Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 159/2024/0001/З |
Дугаар | 221/МА2024/0468 |
Огноо | 2024-07-09 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0468
“Х*******” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Г*******
Илтгэсэн шүүгч Э.Л*******
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Н.Б*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “Х*******” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн 0046010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159/ШШ2024/0026 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******
Хариуцагч Н.Б*******
Хариуцагчийн өмгөөлөгч Б.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 159/2024/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Х*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******д холбогдуулан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0046010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159/ШШ2024/0026 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 35.4.3-т заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113, 115 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 30 хоног гэж тодорхойлж өгсөн байдаг.
Маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг нэхэмжлэгч "Х*******" ХХК тус актыг гардан авсан, мэдсэн үеэс хойш 30 хоног дотор шүүхэд гаргах ёстой. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн актыг эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийг шүүх 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасан нөхцөлийг бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл ямар ч шалтгаанаар бай хамаагүй 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гарсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацаа дахин нэхэмжлэл гаргасан 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дууссан, хэтэрсэн болох нь тодорхой юм. Энэ тохиолдолд гагцхүү хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай ойлголт зайлшгүй гарч ирж байгаа юм.
Нэгэнт хэтэрсэн болох нь ойлгомжтой байгаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй, шүүх ч энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй шууд л нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.
Хэрвээ яг энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай ойлголт үүсэхгүй гэж үзвэл нэхэмжлэгч "Х*******" ХХК хэдий ч хугацааны дараа хамаагүй нэхэмжлэл гаргах эрхтэй байх тухай энд яригдана магадгүй хэдэн сар, хэдэн жил ч өнгөрсөн бай шууд л нэхэмжлэл гаргаад шүүх түүнийг нь хүлээж аваад хэрэг үүсгээд явах боломжтой мэт ойлгогдож байна. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд л хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дахь зохицуулалт хуульчлагдсан гэж үзэж байна.
Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, энэ талаар шүүх хуулийн дагуу үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй учир маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр мэтгэлцэх нь илүүц юм. Гэтэл шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой хуульд заасан маш тодорхой процессыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тухай ойлголт бол гагцхүү нэхэмжлэгчийг үүрэгжүүлсэн тус хуулийн цорын ганц зохицуулалт гэж ойлгоход буруутахгүй юм. Учир нь эрх нь зөрчигдсөн байж болох ч гэсэн түүнтэй холбоотой аливаа маргаан үүсгэх нь хуулиар зөвшөөрсөн хугацаанд захирагдах ёстой буюу тус хугацааг хэтрүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээ нотлоод заавал сэргээлгэх тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн процессын нарийвчилсан зохицуулалт гэх ойлгож байна.
Иймд давж заалдах шатын шүүх гомдлыг минь хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159/ШШ2024/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Х*******” ХХК-иас мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 10 сар гаруйн хугацаанд явуулсны дараа буюу 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дүгээр захирамжаар дэд захирал Д.Л*******г тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш гэсэн үндэслэлээр түүний гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр “Х*******” ХХК-ийн захирал Д.Г*******ийн олгосон итгэмжлэлээр Г.Ж******* 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 26-ны өдрийн 27 дугаар захирамжаар захиргааны хэрэг дахин үүсгэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд шүүгч тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, ийнхүү шийдвэрлэхдээ татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаах эрхтэй.
Гэтэл энэ тохиолдолд дээрх ажиллагааг бүрэн явуулалгүйгээр захиргааны хэрэг үүсгэж хугацаа алдсанд “Х*******” ХХК-ийг буруутгах, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.
Тус компани анхнаасаа хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, харин тухайн үед гомдолд гарын үсэг зурсан Д.Л******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах үүрэг нь шүүхэд байсан, энэ нь ч шүүгчийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2024 оны 21 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “…гомдол гаргагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулин 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг ханган дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно” гэснээр нотлогдоно.
2.Хариуцагч улсын байцаагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа одоогийн давж заалдах гомдлын гол үндэслэл болгосон гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар огт дурдаагүй, харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.С*******оос гомдол гаргах хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн тул хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байсан талаар тайлбар гаргасан болох нь тэмдэглэлд тусгагджээ.
Гэхдээ “Х*******” ХХК-иас хуульд заасан хугацаандаа анх шүүхэд гомдол гаргасан болохыг хариуцагчийн өмгөөлөгч мөн хүлээн зөвшөөрсөн болох нь ч шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дахь талд тодорхой бичигдсэн, иймд шүүх анхнаасаа захиргааны хэрэг үүсгэсэн эсэхийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангуулаагүй нь зайлшгүй хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үр дагаварт хүргэхгүй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзуулахыг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянахад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Тухайлбал зохих зөвшөөрөлгүйгээр 80.39 м3 мод бэлтгэсэн, мод бэлтгэх гэрээ байгуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг ойн ангийн инженерээр батлуулаагүй үйл ажиллагаа эхэлсэн, тусгаарлах талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэсэн зөрчилд шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгууль, 143.722.006 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан, гэтэл “Х*******” ХХК нь мод бэлтгэх талбай тусгаарлах 11 тоот гэрээ, 12 тоот мод бэлтгэх гэрээг тус тус Хүдэр сумын ойн ангийн инженер Т.М*******тай 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан, мөн 22-099768 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан, байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эхлэлийн карт үйлдүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн байгаагаас үзэхэд шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 35.4.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл зохих гэрээ, зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн, хэргийн 10-25 дугаар талд тус тус авагдсан ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, мод бэлтгэх талбай тусгаарлах болон мод бэлтгэх гэрээ, мод бэлтгэлийн технологийн карт, мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг засварлаагүй, хуурамчаар үйлдээгүй, хүчин төгөлдөр байх тул ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг “Х*******” ХХК зөрчөөгүй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр дээр дурдсан зөвшөөрлийн хүрээнд гэрээнд заасан тоо хэмжээнд багтаан мод бэлтгэсэн, тусгаарлуулсан талбайгаас өөр газраас мод бэлтгээгүй, ойн санд хохирол учруулаагүй болох нь тогтоогдсон төдийгүй шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159/ШШ2024/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН