Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1129

 

 

 

 

 

 

 

 

    2022         09           14                                    2022/ШЦТ/1129

 

 

    

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

            хохирогчийн өмгөөлөгч *************

            шүүгдэгч ************* түүний өмгөөлөгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000840606 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1***************өдөр ************* төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй*****************инженер ажилтай, ам бүл 4, нөхөр хоёр дүүгийн хамт ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************ (РД:************);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Геологийн төв лабораторийн 4 давхарт тус газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хохирогч ************* маргалдан толгойн тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар 06-ны өдөр манай ажил дээр тэмцээн болж дууссан юм. Тэгээд тэр орой 21 цагийн орчимд манай ажлын хүмүүс намайг ороод ирээч гэхээр нь очсон юм. Тэгсэн манай ажлын нэг хүүхэн тасраад нэлээн муудсан байсан тул гаргаж өгөх гээд доошоо бууж машинд суулгаж өгсөн юм. Тэгээд хувцсаа авах гээд буцаж орох үед энэ харуул хамгаалалтын ажилтантай тааралдсан. Тэгсэн та нар ажлын байранд дээр архидаж заваарлаа, балиар юмнууд гэхээр нь би “уучлаарай бидний буруу” гээд дээшээ гарсан. Тэгсэн араас гарч ирээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод “чи эдгээр залуустай янхандаж л байгаа биз энэ тэр” гэхээр нь миний уур хүрээд та шаардлагаа зөв тавь, хүн доромжлох эрхгүй шүү, та намайг янхандаж байхыг хэзээ харсан юм” гээд би мөр лүү нь түлхсэн. Түүнээс толгой руу нь цохисон асуудал байхгүй.Тэгээд харилцан бие биеийнхээ үснээс зулгааж үсдэлцсэн байхад манай ажлын газрын залуу *************салгасан. Энэ асуудал 21-22 цагийн орчимд болсон. Намайг тэр олон хүмүүсийн дэргэд хэл амаар доромжилсонд тэсгэл алдсан. Би архи уудаггүй. Энэ хохирогчийг  харуул гэдгээр нь танихаас бусдаар харилцаж байгаагүй, сайн мэдэхгүй хүн. ************** нь үсдэлцсэний дараа л орж ирсэн, тухайн үед байгаагүй. Би ************ зодож цохиогүй, тухайн үед миний ч үснээс зулгаасан, нүүр самардсан. Тэгээд би гайгүй биз гээд энэ асуудлыг орхисон байсан чинь энэ хүн цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тэгээд би хожуу дүгнэлт гаргуулахаар хандахад тэр үед миний нүүр ам эдгэсэн  байсан тул гэмтэл гараагүй. Тэгэхээр харилцан үсдэлцсэн байж хохирогчид санаатай гэмтэл учруулсан гэж дан ганц намайг буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч ************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би тайлбар хэлмээр байна. Би тийм ч бие султай хүн биш. Би өмнө зэвсэгт хүчинд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Байгууллагынхаа тэмцээнд уралдаанд орж байсан хүн тул хир баргийн юмыг тоохгүй. 2018 онд тархиндаа хавдартай гэж оношлогдож хагалгаанд орж, 2019 он хүртэл нэг жилийн хугацаанд эмчийн хяналтад байсан. Миний толгой өвдөж янз бүр болоод байдаггүй. Шүүгдэгч намайг бараг энэ хавдартай байснаас үүдэн толгой өвдөх дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж үзээд байх шиг байна Тийм юм байхгүй.Одоо тухайн өдрийн асуудлыг ярья. Би тэтгэвэрт гарсны дараа “***************” ХХК-нд ажилд орж, тэр өдөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл дээрээс 2 эмэгтэй, 1 эрэгтэй бууж ирсэн ба бүгд согтуу, нэг хүүхэн нь бүүр илүү согтсон хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Тэгээд тэд нар гарахаар хаалгаа хаачхаад дээд давхруудаа шалгах гээд дээшээ гарах гэтэл хаалга цохисон тул буцаж очиход онгойлгоход нөгөө гарсан хүмүүсээс 1 эмэгтэй, нэг эрэгтэй нь буцаж орж ирсэн. Тэгэхээр нь би ажлын байран дээр архидаад балиар юмнууд явцгаагаач гэж хэлсэн. Тэгээд тэр 2 дээшээ гарсан. Би ч давхруудаа шалгах гээд дээшээ гарсан бөгөөд тэгээд 4 давхарт гартал энэ ************** гэх хүүхэн  “дарвайсан юм чинь дарвалзаад” гээд  хэлээд байж байхаар нь би “та нар ажлын байран дээр ингэж заваарч байхаа больцгоо, эмэгтэй хүн байж шөнө оройн цагаар эрчүүдтэй нийлж архидаж байхаар гэр орондоо харихад яадаг юм гэж хэлсэн, энэ үнэн.  Аля нь архи уудаггүй гэж худлаа хэлж байна. Эдний ажлын газрынхан хэд хоноод л архиддаг. Ганц удаагийн асуудал ч биш. ************ч намайг элдвээр хэлсэн.Би өөрийгөө зохих ёсоор шаардлага тавьсан гэж үзэж байна. *********** надтай хэрэлдэж байхад хажуугаас нь нэг залуу “********* чиний буруу одоо боль гэж хүртэл хэлж байсан, одоо нэрийг нь санахгүй байна. Энэ хүүхэн намайг түлхсэн гэж худлаа хэлж байна, зүгээр нэг түлхэхэд би үснээс нь зулгаахгүй. Харин миний толгой руу хэд хэдэн удаа цохисон болохоор би үснээс нь зулгаасан, энэ ч миний үснээс зулгаасан, тэгээд тухайн үед хажууд байсан ************* салгасан. ********* миний толгой руу цохисноос болж духны 2 талд хавдаж бондойсон байсан. Бас дотор муухайрч хүзүү хөшиж чилж өвдөөд байсан тул би толгойн КТГ хийлгэж, бариа хийлгэсэн. Би баримтаар гаргаж өгсөн зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Шинжээч ****************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....би хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан.  Намайг үзэхэд хаван хавдар байгаагүй. Би хохирогчийг 2021 оны 12 дугаар сарын 10-нд үзсэн байна.  Хаван хавдар нь эмчилгээ хийлгэх буюу жин тавих зэргээс үүдэн хэр зэрэг хавдсан байдлаасаа шалтгаалж 2-3 хоногийн дотор хавдар бууж, мэдэгдэхгүй болох боломжтой. Гараа атгаж цохиж байгааг мохоо зүйл гэж үзнэ. Тухайн цаг хугацааг өөрөө харсан юм шиг нарийн тогтоож чадахгүй, мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас энэ гэмтэл үүссэн байх боломжтой юу гэвэл боломжтой, хэрэг гарснаас хоёр цагийн дараа дахин цохигдсон бол тэрийг нарийвчлан ялгаж тогтоох боломжгүй.  Хохирогч тухайн үед томографикт үзүүлсэн байдаг, хагалгааны дараас өөрчлөлтүүд илэрч байна гэсэн нь гэмтэл авахаас өмнө хуучин гэмтэл авч байсан үеийн өөрчлөлтийг илэрхийлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, томографикт үзүүлээд гарсан өөрчлөлтүүд бол хагалгаанд орсноос үүдэн гарсан өөрчлөлтүүд, хохирогчийг 2021,12,10-ны өдөр үзэхэд тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрсэн, дагзны булчин хөшингө байдал илэрсэн  байсан, мөн цэргийн төв эмнэлгийн эмчийн “тархи доргилт” гэсэн онош тавигдсан байгаа, эдгээрийг үндэслээд тархи доргилт гэсэн онош тавьсан байна.Тархи доргисон шинж тэмдэгтэй хүн бариа засал хийлгэх боломжтой.  Тархи доргилт өөрөө хөнгөн гэмтэлд хамаардаг, тухайн хүн ямар нэг арга хэмжээ авахгүй яваад байвал шинж тэмдэг илрээд яваад байж болно, даруй арга хэмжээ авбал тухайн үедээ зүгээр болно. Өмнө хийлгэсэн хагалгаанаас үүдэлтэйгээр сүүлд тархи доргилтын шинж тэмдэг илрэхгүй, учир нь үзэх үед нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрсэн, дагзны булчингийн хөшингө зэрэг шинжүүд илэрсэн байсан. Иймээс хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас : “шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч ************ нь “... прокурорын саналыг дэмжиж байна, хохирогчийн эмчилгээ, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс зэргийг нэхэмжлэх” тухай саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* нь “...шүүгдэгч************ цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай санал, дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ************ нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт  шилжих шөнө 00 цаг 51 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1*****************давхарт тус газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хохирогч ***************** тавьсан шаардлагаас үүдэлтэйгээр маргалдаж, *************** толгойн тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар тогтоогдсон тул **************** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй байна. Тухайлбал, дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

 

1. Хөх арслан ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн тодорхойлолт:  (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

2. Хохирогч ************: “...Би Геологийн төв лабораторид харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг 30 минутад байгууллагын хаалгыг түгжээд сууж байхад дээд давхраас байгууллагын ажилтан 1 эрэгтэй, 2 эмэгтэй бууж ирсэн ба нэг эмэгтэй нь согтуу түшээд гараад явсан. Тэгээд удалгүй гадна хаалгыг цохиод байхаар нь онгойлгоход гарч явсан *********** хамт ажилладаг нэг эрэгтэйтэйгээ буцаж орно гээд орохоор нь “албан байгууллагад битгий архидаад бай, хаашаа юм бэ, заваараад” гэж хэлсэн. Тэгээд дээшээ гарахаар нь би слесарь ************* хамт 4 давхарт гарч хойноос нь өрөөнд ороход************* 2 эрэгтэйтэй байсан ба *********ь “дарвайсан авгай чинь дарвалзаад байна ш дээ” гэж хэлээд байж байхаар нь “одоо та нар явцгаа” гэж уурлаад хэлсэн. Тэгээд тэд нарыг өрөөнөөс гаргах гээд байж байхад *********өрөөнөөс гарахаар нь хойноос нь гарсан чинь гэнэт миний толгой 2-3 удаа цохиод, нүүр лүү самардаад үстээд авахаар нь зөрүүлээд би үстсэн. Тэгэхэд слесарь ***********салгасан. **********толгой руу гараараа 2-3 удаа цохиж, үсдэхдээ тархи доргилтыг, баруун хацарт хумсаараа самардсан нь зулгаралт гэмтлийг учруулсан. би “та нар ажлын байран дээр ингэж заваарч байхаа больцгоо, эмэгтэй хүн байж шөнө оройн цагаар эрчүүдтэй нийлж архидаж байхаар гэр орондоо харихад яадаг юм гэж хэлсэн, энэ үнэн.  ********** нь архи уудаггүй гэж худлаа хэлж байна. Эдний ажлын газрынхан хэд хоноод л архиддаг. Ганц удаагийн асуудал ч биш. **************ч намайг элдвээр хэлсэн.Би өөрийгөө зохих ёсоор шаардлага тавьсан гэж үзэж байна. ***********надтай хэрэлдэж байхад хажуугаас нь нэг залуу “************ чиний буруу одоо боль гэж хүртэл хэлж байсан, одоо нэрийг нь санахгүй байна. Энэ хүүхэн намайг түлхсэн гэж худлаа хэлж байна, зүгээр нэг түлхэхэд би үснээс нь зулгаахгүй. Харин миний толгой руу хэд хэдэн удаа цохисон болохоор би үснээс нь зулгаасан. ********** миний толгой руу цохисноос болж духны 2 талд хавдаж бондойсон байсан. Бас дотор муухайрч хүзүү хөшиж чилж өвдөөд байсан тул би толгойн КТГ хийлгэж, бариа хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч *****************: “...Уг өдөр ажилчдын хамгийн сүүлийнх нь 22 цагийн үед гарсан ба гэрээт харуул, хамгаалалтын *************ээлжтэй хонож байсан. Би өөрөө бас ээлжээр хонож ажиллаж байсан ба хоногийн хугацаанд давхар бүрт ус алдаж байгаа эсэхийг шалгаж ажилладаг. ***************бид хоёр хамтдаа дээш гарч давхруудыг шалгаад явж байхад ***************“судалгааны нэг ажилтан хүүхэн явахгүй, уучихсан эргэж орж ирсэн, тэрийг явуулаадахъя” гээд явж байхад би паар шалгах гээд өөр өрөө лүү орчхоод буцаад ирэхэд **************** хоёр бие биеийнхээ үснээс үсдэлцсэн байдалтай байхаар нь би очиж салгасан. Тэр хоёр хоёулаа өвдгөөрөө газар тулчихсан, сөхөрчихсөн суугаад үснээсээ зулгааж байсан. Яг хаана нь яаж цохиж гэмтэл учруулсныг хараагүй, мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: “...баруун хацрын урд дунд хэсэгт 1.1х0.1 см хүрэн бор өнгийн зулгаралттай.

Амбулаторын  картнаас: 2021 оны 12 дугаар сарын 08-ны цэргийн нэгдсэн гэмтлийн эмчийн үзлэгт “...  баруун өвдөг халцарсан,  зүүн зулай,  дух орчим бага зэрэг  хавдартай, онош “тархи доргилт”

Дүгнэлт хэсэгт: “...************** биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

5. Шинжээч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогчийг 2021 оны 12 дугаар сарын 10-нд үзсэн байна.  Хаван хавдар нь эмчилгээ хийлгэх буюу жин тавих зэргээс үүдэн хэр зэрэг хавдсан байдлаасаа шалтгаалж 2-3 хоногийн дотор хавдар бууж, мэдэгдэхгүй болох боломжтой. Гараа атгаж цохиж байгааг мохоо зүйл гэж үзнэ. Хохирогч тухайн үед томографикт үзүүлсэн байдаг, хагалгааны дараас өөрчлөлтүүд илэрч байна гэсэн нь гэмтэл авахаас өмнө хуучин гэмтэл авч байсан үеийн өөрчлөлтийг илэрхийлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, томографикт үзүүлээд гарсан өөрчлөлтүүд бол хагалгаанд орсноос үүдэн гарсан өөрчлөлтүүд, хохирогчийг 2021,12,10-ны өдөр үзэхэд тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрсэн, дагзны булчин хөшингө байдал илэрсэн  байсан, мөн цэргийн төв эмнэлгийн эмчийн “тархи доргилт” гэсэн онош тавигдсан байгаа, эдгээрийг үндэслээд тархи доргилт гэсэн онош тавьсан байна. Тархи доргисон шинж тэмдэгтэй хүн бариа засал хийлгэх боломжтой.  Тархи доргилт өөрөө хөнгөн гэмтэлд хамаардаг, тухайн хүн ямар нэг арга хэмжээ авахгүй яваад байвал шинж тэмдэг илрээд яваад байж болно, даруй арга хэмжээ авбал тухайн үедээ зүгээр болно. Өмнө хийлгэсэн хагалгаанаас үүдэлтэйгээр сүүлд тархи доргилтын шинж тэмдэг илрэхгүй, харин намайг үзэх тухайн үед хохирогчид нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрсэн, дагзны булчингийн хөшингө зэрэг шинжүүд илэрсэн байсан. Иймээс хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ************* нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Геологийн судалгааны төвд геологийн инженерээр ажилладаг байх ба 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт  шилжих шөнө 00 цаг 51 минутын орчимд ажлын газрынхаа *************гаргаж өгөх нэрийдлээр ажлын нэр бүхий хүмүүстэй нийлж ажлын байрандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд тухайн өдөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан хохирогч ************** нь тэдгээрт шаардлага тавьж, ажлын байрыг орхиж гэртээ харьцгаахыг шаардсан байна. Энэ үед шүүгдэгч ******* болон хохирогч **************** нар нь тухайн асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж бие биеэ хэл амаар доромжилсон төдийгүй шүүгдэгч **************** нь хохирогч **************толгой руу цохиж, улмаар харилцан үсдэлцсэн байсныг гэрч ************** салгасан үйл явдал өрнөсөн байна.

Хохирогч **************** нь “шүүгдэгч ************ нь миний толгой руу хэд хэдэн удаа цохисноос үүдэн духны 2 талд хавдсан байсан” гэж мэдүүлсэн ба шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цэргийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгээр хохирогчийн толгой бага зэрэг хавдартай байсныг тэмдэглэж, тархи доргилт гэсэн оношийг тавьсан, улмаар шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч************* нь хохирогчийн биед үзлэг хийх үед нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрч, дагзны булчин хөшингө байдал илэрч  байсан нь тархи доргилтыг шинжийг илэрхийлж байгаа, энэ гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд учирсан байх боломжтой ба хаван хавдар нь хүйтэн жин тавих, эмчилгээ хийлгэсэн зэргээс үүдэн 2-3 хоногт шимэгдэж алга болох боломжтой талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчид илэрч буй дээрх шинж тэмдгийг өмнө нь 2018 онд хийсэн тархины хагалгаанаас үүдэлтэйгээр илэрч буй шинж тэмдэг байж болзошгүй хэмээн мэтгэлцсэн боловч шинжээч ************** нь нь уг асуудлыг үгүйсгэж, хохирогчид учирсан тархи доргилт нь тархины хагалгаатай хамааралгүй, сүүлд авсан гэмтлээс үүдэн үүссэн буюу  хэрэг гарах үед үүссэн байх боломжтой гэмтэл болохыг тайлбарлаж мэдүүлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт үндэслэлгүй, үгүйсгэгдсэн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь ************* нь миний толгой руу цохисон” гэж хохирогч мэдүүлсэн ч тэнд байсан гэрч ***************нь хохирогчийн толгой руу цохисныг хараагүй гэж мэдүүлдэг тул хохирогч үнэн зөв мэдүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй хэмээх тайлбарыг гаргасан.  Гэтэл гэрч ************* нь “өөр өрөө лүү орчхоод буцаад ирэхэд ************ хоёр бие биеийнхээ үснээс үсдэлцсэн байдалтай байсныг салгасан. Тэр хоёр хоёулаа өвдгөөрөө газар тулчихсан, сөхөрчихсөн суугаад үснээсээ зулгааж байсан. Яг хаана нь яаж цохиж гэмтэл учруулсныг хараагүй, мэдээгүй” гэж мэдүүлсэн байх ба түүний мэдүүлгийг  хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь,

Тус гэрч нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон тухайн үйл баримтыг огт болоогүй гэж мэдүүлээгүй, зөвхөн өөрийн үзсэн харсан зүйлийн хэмжээнд буюу хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо үсдэлцсэн байдалтай байсныг харж салгасан талаар мэдүүлсэн атал гэрч **************** бүх үйл явцыг харсан байхыг шаардах, эсхүл хохирогчийг цохисныг хараагүй гэснийг “шүүгдэгч нь хохирогчийг цохиогүй  юм байна гэж үгээр мушгих, үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймээс гэрч *************** мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийг  үгүйсгэж буй баримт биш харин хохирогчийн мэдүүлгийг өөрийн харсан, үзсэн зүйлийн хүрээнд давхар нотолж буй баримт байх бөгөөд мөн хохирогчийн толгойдоо цохиулснаа болж хавдсан гэсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эмчийн үзлэгээр, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр давхар нотлогдсон тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлж байна гэж дүгнэв.

Иймээс шүүгдэгч *************** “би хохирогчийг цохиогүй” гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Шүүгдэгч **************нь хохирогчийн толгойд цохиж, хохирогчийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан байх тул шүүгдэгч *********** тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ************ бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч **************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогч ************** нь шүүгдэгч ********** зодуулсны улмаас дараах зардал гарсан гэж нэхэмжилсэн. Тухайлбал, толгойн КТГ хийлгэхэд 500,000 төгрөг, бариа засалд 50,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, эмнэлэгт явахад зарцуулсан шатахууны зардал хэмээн 124.382 төгрөг, 2 хоног ажлаа гүйцэтгэж чадаагүй буюу нэг гарааны мөнгө 65.000, 2 өдрөөр тооцоолж 130.000 төгрөг, нийт  812.382 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас шинжилгээ хийлгэсэн 500,000 төгрөг, бариа заслын 50,000 төгрөг, шинжээчид үзүүлсэн зардал 8000 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд орж тооцогдохоор байх тул шүүгдэгч ************* 558.000 төгрөгийг гаргуулж хохирогч ************** олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч **************** нэхэмжлэлийн шаардлагаас 254.382 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, хохирогч *************** нь өвчтэй байсан хугацааны эмнэлгийн магадлагаа болон цалингийн хүснэгт, НДШ тайлан зэрэг баримтуудгүй, зөвхөн ажил олгогчийн тодорхойлолтыг авчирч өгсөн  нь түүний дутуу авсан цалин хөлс орлогыг илэрхийлэх хангалттай баримт болохгүй юм. Түүнчлэн шатахууны зардал нь энэ хэрэгт хамааралтай зардал бус байх тул дээрх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэг боловч учруулсан хохирлоо төлдөггүй, гэм буруу дээр маргаж буй энэ тохиолдолд торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр тогтоож өгнө үү ” гэсэн,

Шүүгдэгч нь “..хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *************** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нараас гаргасан шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай саналыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч *********** нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөх талаар санаа санаачилга гаргаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг  ч түүний орлогын хэмжээ тодорхойгүй тул түүнд торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу ажлын байрандаа архидан согтуурсан үйлдлийг нь буруутгаж, гэртээ харьцгаахыг шаардсан харуул хамгаалалтын ажилтны үйлдлийг эсэргүүцэж өөдөс нь хүч хэрэглэсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзсан түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.    

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч **************** нэхэмжлэлийн шаардлагаас 254.382 (хоёр зуун тавин дөрвөн мянга, гурван зуун наян хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 558.000 (таван зуун тавин найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч *************** олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ