Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/889

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч И.Мөнхцэцэг

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***********д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205011292302 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, Өнөр хотхон, Москва гудамж, байр,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,***********.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *********** “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн Iphone-12 pro max загварын гар утсыг авч залилж 2.475.000 төгрөгийн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2205011292302 дугаартай хэргээс

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн орчимд найз нарын хамт байж байхад үл таних эрэгтэй гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний гар утасны кодыг гаргуулж аваад хажууд гар утсаар ярьж байх шиг байсан. Би тэр үед нэг ахтай барилдаж байх хооронд миний гар утсаар яриад өгье гэж авсан эрэгтэй гар утас аваад алга болсон байсан...” (хавтаст хэргийн 23 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ийн хохирогчоор дахин өгсөн: “...Дараа нь *********** ах намайг утсаа өгч бай яриад өгье гэж хэлээд удаан ярьж байгаад тэр чигтээ миний утсыг аваад явсан. Би *********** ахыг буцаагаад өгчих байх гэж бодоод хүлээж байхад гэрийнхэн асуугаад байхаар нь танихгүй хүн утсаар яриад өгье гэж хэлээд утсыг аваад тэр чигтээ явчихлаа гэж хэлтэл аав маань цагдаагийн газарт өргөдөл өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Лутбаярын гэрчээр өгсөн: “...би “Арвин Лан” нэртэй ломбардыг ажилуулдаг. Манай зээлийн гэрээн дээр Алтанхуягийн *********** гэж байсан. Зээлийн гэрээн дээр imei 358438442256756 код бүртгэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Нарантунгалагийн гэрчээр өгсөн: “...Би IPhone 12 pro max загварын гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театраас урагшаа байрлах “Арвин Лан” нэртэй ломбардаас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тухайн гар утсыг өөрийн лангуун дээрээс зарсан. Ямар хүнд зарсан гэдгийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

 

5. Дамно ХХК-ийн “IPhone 12 pro max загварын гар утас 1 ширхэг 2.475.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дэх тал)

 

6. Арвин Лан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн орчимд таны гар утсыг авсан гэх хүн 2 дугаартай хүн мөн байна гэж Батхуягийн *********** зааж энэ хүн яг мөн байна бусад хүмүүсийг нь урьд нь харж байгаагүй юм байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-60 дахь тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хороо 22-р сургуулийн хойд талын 35-р байрны урд талын тоглоомын саданд танил ***********тэй уулзаж барилдсан. Дараа нь утсаар нь яриад өгье гэж хэлээд утсыг нь автал кодтой байхаар нь ***********ээр кодыг нь гаргуулан утсаар нь ярьж байгаад тэр чигтээ аваад явчихсан. Би ***********ийг утсыг тэр өдөртөө хорооллын Өргөөгөөр уруудаад байдаг ломбардад мөнгөний хэрэгцээтэй байсан болохоор 1.500.000 төгрөгт тавьж мөнгийг бэлнээр болон, дансаараа аваад өөрийн хэрэгцээнд зориулж дуусгасан. Би ***********ийн утсыг буцаагаад аваад өгөх бодолтойгоор 2 удаа сунгалт хийсэн боловч мөнгөний бололцоо гарахгүй байсаар утсыг авч чадалгүйгээр алдчихсан. Уг ломбард нь утсыг төлбөртөө суутгаад зарчихсан байсан. Би газарт унасан утас авсан гэвэл гайгүй байх гэж бодоод хэлсэн. Яг үнэндээ ***********ээс утсаар нь яриад өгье гэж хэлээд авсан юмаа. Би хэд хоног байлгаж байгаад ломбардаас ***********т утсыг нь аваад өгнө гэж бодож байсан боловч чадаагүй юмаа. ***********ийн утас нь IPhone 12 pro max загварын утас байсан, өнгө, багтаамжийг одоо би санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч *********** нь гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ***********д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 269 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар ***********д холбогдох эрүүгийн 2205011292302 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ***********гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *********** нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *********** “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн IPhone 12 pro max загварын гар утсыг авч залилж 2.475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

***********ийн хохирогчоор дахин өгсөн: “...*********** ах намайг утсаа өгч бай яриад өгье гэж хэлээд удаан ярьж байгаад тэр чигтээ миний утсыг аваад явсан. Би *********** ахыг буцаагаад өгчих байх гэж бодоод хүлээж байхад гэрийнхэн асуугаад байхаар нь танихгүй хүн утсаар яриад өгье гэж хэлээд утсыг аваад тэр чигтээ явчихлаа гэж хэлтэл аав мань цагдаагийн газарт өргөдөл өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал), Э.Лутбаярын гэрчээр өгсөн: “...би Арвин Лан нэртэй ломбардыг ажиллуулдаг. Манай зээлийн гэрээн дээр Алтанхуягийн *********** гэж байсан. Зээлийн гэрээн дээр imei 358438442256756 код бүртгэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), С.Нарантунгалагийн гэрчээр өгсөн: “...Би IPhone 12 pro max загварын гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театраас урагшаа байрлах Арвин Лан нэртэй ломбардаас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тухайн гар утсыг өөрийн лангуун дээрээс зарсан. Ямар хүнд зарсан гэдгийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дэх тал), Арвин Лан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 45 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-60 дахь тал), ***********гийн яллагдагчаар өгсөн: “...утсаар нь яриад өгье гэж хэлээд утсыг нь автал кодтой байхаар нь ***********ээр кодыг нь гаргуулан утсаар нь ярьж байгаад тэр чигтээ аваад явчихсан. Би ***********ийг утсыг тэр өдөртөө хорооллын Өргөөгөөр уруудаад байдаг ломбардад мөнгөний хэрэгцээтэй байсан болохоор 1.500.000 төгрөгт тавьж мөнгийг бэлнээр болон, дансаараа аваад өөрийн хэрэгцээнд зориулж дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *********** нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2022 оны 3 дугаар сарын 17-нд  өөрийн танил ***********т “ утсаар нь яриад өгье” гэж хэлж худал хэлж аваад хохирогчийн эзэмшлийн IPhone 12 pro max загварын гар утас 1 ширхэг 2.475.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Шүүгдэгч ***********гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *********** нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хэргийн хохирогч *********** нь гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 84 дэх тал) баримттай байна.  Иймд шүүгдэгч *********** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч ***********гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *********** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав:

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

          1. ***********г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. *********** энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ДАЙРИЙЖАВ