Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

2019          9             12                                          2019/ДШМ/914

 

Д.Т, Г.Ч, Б.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ/999 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Т, Г.Ч, Б.Т нарт холбогдох 2014250006480 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Дын Т, 1967 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оёдлын механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн;

2. Х овгийн Гийн Ч, 1959 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

3. Б овгийн Бийн Т, 1959 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 59 настай эрэгтэй, дээд боловсролтой, кино операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх 8 жилийн хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн;

Д.Т, Г.Ч, Б.Т нар нь хохирогч Р.Мягмардоржид Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 3 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын ажлын тендер авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкны Занабазар салбараар өөрийн Хаан банкин дахь ... дугаартай данс руу шилжүүлэн залилан авч 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Т 2013 оны 3 дугаар сард хохирогч В.Түвшинжаргал, Ж.Дагийжанчив нарыг төрийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч В.Түвшинжаргалаас 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Дагийжанчиваас 5.000 ам.доллар буюу 6.970.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 111.970.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Ч, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Мажигсүрэн нь тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Билгүүн нь Н.Мэндбаяр, Т.Оюунбаатар, Б.Т нарт холбогдох 201725020202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорт ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад “Шүүгдэгч Б.Т, Т.Оюунбаатар, Н.Мэндбаяр нар нь бүлэглэн “...” ХХК-ний захирал Б.Эрдэнэдалайд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зам тавих ажилтай гэж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айл худалдааны төвийн Хаан банкны салбар дээр “...” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин зам тавих ажилтай гэж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” худалдааны төвийн дэргэд байрлах Хаан банкны салбар дээр “...” ХХК-ийг 64.000.000 төгрөгөөр тус тус зарж хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, “Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, замын ажил хийлгэхээр боллоо” гэсэн утгатай хуурамч албан бичгийг имэйл хаягаар нь хүргүүлж бодит байдлыг нуух, зориудаар зохиомол байдал бий болгон итгүүлж төөрөгдүүлэх аргаар үйл ажиллагаа явуулаагүй буюу хийх ажилгүй байгаа компаниудыг ажилтай гэж ойлгуулан өндөр үнээр зарж, эд хөрөнгийг нь залилан авч бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 369 дугаартай яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн ба Б.Т нь дээрх гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд холбогдох эрүүгийн 2014200006480, 201725020202 дугаартай эрүүгийн хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болохоор” заасан тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй гэж үзэж, Б.Т нь өөр өөр шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэж түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т нь “эрүүдэн шүүсэн” гэж мэдүүлсэн тул уг асуудлыг шалгах, шүүгдэгч Г.Ч нь гэрчээр Өлзийчимэг, Довчинсүрэн нарыг асуух хүсэлт гаргасныг хүлээн авч, Б.Тт холбогдох дээрх хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахаар эрүүгийн 2014250006480 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 19 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: “...Б.Т нь Сүхбаатар дүүргийн прокурорын газраас үүсгэсэн эрүүгийн 201725020202 дугаартай хэрэгт мөн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ба дээрх хэрэгт яллагдагч Д.Т, Г Ч нар хамааралгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” зэргийг харгалзан Эрүүгийн 2014250006480 дугаартай хэрэгт яллагдагч Д.Т, Г.Ч нарын үйлдлийг тусгаарлаж шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанд яллагдагч Д.Т, Г.Ч нар нь “эрүүдэн шүүсэн”, бусад гэрч нарыг асуух хүсэлт гаргасан ба хэргийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нар хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөггүй ба шүүх хуралдаанд улсын яллагч нотлох баримт шинжлэн судлуулахдаа гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан болно. Яллагдагч Д.Т нь мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэнтэй холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 999 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн гэм буруугийн хуралдаанд оруулсан. Энэ үед 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 369 дугаартай яллах дүгнэлтийн хуулбар хэрэгт авагдсан байдаг. Үүнээс шалтгаалж анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэж дүгнэн нэгтгэн шалгах шаардлагатай байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагч, шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хэргийг тусгаарлан хэлэлцэх боломжтой. Иймээс Б.Тт холбогдох хэргийг тусгаарлан Д.Т, Г.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хэргийг 2014 оноос одоог хүртэл шалгаж байна. Энэ хугацаанд зөвхөн яллагдагч нарын асуудлаас болж хэрэг удаа дараа шүүхээс буцсан асуудлууд байдаг. Үүнээс үзэхэд хохирогч нарын эрхийг 5 жилийн хугацаанд хамгаалах ямар нэгэн ажиллагаа хийсэн зүйл байхгүй юм. Үүнийг харгалзан анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн “эрүүдэн шүүсэн” гэх асуудал яригддаг. Хэргийг үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт, тайлбар өгч байгаагүй. Тиймээс яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөөрөө дамжуулан тухайн асуудлыг тусад нь шалгуулах боломжтой юм. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын хувьд бүгд гэм буруу дээрээ маргадаг. Мөрдөн шалгах ажиллагааны үед ч маргаж байсан. Тиймээс анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүрэгт хэрэгт шалгагдаж байгаа тухайгаа миний үйлчлүүлэгч надад хэлээгүй юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад яллах дүгнэлтийг хувилж өгсөн байдаг. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ/999 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Б.Тт холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй” гэж, мөн “...Д.Т нь “эрүүдэн шүүсэн” гэж мэдүүлсэн тул уг асуудлыг шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан байх тул анхан шатны шүүхэд хэргийг нэгтгэхгүйгээр хянан шийдвэрлэх боломжтой ба шүүгдэгч Д.Тийн “Эрүүдэн шүүсэн” талаархи нотлох баримт болон шалгуулах хүсэлт гаргаж байсан тухай баримт хэрэгт байхгүй учир энэ талаар шалгах шаардлагагүй.

Иймд хэргийг нэгтгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т, Г.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин шийдвэрлэхдээ Б.Тт холбогдох эрүүгийн хэргүүдийг тусгаарлаж, эсвэл тусад нь шийдвэрлэх эсэхийг хуульд нийцүүлж зөв шийдвэрлэх шаардлагатай байх ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Д.Т, Г.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ/999 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Т, Г.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл Д.Т, Г.Ч, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ