Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/888

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205029772421 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Төв аймгийн Аргалант суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа,  Төв аймгийн Заамар сумын  дугаар баг Хайлааст Алтандорнод  дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Жамсран-Уулын өврийн 1411 тоотод оршин сууж байгаа, урьд нь 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД: /, ************.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Хоёр: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ хохирогчоор өгсөн: “Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найзууд болох Мөнхцэцэг, Урантогос, Амаржаргал нарын хамтаар хорооллын “Winsway” нэртэй бааранд ороод шөнийн 03 цагийн үед гарсан. Тухайн үед бааранд бид нар хүний 2, 2 шил пиво уусан. Ингээд найз Амаржаргалыг зам хөндлөн гаргаад таксинд суулгаад явуулсан бөгөөд Мөнхцэцэг, Урантогос бид 3 гурав буцаж зам хөндлөн гараад “Winsway” нэртэй баарны яг үүдэнд такси барих гээд зогсож байхад үл таних 30 орчим насны 165 орчим сантиметр өндөртэй нэлээд согтуу байдалтай эрэгтэй хүн агсам согтуу тавиад хэл амаар доромжлоод байсан. Бид 3 тоохгүй зогсож байхад бид гурвын хойноос жижиг чулуу аваад шийдэхэд бид гурвыг онож чадаагүй бөгөөд хүн аллаа шүү дээ гэж хэлээд намайг эргээд харахад тухайн эрэгтэй нь миний толгой руу нэг удаа баруун гараараа цохиж газарт унагаасан. Газар унасан байхад миний нүүрний хэсэгт дахин нэг удаа гараараа цохисон. Миний хамраас цус гараад, тэр залуу холдоод явсан бөгөөд манай найзууд цагдаа дуудсан байх. Цагдаа нар ирээд тухайн эрэгтэй барьж эрүүлжүүлэх байранд хийсэн. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад надад хэлэхдээ “хоёулаа яагаад муудчихав, би тасарсан байна” гэж хэлсэн...Надад одоогийн байдлаар ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд эмчилгээний зардалд тухайн залуугаас 700.000 төгрөг гаргуулан авсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

 

2.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12694 дугаартай “************ биед баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн “Миний бие нь Баянгол дүүргийн хяналтын прокурор С.Энхтуулын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “2205029772421” дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолоос асууж тодруулах, ойлгомжгүй зүйл байхгүй бөгөөд ямар хэрэгт яллагдагчаар татагдсан гэдгээ мэдлээ. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө байсан хорооллын “Winsway” нэртэй баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед үл таних эмэгтэй хүнийг нүүр рүү нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан байсан. Тухайн үед өөр хүмүүстэй маргалдсан уурандаа хүн андуурсан байсан юм. Мөн согтолттой байсан юм. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Би тухайн үед үл таних эмэгтэйг хүнтэй андуураад цохисон гэж бодож байна. Үүнээс өмнө үл таних хүмүүстэй маргалдсан байсан уурандаа ийм үйлдэл гаргасан байх. Тэрнээс тухайн эмэгтэй хүнийг цохих ямар нэгэн шалтгаан байхгүй юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 58-61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ************ нь гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ************д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 268 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар ************д холбогдох эрүүгийн 2205029772421 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ************гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч ************ нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тодорхой шалтаг шалтгаангүйгээр ************ нүүр рүү гараараа цохиж газарт унагаасны улмаас баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

************ хохирогчоор өгсөн: “...намайг эргээд харахад тухайн эрэгтэй нь миний толгой руу нэг удаа баруун гараараа цохиж газарт унагаасан. Газар унасан байхад миний нүүрний хэсэгт дахин нэг удаа гараараа цохисон. Миний хамраас цус гараад, тэр залуу холдоод явсан бөгөөд манай найзууд цагдаа дуудсан байх. Цагдаа нар ирээд тухайн эрэгтэй барьж эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12694 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), ************гийн яллагдагчаар өгсөн “.._үл таних эмэгтэй хүнийг нүүр рүү нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан байсан. Тухайн үед өөр хүмүүстэй маргалдсан уурандаа хүн андуурсан байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч ************ эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************ нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ************гийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт хохирогч ************ “...Миний бие гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 64 дэх тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч ************г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч ************гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ************ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. ************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Х.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийгтүдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ