| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0688/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/741 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батболдын Ст холбогдох эрүүгийн 2210000000783 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бармен ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар 2 сарын баривчлах ял тус тус шийтгэгдсэн Боржигин овогт Батболдын С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр М.Хтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь дээд эрүүний зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруу дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай найз С над руу залгаад “хүрээд ирээч, уулзъя” гэж дуудсан. Бид хоёр 19-ийн үйлчилгээний төвд уулзаад, дэлгүүр орж 0,75 литрийн архи аваад, Сийн гэр лүү буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 215-503 тоотод очсон. Авсан архиа ууж дуусгаад ахиад 1 шилийг аваад ууж байтал манай нэг танил дүү гадаа Намбаа ирээд намайг дуудсан. С намайг гаргахгүй байсан. Бид 2 маргалдаад С миний нүд рүү цохисон. Бид 2 зууралдаад авсан. С шууд намайг мөргөсөн. Тэгээд миний шүд уначихсан. Би гэрээс нь зугтааж гараад тааралдсан хүнээсээ “цагдаа дуудаж өгөөч” гээд цагдаад дуудлага өгсөн. ...С бид 2 найз нөхөд болоод 10 гаран жил болж байгаа. Ам мурийж байгаагүй. Өчигдөр юу болсон юм бүү мэд. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй. Миний нүд хөхөрсөн. Мөн шүд унасан. Шүд янзлаад өгчихвөл гомдол санал гээд байх юм байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8513 дугаартай:
“-М.Хын биед эрүүний зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
4.Шүүгдэгч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 19-ийн үйлчилгээний төвд найз Хтай уулзсан. Бид 2 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 215-503 тоотод очоод 2 шил архи хувааж уугаад байж байтал Х “гадагшаа гарч явна” гээд байхаар нь би “гаргахгүй, амраад, унтаад яв” гээд бид 2 маргалдсан. Бид 2 барьцалдаж аваад, зууралдаад, дээр доороо орчихсон. Би босох гээд Хын шүдийг мөргөөд унагаачихсан. Х гарч яваад цагдаа дуудаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
5.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Хтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөргөсний улмаас биед нь дээд эрүүний зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Сийн хохирогч М.Хын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 8513 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “Шүд янзлаад өгчихвөл гомдол санал гээд байх юм байхгүй” гэж мэдүүлсэн байх тул түүний энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Сийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, шүүгдэгчийн хувийн байдал /...36 настай, “Арт оф юу бү” ХХК-д бармен ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Сийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Батболдын Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Сийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Хохирогч М.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ст сануулсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР