Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/788

 

 

 

 

 

 

   2022           11           23                                       2022/ШЦТ/788

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч О.Доржмаа, 

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001222 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кюү” нэртэй баарны гадаа *** нүүрэн тус газарт нь гараараа цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хоёр талын хажуу ханын зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, баруун дээд, доод зовхи баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 10 дугаар сарын 4-ний 20 цаг 30 минутын үед *** найзын хамт орж ирсэн. Манайх хүнтэй байсан. 2 пиво авъя гэхээр нь би өгсөн. Хэсэг хугацааны дараа дахин дуудахаар нь дахин пиво авах гэж байгаа юм байна гэж бодоод яваад очиход нэг шарсан төмс шараад өгчих гэсэн. Тэгэхээр нь манай тогооч буух гэж байгаа, буух цаг нь болсон байна гэж хэлэхэд ганц шарсан төмс юу байх вэ дээ гээд байхаар нь тогоочдоо явахаасаа өмнө ганц төмс шараад өгчих гэж хэлээд хэсэг хугацааны дараа тогооч төмсөө аваарай гэхээр нь төмсийг нь аваачиж өгсөн. 5-6 минутын дараа намайг дахин дуудахаар нь очиход “хүйтэн төмс өглөө” гэхээр нь тогоочоосоо яагаад хүнд хүйтэн төмс өгсөн юм бэ гэж асуухад юу гэж тэгэх юм, би шараад өгсөн шүү дээ гэж хэлсэн. Энэ хооронд *** дуудаад байхаар нь очиход “чи гарч КФС-с шинэ төмс авч ирж өг” гэсэн. Би “олон хүнд үйлчилж байна, наад төмсөө больчих, би чамаас мөнгө авахгүй” гэхэд “КФС-с төмс авч ирж өг гэж хэлсэн. Би тийм боломж байхгүй гээд эргэх гэхэд татаад, миний толгой дээр байсан нүдний шилийг татаж аваад ширээн дээр тавиад новшийн баар гээд байсан. Хажууд нь явж байсан залуу “энэ хүн энэ төмсийг шараагүй, тэгээд ч чамаас мөнгө авахгүй гэж байна гээд төмсийг өөр рүүгээ татаж байсан. *** “үгүй” гэж татаж аваад шууд шидсэн. Би яаж байгаа юм таваг хагалаад гэж хэлсэн. Тэгэхэд хажууд нь сууж байсан хүмүүсийн тав тух алдагдаад гарах болоод тооцоо хийх болсон. ...*** гэнэт миний хамар руу цохиод, цус гарсан. Хажууд нь сууж байсан хүмүүс гарлаа гээд тэдгээрийн тооцоог хийж байхад гараад явсан. Манай эхнэр удалгүй нэлээд ууртай орж ирээд “манайд орж ирдэг цагаан толгойт намайг үсдэж аваад ар нуруу руу 2-3 удаа цохилоо юу авсан юм гэхээр нь 2 пиво аваад шарсан төмс аваад хүйтэн байна гэхээр нь тогоочид хэлээд зогсож байна гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг хүмүүстэй тооцоо хийж бай гээд гэчхээд гарахад гадаа үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь дотор намайг гэнэт цохиж хамраас цус гаргачхаад эхнэрийг орж ирэхээр үсдэж аваад ар нуруу нь цохидог хэн юм гээд гээд хамар руу нь биш шанаа руу нь цохисон. Хамрын цус доргилтоор гардаг болохоос заавал хамар руу цохисноор гардаггүй. Би уурандаа маш хүчтэй цохисон, ...би эрүүл байсан. *** боль боль гэж байсан. Энэ үед эхнэр тооцоо хийгээд дууссан юм шиг байсан, хаалга онгойлгоод *** боль наадах чинь чиний гарын аяыг даахгүй, манайхыг дандаа муулж байдаг юм гэж байсан. Би үгэнд нь ороод цусаа угаасан. Тэгтэл ресефшиний гарт таваг өгөнгүүт унаад алдсан гэж хэлсэн байсан. Үнэндээ камерын бичлэгт шууд шидсэн. Мөн тооцоо хийсэн гэж байна. Ямар ч тооцоо хийгээгүй. *** эхнэрийг цохиогүй бол араас нь гарахгүй байсан. гэсэн болно. 

 

Хоёр: Эрүүгийн 2210000001222 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн *** гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** биед үзлэг хийсэн тэмдэглэлд: 59 настай, эрэгтэй, дээгүүрээ шар ногоон өнгийн куртиктэй цайвар өнгийн өмдтэй, бордуу өнгийн гуталтай, 170 см өндөртэй, цагаан өнгийн үстэй, цагаан өнгийн амаа тойрсон сахалтай, зүүн нүдний дээд хэсэг хөмсөг орчимд улаан хүрэн өнгийн цус хуралттай, баруун нүдний доод хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралттай, хамар баруун тийш мурийсан байдалтай байв. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

3. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Бичлэг эхлээд 48 секундэд *** ширээ дээрээс тавагтай хоол бүхий зүйлийг аван маргалдаж байхдаа газар унагааж байгаа дүрс бичигдсэн байна. 2 минут 55 секундэд М.*** нь ***доржийг баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байгаа бичлэг байх бөгөөд хажууд зогсох Алтангэрэл салгаж байв. ***дорж цааш явж текний ард орж байв. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, КФС-гийн зүүн урд талд байрлалтай “Күю” pub-д найз Алтангэрэлийн хамт үйлчлүүлсэн. Шарсан төмс захисан чинь, хуучин төмсийг дахин тосонд хийгээд халаагаад аваад ирсэн байна гэсэн. Гэтэл эзэн нь гэх залуу ер нь тогооч ийм юм хийчихлээ сольж өгөх боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би хажуу талын КФС-ээс аваад өгчихгүй юу даа, ялгаа юу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгсөн төмсийг өөрт нь үзүүлэх гэж байгаад гараас халтираад газарт унагаасан. Тухайн хүн уурласан, тэгээд муудалцаж эхэлсэн. Тухайн хүн намайг үг хэлээр доромжлоод эхэлсэн. Миний уур хүрээд тухайн хүнийг түрүүлээд цохисон. Тэр хүн намайг гар гэсэн. Тэгэхээр нь найзын хамт гарсан. Тухайн газраас гарахаасаа өмнө надад өгсөн төмснөөс нь мэргэжлийн хяналтад үзүүлэхээр дээж авсан. Үүдэнд гарахад тухайн залуугийн эхнэр нь тааралдсан. Эхнэр нь над руу уурлаад чи нэг биш удаа манайхаар үйлчлүүлж байсан, дандаа намайг ийм асуудал гаргадаг гэж хэлсэн. Би өөрийн барьж явсан дээжээ эхнэрт нь үзүүлэх гэж байгаад тухайн эмэгтэйд хүрчихсэн юм шиг байна. Гэтэл  нь нөхөр нь хажуу талаас орж ирээд намайг цохисон, унасан хойно нүүр лүү өшиглөсөн. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Ажилчдын соёлын ордны автобусны буудлын урд талд “Кюү” pub нэртэй пабад найз ***ийн хамт орсон. 2 пиво нэг шарсан төмс захиалаад суусан. Захиалгаар ирсэн төмс нь шинэ биш, үлдэгдэл хуучин төмсийг дахиж халааж өгсөн байна гээд манай найз уурласан. Тэдний ресепшин нь тогооч явчихсан, дахиж хийж өгөх боломжгүй гэсэн. Манай найз “та нар ингэж болохгүй шүү дээ, хуучин юм хүнд өгч болдог юм уу, танай тогооч явсан бол KFC-ээс шинэ төмс авч ирээд өгчхөөч” гэж хэлээд маргаан эхэлсэн. Ресепшин нь би тэгж чадахгүй гэсэн. Манай найз тавагтай төмсийг нь өргөөд унагачихсан чинь ресепшин нь та танхайрлаа, орж ирчхээд янз бүр боллоо гэсэн. Би тэр хоёрын дунд аль алийг нь хамгаалах байдалтай зогсож байхад манай найз мөрний дээгүүр гараа явуулах шиг болоод тэр рeсeпшний нүүрийг цохисон юм шиг байна лээ. Цагдаа сэргийлэх гээд байхаар нь би ямартай ч гарахдаа тооцоогоо хийчихье гэж бодоод тооцоогоо хийчхээд би найзыгаа аваад гарч байхдаа тухайн паабыг ажиллуулдаг хүний эхнэртэй үүдэнд таарсан. Эхнэр нь тэгээд мэдсэн юм шиг болоод байж байх зуур нөхөр нь гарч ирчхээд манай найзыг зодсон. Тэгээд би арай гэж зогсоож салгаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

6. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ унтуулчхаад 20 цагийн үед “Кюү” нэртэй пабад орж ирэх үед байнга үйлчлүүлдэг *** нь паб дотор орж ирсэн. Нөхөр ***доржийн хамраас цус гарсан, цусаа тогтоох гээд зогсож байсан. Газарт төмс унасан, таваг хагарсан байсан тул юу болсон юм бэ гэж ***доржоос асуусан. *** төмс захиалж авсан боловч төмс нь гологдсон, би төмсний мөнгийг авахгүй гэж хэлсэн чинь намайг цохисон гэж хэлсэн.  Энэ үед *** пабаас гарахад нь би араас нь татаад 2 пивоны тооцоог хий гэж хэлээд гартал миний үснээс зулгааж, нуруу руу цохих үед нь чи яаж байгаан гэж орилоод буцаад цохих гэтэл миний гар хүрээгүй. Энэ үед нөхөр гарч ирээд чи эхнэрийг яагаад цохиж байгаан, эмэгтэй хүнийг дээрэлхлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13710 дугаартай:

-*** биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13833 дугаартай:

-***ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

9. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюү" нэртэй пабад ажиллаж байтал үйлчлүүлж байсан М.*** нэг хүний хамт орж ирсэн, нэг, нэг пиво захиалаад дараа нь шарсан төмс захиалахаар нь төмс гарах боломжгүй гэдгийг хэлтэл ганц төмс шараад өгчих гэхээр нь тогоочоосоо гуйж байгаад төмс шаруулаад М.***т хүргэж өгөөд ажлаа үргэлжлүүлэн хийж байтал дахин дуудахаар нь пиво захиалах гэж байна гэж бодоод очтол төмс чинь дутуу шарагдсан байна гэхээр нь та төмсөө орхичих, төмсний тооцоо авахгүй, уусан пивоныхоо тооцоог хийчих гэхэд намайг КFС-с төмс авч ирж өг гэж хэлэхээр нь би гарах боломж байхгүй гэдгийг хэлсэн чинь намайг доромжиллоо гэж хэлсэн. Хамт явсан залуу нь ***т хандаж наад залуу чинь чамаас төмсний тооцоо авахгүй гэж байна шүү дээ гэж хэлээд ширээн дээр байсан төмсийг өөр лүүгээ татсан чинь *** төмсийг аваад тавагтай нь над руу шидэхээр нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Хажууд нь явсан хүн гаръя гээд татаад явах гэтэл миний нүүрэн тус газар цохиод автал хамраас цус гарч цусаа тогтоож байтал М.*** хамт явсан хүнтэйгээ гараад явсан. Энэ үед эхнэр орж ирээд “энэ хүн юу авсан бэ” гэж асуухаар нь 2 пиво, шарсан төмс авсан гэж хэлсэн Энэ үед үйлчлүүлж байсан хүмүүс тооцоо хийж, эхнэр буцаад гараад буцаад орж ирэхээр нь яасан гэтэл М.*** намайг үсдээд нуруу руу цохичихлоо гэж хэлэхээр нь би зөрж гартал *** хаалганы баруун талд нөгөө залуу жоохон зайдуу зогсож байхаар нь ***т хандаж “чи одоо манай эхнэрийг хүртэл цохидог хэн бэ” гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Энэ үед эхнэр хаалга онгойлгоод боль наад хүн чинь чиний гарын аяыг даахгүй гэж хэлэхээр нь эхнэрийнхээ үгэнд ороод пабад орсон. Би *** биед гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа, прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кюү” нэртэй баарны гадна эхнэрийг цохилоо гэх шалтгаанаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн *** нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон бие, эрүүл мэндэд нь хамар ясны хоёр талын хажуу ханын зөрүүтэй хугарал,  хамрын таславчийн хугарал, баруун дээд, доод зовхи баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн *** гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),

-2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** биед үзлэг хийсэн: тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

-2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13710 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогч М.*** нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ эхэлж хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл гаргасан түүний буруутай үйлдэл байх ба уг асуудлаас үүдэлтэй даамжирч улмаар шүүгдэгчийн эхнэрийн биед хүрснээс болж шүүгдэгч *** нь хохирогч М.***той эхнэрийг үсдэж, цохисон гэх шалтгаанаар маргалдан гэмт гарчээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд “Лазер мед” эмнэлэгт компьютер томографын шинжилгээ хийлгэсэн 170,000 төгрөгийн баримт, эм эмийн бүтээгдэхүүн авсан 39,000 төгрөгийн баримт, “Энхсонор” эмнэлэгт үзлэг хийлгэсэн 40,000 төгрөгийн баримт бүхий нийт 249,000 төгрөгийн эмчилгээний баримтыг гаргаж өгсөн.

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол, хор уршигт хохирогч *** дансанд 249,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шинээр гаргасан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг баримтаар 2019 онд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байх ба 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь баримтаар тогтоогдож байх ба нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай. Мөн шүүгдэгч  эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс, орлого тодорхойгүй, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан мөн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, тухайн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байдлыг харгалзан түүнд торгох ялыг сонгож хэрэглэх боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДОРЖСҮРЭН