирогчийн  нэхэмжлэлээс урагдсан өмд, цамц хувцасны үнэ нийт 150.000 төгрөг, 10 хоногийн олох ёстой орлогод 800.000 төгрөг нийт 950.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

 

         Энэ хэрэгт *********** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    

ТОГТООХ нь:         

           1. Боржигон овогт Тунгалагийн ***********г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Шүүгдэгч ***********г Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гаас нийт 354.000 төгрөг гаргуулж, хохирогч ***********д 140.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

            6. Хохирогч *********** 950.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

            7. Хэрэгт *********** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ