Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01711 1138  дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Э.Э, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 /арван нэг/ жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоогдсон.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн найман жил 3 сар 29 хоногийн хорих ялыг болон 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосон. /Өршөөлд хамрагдсан/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж үлдэх 6 жил 5 сар 6 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялаа бүрэн эдэлсэн гэж суллагдсан. /Тэгшитгэлд орсон/  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны аркийн орчим Г.Г-ийн Самсунг А51 загварын гар утсыг авахаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүч хэрэглэж авахаар довтолсон гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1..Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Э.Э  нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны аркийн орчим Г.Г-ийн Самсунг А51 загварын гар утсыг авахаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүч хэрэглэж авахаар довтолсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагч болон өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал);

- Саппорогоос Ачит дэлгүүр лүү харсан камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал);

- 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал);

- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр-2 СӨХ-ны гадна талын хяналтын камерын бичлэгийг бэхжүүлэн авсан “Samsung Galaxy-S9” загварын гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал);

- Хохирогч Г.Г-ийн “...би 2022 оны 05 дугаар сарын 14-ний орой ажлаа тараад ажлынхаа залуучуудтай ганц шил архи уучхаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын ард бүгдээрээ дахиад нэг шил архи хувааж уугаад сууж байгаад би бусдаасаа холдож эхнэртэйгээ утсаар ярьчхаад эргээд хартал үл таних эрэгтэй миний нүүр лүү цохиод миний гар утсыг аваад зугтаасан. Тэгээд араас нь манай ажлын залуучууд бид хэд хөөгөөд барьж чадаагүй. Тэгээд автобусанд суугаад хилчин хотхонд очоод эхнэрийнхээ гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний гар утас “Samsung Galaxy-А51” загварын утас байсан юм. Би 2021 оны 12 дугаар сарын 15-нд мобикомоос лизингээр 999,000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ц-882 дугаартай “...зах зээлийн ханш, эдэлгээ зэргийг харгалзан “Samsung Galaxy-А51” загварын гар утсыг 650,000 төгрөгийн үнэлгээтэй байна...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-21 дэх тал);

- Гэрч А.О-ийн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байх үед ажлын газрын найз Г.Г болон н.Э нарын хамт Саппоро үйлчилгээний төвийн ард талд байрлах 2 дугаар байрны аркийн дунд хоёр дахь шил архиа хувааж уугаад сууж байтал байрны ард талаас үл таних хар өнгийн биеийн тамирын хувцастай залуу хүрч ирээд Г.Г-ийн нүүр лүү цохиод гарт нь байсан гар утсыг нь булаагаад зугтаачихсан. Бид араас нь хөөгөөд гүйцэж чадаагүй, харин Г.Г гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн гэсэн. 30-35 орчим насны хар өнгөтэй, цагаан канттай биеийн тамирын хослолтой бордуу царайтай эрэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал);

- Гэрч С.Б-ийн “...19 цаг 25 минутын үед би нөхөр Г.Г руу хаана явж байгаа талаар асуух гээд залгахад Г.Г утсаа аваад “Саппоро дээр явж байна” гэж яриад байж байтал түүний утас гэнэт тасарчихсан. Тэгээд эргүүлээд залгахад утас нь огт холбогдохгүй унтарчихсан байсан ба би 20 орчим удаа залгасан. Цагийн дараа нөхөр маань гэртээ орж ирээд “үл таних эрэгтэй хүн утсаар ярьж байхад цохиод утас булаагаад зугтаачихлаа” гэж яриад миний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит үнэнийг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр эхнэрийнхээ үгэнд ороод цуг дагаад явдаг байж. Өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Урьд нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан. Хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа манай охины төрсөн өдөр болох гээд мөнгөгүй байсан учир би самарт явсан юм. Түүнээс шүүн таслах ажиллагаанд зориудаар саад учруулах гээгүй юм. Самарт явж ирээд би өөрөө шууд цагдаа дээр очсон. Хохирлын 650,000 төгрөгийг бүрэн төлсөн...” хэмээн хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.  

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хохирогчийн Samsung а51 загварын гар утсыг 650,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах зорилгоор довтолсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэрээр хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэхдээ хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учруулаагүй байх тул мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй гэж үзнэ. Иймд прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх шүүгдэгч Э.Э-ын бусдын эд зүйлсийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон үйлдэл болон хохирогч Г.Г хүчинд автаж эд зүйлсээ алдсан хохирол, хор уршиг нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруу үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Э.Э-ийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Г нь дээрэмдүүлсэн гар утсаа биет байдлаар буцаан аваагүй боловч “Samsung Galaxy A51” загварын гар утасны үнэ болох 650,000.0 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байгааг тогтоолд дурдах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2-8 жилийн хорих ялын санкцтай хэрэг. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс завсарлага аваад хохирлыг төлсөн байна. Гэхдээ шүүгдэгчийн хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байсан, хэдийгээр хохирлыг төлсөн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын яллагчийн хувьд 2-8 жилийн хорих ял дээр түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулах 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тодруулж дүгнэлтээ хэлье. Улсын яллагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялын санал болгож байна. Улсын яллагчийн гаргаж байгаа санал хууль зүйн дагуу, зүй ёсны, маргах мэтгэлцэх зүйл алга. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд энэ хүний хувийн байдал, ар гэрийн байдал, 1 настай охинтой, эхнэр нь охиноо хараад гэртээ суудаг, шүүгдэгчийн өөрийнх нь гэмшиж байгаа байдлыг тус тус харгалзан үзэхийг хүсэж байна. Энэ хүн маш их гэмшиж, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хүн шиг амьдарна, охиныхоо төлөө амьдарна гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Хүн бол арагшаа харж амьдардаггүй, урагшаа харж амьдардаг. Тэгэхээр шүүгдэгчийн ирээдүйн амьдрал, ар гэр, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Гэмт хэргийн хувьд нэг үйлдэлтэй, хохирлоо төлсөн, хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, мөн тэрээр маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч: “...Эрхэм шүүгч, прокурорт хандаж хэлэхэд миний ар гэрийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт уялдуулан хөнгөн ял оноож өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 23-26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал), Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 73-74 дэх тал), суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 76-79 дэх тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 80-85 дахь тал), Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 149 дугаартай Ялаас өршөөн хасах тухай захирамж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай Ялаас чөлөөлөх тухай захирамж (хавтаст хэргийн 86-88 дахь тал), суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, зан байдал засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 89-90 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1286 дугаартай Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай (хавтаст хэргийн 91-92 дахь тал), суллагдсан тухай магадалгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 417 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/244 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 93-94 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 94-97 дахь тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 99-103 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 104-105 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 106-107 дахь тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4-13356 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 109 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), төрөл садны лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, үйлдлийн аргын хувьд ил цагаан хүч хэрэглэн довтолж дээрэм хийсэн, урьд булаах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д таван жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээр буюу хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 25 /хорин тав/ хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, мөн шүүгдэгч Э.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

​​​​​​​2.3.Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 25 (хорин тав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь даалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА