| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2019/0562/Э |
| Дугаар | 913 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 913
2019 9 12 2019/ДШМ/913
Ц.Лд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Ц.Лд холбогдох 1803009920016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Цын Л, 1982 оны ....ний өдөр .... аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ....тоотод түр оршин суух, /РД:..../,
урьд .... аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
.... аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан .... аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 4 хоногийн хорих ял дээр тус таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар 4 хоногийн хугацаагаар шийтгүүлж байсан.
Ц.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21.15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... замд “Тоёота Королла” загварын .... .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Д.Лхамсүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Ц.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цын Лг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Лхамсүрэнгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Лд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Лгийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Ц.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Лгийн №1157289 дугаартай жолоочийн үнэмлэхийг Тээврийн цагдаагийн газрын лицензийн ....д хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Лгээс 4.528.988 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дуламсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.150.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирүүлсэн хөрөнгөгүй, Ц.Лгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Л давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт төлөх хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Лгийн үйлдсэн зам тээврийн ослын гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, 3 удаагийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй, нас барсан шалтгаан нь хэвтрийн хатгаанаас болж уушгины идээт үрэвслээр нас барсан гэж дүгнэсэн байдаг. Дээрх нас барсан шалтгаан нь ослоос болж үүсээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч Ц.Лд тохирсон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байсан. Түүнийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тухайн зөрчлийг арилгаж, дахин шинжээч томилж, уг дүгнэлтээр хохирогчийн гэмтлийн зэрэг, нас барсан шалтгааныг тодорхой заасан. Мөн шинжээч эмчээс тайлбар мэдүүлэг авч, үхлийн шалтгааныг уушгины идээт үрэвсэл нь хэвтрийн байдлаас үүссэн тул ослоос авсан бэртэлтэй шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 15 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... замд “Тоёота Королла” загварын .... .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодон явсан автомашиныг онхолдуулан, автомашинд зорчиж явсан Д.Лхамсүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дуламсүрэнгийн “...Манай ээж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулахын тасагт ирээд ухаангүй 9 хоноод 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан юм. ...дүү бид 2 энэ Ц.Лд маш их гомдолтой байна. ...” гэх /1хх 20-22/,
гэрч У.Энэрэлийн “...Тэр хүн “сая замын хойд тал руу нэг суудлын тээврийн хэрэгсэл онхолдчихлоо” гэхээр нь би жолоочийн хамт замаас гараад тойроод очиход саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан байрлалтай, дөрвөн дугуй нь дээшээ харсан, жолоочийн суудлын ард нэг эрэгтэй хавчуулагдсан байхаар нь бид татаж гаргасан. Зүүн хойд зүгт нэг эмэгтэй хүн ухаан алдсан байдалтай доошоо хараад хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийхэд ямар ч ухаан байхгүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, амьсгал, зүрх нь бүдэг сонсогдож, хурхирсан байдалтай маш хүнд байсан учир нөгөө эрэгтэй хүний хамт тээврийн хэрэгсэлдээ суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...” гэх /1хх 37/,
гэрч С.Ганболдын “...21 цагийн орчимд миний зүүн талаар нэг суудлын тээврийн хэрэгсэл маш хурдтай өнгөрөөд л шууд замын хойд тал руу замаас гараад л онхолдсон. ...” гэх /1хх 35/,
гэрч Ц.Наранбатын “...Манайд хонохоор болсон учир авсан 1 шил архиа би задлаад талийгаач эгч, найз залуу нь болох Ц.Л бид гурав нэг, нэг аяга уусан. ...тэгтэл талийгаач эгчийн найз Ц.Лгийн утас нь дуугарч Л “манай найз намайг дуудаад байна” гээд л талийгаач эгч, Ц.Л хоёр гараад явсан юм. ...” гэх /1хх 53/,
шинжээч эмч М.Энхбаярын “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд, эсийн шинжилгээгээр талийгаач Д.Лхамсүрэнгийн уушгины хатгалгаагаар нас барсан нь тогтоогдсон. ...Энэ нь ...тархины гэмтлийн улмаас үүссэн гэмтлийн хүндрэл гэж үзэж болно. ...” гэх /1хх 193-194/,
шинжээч эмч Ц.Ганболдын “...Талийгаач нь тархины гэмтэл авч ухаангүй 9 хоног хэвтрийн байдалтай байснаас уг гэмтлийн хамж хүндрэл болох хэвтрийн хатгаагаар нас барсан байна. Иймээс гэмтэлтэй шалтгаант холбоотой тархины гэмтлээс болж нас барсан байна. ...” гэх /1хх 236-237/,
шүүгдэгч Ц.Лгийн яллагдагчаар өгсөн “...бид гурав нэг шил архиа аваад гэрт нь ороод гэрийг нь галлангаа нөгөө 1 шил архиа хуваагаад ууж байтал манай найз Амаржаргал намайг “...манайд хүрээд ир” гэхээр нь талийгаач бид хоёр Партизаны сангийн аж ахуй орохоор гарч яваад замдаа онхолдсон юм. ...” гэх /1хх 87-89/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “1. Талийгаач Д.Лхамсүрэнгийн биед тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун эгэмний далд хугарал, хоёр нүдний ухархайн болон гайморын хөндийн ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. Харин хүний биед хийсэн шүүхийн эмнэлгийн шинжилгээний 14180 дугаартай дүгнэлтэд дурдагдсан “суурь ясны бага далавч, их далавч дайрсан нийлмэл хугарал” гэмтэл нь компьютер томографын шинжилгээний хариунд тусгагдсан байх боловч цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр уг гэмтэл нь тогтоогдоогүй болно. Талийгаачид учирсан гэмтлүүдээс тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэмний далд хугарал, хоёр талын гайморын хөндийн ханын хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр нүдний ухархайн өвдөгний цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн ташаа, гуяны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. 3. Талийгаачид зохих эмчилгээг хийсэн байна. 4. Дээрх гэмтлүүд нь эмчилгээний явцаас үүсэхгүй. 5. Талийгаач нь хоёр уушгины идээт брохопневмони буюу гэмтлийн хүндрэл болох хэвтрийн хатгаа өвчний улмаас нас барсан байна. ...” гэх 541 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 232-234/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Лг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Лхамсүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Лгийн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Лхамсүрэнгийн амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Лгийн гаргасан “...Надад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ