Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/03086/и |
Дугаар | 404 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 404
МАГАДЛАЛ
2018.02.05 Дугаар 404 Улаанбаатар хот
“И Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03086 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “И Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “М Т” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 62 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
гэрээний үүрэг, алданги 25 750 000 төгрөг, УНГ 44-66 улсын дугаартай автомашины үнийн зөрүүнд 21 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “М Т” ХХК-иас тэдний бартераар ажлын хөлсөнд авсан ХУД ? хороо Дүнжингаравын гудамж А В хотхоны А блокын ? давхарын ? тоот 45.6 м/кв орон сууцыг 114 сая төгрөгөөр худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Гэрээний заалт ёсоор төлбөрийн нөхцлийг төлбөрийн урьдчилгаанд 10 000 000 төгрөг бэлнээр мөн Х Э 2 маркын автомашиныг 40 000 000 төгрөгөөр тооцож өгч уг байрыг ашиглалтанд ортол cap бүр 2 500 000 төгрөгийг “М Т” ХХК-д төлөхөөр тохирсон. Уг байрыг ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсанаас хойш банкны зээлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Бид машиныг гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгч, cap бүр төлөх 2 500 000 төгрөгийг тогтмол төлсөөр 22 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл уг байр ашиглалтанд 2016 оны 12 дугаар сарын 23-нд орж улсын комисс хүлээн авсан байсан. Үүнийг бидэнд мэдэгдээгүй ба 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “М Т” ХХК-иас манайхтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэж манай талын төлсөн мөнгөнөөс гэрээний 4.1.5 заалтын дагуу 3 375 000 төгрөгийг суутгаж үлдэгдэл мөнгийг байшин зарсны дараа өгөх Х Э 2 автомашиныг ижил оны автомашинаар буцаан өгөх утгатай мэдэгдэл өгсөн. Бид үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөд бэлэн банктай тохиролцож зээл авахаар болсон байсан гэтэл гэрээнээс татгалзаж манай талд байр өгөх боломжгүй гэрээний үүрэг зөрчсөн гэж мэдэгдсэн. Орон сууц ашиглалтанд орсон, улсын комисс хүлээн авсан тухай манай талд нотлох баримт болон албан бичгээр мэдэгдээгүй атлаа “И Э Э” ХХК-иас төлсөн төлбөрөөс 3 375 000 төгрөгийг суутгана гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн манай талаас авсан Х Э 2 автомашиныг бусдад шилжүүлэн өгсөн байсан. Төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийн 114 000 000 төгрөгөөс 62 500 000 төгрөгийг төлсөн ба нэгэнт гэрээний нэг тал буюу “М Т” ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т заасныг үндэслэн манай компаниас төлсөн 62 500 000 төгрөгийг “М Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “И Э Э” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ албан ёсоор цуцлагдаагүй, тооцоо нийлээгүй. Манай компани гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөөд байраа хүлээж авахыг удаа дараа сануулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлээс хойш талууд уулзаж, орон сууцаа хүлээн авах талаар ярилцаж байсан. Нэхэмжлэгч тал орон сууцны үнийг бууруулах гэж оролдож байсан бөгөөд бид хангалттай бууруулсан. 20 000 000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй Х Э 2 автомашиныг 40 000 000 төгрөгөөр тооцож авах болсон шалтгаан нь хүртэл орон сууцныхаа үнийг бууруулж тохиролцсонтой холбоотой. Манай компани гэрээнээсээ татгалзаагүй. Хариуцагч тал үүргээ биелүүлж орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлбөл орон сууцыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч “М Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц захиалах гэрээ”-ний 4.1.5-дахь хэсэгт заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр буюу гүйцэтгээгүй үүрэг болох 51 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 119 хоног гэрээний хугацаанаас хоцроосон байна. Тухайн барилгыг улсын комисс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан ба нэхэмжлэгч “И Э Э” ХХК нь банкнаас зээл авах 14 хоногийн хугацааг хүссэн тул алдангийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсон. 51 500 000 төгрөгийн 1 хоногт ногдох алданги 257 000 төгрөг ба 119 хоногт үржүүлэхэд нийт 30 647 500 төгрөг болж байх ба хуульд нийцүүлэн 25 750 000 төгрөгийн алдангийг нэмэгдүүлэн нэхэмжлэгчээс гаргуулахаар нэмэгдүүлсэн. Мөн Манай “М Т” ХХКомпани нь “И Э Э” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо Дүнжингаравын гудамж “А В” хотхоны А блокны ? дугаар давхарын ? тоотын 45.6 м.кв талбайтай орон сууцыг 114 000 000 төгрөгөөр тус компанид худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч “И Э Э” ХХК нь талуудын дунд байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт зааснаар орон сууцны төлбөрт 114 000 000 төгрөгийг “М Т” ХХК-д төлөх, 3.3 дахь хэсэгт зааснаар Х Э 2 маркийн ? арлын, ? улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр орон сууцны үнээс хасуулж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “М Т” ХХК-д шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн. Гэтэл “И Э Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн дээрхи үүргээ биелүүлж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг болон тээврийн хэрэгслийг биет байдлаар манай талд шилжүүлж өгөөгүй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "И Э Э” ХХК-иас гэрээнд заасан марк, улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг РД:? дугаарын бичиг баримттай Л.З гэх хүнд шилжүүлэн тус тээврийн хэрэгслийн улсын дугаар ? байсан нь ? болж өөрчлөгдсөн байдаг. “И Э Э” ХХК-иас маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээн авсан Л.З нь тээврийн хэрэгслийн үнэ гэж 18 700 000 төгрөгийг манай “М Т” ХХК-д төлсөн бөгөөд дээрхи байдлаар талуудын дунд 2016 оны 06 дугаар сарын 13-ны байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт заасан 114 000 000 төгрөг байх орон сууцны нийт төлбөрийн хэмжээ хариуцагч болон гуравдагч этгээд нарын дунд хийгдсэн хэлцлийн улмаас өөрчлөгдөж 21 300 000 төгрөгийн хохирол хүлээхэд хүрээд байна. Иймд талуудын дунд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.4 дэх хэсгүүдийг үндэслэж Х Э 2 маркийн ? арлын, ? улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 21 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөж байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3.4 заасан хугацаанд тогтмол төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. 2016 оны 07 дугаар сарын төлбөрийг 8 хоног, 8 дугаар сарын төлбөрийг 37 хоног, 9 дүгээр сарын төлбөрийг 23 хоног, 10 дугаар сарын төлбөрийг 7 хоног, 11 дүгээр сарын төлбөрийг 1 хоног нийт 76 хоног гэрээнд заасан төлбөрийг хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлээгүй тул 4.5-д заасан үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги буюу 12 500 төгрөг нийт 950 000 төгрөгийн алданги төлүүлэх, Гэрээний 4.1.5-д заасан нэхэмжлэгч нь төлбөрийг 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн тул нийт гэрээний үнийн дүн буюу 114 000 000 төгрөгний 15 хувьтай тэнцэх 17 100 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, Гэрээний 4.2.12-т заасан нөхцөл үүссэн тул нэхэмжлэгчээс 3 375 000 төгрөг буюу төлсөн 62 500 000 төгрөгийн 5 хувийн торгуулийг нэхэмжлэгчээс гэрээний дагуу гаргуулах нийт 21 425 000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
Иймд алданги 25 750 000 төгрөг, ? улсын дугаартай автомашины үнийн зөрүүнд 21 300 000 төгрөг, нийт 47 050 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “И Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Орон сууцыг хүлээлгэж огт өгөөгүй хэрэв өгсөн тохиолдолд орон сууц хүлээлгэж өгсөн талаарх акт үйлдэгдэж бидэнд уг байрны түлхүүр зэргийг хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр бидэнд уг байрыг хүлээлгэж өгсөн зүйл алга байна. Сөрөг нэхэмжлэлд үндэслэлгүй худал асуудлыг тусгажээ. Мөн “М Т” ХХК-иас манайд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны албан бичиг нь шууд утгаараа гэрээнээс татгалзаж манай төлсөн төлбөрийг байр зарагдсны дараа 3 375 000 төгрөгийн суутгал авч үлдэгдлийг төлнө гэсэн албан бичиг байсан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар “М Т” ХХК нь дангаар гэрээнээс татгалзах эрхтэйгээр заасан байсан учир бид гэрээнээс татгалзаж байгааг зөвшөөрч Иргэний хуульд заасны дагуу манай төлбөрийг буцаан төлөх хугацааг тогтоож өгсөн боловч төлбөр хийгдээгүй учир арга буюу шүүхэд хандсан. Сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан гэрээний 4.5 гэсэн заалт байхгүй бөгөөд түүний нэхэмжлэлд дурьдсан мөн гэрээний 4.5 заасан нэхэмжлэгч нь төлбөрийг 30-аас дээш хоног хэтрүүлсэн тул нийт гэрээний үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх 17 100 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээнд 4.5 гэсэн заалт хэдийгээр байхгүй ч хэрэв “М Т” ХХК нь торгууль маягаар мөнгө төлүүлэх бол зөвхөн гэрээг өөрөө дангаараа цуцалсны дараа энэ торгууль болон алданги нэхэмжлэх эрхтэй. Мөн гэрээний 4.2.12-т заасны дагуу төлсөн үнийн дүнгийн 5%-тай тэнцэх торгууль төлүүлнэ гээд 3 375 000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Энэ гэрээний заалтанд зааснаар бол “И Э Э” ХХК нь дангаараа гэрээг цуцалсан тохиолдолд дээрх торгуулийг төлнө гэж заасан. Энэ заалт тун ойлгомжгүй заалт учир уг заалтаар "Б" тал буюу “И Э Э” ХХК нь гэрээг дангаар цуцлах эрхгүй гэсэн атлаа цуцалбал 5%-тай тэнцэх мөнгөний торгуультай гэж заасан нь ойлгомжгүй заалт юм. Мөн энэ гэрээнээс манай талаас эхэлж татгалзаагүй болно. Үүнийг “М Т” ХХК-иас манайд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны албан бичиг нотолно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт зааснаар “М Т” ХХК-иас 43 500 000 төгрөгийг гаргуулж “И Э Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “И Э Э” ХХК-иас алданги 25 750 000 төгрөг, ? улсын дугаартай автомашины үнийн зөрүүнд 21 300 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн “М Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “И Э Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 450 төгрөгийг, “М Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Т” ХХК-иас 375 450 төгрөгийг гаргуулж “И Э Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхэд тайлбар гаргуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “И Э Э” ХХКнь хариуцагч “М Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 62 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг болох алданги 25 750 000 төгрөг, ? улсын дугаартай автомашины үнийн зөрүүд 21 300 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалах гэрээг цуцалсан тул гэрээгээр шилжүүлсэн 62 500 000 төгрөг гаргуулах гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээ цуцлагдаагүй, тооцоо нийлээгүй, 62 500 000 төгрөг төлсөн баримтгүй...” гэж тайлбарласан.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орон сууц захиалах гэрээний зүйлийн үнийг хугацаандаа төлөөгүй учир гэрээнд заасан алданги 25 750 000 төгрөг, гэрээнд 40 000 000 төгрөгөөр үнэлэн байрны төлбөрт өгсөн машин нь 18 700 000 төгрөгөөр үнэлэгдэж худалдагдсаны зөрүү 21 300 000 төгрөг, бүгд 47 050 000 төгрөгийг гаргуулах...” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Дүнжингаравын гудамж А В орон сууцны А блокын ? давхрын ? тоотын 45,6 м.кв талбай бүхий 114 000 000 төгрөгийн орон сууцыг 2016 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнээс 10 000 000 төгрөгийг, ? улсын дугаартай, Х Э 2 маркын авто машиныг 40 000 000 төгрөгт тооцон урьдчилгаанд өгөхөөр тохиролцсон байна.
Орон сууцны үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр 2 500 000 төгрөгөөр төлөх гэж гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 22 500 000 төгрөг төлсөн, орон сууц нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс гэрээгээр шилжүүлэн авсан зүйлийг буцаан өгөхөө мэдэгдсэн ба нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан тухай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 009 тоот албан бичгээр хариу өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Гэрээний зүйл нь ашиглахад бэлэн болсон орон сууц байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул талууд хууль буюу гэрээнд заасан журмаар гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Дээрх гэрээний 4.1.5-д төлбөрийг хэлэлцэн тохирсон хугацаанд төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх, төлбөрийг 30-аас дээш хоногоор хэтрүүлбэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээг дангаар цуцлах гэсэн ба нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д заасан “улсын комиссын акт хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь” гэрээнээс татгалзах үндэслэл болсон нь хэргийн 15 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй тул гэрээгээр шилжүүлсэн зүйлийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нотлох баримтад үндэслэгджээ.
Хариуцагч нь гэрээ цуцлагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь байгууллагыг төлөөлөх албан тушаалтан биш учир фэйсбүүк хаягаар хүргүүлсэн түүний хүсэлт үндэслэлгүй гэж маргах боловч хариуцагчийг төлөөлж менежер Э.Э гэрээ байгуулсан, гэрээний 4.1.4-т “гэрээнд заасан төлбөрийг 7 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд 1 удаа сануулгыг гар утасны мессеж, цахим шуудан, гэрээнд заасан албан ёсны хаягийн аль нэгээр сануулна.” гэсэн ба Э.Э цахим хаягаас ирсэн төлбөр төлөх сануулгыг нэхэмжлэгч хүлээн авсан гэж тайлбарласан.
Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.НАРАНЦЭЦЭГ