Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Р.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000000133 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Хангайн *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Овооны *** дүгээр гудамж, *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт Р- Б (РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Овооны *** дүгээр гудамж, ***тоот гэртээ хамтран амьдрагч Б.Гөөрийнх нь хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Р.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед архи уусан байсан. Би гэм буруугаа хүлээж байна, миний буруу” гэв.

Эрүүгийн 2208000000133 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Гийн:2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэ жил тэмдэглэж ...айлд архи ууцгаасан. Гэртээ бид хоёр ирээд нэг мэдэхэд муудалцаад ам зөрсөн. Би хамтран амьдрагч Р.Б*ийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн чинь зөрүүлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон чинь хөмсөг таараад цус гарахаар нь би цагдаа дуудсан. ...Ингэж зодоон цохион дээрээ тулж байгаагүй. Уг гэмтлүүдийг Бгараараа цохиж учруулсан. Надад гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-8, 11),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.05-ны өдрийн 1188 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Гийн биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-23-24),

Шүүгдэгч Р.Б-гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед хамтран амьдрагч Б.Гийн хамт айлд шинэ жил болж байна гээд хоол унд идээд 2 шил архи уугаад гэртээ ирээд муудалцаад миний хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тухайн үед ойр зуурын юмнаас болоод маргалдсан. Уг гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. Би одоо хувиараа таксинд явж байгаа. Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хх-66),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-27), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-35), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-36), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-37), банкны депозит дансны хуулга (хх-38-42), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-43), аюулын зэргийн үнэлгээ (хх-45-46), Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-47-49), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-50-57), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-75, 76), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-77-78), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-79-80) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар Р.Бсогтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр гудамж*** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Гөөрийнх нь хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Гийн “...хамтран амьдрагч Б-ийн шилбэ рүү 2 удаа өшиглөсөн чинь зөрүүлээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, хөмсөгнөөс цус гарахаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-8, 11), шүүгдэгч Р.Б-ийн “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-66) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Б-ийн согтуурсан үедээ “хөл рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.Гийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-11, 75)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Р.Бнь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Гтэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар Б.Гөөрийнх нь хөл рүү өшиглөлөө гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Миний буруу. Хийсэн хэргээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Р.Б“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ “хөл рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт Р-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР