Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Ц-н нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: С Б Д З Д -д  холбогдох

 

Цалинд 29.435.752 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Ц миний бие нь Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед  С Б Д З Д  Х.Болормаа нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0/1 тоот захирамжаар хууль бусаар намайг ажлаас халсан. Үүнийн би эс зөвшөөрч  хуулийн дагуу шүүхэд хандсан болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар  тоот тогтоолоор нэхэмжлэгч Д.Ц ийг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1564 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 1384 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон.

Энэ хугацаанд С Б Д З Д  нь хуульд заагаагүй үндэслэлийг удаа дараа зааж, шалтаг тоочиж, төрийн албыг цалгардуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд санаатай саад учруулан, зайлсхийж одоо хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг ажил үүүргээ хэвийн гүйцэтгэхэд нь саад учруулсан, үл хүндэтгэсэн гэм буруутай үйлдэл хийж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх цалин буюу 412 хоногийг нэг өдрийн 71.446 төгрөгөөр тооцож, нийт 29.435.752 төгрөгийг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Ц  нь хариуцагч С Б Д З Д д холбогдуулан цалин 29.435.752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С Б Д З Д  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Д.Ц ийг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж ахуйн нэгж тооцоот үйлдвэрийн газрын

захирлын албан тушаалд эгүүлэн томилж...” шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1564 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1384  дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч С Б Д З Д  нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Д.Ц ийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байна.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг С Б Д З Д ас шаардах эрхтэй байна.

 

            С Б Д З Д  Монгол Улсын Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар үл биелүүлж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоохгүй байгаа нь Д.Ц ийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах зэрэг үндсэн эрхийг зөрчиж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 тоот шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шаардсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заанаар нэхэмжлэгч Д.Ц ид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэлд дурьдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437  дугаар шийдвэрээр Д.Ц ийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 71.446 төгрөг гэж тооцжээ.

 

            Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018  оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цалин гэж 29.435.752 төгрөг шаардсан бөгөөд  2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны нийтээр амрах өдрийг оролцуулан тооцсон нь үндэслэлгүй байх тул уг хугацааны олговорыг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр, Сонгуулийн өдрийг тус тус оролцуулан тооцоход нийт ажлын 411 хоног байх бөгөөд уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор /411х71.446 хоног/ 29.364.306 төгрөгийг хариуцагч С Б Д З Д ас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71.446 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1437  дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч С Б Д З Д д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Д.Ц  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутанд зарлагдсан хуралдааны товыг хариуцагчийн оршин байх хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд “Орхонтуул” гэх хүн “2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр” гардан авсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр хэргийн материал болон шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зуржээ.

 

 Дээрхээс үзэхэд хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуулд  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч С Б Д З Д  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч С Б Д З Д ас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 29.364.306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц ид олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 71.446 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С Б Д З Д ас 304.772 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР