Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0057/Э |
Дугаар | 2016/ШЦТ/057 |
Огноо | 2016-11-08 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/057
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Азжаргал даргалж
нарийн бичгийн дарга: Х.О
улсын яллагч: Б.Б
шүүгдэгч С.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Сы Сад холбогдох 201604000179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-аймгийн Баяннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамрын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, дүү, эхнэр хүүхдийн хамт Баяннуур сумын*** дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Сы С. РД:*****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сумын 05 дугаар багийн нутагт орших “Н” соёлын төвд хохирогч И.Мыг “архидан согтуурч хуримд ирсэн хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Сын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би хохирлын бүрэн төлж өгсөн. Би өөрийнхөө бурууг ойлгож байна” гэв.
- Хохирогч И.Мын "Миний бие 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн төрөл дүү С.Сын худ цайнд очсон ба уг худ цай "Н" хуримын ордонд 14 цагийн үед эхэлсэн. Худ цай болж байх үед би бие засахаар гадагш гарч 00-д бие засаж байхад Сы Т би С-д яагаад гарын салаавч гаргаж миний эгчийг яагаад зодсон гэж маргалдсан ба тэр дотогшоо гүйж ороод Б гэх нагац ахыгаа дагуулж ирсэн. Б миний зүүн талын хацарт 2 удаа цохиж гэдсэнд нэг өшиглөж цохиж зодсон. Тэр үед С.С ирж намайг зүүн хацарт нэг цохиж авсан. Т /Б хочтой/ намайг гараад нааш ир дээ гэж нэг давхарт гадаа урд зүгт байдаг гадна талын 00 руу гарах хаалгаар гараад чи яагаад асуудал үүсгээд байна гэж зүүн хацарт минь гараар 2 удаа цохиж авсан ба тэр үед тэнд байсан үл таних хүмүүс салгаж авсан. Тэр үед Т /Б хочтой/ зугтаж дотогшоо орсон. Удаагүй С хүрч ирээд намайг нэг цохиж авахад миний амнаас цус гарч би ухаан самуураад суучихсан. Миний эрүү чанга өвдөж хоёр шүд суларсан байсан ба эмнэлэгт авч очиж рентген зураг авахуулахад чиний эрүүний яс хугарсан байна, эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. ...Миний эрүүнд Б эхэлж цохиж зодсон. Сүүлд С дахиж 2 удаа цохиж зодох үед миний эрүү хүчтэй өвдсөн. Миний эрүүний ясыг С хугалсан гэж бодож байна. Би урд өгсөн мэдүүлэгт Т /Б/ миний ам руу цохих үед миний эрүүний яс хугарсан гэж хэлсэн. Би буруу хэлж байсан байна. С гараар цохих үед хүчтэй өвдөж амнаас цус гарсан болохоор эрүүний яс хугарсан байна. Би Б хугалсан гэж буруу мэдүүлэг өгсөн байсан байна. ... Миний эмчилгээний зардалд С тусалж нэг сая төгрөг өгсөн. Би Саас өөр ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
- Гэрч Ө.Аын "2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр С.Сын гэр бүл болсон худ цай Н хуримын ордонд болсон ба худ цай 14-15 цагийн үед эхэлсэн. 17 цагийн үед байх И.М, С.Т /Б/ хоёр хоорондоо маргалдсан ба И.Мад С.Т гарч ярилцая гэж хэлээд хамт хоёулаа гарч явсан ба араас нь С.Т хамт дагаж гарч явсан. Тэд гарч явсны дараа 5-10 минут болоод Сы охин Ака гэгч С.Т /Б/ И.М хоёр зодолдож байна салгаж аваарай гэсэн ба бид ширээнээс босож гарах гэж байхад Т үүдэнд гаднаас орж ирж байсан ба араас нь И.М дагаж орж ирж байхад С.С түрүүнээс хойш чи яах гээд байгаа вэ гэж хэлээд Мыг заамдаж татаж ирээд нүүрний тус газар баруун гараар 2 удаа цохиж авсан. И.Мын амнаас цус гараад суучихсан. М миний шүд хугарчихлаа гэсэн. Би амыг нь харахад нэг шүд нь суларч гарч ирсэн байдалтай харагдаж байсан.. ..С.Т Мыг яаж зодсон болохыг би нүдээрээ хараагүй. Зодолдож байна гэхээр нь "Н"-гийн хоёр давхараас шатаар үүдэнд бууж очиход гаднаас Б орж ирж байсан ба араас нь М орж ирсэн. ..С эрүүл байсан. И.М, С.Т нар архи согтууруулах ундааны эүйл хэрэглэсэн байсан. Тийм ч ухаанаа алдсан согтуу биш байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
- Гэрч Ш.Аын " ...С ирж Сад Мыг Б зодож байна гэж хэлж байсныг сонссон ба тэр үгийг С сонсоод гадагшаа гарах үед араас нь би дагаж очиход Б гаднаас орж ирж байсан ба хажууд нь Т Бийг барьж авсан хөтлөөд ирж байсан. М, А нар хаалганы үүдний хэсэгт зогсож байхад С М руу явж очоод тэгээд би яах ёстой вэ гэж хэлээд Мыг хоёр удаа нүүрэнд гараар цохиж авсан ба тэр үед Сыг А салгаж авсан. Мын амнаас цус гарч шүд шүд гэж орилсон ба амыг нь ангайлган харахад доод эрүүний нэг шүд нь суларсан ам нь цус болчихсон байсан С Мын нэг талын нүүрэнд гараар цохиж зодсон аль нүүрэнд цохиж зодсоныг би тодорхой харж чадаагүй, цохих үед нөгөө талын нүүрэн хэсгээр давхар хаалганы рамыг цохиж газар суучихсан. Тэр үед амнаас нь цус гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
- Гэрч С.Сийн "17 цагийн үед "Н" хуримын ордонд байсан. С.Тыг И.М дагуулж авч явсан ба хэсэг хугацааны дараа Т хүрч ирсэн. Удаагүй М зодуулж эрүүний яс шүд нь хугарсан гэж сонссон. Би зодуулсан асуудлыг нүдээрээ хараагүй. Тэр өдөр М архи уучихсан согтуу хүн болгонтой зууралдаж хэрүүл маргаан үүсгэж сууж байсан, ширээний аяга тавгийг хагалж, тэнд байсан иргэдийн тав тухыг алдагдуулж явж байсан болохыг би анзаарч харсан. Тэгж байгаад М зодуулсан гэж сонссон. Мыг миний ах С зодож эрүүний ясыг нь хугалсан байна гэж сүүлд нь сонссон. ...М Ттэй зодолдох шинжтэй хэрүүл маргаан үүсгэж байсан болохыг би өөрөө харж энэ тухай ах Сад зодолдох гэж байна гэж хэлсэн. Би тэр хоёрыг бие биенээ цохиж зодолдож байсан болохыг хараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
- Гэрч А.Ний мэдүүлэг "..би 2 давхарт худ цайнд сууж байхад С Мыг цохиж зодчихсон байна гэж сонсоод юу болсон бол гэж бодоод 2 давхараас бууж явж байхад миний урдаас С ирж байсныг харж чи үхсэндээ Мыг зодож байгаа юм бэ гэхэд тэр надад ямар нэг юм дугарахгүйгээр ээхнэрийнхээ хажууд очоод суучихсан. Би нэг давхарт буугаад үүдний хэсэгт очиход М амнаас цус гарсан амаа бариад зогсож байсан, хажууд нь А, эхнэр нь А нар байсан. Бид Саматын машинаар түүнийг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд шүд нь суларсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 355 тоот “хохирогч И.Мын биед доод эрүүний баруун талын булангийн хугаралттай, доод эрүүний баруун талд битүү хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3 дахь заалтыг агуулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болохыг тогтоосон байна” гэх дүгнэлт /хх-ийн 36-рх/
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 450 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтээр хохирогч И.Мын биед доод эрүүний баруун талын булангийн хугарал, доод эрүүний баруун талд битүү хавдартай гэмтлээс гадна энэ гэмтлийн улмаас идээлж үрэвссэн хоёр шүдийг мэс заслын үед авсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 355 дугаартай дүгнэлтээр тогтоосон гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болохыг тогтоосон нэмэлт дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/
Шүүгдэгч С.Сын 2016 оны 09-р сарын 03-ны сэжигтнээр /хх-ийн 46-47-р хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 49-50-р хуудас/ байцаалт авсан тэмдэглэлүүд.
- Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 44-р хуудас/
- Шүүгдэгч С.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-р хуудас/
- Хохирогч И.Мын өвчний түүхийн хуулбар зэрэг болно.
Шүүгдэгч С.С нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Н” соёлын төвд хохирогч И.Мыг “согтуу агсан тавьж хуримд ирсэн хүмүүсийг хэл амаар доромжилж, амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь баруун гараараа 2 удаа цохиж, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Тухайн хэрэгт хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Хохирогч И.Мын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Сад холбогдох хэргийн зүйлчлэл нь зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч С.Сад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлсөн, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлан хорихгүйгээр тухайн зүйл ангийн хөнгөн ял болох албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогч И.Мын зүй бус харилцаа нөлөөлсөн байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа болно. Хохирогч И.Маас ”... Б /С.Тн/ миний зүүн талын хацарт 2 удаа цохиж, гэдсэнд нэг өшиглөж цохиж зодсон” гэх мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан шалгасан боловч түүний үйлдлээс болж гэмтэл учраагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хохирогч И.Мын “... миний эмчилгээний зардлыг С.С тусалж нэг сая төгрөг өгсөн. Би Саас өөр ямар нэгэн задал нэхэмжлэхгүй...” /хх-ийн 21 хуудас/ гэсэн мэдүүлгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Сын гэр бүлийн хамтын өмч болох 10 эр хонь, 5 сэрх, 1үхэр, 1 морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1ш, компьютер томограф зураг 1ш мөн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1ш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд Цагдаагийн байгууллагаас шүүгдэгчид улсын хилээр гадагш гарахад хориг тавих санал тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.
Шүүгдэгчийн 1 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Сы Сыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар шүүгдэгч С.Сын цагдан хоригдсон 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж, ял эдэлсэн хугацаанд оруулж тооцон, биечлэн эдлэх ялыг 243 цаг албадан ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дүгээр зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч С.Сад албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Сын гэр бүлийн хамтын өмч болох 10 хонь, 5 ямаа, 1үхэр, 1 морь зэргийг битүүмжилсэн мөрөдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн толгойн рентген зураг 1ш, толгойн компьютор томографын зураг 1 ширхгийг хохирогч И.Мад буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ