Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1159

 

 

 

 

 

 

 

    2022        9          20                                     2022/ШЦТ/1159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,  

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, 

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **т холбогдох эрүүгийн 220 800 000 1425  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****өдөр Улаанбаатар хотод төрсөн, **настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ***хийдэг, ам бүл 2, эхийн хамт ****түр оршин суух, *********р РД:***  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ** нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ****хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдан зодохдоо түүний 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А 52 маркийн гар утсыг хугалж, эд хөрөнгийг устгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

            

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ** нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***хохирогч *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахдаа  түүний 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А 52 маркийн гар утсыг эвдэлж устгасан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- хохирогч ***ийн... 2022 оны 8 сарын 10-ны өдрийн шөнийн 01:00 цаг өнгөрч байхад манай хамтран амьдрагч гэртээ согтуу намайг элдвээр хараагаад гудамжаар явж байтал араас гүйж ирээд миний цүнхийг булааж аваад зүүн гарнаас базаад газар унагааж чирээд байхаар би болиоч ээ гэж хашгиртал...миний карманд байсан Samsung А 52 маркийн гар утсыг булааж аваад газар унагааж дэвсээд голоор нь хуваачихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,  

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан:...Самсунг А52 маркийн гар утас  хуучин хэрэглэж байсан 800.000 төгрөг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

- шүүгдэгч **ын...2022 оны 8 сарын 10-ны өдрийн 22:00 цагийн орчим болж байхад миний хамтран амьдрагч Алтанцэцэг 2 ширхэг пиво хувааж ууж байсан тэгээд пиво ууж дуусаад Алтанцэцэг 01:00 цаг болох гэж байхад юу ч хэлэлгүйгээр утас, цүнхээ аваад гэрээс гараад явчихаар нь араас нь гараад...хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь юу ч дугарахгүй байхаар нь Самсунг А 52 маркийн гар утсыг нь булааж аваад голоор нь хугалаад, эвдчихсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан байна.

2.2 Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эд хөрөнгөд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, харин тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

            Шүүгдэгчийн санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогчийн гар утас дахин ашиглагдах боломжгүйгээр эвдэрсэн байх тул бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзнэ.   

 Иймд шүүгдэгч **ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3. Хохирол, хор уршиг :       

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-65, 99, 102, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, ээжийн хат амьдардаг, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-37-410, 42, 45, 48-50, 60, 67-97, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч **ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **т оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** нь 550.000 төгрөгийн торгох ялыг төлөхөөс зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч **т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР