| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/00332/и |
| Дугаар | 00742 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 00742
| 2019 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2019/00742 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Т.З-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:, Д СӨХхолбогдох
361 760 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Нарансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Т.З нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 41 тоотод оршин суудаг бөгөөд тухайн орон сууцны дээвэр хананы заагаар зун борооны, хавар хайлсан цасны ус ихээр дусаж амьдрах нөхцөл бололцоогүй болгосон.Анх 2015 оноос манайд дээврийн дусаал дусаж эхэлсэн бөгөөд энэ талаас Д СӨХ-д хэлэхэд арга хэмжээ аваагүй, улмаар 2016 оны 9 сард Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газрын тохижилт үйлчилгээний хэлтэст хандсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс засвар хийсэн байдаг.Тухайн засвараас хойш засвар үйлчилгээг хуульд заасны дагуу СӨХ хариуцан хийх ёстой бөгөөд манайд 2015 оноос хойш дээврээс ус дусаж эхэлсэн байдаг.СӨХ арга хэмжээ авахгүй, асуудлыг шийдэж өгөхгүй байсан тул СӨХ-ны төлбөрийг зогсоож, 2016 оны 9 сард гомдол гаргасан.Манайх 2018 оны 5 дугаар сараас эхлэн бүрэн засвар хийсэн бөгөөд засвар хийсэн тухайгаа СӨХ-нд мэдэгдсэн боловч дахин дусаал дусаж хохирол учирсан байдаг.Одоогийн нөхцөл байдлыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпаниар үнэлгээ хийлгэсэн бөгөөд гарсан төлбөр үүнтэй холбоотой зардлыг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т зааснаар шаардах эрхтэй тул засвар үйлчилгээ хийх төлбөрийн 273 760 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 80 000 төгрөг нийт 361 760 төгрөгийг Далт СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Манай холбооны байрууд 1983 онд ашиглалтанд орсон угсармал 5 давхар ба СӨХ өөрийн нөөц боломжоо ашиглан байрны дундын өмчийн засвар үйлчилгээг жил бүр төлөвлөгөөний дагуу хийдэг, 2013 онд 40 дүгээр байрны дээврийн их засварыг хийсэн учир 5 давхарын айл өрхийн дээврээс ус гоожилт зогссон.Харин байрны бүтэц хийцтэй холбоотой ялангуяа 2, 3 дугаар орцны 27, 28, 29, 41, 42, 43 тоотын өрөөнүүдийн цонх цантаж, ус гоожин, цонхны дээд ирмэг хөвөө шарлан, өрөөний булан тохой харлан мөөгөнцөртөх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон.Энэ нь угсармал хийцтэй, адрын хөндийтэй 40 тоотын тааз болох дээвэрт чийг тусгаарлагч цаас дэвсэж дээр нь 40-50 см шилэн хөвөн дэвсээд дахин 25 см дээврийн хавтангаар хучсан байдаг.Олон жилийн ашиглалтын явцад хүйтний улиралд энэ адрын хөндий дэх тусгаарлагч цаас болон шилэн хөвөн чанараа алдсанаас болж шилэн хөвөн мөстөн хөлдөж цаг дулаарахаар хайлж ус нэвчин харлаж мөөгөнцөртдөг.Байрны 2, 3 дугаар орцны дунд газар хөдлөлтөөс хамгаалсан 20 см зай байдаг, энэ завсар хүйтний улиралд жавар хургаж удсанаас дээшээ адрын хөндийд цан хүүрэг тогтоодог.Мөн угсармал байрны хана нь цемент, 0,5-ын хайрга, бага зэргийн дулаалгын керамзит хийсэн бүтэцтэй байдаг.Энэ нь ашиглалтын явцад нэмэх 40, хасах 40 градусын температурын өөрчлөлтөд дулаан барих чадвараа алдсан байдаг.Энэ байдлыг мэргэжлийн байгууллагад хандаж үзүүлэхэд байраа дулаал, оршин суугчид өөрсдөө байрны дулаалгаа сайн хий гэж хариу өгдөг.Энэ байдал бүх байрны дээрх тоотуудад үүсч байгаад оршин суугчид СӨХ-ны болон оршин суугчдын буруу биш гэдгийг ойлгож төлбөр тооцоогоо хийж, хамтран ажиллаж гарц хайж байна.Сүүлийн 2 жил ОХУ-ын кроунд гэсэн материал оршин суугчиддаа авч өгч дээрх газруудад түрхсэнээр чийгтэх норох, мөөгөнцөртөх байдал багасч байна.Т.З гал зуухны өрөөгөө зориулалтын бус агааржуулалтгүй том өрөөнд шилжүүлсэн нь гэр доторх уур цан гарах болсон нь дээрх байДнөлөөлж байна.Т.З СӨХ-ны төлбөрөө 2016 оноос хойш төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дээр бид эвлэрч шийдвэрлэсэн.Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т оршин суугчийн хувийн эд хөрөнгөд учирсан хохирол гэж заагаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д Сууц Өмчлөгчдийн Холбооны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.З 2016 оны 1 дүгээр сараас хойш СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй байсан учраас би Т.З-аас 664 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Өмнө нь Т.З тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.Манай СӨХ бол засвар үйлчилгээ хийхдээ ТУЗ болон хяналтын зөвлөл, оршин суугчдынхаа хурлаар батлуулсны дараа бүх ажлаа хийдэг.Улсын төсвөөс 1 удаа дээвэрт засвар хийж өгнө гэсэн хуулийн заалтын дагуу 2016 онд анх их засвар хийсэн.Энэ нь оршин суугчийн гомдлын дагуу дээвэрт ямар нэгэн ус гоожилт байхгүй болсон гэдгийг өмнөх шүүхийн хурал болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон.Манай 27 дугаар байрны 2, 3 дугаар орцны 27, 28, 29, 40, 41, 42, 43 тоотуудад сүүлийн 6 жилд ус нэвчиж гоождог байдал ажиглагдсан, өрөөний цонхны ирмэгээр ус нэвчдэг, өвөл болохоор булан тохойгоор нь мөөгөнцөрдөж харладаг.Энэ байдлыг засахын тулд би олон газарт хандсан.Би 2014 онд Мэргэжлийн хяналтын газар, 2016 онд Баянгол дүүргийн Засаг даргад албан бичиг явуулсан байдаг.Угсармал 5 давхар байшинд адрын хөндий гэж бий.Адрын хөндий гэдэг 15 см зузаантай цементэн таазыг дээврийн хөндийд тавьсан байдаг ба чийг тусгаарлах цаас дэвсэж, 40 см шилэн хөвөн тавьж дээр нь угсармал таазны хавтан тавьсан байдаг.Олон жилийн хугацаанд чийг тусгаарлах цаас, шилэн хөвөн чанараа алдаж өвөл болохоор уур цангаас болж мөстөөд хөлддөг.Зун уур цан нь хайлаад 27, 28, 40, 41, 42, 43 тоотуудын өрөөний цонхнуудад нь ус нэвчдэг болсон, 2, 3 дугаар орцны газар хөдлөлтийн температурын шову гэж байдаг.Өвөл болохоор 5 давхрын айлуудын дээврийн хөндийд жавар хургадаг.Ийм угсармал байрнууд Монгол, ОХУ, хуучин Зүүн Германд байдаг.Мэргэжлийн хүнийн хувьд би 2010 оноос хойш холбогдох эрх бүхий олон газарт хандсан.Энэ байшингийн бүтэц хийцнээс болж цантдаг, жавар хургадаг байдал нь СӨХ-ны хүчин чадлаас давсан асуудал бөгөөд энэ байдал СӨХ-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал биш юм.Нийслэлээс 41 дүгээр байрны гадна талд дулаалга хийх гэж байгаа.Дараа дараагийн байрнуудад дэс дараатай ажил хийгдэнэ.Энэ бол СӨХ-ны хүчин чадлаас давсан асуудал байдаг.Нийслэл, Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Ерөнхий төлөвлөгөөний газар хоорондоо бичиг шиддэг.Мэргэжлийн хяналтын газар манайд дулаан алдалтыг хэмждэг багаж байхгүй гэдэг.Манайх 6-10 төрлийн шинжилгээ хийдэг.Энэ шинжилгээг 2 сая төгрөгөөр хийнэ гэдэг.СӨХолбоо энэ мөнгийг төлөх чадваргүй юм чинь зохих байгууллагуудад ханд гэдэг.Дулааны алдагдалт хэмждэг багаж байхгүй.Харин Нийслэлээс энэ байруудыг дулаална гэж хариу өгдөг гэв.
Зохигч талуудын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т зааснаар засвар үйлчилгээ хийх төлбөрийн 273 760 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 80 000 төгрөг нийт 361 760 төгрөгийг Д Сууц Өмчлөгчдийн Холбооноос гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Т.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар дундын өмчлөлийн хөрөнгө, зүйлс гэдэг нь нэхэмжлэгчийн дангаар өмчлөх өмчлөлийн хөрөнгөөс ялгаатай ойлголт байна.
Зөвхөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан хөрөнгүүдэд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн дангаар өмчлөх эд хөрөнгөд хохирол учирсан гэж нэхэмжлэлдээ дурдсан атлаа дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээ авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах гэсэн хуулийн зохицуулалтаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл орон сууц өмчлөгч нь тухайн орон сууцны зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгөд л учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг өөрөө авч болох, мөн гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа болон үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь баримтаар нотлогдоогүй байх бөгөөд ямар үндэслэлээр засвар хийх зардал шаардаж байгаа нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т заасныг баримтлан Д Сууц өмчлөгчдийн холбооноос 361 760 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун жаран/ төгрөгийг хүссэн Т.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 500 /арван нэгэн мянга таван зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН