Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2019/00048

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Р-д холбогдох 

 

Гэм хорын хохиролд 3,141,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ж.Р, иргэдийн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.А миний бие нь Говьсүмбэр аймгийн Төмөр замын 125 дугаар байрны 2-9 тоот, одоогоор 101А-ийн 2-9 тоотод оршин сууж байгаа. 2016 оны 08 дугаар сард, 2017 оны 02 дугаар сард, мөн 2018 оны 12 дугаар сарын 15-нд тус тус удаа дараа бохир ус алдаж байрны засвар болон тавилга бурхан шүтээн дээр бохир ус маш ихээр алдсан асуудал гаргаж байсан. Тэр дор нь өөрсдөд нь мэдэгдэж байсан боловч тэр үед боломжтой болсон үедээ засвар хийж өгнө гэсэн аман амлалт өгч байсан. Огт засвар хийж өгөөгүй. Би ус алдсан талаар Ж.Р гуайд мэдэгдсэн болохоор холбогдох байгууллагад энэ талаар дуудлага өгөөгүй. Хохирол барагдуулж өгөөгүй тул өөрсдийн мөнгөөр 2018 оны 08 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл барилгын материал татаж бүрэн засвар хийсэн ба засварын ажил бараг дуусаад сар шинийн өмнө гэртээ нүүж орох төлөвлөгөөтэй байсан чинь дахин 00-ын бохир ус алдаж их хэмжээгээр хохирол учруулсан тул эд материалын 3,141,500 төгрөг нөхөн олгуулж, гомдол барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 125 дугаар байшингийн 12 тоотод оршин суудаг. Энэ байранд 1994 оны 12 дугаар сард орсон бөгөөд одоо хүртэл амьдарч байна. Энэ айл манай байранд шилжиж ирээд л бохироос алдлаа гэдэг байсан удаа дараа шалгахад хавтанг даган шарласан байдаг. Би ер нь айлын дээрээс бохир усаа асгах тийм ухамсар байхгүй. Нэг удаа засвар хийж өгсөн. Харин өөрийнх нь гэрийн труба цоорсон, ус их алддаг байсан бөгөөд гадны хүн авчирч засуулж байсныг мэднэ. Сүүлийн үед энэ айл байхаасаа байхгүй нь их байсан, удаа дарааллан айлд түрээслэж суулгадаг болсон бөгөөд тэр айлууд нь бохир ус алдлаа гэж ер хэл ам хийдэггүй байсан. Энэ айл гэр орондоо сүүлийн үед засвар хийсэн юм билээ. Засвар хийсэн байдлыг орж үзэхэд ус алдсанаас биш орчин үеийн байдлаар засуулсан юм билээ. Энэ бүгдийн үнийг надаас гаргуулж авахаар шүүхэд ханджээ гэж би ойлгосон. Үүнийг би эрс эсэргүүцэж байна. Яагаад гэвэл үнэхээр миний буруугаас болсон бол акт гаргаж шалгуулж, хэдэн төгрөгийн төлбөр гарсан, ямар гэмтэл учирсан зэргийг тодорхой шалгуулан, үнэ тогтоон ийм төгрөгийн хохирол учирсан гэдэг үнэн байдлаа хэлсэн байхад би эсэргүүцсэн бол шүүхэд хандах нь зөв өө. Ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж шүүхэд хандсанд би эсэргүүцэж байна. Энэ хүн надаас паар солиулсан үнэ 66,700 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Надад энэ хүний хэлснээр 3 сая гаруй төгрөг гаргах чадал байхгүй, нэг тэтгэврийн өндөр зээлтэй хүн шүүдээ. Ер нь энэ хүн хуулийн дагуу шалгуулж акт гаргуулах шаардлагатай. Энэ хүн хуулиа дээдлэх хэрэгтэй ямар ч юм шийдээгүй байхад нь надад их сонин санагдаж байгаа юм. Би олон удаа шүүхээр явахаас залхаж, энэ хүнийг өрөвдөж, 2,500,000 төгрөгөөр тохиролцъё гэж нэг удаа хэлсэн. Одоо эвлэрэх зүйл байхгүй, шүүхийн шийдвэрийг харна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.Р холбогдуулан гэм хорын хохиролд 3,141,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч тал миний буруутай үйлдэл тогтоогдоогүй тул гэм хорын хохиролд 3,141,500 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр замын 125 дугаар байрны 2-9 тоотод байрлах, 26 м.кв талбайтай, 2 өрөө, үл хөдлөх хөрөнгийн Ү-1902001257 дугаартай орон сууцны өмчлөгч нь Г.А байх тул /хх-25/ тэрээр өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.А-ийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч Ж.Р-ийн буруутай үйлдлийн улмаас ус алдаж, хохирол учирсан гэх боловч нэхэмжлэгч Г.А нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Ж.Р-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзлээ.  

Тухайлбал: Шүүх ус алдсан шалтгаан нөхцлийг тодруулахаар “Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг шинжээчээр томилсон боловч шинжээч нь “Г.А-ийн орон сууцны таазны хэсгийн замаск хуурсан, хана дагаж шарласан нөхцөл илэрч байна. ...тодорхой хугацаа өнгөрсөн тул тухайн байранд юунаас болж, хаанаас ус алдсан шалтгааныг тогтоох боломжгүй” гэсэн /хх-103/. Түүнчлэн тухайн орон сууцыг хариуцдаг гэх Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн Чойр хэсгээс  Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр замын 125 дугаар байрны 2-9 тоотод байрлах орон сууцанд ус алдсан талаар дуудлага бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч Г.А-ийн өмчлөлийн орон сууцанд Ж.Р-ийн буруутай үйлдлийн улмаас ус алдсан талаарх дуудлага бүртгэгдээгүй байна /73-96/. 

Хэдийгээр нэхэмжлэгч талаас өөрийн өмчлөлийн орон сууцандаа засвар хийсэн болохоо нотлохоор 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 224 дугаартай Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээ /хх2-3/, 2018 оны 07 дугаар сарын 07, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зарлагын баримтууд /хх 5-8/, фото зургууд зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтууд нь хариуцагч Ж.Р-г гэм буруутай болохыг нотлохгүй байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэвч хариуцагч Ж.Р-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.А-ийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцдаг тул Г.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,214 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Р-д холбогдох гэм хорын хохиролд 3,141,500 төгрөг гаргуулах тухай Г.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,214 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, Г.А-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                                           

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.НАРАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                          Б.НАРАНЧИМЭГ                                       

                                                                 П.ЦОГЗОЛМАА