Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 114/ШШ2021/0015

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 114/ШШ2021/0015

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2021/00013/3/ 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4-р байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн 1000 м.кв газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд хамаарах 411 м.кв газар-ыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******, Ц.*******

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2021 оны 5-р сарын 16-ны амралтын өдөр Минж Проперти ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны урд талд орон сууцны барилга барихаар барилгын хашаа барьж түр байраа нүүлгэн авчирсан тул 4-4-р байрны оршин суугчид бид эсэргүүцэн уг барилгыг барьснаар тухайн барилга нь бидний цонхыг сүүдэрлэж нарны тусгал муудах, орчин тойрны үзэгдэх орчныг халхлахаар хэтэрхий ойрхон баригдах гэж байгаа зэргээр бидний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Уг барилгын ерөнхий төлөвлөлтийн зурагт Дархан-Уул аймгийн ерөнхий архитектор Д.Элдэвсайхан нь зэргэлдээ барилгын нарны тусгалыг БНбД-д зааснаас илүү хугацаагаар халхалж байвал №2 блокийг төлөвлөлтөөс хасаж төлөвлөх гэж анхааруулга бичсэн байсан бөгөөд энэ дагуу уг барилгын зурагт тодруулга хийгдсэн эсэх талаар, ертөнцийн зүгээр манай байрны урд талд 10 давхар байр барихад 5 давхар байр халхлагдахгүй байх ямар ч боломжгүй байгаа бөгөөд мөн уг барилгын сүүдэр зуны цагт оройн цагаар хүүхдүүд тоглох үеэр одоо байгаа хүүхдийн тоглоомын талбай дээр тусахаар байна.

2.Дархан-Уул аймгийн засаг даргын 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 01-А/228 тоот захирамжаар Минж проперти ХХК-д 1000 м.кв талбайг эзэмшүүлэхээр өгсөн байна. Гэтэл одоо баригдсан байгаа 4-13-р байрны барилгын талбай нь 38,1*15,51=589,535м2, одоо шинээр баригдах барилгын талбай нь 22,2*19,1=424,02 м2 гэж тооцоход нийт - 1013,555 м2 талбайтай болж байна. Одоо баригдсан байгаа барилга нь өөрөө 38,1*15,51= 589,535м2, гадна машины зогсоол нь 38,1м*14м=533,4 м2 нийт -1122,935 м2 болж байгаа нь энэ компани аль хэдийн 1000 м.кв талбайдаа барилгын ажлаа хийж дуусгасан байна гэж үзэж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3-д заасны дагуу барилгажих талбай нь тухайн төлөвлөлтөд хамрагдсан газрын 70 хувиас илүүгүй, 30 хувиас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол байхаар төлөвлөсөн байх ёстой гэсэн заалтыг зөрчиж гэрээнд заасан талбайдаа барилгаа барьчхаад одоо илүү талбай эзэмшиж бидний цонхыг,салхийг,харах орчныг хааж барилга барих гэж байгаа нь бидний эрх ашгийг хөндөж байна.

3. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 -ийн 4.18, 4дүгээр хавсралтад зааснаар баригдах гэж байгаа барилгын давхрын тоо 9 давхар байхад барилга хоорондын зай 30 метр байхаар заасан бөгөөд одоо барихаар төлөвлөж байгаа барилга нь 10 давхар мөртлөө манай байрнаас 15 метрийн зайд баригдах гэж байгаа стандарт хэмжээг зөрчиж байна. Дээрх үндэслэлүүдийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг Төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэр.хяналтгүй үйл ажиллагаа нь зөрчиж байгаа тул бидний зөрчигдсөн эрхийг сэргээж барилга барих газар эзэмших гэрээг /баригдах гэж байгаа барилгатай холбоотой) хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2014 оны 173 дугаар захирамжаар анх газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтаар 1000м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшсэн. Эхний ээлжид эзэмшил газрынхаа 473м.кв газарт 2017 онд 10 давхар 70 айлын орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсан. Одоо төлөвлөгдөж байгаа барилга нь 338м.кв газарт 40 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ нь олгосон газрын хэмжээнээс хэтрээгүй болно. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3-д заасны дагуу ногоон байгууламж, авто машины зогсоол байхаар төлөвлөсөн байх заалтыг зөрчөөгүй. Учир нь 2014 оны 15/25 архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгаснаар барилгын сууриар газар олголт хийгдсэн тул тухайн орчны барилга байгууламжтай уялдуулан ногоон байгууламж, авто зогсоол, зам талбайг шийдвэрлэхээр тусгагдсан байна.

Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан хүснэгтээр 5 ба 9 давхар барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 12м, 15м байхаар Барилга хоорондын зайг тогтоосон байдаг. Одоо байгаа барилгаас төлөвлөгдөж буй барилга нь 18м-ийн зайтай байгаа нь дээрх норм дүрэмд нийцэж байна. Орон сууцны барилгын сүүдэрлэлтийн зургийг Эй Эн И И ХХК-аар гүйцэтгүүлсэн. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нарны ээвэрлэлт нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07-д заасны дагуу нутгийн умард хэсэг буюу хойд өргөргийн 48 ба түүнээс хойш 03 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өдөрт 2.5 цагаас багагүй гэсэн заалт. Эй Эн И И ХХК-ийн боловсруулсан Дархан сумын 9 дүгээр багт баригдахаар төлөвлөгдсөн 40 айлын 10 давхар орон сууцны барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан байх" гэсэн заалтыг тус тус хангаж байгааг дүгнэсэн байна гэжээ.

Гуравдагч этгээд Минж проперти ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Минж проперти ХХК Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарыг 31-ний өдрийн 173 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг 4-р хороололд байрлах 1000 м.кв газрыг нийтийн орон сууц барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтад орж газрыг эзэмшиж байна. Эй ЭН И И ХХК-ийн зураг төслөөр дээрх газарт 2 блок 100 айлын орон сууцыг барьж байгуулахаар барилгын ажил эхний блок барилга 2017 оны 10 сард 70 айлын орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаандаа барьж ашиглалтад оруулсан. Эхний блокийн орон сууцыг нийт газрын хэмжээнээс 473 м.кв газар дээр, дараагийн барилгын ажил 338 м.кв газар дээр 1 орцтой 40 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөж байсан.

Гэтэл нэр бүхий оршин суугч нар Дархан уул аймгийн засаг даргын 2018 оны 06 сарын 15 өдрийн дугаар 01-А/228 тоот захирамжаас шинээр баригдах 2 блокийн газарт хамаарах хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ Дархан-Уул аймгийн засаг даргын 2018 оны 06 сарын 15 өдрийн 01-А/228 тоот захирамжаар Минж проперти ХХК эзэмшүүлсэн газар нь 1000 мкв атал одоо баригдаж байгаа 4-13 р байрны барилгын талбай нь 38,1*15,51=589,535 мкв, одоо шинээр барилгын талбай нь 22,2*19,1=424,02 мкв гэж тооцоход нийт -1013,555 мкв талбайтай болж байна. Одоо баригдсан байгаа барилга нь өөрөө 38,1-15,51=589,535 мкв, гадна машины зогсоол нь 38,1м-14м=533,4мкв нийт - 1122,935 мкв болж байгаа нь энэ компани аль хэдийн 1000 мкв талбайдаа барилгын ажлаа хийж дуусгасан байна гэж үзэж байна. Мөн тухайн 10 давхар байр баригдахад 5 давхар орон сууц халхлагдаж барилгын сүүдэр зуны цагт оройн цагаар хүүхдүүд тоглох үеэр одоо байгаа хүүхдийн тоглоомын талбай дээр тусахаар байна. Бидний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ. Бид нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг буруу мэдээлэл авч гомдол гаргасан гэж үзэж байна.

Минж проперти ХХК-д олгогдсон 1000 мкв газар нь нийтийн орон сууцны зориулалтаар олгогдож 2014 оны 15/25 архитехтурын даалгаварт тусгагдсанаас барилгын суурийн газар олголт хийгдсэн тул тухайн орчны барилга байгууламжтай уялдуулан ногоон байгууламж авто зогсоол зам талбайг шийдвэрлэхээр тусгагдсан болно. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БХБД 31-01-10 ийн 4,18 4 дүгээр хавсралтад зааснаар 5 ба 9 давхар барилгын тууш тал хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 12 метр 15 метр байхаар барилга хоорондын зайг тогтоосон байгаа Одоо байгаа барилгаас төлөвлөгдөж буй барилга нь 18 метр зайтай байгаа нь барилгын норм дүрэмд нийцсэн. Нарны тусгалыг орон сууцны сүүдэрлэлтийн зургийг мэргэжлийн Эй Эн И И ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн.

Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр 2021.06.29-ний өдрийн 10-07-022/69 тоот/Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 ,эрх бүхий байгууллагаас олгогдсон газрын зөвшөөрөл ,зураг даалгавар ,норм нормативын баримт бичиг стандарт технологийн даалгавар тоног төхөөрөмжийн паспорт техникийн нөхцөл инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх гэсэн заалтуудыг хангаж байна гэж дүгнэсэн. Дархан-Уул аймгийн засаг даргын 2018 оны 06 сарын 15 өдрийн 01-А/228 тоот захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээг байгуулсан. Газрын тухай хуулийн газар болон эзэмших эрх хүчингүйд тооцуулах хуулийн заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй .

Минж проперти ХХК нь Дархан-Уул аймаг Дархан сум 9-р баг 4/13 байрны 1 блок 70 айлын 2 орцтой барилгын барьж ашиглалтад оруулж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн зураг төслөөр 2 блок 1 орцтой 40 айлын орон сууц барилгын ажил 2021 онд эхлэх байтал нэхэмжлэгч нар маргаан гаргаснаар бид барилгын ажлаа эхлүүлж чадахгүй хохирч байна. Баригдахаар төлөвлөгдөж байсан 2 блокийн барилгын зардалд өнөөдрийн байдлаар 100.990.360 зуун сая есөн зуун ерэн мянга гурван зуун жаран /төгрөг гарсан Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд газрын тухай хууль, газар эзэмших гэрээнд заасан хугацаанд барилга бүтээн байгуулалтын ажлыг хийж байхад хуульд нийцээгүй гомдол маргаан гаргаснаас барилгын ажил удааширч компанийг хохироосоор байна. Цаашид удаа дараа хууль бус шаардлага тавьж манай байгууллагад хохирол учруулбал бид буруутай этгээдүүдээс учирсан хохирлоо төлүүлэх болно.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4 -р хороолол 4-р байр нь хэдэн орцтой хэдэн оршин суугч амьдран суудаг мэдээлэл бидэнд байхгүй байна. Гэтэл зөвхөн 2 оршин суугч нийтийн эрх ашгийг төлөөлж гомдол гаргах нь үндэслэлтэй эсэх талаар эргэлзэж байна. Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд гомдол гаргахдаа төрийн бус байгууллага гомдол гаргах эрхтэй. Иймд гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйл:

18.3. Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна.

18.3.1   Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх

18.3.2   Дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гэрч Д.Элдэвсайхан мэдүүлэгтээ: Дархан-Уул аймгийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн газарт төсөл сонгон шалгаруулалт зарлаж Минж проперти ХХК нь шалгарч тухайн газарт 2 блок бүхий барилга барихаар болсон бөгөөд тус 2 блок барилгын 2 дугаар блок нь дулааны шугамтай давхацсан бөгөөд Минж проперти ХХК-тай харилцан зөвшилцсөний үр дүнд барилгыг Г хэлбэртэй болгон өөрчилж зураг батлуулах шаардлага тавьсан. Үүний дараа Минж проперти ХХК нь барилгын ерөнхий төлөвлөгөөг батлуулан ирснийг хянаж үзээд 2 дугаар блокийн барилга зэргэлдээ барилгатай ойртсон байсан тул нарны ээвэрлэлтийн зураг хийлгээд хэрвээ шаардлага хангасан бол барилгыг барих зөвшөөрөл олгож, хангаагүй бол барилга барих зөвшөөрөл олгохгүй байхаар шүүмж бичсэн. Барилгын сууриар олгосон газрын хэмжээнд байрны тагтны хэсэг ордоггүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.******* нар нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-ний өдрийн А/228 дугаар захирамжийн 1000 м.кв газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд хамаарах 411 м.кв газрыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Минж проперти ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмших төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай 30 дугаар захирамжийн дагуу Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороололд байршилтай нэгж талбарын 01 дугаар бүхий 1000 м.кв газарт 10 давхар 2 орцтой үйлчилгээний төвтэй нийтийн орон сууц барих төсөл сонгон шалгаруулалтад оролцон, шалгарч улмаар төсөлд дурдсан 10 давхар 2 орцтой нийтийн орон сууцыг барьж дуусгасан болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тухай 173, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/174 дугаартай захирамжуудаар, Эй Эн И И ХХК-ийн 100 айлын орон сууцны сүүдэрлэлтийн зураг, 100 айлын орон сууцны барилгын эскиз зураг, Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/2017- II акт, Минж проперти ХХК-ийн 16/102 дугаар албан бичгийн хавсралт зураг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас анх газар эзэмших төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа дулааны шугам дээрх газрыг төсөл сонгон шалгаруулалтад оруулж Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох-ыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө. 12.6.3-т төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол байх,12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж тодорхойлсноос үзэхэд тухайн үед Минж Проперти ХХК барилгажих талбайн 589 м.кв газарт 10 давхар 2 орцтой 100 айлын орон сууц барьснаар дээрх хуулийн шаардлага хангагдах байтал тэдний хүсэлтийн дагуу кадастрын зурагт өөрчлөлт оруулахдаа хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний шаардлагаар өөрчилсөн гэх боловч шүүхээс үзлэг хийхэд холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, архитектур төлөвлөлтийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15/25 дугаар даалгаврын дагуу барилгын сууриар газар олгосон гэж 1000 м.кв газраас 411м.кв газрын кадастрын зургийг өөрчилсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Мөн Минж Проперти ХХК 589 м.кв газарт 10 давхар 2 орцтой 80 айлын орон сууц барьж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулсан байхад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн хавсралтаар нийтийн орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан нь буруу бөгөөд 411м.кв газар дээр төлөвлөж буй гэх 10 давхар 40 айлын орон сууцны барилга барих талбайд шүүхээс үзлэг хийж хэмжилт хийхэд нэхэмжлэгч нарын орон сууцны байрнаас 18 метрээс дотогш буюу 16.3 метрийн зайд баригдахаар төлөвлөгдсөн нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын орон сууцны цонхон доогуур маш ойрхон зайгаар төлөвлөж буй орон сууцны доорх авто зогсоолруу орох гарахаар байгаа нь БНбД-д нийцүүлээгүй, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал... мөрдөнө гэх заалтыг зөрчсөн, хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргаж өгсөн барилгын зургууд нь зөрүүтэй, тухайн орон сууц баригдсанаар нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөж болзошгүй байгаа нь тогтоогдож байна.

Маргаан бүхий 411м.кв газарт барилгын ажил эхлүүлэх тухай Минж проперти ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21/238 дугаар хүсэлтэд Газрын харилцаа барилга хот, байгуулалтын газраас 643 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөн нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; 23 дугаар зүйлийн 23.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй гэх хуулийн дагуу зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар оршин суугчид дундаасаа Д.*******, Ц.******* нарт итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалт нэхэмжлэгч нарт хамааралгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн 1000 м.кв газрын 411 м.кв газарт 10 давхар 40 айлын орон сууцны барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөж болзошгүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2,106.3.1,106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3,12.8, 24 дүгээр зүйлийн 24.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн 1000 м.кв газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд хамаарах 411 м.кв газар-ыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж за эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНЧИМЭГ