Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/859

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Уранбайгаль  

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч ***************, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203004580471 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Завхан аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***************.

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *************** нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны хойд замд “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч явган зорчигч ***************ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Би “Есөн Шижир” ББСБ-аас өөрөө унах зорилгоор автомашин лизингээр авсан. Хохирогчид 790.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт хүсэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *************** мэдүүлэхдээ “Эмчилгээний зардалд нийт 15.668.650 төгрөг зарцуулсан. Үүнээс 10.900.000 төгрөгөөр Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаанд орсон. Чулуунаа мэдрэлийн эмнэлгийн физик эмчилгээнд 3.453.500 төгрөг төлсөн. Үлдэх 1.315.150 төгрөг нь томограф, эм тариа, эмчийн үзлэгт зарцуулагдсан. Өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг, нотариатын 5.600 төгрөг нийтдээ 16.674.750 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч ***************ын төлсөн 790.000 төгрөгийг хасаад үлдэх 15.884.250 төгрөгийг түүнээс нэхэмжилнэ. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг.

 

                           Хоёр. Эрүүгийн 2203004580471 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33-43 тоотод оршин суух *************** автомашинд мөргүүлсэн ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

 

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-08 дахь тал)

 

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “*************** нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал)

 

5.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************а хохирогчоор өгсөн : “Одоо би суга таягтай алхаж байна, ослын улмаас миний баруун хөлийн өвдөгний урд хойд чагтан холбоос урагдаж, тойгны яс бэртэлтэй гэж дүгнэлт гарсан. Одоогоор хагалгаанд орох заалттай эмчилгээ хийлгэж байна. Эрүүл мэндтэй холбоотой миний баруун хөл өвдөж байсан бол одоо зүүн хөл маань бас өвддөг болсон, мөн нуруу, толгой өвчтэй байна. Жолооч осол болсон өдрөөс хойш нийт 700.000 төгрөг эмчилгээнд өгсөн. Одоогоор миний эрүүл мэндтэй холбоотой 19.000.000  төгрөгийн хохирол гарсан байна, би баримтаа хэрэгт хавсаргуулна. Би жолоочид гомдолтой байна, надтай утсаар холбогдоогүй, эрүүл мэндтэй холбоотой хохирол зардал төлж барагдуулахгүй байгаа, өөрийн үйлдэлдээ их ухамсаргүй хандаж байна гэж би бодож байна. Ослын улмаас болж би ажилдаа явж чадахгүй, цалингүй байгаа, мөн сэтгэл санааны их зовуурьтай, шөнө унтаж чадахгүй байна. Би тавилгын компани ажиллуулдаг ослоос болж хөдөлмөрийн чадвараа их алдаж байна, санхүүгийн хувьд их хүндрэлтэй болсон, би өөрөө автомашинаа жолоодож ажил үйлчилгээ явуулдаг байсан одоо энэ байдал зогссон. Эдгээр зүйлээс болж гарч байгаа хохирлоо, мөн эрүүл мэндтэй холбоотой гарсан хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************а иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би тухайн өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 дугаар байрны 3 дугаар орцны гадаа өөрийн автомашинаасаа ачаа тээшээ буулгаж байсан юм. Тэр үед миний ард Приус маркийн автомашин зогсоолоос гараад ирж байсан би түр зогсож байгаарай гялс ачаагаа буулгаадахъя гээд гараараа дохио өгсөн. Тэгээд хоёр цүнхтэй хувцсаа буулгаад буцаад машиныхаа ард ирээд үлдсэн зүйлсээ буулга гэтэл араас нөгөө машин мөргөөд миний эзэмшлийн Лексус 450 маркийн автомашинтай хавсраад зогссон. Тэгээд дөрөв орчим минутын дараа нөгөө эмэгтэй машинаа ухраагаад зогссон. Тэгээд машин ухрахаар нь би газарт унасан. Эхнэр 102 болон 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. Дараа нь түргэний машин ирээд намайг аваад явсан. Осол болсон өдөр миний баруун хөл өвдөг хэсгээрээ өвдөж байсан. Одоогоор хоёр хөл, нуруу, толгой өвдөж байна. Би таягтай алхаж байгаа. Тухайн өдөр манай гэр бүл хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд байрныхаа  гадаа ирээд эхнэр хүүхдээ буулгачхаад эд зүйлсээ гялс буулгая гэж бодоод түр зогссон манай байрны тэр зам нэг чигийн хөдөлгөөнтэй нэг эгнээ зам байдаг. Тийм учир машин зогсох өөр газар байхгүй байсан болохоор зорчих хэсэг дээр түр зогссон юм...Миний машинд эвдрэл учраагүй. Автомашины хөдөлгөөн сийрэг, цаг агаар хэвийн тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би гомдолтой байна, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

         7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ганбилэгийн иргэний хариуцагчаар өгсөн: “Манай байгууллага нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог байгууллага юм. Тоёота приус маркийн 00-00 УНХ улсын дугаартай автомашиныг *************** гэх хүн барьцаалан 2020 оны 9 сарын 17-ны өдөр 9.000.000 төгрөгийн зээл авсан. Манай байгууллага нь бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, учир нь зээлдэгч ***************той байгуулсан барьцааны гэрээний 2.8 дугаар зүйлд барьцаалуулагч нь барьцааны автомашиныг өөрөө унаж ашиглаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан тохиолдолд барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч нь учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж зааж тусгайлан гарын үсэг зурсан, тийм учраас бусдад учирсан хохирлыг зээлдэгч *************** нь өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан байх тул *************** өөрөө хариуцна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

 

       8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************ын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд санагдаж байна. Өөрийн эзэмшлийн  Тоёота приус маркийн 00-00 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны гадна талаас хөдөлсөн. Тухайн үед машинд танил эмэгтэй Пүрэвсүрэн хоёр хүүхэдтэйгээ сууж явсан. Би тэр гурвыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд зогсоол дээрээс машинаа хөдөлгөөд гарах чиглэлд явж байтал зорчих хэсэг дээр нэг автомашин зам хаагаад тавьчихсан, нэг эрэгтэй арын багаажны хаалгыг нь онгойлгоод юм буулгаад байсан эрэгтэй гараа өргөөд түр байж байх дохио өгөх шиг болсон. Тэгэхээр нь би гялс гэр рүүгээ ороод гутлаа солиод гараад ирье гэж бодоод машиныхаа P дээр дараад буутал миний машин урагш хөдлөөд нөгөө машинаас юм буулгаж байсан эрэгтэйг машинтай нь хавсарч мөргөөд зогссон. Би машиныхаа парк товчийг дутуу дарсан юм шиг байна лээ. Тэгээд хөдлөхөөр нь сандраад 1,2 секунд бас алдчихсан гэж бодож байна. Тэр хүнийг машин мөргөөд зогссоны дараа би машиндаа суугаад машинаа ухраагаад зогссон. Дараа нь тэр эрэгтэйн ар гэрийн хүмүүс гарч ирсэн. Тэгээд түргэний машин ирээд машинд мөргүүлсэн эрэгтэйг аваад явсан. Дараагаар нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд миний машиныг ачуулаад явсан. Би 2021 онд жолооч болж байсан. Алтанбулаг нэртэй жолооны сургалт төгсөж В ангилалтай жолооч болсон.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10736 дугаартай “***************ы биед дотор жийргэвч мөгөөрс их бие, арын эвэр хамарсан хөндлөн урагдал, дотор талын дунд чөмөгт ясны гиалин мөгөөрс дотор булууны өмнөд хэсэгт гадаргуу тэгш бус буюу жижиг цөмөрсөн хугарал, ясны эдийн хавантай, тойг ясны хавантай, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

        10. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт “...хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-61 дэх тал)

 

11.  Мөрдөгчийн магадлагаа 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 978 дугаартайТоёота приус” маркийн 00-00 УНХ улсын дугаартай автомашины жолооч *************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч ***************а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д Дараахь тохиолдолд түр зогсохыг хориглоно. и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт, гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

         12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************ын яллагдагчаар өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчийн эрүүл мэндэд 790.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал)

 

13.  Тоёота приус” маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал)

 

14. Хохирогч талаас шүүх хуралдааны явцад гаргасан хохиролтой холбоотой баримтууд

 

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, ял шалгах хуудас (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                      

 

                          Гурав: Гэм буруу болон хохирол төлбөрийн талаар.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны хойд замд хохирогч ***************ыг автомашиныхаа арын багажнаас эд зүйлээ буулгаж байх явцад шүүгдэгч *************** “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан байх ба тээврийн хэрэгслээ зогсоож үлдээхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогч ***************ыг мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

 

Үүний улмаас хохирогч ***************ын биед  дотор жийргэвч мөгөөрс их бие, арын эвэр хамарсан хөндлөн урагдал, дотор талын дунд чөмөгт ясны гиалин мөгөөрс дотор булууны өмнөд хэсэгт гадаргуу тэгш бус буюу жижиг цөмөрсөн хугарал, ясны эдийн хавантай, тойг ясны хавантай, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 05-06 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-08 дахь тал), ***************ы хохирогч-иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...орцны гадаа өөрийн автомашинаасаа ачаа тээшээ буулгаж байсан юм. Тэр үед миний ард Приус маркийн автомашин зогсоолоос гараад ирж байсан би түр зогсож байгаарай гялс ачаагаа буулгаадахъя гээд гараад дохио өгсөн. Тэгээд хоёр цүнхтэй хувцсаа буулгаад буцаад машиныхаа ард ирээд үлдсэн зүйлсээ буулга гэтэл араас нөгөө машин араас мөргөөд миний эзэмшлийн Лексус 450 маркийн автомашинтай хавсраад зогссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10736 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) хохирогч талаас шүүх хуралдааны явцад гаргасан хохиролтой холбоотой баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

 

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Улсын яллагчаас “хохирогчийн хохирлын талаарх нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг, нотариатын 5.600 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, үлдэх 15.668.650 төгрөгийг гэм буруутай этгээд шүүгдэгч ***************оос гаргуулж хохирогчид олгох” санал дүгнэлт;

хохирогч ***************а шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардалд нийт 15.668.650 төгрөг,  өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг, нотариатын 5.600 төгрөг нийтдээ 16.674.750 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч ***************ын төлсөн 790.000 төгрөгийг хасаад үлдэх 15.884.250 төгрөгийг түүнээс нэхэмжилнэ.” гэж ; 

хохирогчийн өмгөөлөгчөөс “ Хувь хүнээс хуулийн этгээд нь ямагт эдийн засгийн илүү боломжтой байдаг тул хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлт;

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч хагалгаанд орсон талаарх өвчний түүхийн хуулбар хэрэгт байхгүй тул 10.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

***************ын жолоодож явсан “Тоёота” маркийн “Приус” загварын 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тухайн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 28 дахь тал)

 

*************** нь Тоёота Приус маркийн 00-00 УНХ улсын дугаартай автомашиныг “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д  барьцаалан 2020 оны 9 сарын 17-ны өдөр 1660701199 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалан мөн өдрийн 1660701199 дугаартай зээлийн гэрээгээр 9.000.000 төгрөгийн зээл авчээ.  (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс  нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” мөн хуулийн 499.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.  

 

Гэвч  “Есөн шижир инвест ББСБ” ХХК болон зээлдэгч *************** нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 1660701199 дугаартай барьцааны гэрээний 2.8 дугаар зүйлд “барьцаалуулагч нь барьцааны автомашиныг өөрөө унаж ашиглаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан тохиолдолд барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч би учирсан хохирлыг бүрэн хариуцна.” гэсэн гэрээний заалтад *************** гарын үсэг зурсан байна. (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

Өөрөөр хэлбэл тухайн автомашиныг ашиглах явцад зам тээврийн осол гаргавал үүсэх хохирлыг *************** нь бүрэн хариуцахаар байна.

 

Иймд  шүүгдэгч ***************ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах нөхөн төлөх үүргийг *************** хариуцах этгээд гэж үзэж, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас хохирогчид учирсан хохирлыг гаргуулах талаарх                хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч ***************ы биед учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

         Шүүх хуралдаан дээр гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

 

Хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

          Өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авсан болно.

 

 Эмчилгээний зардалд 15.668.650 төгрөг, нотариатын 5.600 төгрөг нийтдээ 15.674.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул  шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Үүнээс шүүгдэгч нь хохирогчид төлсөн 790.000 төгрөгийг хасаж тооцон  үлдэх 14.884.250 төгрөгийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ***************оос  гаргуулж хохирогч ***************ад олгохоор шүүх шийдвэрлэв.  

 

Иймд улсын яллагчаас “нотариатын хөлс 5.600 төгрөг”-ийн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хагалгааны 10.900.000 төгрөг”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тус тусын санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх” санал дүгнэлт гаргасныг хохирогчийн өмгөөлөгч дэмжиж,   

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

          Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          ***************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч *************** гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэв.  

 

Нөгөө талаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Иймд ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар  дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Тав. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт *************** цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ***************ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***************оос нийт 14.884.250 төгрөг гаргуулж хохирогч ***************ад олгосугай.

 

6. *************** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ