Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0666

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/00666

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:М.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:С.Б-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 7 450 897 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Э-ын хууль ёсны төлөөлөгч Ө.Найгал, өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэдийн төлөөлөгч Л.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

ТОДОР ХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э-ын хууль ёсны төлөөлөгч Ө.Найгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний 20 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Пийс таурын замд Т.Эстма маркийн 36-79 УНП улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа миний охин М.Эыг мөргөж эрүүл мэндэд нь гэмтэл учруулж зам тээврийн осол гаргасан.Уг хэрэгт нь зөрчлийн хэрэг үүсгэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар шийтгэл ногдуулсан. Миний охин М.Э Чухал амжилт сургалтын төвд гоо сайханчаар ажилладаг, миний охины биед бүсэлхийн 3, 4, 5 дугаар нугалмын жийргэвчний цүлхийлт гэмтэл тогтоогдсон, сууж, хэвтэж, босож явж чадахгүй, бөөлжөөд, халуураад түргэн тусламж дуудсан.Мөнгөн гүүр эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 10 хоног хэвтсэн, эмийн эмчилгээ бичиж өгсөн, эмийн сангаар бодуулахад 220 000 төгрөг болж байна гэсэн тул авч чадахгүй байна.Өвөрхангай аймгийн Хөх Манал эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 15-ны хооронд 15 хоног хэвтсэн, охины биед бүтэн биеийн доргилт, тархины хаван зэрэг өвчин шинээр илэрсэн, цаашид 3 сар уламжлалт болон гэмтлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн.Өвөрхангай аймаг явж эмнэлэгт хэвтүүлсэн ирж очсон унааны зардал 92 800 төгрөг, Хөх Манал эмнэлэг рашаан сувилалд эмчлүүлсэн 600 000 төгрөг, 2 сар ажлаа хийж чадаагүй 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи 2 сарын мөнгө буюу 1 сарын 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг, Хужиртын амралтанд 3 жил шавар эмчилгээ хийлгэх 1 удаа 1 500 000 төгрөг, 3 жил хийлгэхэд 4 500 000 төгрөг болж байна.Аав нь тархи толгойны хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвар алдсан охин ажил хийж тэжээн тэтгэдэг.Бид орох орон байх байхгүй байр түрээслэж амьдардаг.Иймд миний охины биед гэмтэл учруулсан үүнээс болж ажил хийж чадаагүй учир Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн бичсэн эм 220 000 төгрөг, Өвөрхангай аймаг явж эмнэлэгт хэвтүүлсэн ирж очсон унааны зардал 92 800 төгрөг, Хөх Манал эмнэлэг рашаан сувилалд эмчлүүлсэн 600 000 төгрөг, 2 сар ажлаа хийж чадаагүй 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи 2 сарын мөнгө буюу 1 сарын 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг, Хужиртын амралтанд 3 жил шавар эмчилгээ хийлгэх 1 удаа 1 500 000 төгрөг, 3 жил хийлгэхэд 4 500 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр авсан эмийн үнэ 38 097 төгрөг нийт 7 450 897 төгрөгийг С.Баас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой өөрийн эзэмшлийн Эстима маркийн авто машиныг жолоодож явахдаа М.Эыг мөргөн унагасан даруйдаа цагдаа, түргэн дуудаж улмаар түргэний эмч ирж үзээд гэмтэл алга, өөрсдөө гэмтлийн эмнэлэг хүргэ гэсэн.Машинд сууж явсан 3 хүний хамт гэмтлийн эмнэлэгт хүргэж хүлээн авахын эмчид үзүүлж, рентгенд харуулж, нуруу болон аарцагны зураг авахуулахад ясны хугарал байхгүй, нуруу аарцагны хэвийн цочрол зөөлөн эдийн гэмтэл гэж оношилж, эмч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өвчин намдаах эм өгөхийг зөвлөж, одоохондоо нурууны бүслүүр зүүлгэ гэсэн тул 40 000 төгрөгөөр бүс авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн.2018 оны 10 дугаар сарын 15-нд өөрсдийнх нь хүсэлтээр гэрээс нь гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлж, Чингэлтэй дүүргийн ЗЦГ-т очиж шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авч шүүх эмнэлэгт үзүүлж, рентгенд нуруу, аарцаг ясны зураг авахуулж ээж Найгалтай нь хамт эмчийн дүгнэлт сонссон, ясанд гэмтэл байхгүй, зөөлөн эдийн бага зэргийн гэмтэлтэй өвчин намдаах эм ууж, зургаа гэмтлийн эмчид үзүүлж зөвөлгөө ав гэсэн, рентгенийн төлбөрт 270 000 төгрөг төлсөн.2018 оны 10 дугаар сарын 16-нд ээж Найгал нь М.Эыг Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн байсан.М.Эыг хэвтэж байх хугацаанд би 2 удаа эргэж очиж биеийн байдлыг асууж, эмчилгээ сайн хийлгэ гэж эмч, сувилагчтай нь уулзаж байсан.2018 оны 10 дугаар сарын 26-нд М.Эыг эмнэлгээс гаргахад нь эмч, сувилагч нартай уулзаж, 10 хоногийн төлбөр 624 740 төгрөгийг төлсөн, аав Мөнхбатад унааны мөнгө 15 000 төгрөг өгсөн, мөн гэмтлийн эмнэлгээс шүүх эмнэлэг, гэрт нь хүргэхэд 20 000 төгрөг, М.Эыг гэрээс нь гэмтлийн эмнэлэг, гэмтлийн эмнэлгээс гэрт хүргэж өгөхөд 20 000 төгрөг тус тус төлсөн.Мөн аав Мөнхбатад утасны нэгжний мөнгө нэхэхээр нь 3000 төгрөг өгсөн.Чингэлтэй дүүргийн ЗЦГ-ын 101 тоот өрөөний үүдэнд аав Мөнхбат, ээж, Найгал, Эрдэнэжаргал нарт эмийн мөнгө гэж 200 000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн, би нийт 1 177 740 төгрөг төлсөн, төлбөрийн санхүүжилт тэтгэвэрийн 3 сарын зээл юм.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой өөрийн авто машиныг жолоодож яваад М.Эыг мөргөсөн, мөргөсөн даруйдаа цагдаа, түргэн дуудсан, түргэний эмч ирээд М.Эын биед үзлэг хийгээд өөрсдөө эмнэлэгт очиж үзүүл гэхэд нь С.Б эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд энэ осолтой холбоотой зардал болон Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, эмийн зардалд нийт 1 177 740 төгрөгийг төлсөн байдаг.Тухайн үед хэргийн газраас зугтаагүй, хэрэгт торгуулийн хуудас, торгуул төлсөн баримт байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байхад сайн дураар Өвөрхангай аймгийн эмнэлэгт үзүүлснийг зайлшгүй зардал гэж үзэх нь тодорхойгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э хариуцагч С.Бд холбогдуулан эмийн үнэ 220 000 төгрөг, Өвөрхангай аймаг явсан, ирсэн зардлын 92 800 төгрөг, Өвөрхангай аймгийн Хөх Манал эмнэлэгт эмчлүүлсэн зардал 600 000 төгрөг, 2 сарын цалин 2 000 000 төгрөг, Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилалд 3 жил явах зардлын 4 500 000 төгрөг, эмийн үнэ 38 097 төгрөг нийт 7 450 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь М.Эд нийт 1 177 740 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байхад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хариуцагчаас бүсний үнэ 40 000 төгрөг болон 200 000 төгрөг авсан, мөн Мөнгөн гүүр эмнэлгийн төлбөр 624 740 төгрөг, рентген зургийн үнэ 290 000 төгрөгийг С.Б төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.Б 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой өөрийн эзэмшлийн Эстима маркийн авто машиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар болон холбогдох жолоочийн биеийн байцаалт, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн хэрэг нээсэн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх ослын улмаас М.Эын биед бүсэлхийн 3, 4, 5 дугаар нугалмын жийргэвчийн цүлхийлт гэх гэмтэл тогтоогдсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

М.Э Өвөрхангай аймгийн Хөх Манал эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгэсэн болох нь Өвөрхангай аймгийн Хөх Манал ХХКомпанийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 076 дугаартай баримт, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 077 дугаартай баримт, М.Эын тухайн эмнэлэгт хэрэглэсэн эмийн бүртгэлийн хуудас, өвчний түүх зэрэг баримтуудаар нотлогдож байх тул М.Эын Өвөрхангай аймаг явсан замын зардал болон Хөх Манал эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний зардлын 642 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэстэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2 сарын цалингийн 2 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байх боловч М.Э нь ажил хөдөлмөр эрхэлж байсан тухайгаа хуульд заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Мөн Өвөрхангай аймгийн Хужиртын амралтанд 3 жил шавар эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардал гэх 4 500 000 төгрөг нь зайлшгүй зардал мөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөх Манал эмнэлэгт эмчлүүлснээс хойш мэргэжлийн эмчид болон лавлагаа шатлалын эмнэлэгт хандан үзүүлж, зөвлөгөө үйлчилгээ авсан эсэх нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр М.Эын бүсэлхийн 3, 4, 5 дугаар нугалмын жийргэвчийн цүлхийлт шимэгдэхгүй байгаа гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд М.Эын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохиролд 642 800 төгрөгийг хариуцагч С.Баас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 808 097 төгрөгийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Эын хүсэлтээр түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөсөн болохыг дурдаж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжийн 19 934 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан С.Б-с 642 800 /зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан М.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 808 097 /зургаан сая найман зуун найман мянга ерэн долоон/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 19 934 /арван есөн мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      З.ДОРЖНАМЖИН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ

 

Г.АРИУНАА