Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/956

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           12          19                                    2022/ШЦТ/956

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч М.Да, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Х.Өн, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ********-ын Өн, ****** овогт ******-ын Да нарт эрүүгийн хэрэг үүсгэж  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105024192322 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. эмэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт *********дүүргийн *-р хороо, хувьсгалчдын ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********-ын Өн, /РД: ********/,

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүү нарын хамт ****** дүүргийн *-р хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овогт ******-ын Да, /РД: **********.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Өн нь шүүгдэгч С.Да-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкт “санхүү авна” гэсэн зар байршуулж, Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөрөн” зочид буудлын 303 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Ц.Га бэлгийн харьцаанд 650.000 төгрөгөөр орохоор харилцан тохиролцож, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ц.Га-оос 650.000 төгрөгийг Хаан банкны ******** дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан, мөн хохирогч Ц.Га-ийн 200.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-7 загварын гар утсыг уг өрөөнд байрлах шкаф дээр тавьсан байсныг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, тус гар утсанд байрших интернэт банкнаас 2.000.000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлсан,

Шүүгдэгч М.Да нь шүүгдэгч Х.Өн-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкт “санхүү авна” гэсэн зар байршуулж, ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 303 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Ц.Га бэлгийн харьцаанд 650.000 төгрөгөөр орохоор харилцан тохиролцож, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ц.Га-оос 650.000 төгрөгийг Хаан банкны ********* дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан, мөн хохирогч Ц.Га-ийн 200.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-7 загварын гар утсыг уг өрөөнд байрлах шкаф дээр тавьсан байсныг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, тус гар утсанд байрших интернэт банкнаас 2.000.000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Да мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өн мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ц.Га-ийн:

“...Ингээд уг 2 эмэгтэй сууж байгаад мөнгө шилжүүл гэхээр нь би өөрийн *********** дугаарын данснаас хар куртиктэй эмэгтэйн хэлсэн *********дугаарын дансанд 650.000 төгрөг хажууд орон дээр хамт сууж байхдаа манай дүү На шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхэд уг эмэгтэй миний хажууд байсан бөгөөд мобайл банкны нууц дугаарыг На асуух үед би өөрөө хэлсэн. Тиймээс уг эмэгтэй мэдэж авсан. ...Харин цагдаа ирж явснаас хойш миний мөнгөнөөс 2.000.000 төгрөг гарсан байсан бөгөөд би 7.560.000 төгрөг байсныг Наыг дансанд шилжүүлэг хийж авсан. Уг хүнтэй би бэлгийн харилцаанд орохоор 650.000 төгрөг ******* дугаарын дансанд шилжүүлсэн би сайн дураараа өгсөн. Миний гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн самсунг А-7 загварын гар утас, данснаас 2.000.000 төгрөгийг миний утсыг ашиглан мобайл банкаар шилжүүлэг хийж *********** дүүргийн 12-р хороо, Хатанбаатарын гудамж “Бүрэн плаза”-д байрлах АТМ-с гарган авч хулгайлсан. ...Надад гар утасны 200.000 төгрөг, мөн бэлэн 2.000.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал/,

Гэрч Б.На-ын:

“...Га-ийн бид хоёр ярилцаж байгаад биеэ үнэлэгч дуудаж уулзахаар болж, Га-ийн данснаасаа биеэ үнэлэгч гэх хүмүүсийн данс руу 650.000 төгрөг шилжүүлсэн. ...Нөгөө үлдсэн биеэ үнэлэгч нь шар үстэй, шар арьстай эмэгтэй гадаа манай найзыг хүн зодоод байна утсаа өгч бай гэхээр нь би Га-ийнийн гар утсыг тэр эмэгтэйд өгсөн. ...Шкаф дээр байхад аваад гарсан. Тухайн үед согтуу байсан болохоор гар утсыг өгсөн гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Тэрнээс биш шкаф дээр байхад нь утсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,

Гэрч М.Га-ын:

“...2021 оны 11 сарын 15-ны шөнө таксинд явж байхад нэг үл таних хар өнгийн куртик хувцастай эмэгтэй гараа өргөөд такси барихаар нь хаашаа явах талаар асуухад 3, 4 хороолол орно гээд та хоёрт карт байвал мөнгө хийгээд авчихъя, надад карт алга гэж байсан. Ингээд манай эхнэр Дэгийн******** дугаарын дансыг аваад Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********-гийн АТМ-ын гадна зогсоод манай эхнэр надад картыг нь өгөөд уг эмэгтэйтэй би хамт ороод эхнэрийнхээ данснаас 2.000.000 төгрөг бэлнээр гаргуулан аваад, АТМ-ээс гарч ирээд 40.000 төгрөг таксины мөнгө гэж өгсөн. Манай нөхөр архи уугаад мөнгөө үрэх гээд байна гээд манай эхнэрт хэлээд туслах санаатай уг хүнд дансаа ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч О.Дэ-гийн:

“...Харин надад 2.000.000 төгрөг шилжүүлчихлээ гэхээр нь би ийм их мөнгө шилжүүлээд болж байгаа юм уу гэхэд манай нөхөр мөнгөөрөө архи уудаг гэж хэлсэн. ...Манай нөхөрт 40.000 төгрөг өгсөн байсан. Уг бичлэг дээрх хар өнгийн куртиктэй, үсээ дээрээ боосон эмэгтэй миний картад 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

Гэрч Б.На-ын:

“.... 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би гадуур найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байхад над руу залгаад манай ахаас мөнгө явуулж байгаа гэж надад хэлээд миний дансанд 650.000 төгрөг орсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дахь тал/,

“Дамно” эд хөрөнгийн үнэлгээний газрын тайлан, /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, Б.Наын Хаан банкны ****** дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 81 дахь тал/, О.Дэгийн Хаан банкны ******** дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 102 дахь тал/, Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 61-75 дахь тал/,

Шүүгдэгч Х.Өн, М.Да нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.Өн, М.Да нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч М.Да-гаас 2.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Өн-ээс 50.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Га-ийн олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “... Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Өн, М.Да нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Өн, М.Да нар нь:

2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкт “санхүү авна” гэсэн зар байршуулж, Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөрөн” зочид буудлын 303 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Ц.Га бэлгийн харьцаанд 650.000 төгрөгөөр орохоор харилцан тохиролцож, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ц.Га-ийноос 650.000 төгрөгийг Хаан банкны 5429828352 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- Мөн хохирогч Ц.Га-ийн 200.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-7 загварын гар утсыг уг өрөөнд байрлах шкаф дээр тавьсан байсныг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч тус гар утсанд байрших интернэт банкнаас 2.000.000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.На, М.Га-,О.Дэ, Б.На нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Өн, М.Да нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Өн, М.Да нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Га-ийн 2.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.Өн нь хохирогч Ц.Га-ийн учруулсан 850.000 төгрөгийн хохирлоос 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, харин шүүгдэгч М.Да нь хохирогч Ц.Га-ийн учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч М.Да-гаас 2.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Өн-ээс 50.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Га-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.Өн-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

- Шүүгдэгч М.Да-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоох, хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “...Шүүгдэгч М.Да-гийн хувьд хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахаар өөрийн машинаа зарах гэж байгаа бөгөөд шүүх хуралдааны өмнө зарж арай амжаагүй байна. Цаашид машинаа зараад хохирогчийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Мөн одоо 7-н сартай жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...Шүүгдэгч Х.Өн нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж барагдуулсан цаашид сурч боловсрох хүсэлтэй байгаа зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Өн, М.Да нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Өн, М.Да нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Х.Өн, М.Да нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********-ын Өн, ****** овогт ******-ын Да нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өнийг 8 /найм/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даг 8 /найм/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Өн, М.Да нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өн, М.Да нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дагаас 2.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Өнээс 50.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Га-ийнт олгосугай.

6. Хэрэгт хавсаргасан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Өн, М.Да нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өн, М.Да нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ